Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2018/01895/И |
Дугаар | 001/ХТ2019/00737 |
Огноо | 2019-05-21 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2019/00737
Н гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 160 дугаар магадлалтай,
Н гийн нэхэмжлэлтэй,
“Есөн шижир инвест ББСБ” ХХК-д холбогдох
2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, шилжүүлсэн 8,300,000.00 төгрөг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 20,632,882.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарт: 2014 оны 12 сарын 12-ны өдөр Н “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооноос анх 12,000,000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч сард зээлийн төлбөр дутуу төлж байсан учраас “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд өгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 22-ны өдөр хариуцагч 17,171,600 төгрөг төлөхөөр талууд 660 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрсэн байдаг. Н эвлэрлийн гэрээнд заасан хуваариар сар бүр зээлийн төлбөр төлж байсан. “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооноос Н г дуудаж, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-тай гэрээ байгуулахгүй бол болохгүй байна гээд 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2017 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан. Уг зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, Н 16,000,000 төгрөгийн зээлийг огт аваагүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 660 дугаартай шүүгчийн захирамжаар шийдсэн 17,171,600 төгрөгийн үлдэгдэл болох 16,000,000 төгрөгийн хэмжээнд талууд зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 01 сарын 02-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Н нь “Есөн шижир инвест ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаас хойш 8,300,000 төгрөг төлсөн. Иймд Н болон “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 01 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Н гийн төлсөн 8,300,000 төгрөг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 660 дугаартай шүүгчийн захирамжаар төлсөн төлбөр болохыг тогтоож уг төлбөрийг “Есөн шижир инвест ББСБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Н гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян уулын 11 дүгээр гудамж, 8А тоотод байрлах хувийн сууцаа барьцаалж “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан. Энэ асуудал шүүхээр орж зохигчдод эвлэрч шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Н шүүгчийн захирамжийн дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан. 2017 оны 01 сарын 02-ны өдөр Н нь “Есөн шижир инвест ББСБ” ХХК-иас 16,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн мөнгө хүлээж авсан зарлагын баримт үйлдэж, зээлийн төлбөрийг бэлэн авсан. Н гийн “Есөн шижир инвест ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээ хуульд нийцсэн, талуудын сайн дурын үндсэн дээр байгуулсан болох нь Н гийн зээл хүссэн өргөдөл, Н гийн бэлэн мөнгө хүлээж авсан баримт зэргээр тогтоогдож байна. Мөн уг зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 сарын 02-ны өдрийн ЗГ-060017001 зээлийн болон барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ зээлийн гэрээгээр Н нь 16,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, графикийн дагуу төлж барагдуулахаар зээлсэн. Зээлийн төлбөр төлж байгаад 2018 оны 01 сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зээлдүүлэгч шүүхэд хандах эрхтэй болдог. Манай талаас нэхэмжлэгч талыг зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөр төлөөгүй. Бид зээлдэгчийн оршин суугаа хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч ББСБ-ын хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Н нь үндсэн зээлд 16,000,000 төгрөг авснаас 1,802,686 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 14,197,314 төгрөг, 637 хоногийн үндсэн хүү 11,868,441 төгрөг, зээлдэгч 6,261,681 төгрөг төлсөн. Үлдсэн хүү 5,607,760 төгрөг, 588 хоногийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн 1,012,441 төгрөг 184,633 төгрөг төлж, үлдэх нь 827,808 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 20,632,881 төгрөгийг Н гээс гаргуулж өгнө үү. Н нь зээлийн төлбөр 20,632,881 төгрөгийг төлж чадахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 08 сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх гэрээ бол 2017 оны 01 сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ юм. Н 2017 оны 01 сарын 02-ны өдөр 16,000,000 төгрөг аваагүй. Н хариуцагч талтай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлд өгүүлэхгүй гэсэндээ дахин зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал нь давхар мөнгө хүүлсэн. Шүүгчийн захирамжаар шийдсэн талуудын эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар халхавчилж, дахин зээлийн гэрээ байгуулсан. Н дахин зээлийн гэрээ байгуулахдаа гарах үр дагаврыг сайтар тооцож үзээгүй, хөнгөмсгөөр найдаж гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281, 451 дүгээр зүйлд заасан гэрээний аль болохыг тодорхойлж мэдэхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч, зээлдүүлэгчид бэлэн мөнгө өгөх ёстой. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч, зээлдүүлэгчид тодорхой хугацаатай, мөнгө шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн үед ийм үйл явдал болоогүй, Н гар дээрээ ямар ч мөнгө аваагүй. Хэрэв талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Н гар дээрээ зээлийн мөнгө авсан бол графикийн дагуу зээлээ төлнө. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалтыг баримтлан Н , “Есөн шижир инвест ББСБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-аас 8,248,000 төгрөгийг гаргуулж Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,000 төгрөг гаргуулах хэсэг болон Н тэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20,632,882 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,750 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 372,414 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 384,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 160 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 8,300,000 төгрөг гаргуулах тухай Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н гээс 20,632,882 төгрөг гаргуулж хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8а тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 204 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “...