Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1622

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01095 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Тулга, “Алтанзул” цэцэрлэгт холбогдох,

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөрт 15 828 015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг

Хариуцагч Ц.Тулга,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энэрэл-3” СӨХ нь “Энэрэл” хотхоны оршин суугчдын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот гэрчилгээтэй, албан ёсны сууц өмчлөгчдийн холбоо юм. Тус СӨХ нь “Энэрэл” хотхоны сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө, цэвэр, бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан, зэвэрч элэгдсэн даруйд шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гражын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшилд хамаарах зам тапбай, орцны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж оршин суугчдыг ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэн, хууль тогтоомжид заасны дагуу хотхоны 1-4 дүгээр байрны 120 өрхийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

Хариуцагч Ц.Тулга нь Энэрэл хотхоны 1 дүгээр байрны 1 давхарын 30 тоотын 306 м.кв талбайтай байранд оршин сууж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж “хувийн цэцэрлэг” ажиллуулдаг юм. 1-30 тоот сууцны сууц өмчлөгч, эзэмшигч бөгөөд Иргэний хуулийн 148.2.1, 148.2.2, 148.2.3-д заасныг зөрчин дундын өмчлөлийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, нийтлэг зардал хог, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, зам талбайн ашиглалт, үйлчилгээний гэрээт байгууллагын төлбөрийг төлөхгүй “үнэгүй үйлчилгээ авч” нийтийн орон сууцны нийтлэг байдлыг ашиглан ашиг олж бусад суугчдын эрх ашгийг хохироож байна.

Хариуцагч Ц.Тулга нь СӨХ-ны төлбөрөөс зайлсхийгч, хур өртэй суугчидтай нэгдэн “өөрийн өрийг цайруулах” зорилгоор “Шинэ Энэрэл” СӨХ байгуулахаар оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлэн Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/613 тоот захирамж гаргуулан цаг хугацаа хожих байдлаар гүйцэтгэх захирлын ажлыг 1 жил 10 сар саатуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг түтгэлзүүлэн хохироож ирсэн.

СӨХ-ны гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлж, тамга тэмдгийг хялбар байдлаар авах, төлбөрийн хөөн хэлэлцэх хугацааг хожих, төлбөрөө чөлөөлөх байдлаар залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тус хотхонд явуулж ирсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 838 тоот шийдвэр, Баянгол дүүргийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/115 тоот захирамжаар нотлогдсон. Хууль бус үйл ажиллагаа явуулсан цаг хугацаа хариуцагчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагч Ц.Тулга улсаас нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болон хүүхдийн эцэг, эхээс төлбөр хураамж авдаг бөгөөд СӨХ-ны орлогын байцаагч төлбөрөө төлөх мэдэгдэл, шаардлага өгөх, өр төлбөрөө төлж дуусгахыг шаардахад өдийг хүртэл төлөхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 13.2.4,13.2.6, 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 заалт, МСӨХДЗТ-ийн 06 тоот тогтоолын 1-р хавсралт, Удирдах зөвлөлийн тогтоолыг зөрчин нийтийн эрх ашгийг хохироож байгаа.

Хариуцагчийн 306 м.кв талбайн дулаан, халуун, хүйтэн ус, бохирын төлбөр болон СӨХ-ны төлбөрийг оноор жагсаавал 2013 оны 1-3 дугаар сарын төлбөр 1 514 613 төгрөг, 2013 оны 4-12 дугаар сарын төлбөр 683 100 төгрөг, 2014 оны төлбөр 1 993 600 төгрөг, 2015 оны төлбөр 2 351 300 төгрөг, 2016 оны 1-10 дугаар сарын төлбөр 1 502 500 төгрөг, нийт 8 045 113 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна.

Мөн дээрх шаардлагыг 7 782 901 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал буюу 2006 оны 2 дугаар сараас 2009 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрийг хариуцагч “Алтанзул” цэцэрлэгээс нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Ц.Тулга нь “Энэрэл” хотхоны 1 давхарын байрыг 2003 онд захиалж худалдан авсан. Зохих байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр анх “Касабланка” нэртэй цэцэрлэг байгуулан ажиллаж байсан. 2010 оноос “Алтанзул” цэцэрлэгийг байгуулж үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байна. Манай цэцэрлэг ашгийн төлөө бус бөгөөд уг байрны орцоор ордоггүй, хаалга тусдаа, харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, хогоо өөрсдөө хариуцан зохицуулдаг. Бид “Энэрэл-3” СӨХ-тэй ямар нэг гэрээ байгуулж үйлчилгээ авдаггүй.

2013 оноос хойш “КСИМС” ХХК-д ашиглалтын зардлаа төлж ирсэн. 2006 онд “Энэрэл-3” СӨХ байгуулагдаагүй байсан бөгөөд 2 өөр компанид ашиглалтын зардлаа төлж ирсэн учраас маргаан гарч, шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын зардалтай холбоотой хэргийг шүүх нэгэнт шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан. “Энэрэл-3” СӨХ нь нэг ч төгрөгийн өр төлбөргүй холбоог хүлээж авсан атал одоо биднээс 2006 оны төлбөрийг нэхээд байгааг гайхаж байна.

Бид тог, цэвэр, бохир ус, дулаанаа тусдаа төлдөг, СӨХ-г хохироогоогүй. Иргэний хуулийн 145 дугаар зүйлд зааснаар орон сууцыг дангаар эзэмшиж байгаа учир СӨХ-ны төлбөрийг төлөхгүй, харин сантехниктэй холбоотой төлбөрийг төлнө, төлсөөр ч ирсэн. Хогны мөнгө мөн төлөхгүй, өөрсдөө хүмүүс дуудаж хогоо зөөлгөдөг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 496 дугаар зүйлийн 496.2, 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасныг баримтлан хариуцагч “Алтанзул” цэцэрлэгээс 232 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 596 015 төгрөгт болон хариуцагч Ц.Тулгад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2  дахь хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Алтанзул” цэцэрлэгээс 7 610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хүүхдийн цэцэрлэг байрлаж байгаа барилга, байгууламж нь анхнаасаа хүн оршин суух зориулалтгүй гэж дүгнэсэн нь бодит байдал, нотлох баримтуудтай илэрхий зөрчилдөж байна. Уг цэцэрлэгийн байрлаж буй 1 орцтой 6 давхар барилга орон сууцны зориулалтаар баригдсан бөгөөд одоо ч 29 өрхийн 119 оршин суугч амьдардаг. Тус хотхоны 1 дүгээр байрны орон сууцыг хүн суурьшин амьдардаггүй, амьдрах зориулалтгүй гэж шүүх илт нэг талыг барьж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4 дэх хэсэгт зааснаар “Алтанзул” цэцэрлэгийн өмчлөлийн 306 м.кв орон сууц нь хувийн тусдаа сууц биш, нийтийн зориулалттай орон сууц, дундын өмчлөлийг дундаа хамтран эзэмшидэг “Энэрэл-3” СӨХ-д хамаарах, дангаар өмчлөх үл хөдлөх хөрөнгө юм. Орон сууцны барилга, байгууламжид ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалж түүнийг орон сууц мөн эсэхэд шүүх дур зоргоор дүгнэлт хийх боломжгүй. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.3, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаас үзвэл тухайн цэцэрлэг “Энэрэл” хотхоны 1 дүгээр байрны дундын өмчлөлийн хэсгээс 306 м.кв-т талбайд ногдох хэсгийг өмчилж, оршин суугчдын нэгэн адил дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж байгаа ба шүүх хуулийн заалтыг илт үгүйсгэж, бодит дүгнэлт хийсэнгүй.

Шүүхийн шийдвэрээр бол “Алтанзул” цэцэрлэг 1 дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг цаашид ашиглахгүй байх үүргийг хүлээж байна гэж үзэхээр байна. Тодруулбал СӨХ-оос үзүүлдэг үйлчилгээг авах боломжгүй юм. Шүүхийн үндэслэл болгосон хуулийн заалтад өмчлөлийн асуудлыг хөндөөгүй бөгөөд хүн суурьшин амьдардаг гэсэн зохицуулалтыг иш татан нэхэмжлэлийн шаардлага дахь Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууц биш гэж үзсэн нь үндэслэлгүй.

Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.1. нийтийн зориулалттай орон сууцын байшин гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилгыг, 4.1.2 “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Мөн хуулийн 13.2.3. дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох, 16.4. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох,

13.2.4. өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх холбогдох зардлыг хариуцна. 14.2. Энэ хуулийн 14.1-д заасан засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг сууц өмчлөгч өөрөө хийж, эсхүл эрхий бүхий мэргэжлийн байгууллага хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. 14.3. Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай тулалцаа үзүүлэх үүрэгтэй. 14.4. Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна гэж хуулиар үүрэг хүлээлгэсэн.

Хариуцагч “Алтанзул” цэцэрлэг “Энэрэл-3” СӨХ нь нэг солбилцол бүхий газрын нэгж талбар дээр иргэний зориулалттай орон сууцны нэг барилгад дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтдаа эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа тул хариуцагч нар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.2 дахь хэсэгт заасан СӨХ-ны гишүүнээр бүртгүүлэх үүрэгтэй этгээд мөн. Шүүх хууль зүйн талаас нь бодитой дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн болон Орон сууцны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүх зөвөөр хянаж 8 045 113 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч нар цэцэрлэгийн ашиглалтын төлбөрийг мэргэжлийн байгууллагад төлсөн гэх 7 782 901 төгрөгийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь нийтийн эрх ашгийг хохироосон үйлдэл бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас тогтоосон хугацаанд төлбөл зохих үүрэг, өр төлбөрийг нэхэмжлээгүй бөгөөд СӨХ-ны хуримтлалаас нэхэмжлэгч нарын гуравдагч этгээдүүдэд үүсгэсэн өр төлбөрийг үйл ажиллагаа хэвийн явуулах үүднээс төлж барагдуулан, хохирсон төлбөрийн мөнгийг нэхэмжилсэн байгааг давж заалдах шатны шүүх харгалзаж үзнэ үү.

Хариуцагч аж ахуйн нэгжээр мэргэжлийн байгууллагатай гэрээ хийж ашиглалтын төлбөр төлөх боломж байхад гэрээг хийгээгүй, мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээг дундын өмчлөлөөр дамжуулан аваад бүрэн гүйцэд төлөөгүй, 2013 оны 4 дүгээр сараас “КСИМС” ХХК ашиглалтын төлбөрийг сар бүр төлсөн талаарх шудрага бус үйлдэл шүүхэд гаргаж өгсөн баримт, хариуцагч, өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байхад шүүх хянан шийдвэрлээгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Алтанзул” цэцэрлэгийг 2006-2009 оны ашиглалт, СӨХ-ны төлбөрийг төлсөн эсэх нотлох баримтгүй, хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгүүд зэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд оруулаагүйд гомдолтой.

Мөн хариуцагч сантехниктэй холбоотой төлбөрийг төлнө гэсэн байхад шүүх үүнд ач холбогдол өгөөгүй. 7 782 901 төгрөгийн нэхэмжлэл нь сар тутам үйлчилгээний төлөгдөөгүй зардал буюу тогтсон хугацаанд гүйцэтгэх үүргийг нэхэмжлээгүй байх баримтад шүүх үнэн зөв дүгнэлт хийгээгүй. Энэрэл хотхоны 1 дүгээр байр 2003 онд ашиглалтад орсон, СӨХ нь хариуцагч нарын 2006-2009 онд үүсгэсэн өр төлбөрийг барагдуулаагүй байсан. Тус СӨХ 2010-2013 оны 4 сар хүртэл хотхоны ашиглалтыг давхар хариуцдаг байсан Алтанзул цэцэрлэг болон өртэй өрхөөс шалтгаалан мэргэжлийн байгууллага аваагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ямар нэгэн гэрээний болон тогтсон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй холбоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан тусгай хугацаа хамаарахгүй бөгөөд 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Энэрэл-3” сууц өмчлөгчдийн холбоо СӨХ нь хариуцагч Алтан зул цэцэрлэгт холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөрт 15 828 015 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч болон бусад этгээд сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуулиар зохицуулсан тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон нийтлэг зардлыг шаардах эрхтэй гэж тодорхойлсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан СӨХ-д төлөх ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг, эсхүл тэдгээрийн өмнөөс мэргэжлийн байгууллага тус бүрт хэрэглээ, үйлчилгээ, ашиглалтын зардлыг төлсөн учраас түүнийгээ нэхэмжилж байгаа эсэх нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, тохирох хуулийг тайлбарлан хэрэглэх зэрэг нь зөв болох учиртай.

 

Зохигчдын тайлбарт дурдснаар хэн аль нь холбогдох байгууллагад ашиглалт үйлчилгээний зардлыг төлсөн гээд, энэ талаарх баримтуудыг ирүүлсэн байх боловч хариуцагч нарын хэн нь хичнээн төгрөгийн төлбөр төлөхөөс хэдийг нь ямар хугацаанд төлсөн, түүний төлсөн төлбөрүүд нэхэмжлэгчийн мэргэжлийн байгууллагад хариуцагч нарын өмнөөс төлсөн гэх төлбөртэй давхцаж байгаа эсэхийг ялгаж салгах, хэргийн үйл баримтыг зөв тогтоох, дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхтэй холбоотой гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/01095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                                                 

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА