Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хурд 5б байр, 59 тоотод оршин суух, ЛЮ64021177 дугаарын регистртэй, Өлзий овогт Цэндийн Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-7/1, Төрийн банк ХХК-д холбогдох,

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалыг хүчингүй болгох, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2013 оны 03 дугаар 12-ноос эхлэн тус банкны Дотоод аудитын газрын аудитороор ажиллаж байсан ба 2013 оны 09 дүгээр сарны 27-нд Дотоод аудитын газрын үйл ажиллагааны хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд дэвшин ажилласан. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/301 тоот тушаалаар Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 07 дугаар сарын 07-ны өдөр Б/878 тоот тушаалаар Мөнгөний төвийн захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд ажиллаж байтал 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг үндэслэн 30 хоногийн дараа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг үндэслэн мэдэгдэж байна гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь мэдэгдэл хүлээн авсан талаар гарын үсэг зураагүй болно. Мэдэгдэл хүлээн авснаас хойш 1 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэн, Мөнгөний төвийн захирлын ажлыг авч, ажилтан Ц.Дамдинсүрэнд шахалт үзүүлэн, хөдөлмөрлөх эрхийг зөрчих болсон. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалаар Төрийн банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр Ц.Дамдинсүрэнтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгон цуцалж, чөлөөлсүгэй гэсэн. Тус тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор мөрдөж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.5 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус банкны Мөнгөний төв гэдэг байгууллага татан буугдаагүй, өдөр тутмын үйл ажиллагаа хэвээр явагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д болон Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар орон тоо хасагдах гэдэг нь тухайн ажил, албан тушаал байхгүй болохыг ойлгодог. Гэтэл Мөнгөний төвийн ажилтны орон тоо хэвээр хадгалагдаж байгаа. Тухайн салбар нэгж татан буугдсан гэх эрх зүйн үндэслэл байхгүй. Мөнгөний төвийн гол зорилго нь банкны бэлэн мөнгөний тасралтгүй байдал, хангалт, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод Мөнгөний төвийн захирал гэсэн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа нь нотлогдож байна. Хариуцагч тал нь өмнө нь байсан Улаанбаатар салбарын Мөнгөний төв гэх нэгжийг байхгүй болгосон гэж тайлбарласан. Гэтэл уг нэгж салбар нь Аюулгүй байдлын хэлтэстээ шилжсэн. Аюулгүй байдлын хэлтэс нь салбар нэгжүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангах ажлыг хариуцан зохион байгуулдаг. Орон тоогоор мөнгө хураагч, мөнгө хянагч, мөнгө тоологч, мөнгөний зөөвөр хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо нь бүгд л хэвээр байна. Аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулж 2016 оны 09 дүгээр сард гаргасан эрх зүйн актаар Мөнгөний төвийн үйл ажиллагааг тус хэлтэстэй уялдуулж өгсөн бүтцийн өөрчлөлт гарсан болохоос Мөнгөний төв татан буугдсан үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1.-д заасныг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. 1 сарын өмнө мэдэгдсэн атлаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж, ажлыг нь булааж авсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан үйл явдал болсон гэж үзэж байна. Мөн тушаал нь хуульд нийцсэн байх ёстой. Уг тушаал гарсны дараа ажил хүлээлцэх акт үйлдэх ёстой гэж үзэж байна. Төрийн банк үүнийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь актыг үйлдсэн он, сар, өдрөөр тогтоогдож байна. Хариуцагч тайлбартаа бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт өөрчлөгдсөн гэдэг нэр томъёо байхгүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тул Б/1415 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Төрийн банкинд даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байгаа учир шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Н.Байгаль нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Төрийн банк ХХК нь Сангийн яам, Хадгаламж даатгалын корпораци нарын хувь нийлүүлсэн төрийн өмчит хуулийн этгээд юм. Төрийн банкны эрх барих бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлдэг. Хувь нийлүүлэгч болох Сангийн яамнаас Төрийн банк ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах тухай чиглэл өгч, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б-1/5765 тоот албан бичгийг манай банкинд ирүүлсэн. Уг албан бичигт банкны бүтцийн өөрчлөлт хийх, боловсон хүчний зардлыг бууруулах, цалингийн шатлалыг оновчтой боловсруулах, дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоох, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх тухай чиглэл өгсөн байдаг. Төрийн банкны ТУЗ дээрх байдлыг нарийвчлан судалж, банкны зохистой байгууллага, бүтцийн оновчтой давхцалгүй, газар хэлтэс, албадын ажлын уялдаа холбоонд түшиглэсэн удирдлагын зөв тогтолцоог бий болгох бөгөөд ингэснээр ажилчдын цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох, байгууллагын зардлыг зохистой болгох зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Уг тогтоол батлагдсантай холбоотойгоор өмнөх бүтэц, зохион байгуулалтын бүтэц нь хүчингүй болсон юм. Ц.Дамдинсүрэнгийн өмнө нь ажиллаж байсан Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирал гэх албан тушаал нь дээрх 118 тоот тогтоолоор бүтцээс хасагдсан юм. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан байдаг. Тухайн үеийн зохион байгуулалтын бүтцээр уг Мөнгөний төвийг шууд харъяалан удирдах газар нь Улаанбаатар салбарын удирдлагын газар байсан бөгөөд ерөнхийлөн харъяалах албан тушаалтан нь Бизнес хөгжил хариуцсан дэд захирал байсан юм. Бизнес хөгжил хариуцсан дэд захирал нь гүйцэтгэх захирлын орлогчийн өмнө ажил албан үүргээ тайлагнадаг, гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд шууд харъяалагддаг бүтэц зохион байгуулалттай байсан. Гэтэл 118 тоот тогтоолоор Мөнгөний төвийн захирлыг шууд харъяалан удирдах албан тушаалтан нь Аюулгүйн байдлын газар, ерөнхийлөн харъяалан албан тушаалтан нь үйл ажиллагаа хариуцсан захирал юм. Үйл ажиллагаа хариуцсан захирал нь гүйцэтгэх захирлын орлогчид ажил үүргээ тайлагнадаг бөгөөд гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захиралд шууд харъяалагдан ажил үүргээ тайлагнадаг байхаар шинэчлэн батлагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн урьд эрхэлж байсан Мөнгөний төвийн захирал гэх албан тушаал нь шинэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр шууд харъяалах шат дараалсан газар, албан тушаалтан, шатлал бүтцийн харъяаллаар өөрчлөгдсөн, шинээр бий болсон Мөнгөний төвийн захирал гэх албан тушаал юм. Үүнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдсэн ба тухайн ажлын байран дахь ажилтанд тавигдах шаардлага нь ажлын байрны онцлогтой холбоотой шинэчлэгдсэн байдаг. Иймд Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 41 дүгээрзүйлд заасан үндэслэлээр 30 хоногийн дараа цуцлах болсон тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасныг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 17-нд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Ажилтан Ц.Дамдинсүрэнд ажил олгогчийн зүгээс өөр ажлын байр санал болгосон боловч саналыг хүлээн авахаас татгалзсан. Иймд Төрийн банкны Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрыг хүлээн авахаас татгалзсан тул Мөнгөний төвийн захирал Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 73/6-р хурлын шийдвэр гарсан. Уг шийдвэр болон мэдэгдэх хуудасны хугацаа дууссан, мөн хуульд заасан үндэслэлээр Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалаар Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан болно. Ингэж цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасны дагуу банкны зүгээс тэтгэмж олгосон бөгөөд ингэхдээ 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 30 хоногийн мэдэгдэх хугацааны цалингийн хамт нийт 12 759 740 төгрөгийг тооцож олгосон. Хариуцагчийн зүгээс Ц.Дамдинсүрэнгийннэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртнөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Төрийн банк ХХК үл зөвшөөрч Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсанаар өмнө нь байсан Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирлын албан тушаал нь хүчингүй болж хасагдсан, шинээр Аюулгүй байдлын газрын харъяа Мөнгөний төв байгуулагдсан, ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэн, ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үүрэг, ажилтанд тавих шаардлага нь өөрчлөгдсөн, цалингийн хэмжээ өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлаас татгалзсан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан, уг тушаал үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр ханган шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь 2013 оны 03 дугаар сарын 12-ноос хойш Төрийн банк ХХК-ийн Дотоод аудиторын газарт аудитор, үйл ажиллагааны хэлтсийн ахлах аудиторын ажлыг гүйцэтгэж байсан ба тэрээр 2016 оны 03 дугаар сарын 02-ноос Улаанбаатарын салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 07 дугаар сарын 07-ноос эхлэн тус Мөнгөний төвийн захирлаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээрх ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/301 тоот Ажилд томилох тухай, 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/878 тоот Үндсэн ажилтнаар ажиллуулах тухай, 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалууд, Ц.Даминсүрэн болон Төрийн банк ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-нд байгуулсан 602 тоот хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

2. Ажил олгогч Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ц.Дамдинсүрэнг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Ц.Дамдинсүрэнг Төрийн банкны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн зохион байгуулагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харъяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан... гэж заан Хөдөлмөрийн тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4-д заасныг тус тус үндэслэжээ.

3. Төрийн банк ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоол түүний хавсралт, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол түүний хавсралт, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар тогтоол түүний хавсралт, гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/331 тоот тушаал, түүний хавсралтууд, ажлын байрны тодорхойлолт зэргээс үзэхэд өмнө нь тус банкны Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяанд ажиллаж байсан Мөнгөний төвийг тус банкны Аюулгүй байдлын газрын харъяанд тус төвийн захирлаас гадна нягтлан бодогч, нярав, мөнгөн зөөвөр хариуцсан мэргэжилтэн, мөнгөний хянагч, мөнгө хураагч, мөнгө тоологч зэрэг 20 ажилтантай ажиллуулахаар өөрчилжээ.

4. Ажил олгогч Төрийн банк ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-наар тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-нд нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнд мэдэгдсэн тухай тус банкны мэдэгдэх хуудасавагдсан ба тэрээр 2016 оны 10 дугаар сарын 18-нд нь түүний ажлыг хүлээлцүүлсэн болох нь мөн өдрөөр огноолсон Ажил хүлээлцэх акт-р нотлогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө ажлыг нь хүлээн авч Ц.Дамдинсүрэнг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, 43.2.-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалттай байна.

Зохигчдын тайлбар, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/331 тоот Төрийн банкны газар, хэлтэс, алба, төвийн чиг үүрэг, орон тоог батлах тухай тушаал, түүний 1, 2 дугаар хастралтаас үзэхэд тус Мөнгөний төв өмнө нь захирлын хамт 21 орон тоотой ажиллаж байсан, ТУЗ-ийн 118 дугаар тогтоолын дараа ч мөн 21 орон тоотой ажиллахаар батлагджээ.

Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн эрхэлж байсан ажил, албан тушаалын байр буюу Мөнгөний төв нь Төрийн банк ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол, хавсралт, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар тогтоол, хавсралтаар Улаанбаатар салбарын удирдлагын газрын харъяанд ажиллаж байгаад, ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоол, хавсралтаар Аюулгүй байдлын газрын харъяанд ажиллахаар болж өөрчлөгдсөнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д заасан хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлүүд тогтоогдоогүйн дээр тус Мөнгөний төвийн захирлын ажил, албан тушаалын байр байхгүй болж хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлүүд ч баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил, албан тушаалын байр нь өөр Аюулгүй байдлын газрын харъяанд ажиллах болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Аж ахуйн нэгж, байгууллагын харъяалал... өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасны дагуу ажилтан Ц.Дамдинсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй юм.

6. Хэрэгт авагдсан Улаанбаатарын салбарын удирдлагын газрын Мөнгөний төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт, Аюулгүй ажиллагааны газрын Мөнгөний төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт зэргийг харьцуулан үзэхэд уг ажил, албан тушаалын гүйцэтгэх үндсэн үүрэг, ажлын байрны үндсэн зорилго нь банкны бэлэн мөнгөний тасралтгүй байдал, хангалтыг хариуцах, зохион байгуулах, хяналт тавих, бэлэн мөнгөний гүйлгээ, хэлцэл, зузаатгалыг зохих жрмын дагуу аюулгүй байдлыг ханган, эрсдэлгүй, шуурхай зохион байгуулах, Мөнгөний төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагаа байх бөгөөд Мөнгөний төвийн захирлын ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үүрэг, ажилтанд тавих шаардлага нь өөрчлөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Аюулгүй ажиллагааны газрын Мөнгөний төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод банкны ажилтнуудад валют, төгрөгийн нууцлалыг таниулах чиг үүрэг нэмэгдэж тусгагдсан нь Мөнгөний төвийн захирлын ажлын чиг үүрэг бүхэлдээ өөрчлөгдсөн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Мөнгөний төвийн захирлын сарын дундаж цалин 3 000 000 төгрөг байсан нь 1 600 000 төгрөг болж өөрчлөгдсөн байдал, 2016 оны 11 дүгээр сарын 15-нд ажил олгогчоос төв банкинд мэргэжилтнээр ажиллах санал болгосныг нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн хүлээн аваагүй зэрэг үйл баримт нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч талын нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэн, ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үүрэг, ажилтанд тавих шаардлага нь өөрчлөгдсөн, цалингийн хэмжээ өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлаас татгалзсан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар, татгалзал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна.

7. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад түүнийг эрхэлж байсан Улаанбаатар салбарын удирдлагын газрын Мөнгөний төвийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/1415 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

8. Хариуцагч байгууллагын цалингийн тодорхойлолтыг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, нэхэмжлэгчийг сард 3 000 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан тухай зохигчдын тайлбар зэргийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сарын дундаж цалин хөлсийг 3 000 000 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2016 оны 11 дугаар сарын 16-наас 2017 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл 77 хоногийн цалинтай тэнцэх олговорт 10 896 193 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

9.Хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 18-нд нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгийн цалингийн дансанд ажлаас халагдсаны тэтгэмж гэж тодорхойлон 9 000 000 төгрөг шилжүүлсэн нь Цалин хөлс тооцооллын программ гэсэн Төрийн банкны нягтлан бодогчийн тэмдэг бүхий баримтаар нотлогдож, нэхэмжлэгч уг мөнгө өөрийнх нь цалингийн дансанд шилжиж орсныг зөвшөөрсөн байна.

10.Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1415 тооттушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учраас тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнг урьд эрхэлж байсан Төрийн банк ХХК-ийн Улаанбаатарын салбарын удирдлагын газрын харъяа Мөнгөний төвийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт олгох 10 896 193 төгрөг олгох ёстойгоос нэхэмжлэгчийн цалингийн дансанд ажлаас халагдсаны тэтгэмж гэж шилжүүлсэн 9 000 000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас 1 896 193 төгрөгийг гаргуулан олгож шийдвэрлэлээ.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнд олгогдох дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45 289 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнг Төрийн банк ХХК-ийн Улаанбаатар салбарын удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 1 896 193 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн Б/1415 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Ц.Дамдинсүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45 289 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаарзохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгдурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.