хариуцагчаас 384,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид” гэснийг “нэхэмжлэгч Н гээс 372,414 төгрөгийг гаргуулж хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 160 тоот дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Шүүхээс 2016 оны 08 сарын 22-ны өдрийн Зохигчдын эвлэрэн хэлэлцсэн шийдвэр гарсан, 2016 оны 12 сарын 30-ны өдөр уг мөнгийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна гэж үндэслэлгүй тайлбар хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг бэлэн төлөөгүй, мөн Иргэний хуульд заасны дагуу 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 16,000,000 төгрөгийг бэлэн аваагүй бөгөөд хариуцагч талаас дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор, үнэн санаанаасаа бус хөнгөмсөгөөр хандаж, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл гэж маргасан байхад маргахгүй байна гэсэн нь буруу юм. Мөн 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 16,000,000 төгрөгийн бичгийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд талууд хүсэл зорилгоо илэрхийлж, гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4, 56.1,8-д заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч 16,000,000 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн учир өмнөх зээлийг шүүгчийн захирамжаар төлөөгүй хуурамч баримт үйлдэж, мөн 16,000,000 төгрөгийг бэлэн аваагүй авсан мэт хууль зөрчиж хийсэн хэлцэл юм. Гэрч хашаа байшингаа алдахгүйн тулд хууль зөрчсөн хэлцэл хийснээ мэдүүлгээрээ нотолсон, мөн 6,000,000 төгрөг бэлэн аваагүй талаар гэрч мэдүүлэг өгсөн болно. Мөн бэлэн мөнгө өгөөгүй тул зээлийн данс үүсгээгүйг анхан шатны шүүх зөв шийдсэн байхад давж заалдах шатны шүүх зээлийн хувийн хэрэг бүрэн хөтлөөгүй нь Иргэний хуулийн 6.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш гэж дүгнэх нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч бэлэн мөнгө өгөөгүй, зээлийн үйл ажиллагаа биш өмнө төлбөрийг хууль зөрчин хүүлэх ажиллагаа хийсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь мөн л үндэслэлгүй бөгөөд харин ч хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр дээрх үндэслэл тогтоогдож байхад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн 8,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Сөрөг нэхэмжлэлийн тухайд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, мөн барьцаан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй өмнөх гэрээний бүртгэлтэй байхад, сөрөг нэхэмжлэлийн үндсэн зээлийн үлдэгдэл 14,197,314 төгрөг, зээлийн хүүд 5,607,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,808 төгрөг гэх дүн нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу нэхэмжилж байхад давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 160 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н нь хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулж 8,300,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Н тэй байгуулсан зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 20,632,882.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх Н болон “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ060017001 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, “Есөн шижир инвест ББСБ” ХХК-аас 8,248,000.00 төгрөгийг гаргуулж Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,000.00 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Н нь 2014 онд “Есөн дэлбээ” ХЗХ-оос 12,000,000.00 төгрөг зээлсэн боловч зээлээ төлж чадаагүйгээс 17,171,600.00 төгрөг төлөхөөр талууд эвлэрч шүүгчийн захирамж гарсан, харин 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч 16,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан ч энэ мөнгийг өгөөгүй, өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн гэрээг халхавчилж, дүр үзүүлэн хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 16,000,000.00 төгрөг зээлснийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг зохигчид биелүүлээгүйг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “...хууль зөрчсөн” гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг “хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “Есөн шижир инвест ББСБ” ХХК болон Н нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар Н нь зээлийн гэрээгээр “Есөн дэлбээ” ХЗХ-оос 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12,000,000.00 төгрөгийг зээлснээ төлөөгүйгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00660 захирамжаар зохигчид 17,171,600.00 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг төлж барагдуулсан байна.
“Есөн шижир инвест ББСБ” ХХК, Н нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан, 16,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 16,000,000.00 төгрөг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбараа нэхэмжлэгч Н баримтаар нотлоогүй, гэрч Г.Нямдулам “...хашаа байшингаа алдахгүйн тулд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, уг зээлээр төлөлт хийсэн” гэж мэдүүлсэн, хариуцагчаас зээлийн гэрээний дагуу бэлнээр 16,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Н д хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсаныг Н үгүйсгэж чадаагүй байна.
Иймээс “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь Н д 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь “Есөн шижир инвест ББСБ” ХХК-д зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 1,802,686.00 төгрөг, хүү 6,261,681.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,633.00 төгрөг, нийт 8,249,000.00 төгрөг төлсөн, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 160 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Н гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373,000.00 /гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН