Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00738

 

А , Н , Ц , Ш , И  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02118 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 97 дугаар магадлалтай,

А , Н , Ц , Ш , И  нарын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Их сургуульд холбогдох

Монгол Улсын Их сургуулийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ш.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч нарын  нэхэмжлэл болон тайлбарт: Монгол Улсын Их сургууль нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Оюутны албаны үйлчилгээ, өнөөгийн байдал, процессын шинжилгээ сайжруулах боломж төслийг 9 сая төгрөгийн өртөгтэйгөөр 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны багаар 2016 онд гүйцэтгүүлсэн. Уг судалгаагаар тоо баримт, судалгаа, мэдээлэлд үндэслэн 45 хоног хяналт шинжилгээ, үнэлгээ процессын шинжилгээ хийж, албаны бодлого, үйл ажиллагааны үйлчлэх хүрээ, шаардлагатай ажлын байр, чиг үүрэг ашиг, үр нөлөөг хэрэглэгч, сонирхогч талуудын оролцоог ханган олон удаагийн ярилцлагууд зохион байгуулж, судалгааны үр дүнг тодорхойлсноор дүгнэлт гарган санал зөвлөмж боловсруулж, түүний дагуу ажлын байрны тодорхойлолтууд шинээр хийгдсэн. Монгол Улсын их сургуулийн захирлын 2017 оны 10 сарын А/500 дугаартай тушаалын дагуу бүтцийн өөрчлөлтөөр зохион байгуулалтад орж бүрэлдэхүүн сургуулиудаас томилогдон ирсэн 8 мэргэжилтнүүд бид 2017 оны 11 сараас эхлэн нэгдэж үйл ажиллагаа явуулан 4 сар гаруй болж байсан. Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн А/45 дугаартай тушаалаар томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн баг Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахаар 2018 оны 02 сарын 21-ний өдөр хүрэлцэн ирж ОХҮГ-ын хамт олонд захирлын тушаал, ажлын удирдамжийг танилцуулсан. Дэд захирал Б.Очирхуяг бидэнд 2018 оны 02 сарын 14-ний өдөр Оюутны хөгжил үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулахаар ажлын хэсэг томилогдож тушаал нь гарч байгаа талаар мэдэгдсэн гэж Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга Б.Алтангэрэл хэлсэн. Бид хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Б.Нарантуяад тушаалтай танилцья гэхэд дарга нараас асууж байж танилцуулна, танилцуулах албагүй гэсэн тайлбарыг өгсөн. Хэрвээ хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулах гэж байгаа бол ил тод байх ёстой, тушаалаар ажлын удирдамж батлуулсан боловч ажлын төлөвлөгөөгүй зорилго, зорилтоо бүрэн дүүрэн тодорхойлоогүй байна гэхэд ажлын хэсгийн ахлагч Б.Баяртогтох би танилцуулах шаардлагагүй гэдэг хариуг өгсөн гэдгээ хэлсэн. Оюутны хөгжил үйлчилгээний газар байгуулагдаад 3 сар гаруй болж байхад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж боловсруулах ямар шаардлага байгааг лавлахад Б.Баяртогтох захирлын зөвлөлийн хурал дээр тус газрын ажил нь муу байгаа учраас шалгалт оруулахаар болсон гэж мэдэгдсэн. Газрын дарга Б.Алтангэрэл хэлэхдээ бид мониторинг оруулахыг эсэргүүцээгүй уг газар энэ бүтцээр ажиллаад 3 сар гаран болж байна бидэнд ажлын үр дүн гаргах боломжоор хангах хэрэгтэй байна, хугацааг хойшлуулж болно, иймд энэ тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа үндэслэлүүдээ тайлбарлахад та нарын тайлбарыг хүлээж авахгүй нэгэнт тушаал гарсан учраас та нар зөвшөөрөхгүй байсан ч бид нар орно та нар зөвшөөрөхгүй байх эрхгүй та нар наад тушаалаа шүүхэд өгсөн ч бид шалгалтаа хийнэ гэсэн. Иймд Монгол Улсын их сургуулийн дүрмийн 5.9., 7.7.1 заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааны дагуу асуудалд хандаж, Монгол Улсын Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хамтарч хүсэлт гаргах эрхийнхээ хүрээнд дараах гомдлыг гаргаж байна. Бид 2017 оны 11 сараас эхлэн шинэ бүтцээр үйл ажиллагаа явуулаад 3 сар гаруй хугацаа өнгөрч байхад хариуцсан газарт нь шалгалт орох гэж байгааг мэдэгдэхгүйгээр, Монгол Улсын их сургуулийн захиргаанаас хяналт, шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг явуулахдаа холбогдох эрх зүйн акт, дүрэм журмын хэрэгжилт, тэдгээрийн дунд болон урт хугацааны зорилт, төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх, хяналт шинжилгээ хийж үр дүнг ямар үзүүлэлт шалгуураар үнэлж дүгнэхэд мөрдөж ажиллах журамгүй уг шалгалт нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байгаа захиргааны үйл ажиллагаа тэдгээрээс гаргасан тайлан, дүгнэлт, ил тод нээлттэй байх ёстой. Монгол Улсын их сургуулийн захирлын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн А/45 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.5., 3.1 дэх заалт, Монгол Улсын их сургуулийн дүрмийн 4.3.7., 1.5.1.,1.5.3.,1.5.4.,1.5.5., Захиргааны зөвлөлийн ажиллах журмын 2.2.1., 2.2, 3.2 дах заалтуудыг тус тус зөрчсөн. Ажлын удирдамждаа мониторингийн үндсэн зорилго, ач холбогдлоо тусгаагүй, зорилт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө байхгүй, хийнэ гэсэн. Мониторингийн үндсэн ач холбогдол бол төр засгийн бодлого, сургуулийн дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа хэрхэн явуулж байгаад хөндлөнгийн хяналт тавих замаар хуульчлагдсан хэм хэмжээтэй харьцуулан үнэлэх замаар зөрчил гажуудлыг илрүүлэх, хууль дүрэм журам шийдвэр бодлого хэрэгжүүлэх, тогтолцоо, үйл ажиллагааны зарчим нь хэрэгжихгүй байгааг баримтаар илрүүлэх зөрчлийн голомт, учир шалтгааныг нь тогтоох явдал юм. Бид А/45 дугаартай тушаалаа цуцлахыг захирлын үүрэг гүйцэтгэгчээс шаардсан, мөн ОХҮГ-ын хамт олонтой уулзаж хамт олны санаа бодол, эрэлт хэрэгцээг судлах, Монгол Улсын их сургуулийн удирдлагын дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, сайн засаглалын гол зарчмууд алдагдсан үйл явдлыг Дээд шатны байгууллагад уламжилж өгөх гэсэн хүсэлтийг  Монгол Улсын Их сургуулийн Үйлдвэрчний нэгдсэн холбоонд хүргүүлсэн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлаар бидний хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд хөдөлмөрлөх явцад гарсан хөдөлмөрийн маргаан тул захиргаанд зохих асуудлыг тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэж бидний хүсэлтийг захиргаанд хүргүүлсэн. Тус газрын хамт олон байгууллагын өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг тасалдуулаагүй ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж байхад дахин 2018 оны 03 сарын 23-ны өдөр Б/85 дугаартай тушаал гаргаж заавал шалгалт хийнэ гэж тушаалыг танилцуулсан. Бид томилогдсон ажлын хэсгийн ахлагчийн хүсэлтээ бичгээр гаргаж өг гэсний дагуу Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан хүсэлтийн хариуг авч хүсэлтээ шийдвэрлүүлэхэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж тайлбар гаргаж өгсөн. Гэтэл 2018 оны 05 сарын 07 ны өдөр Б/201 тушаалаар удирдах ажилтны үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний ерөнхий заалтуудыг баримтлан сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Бид ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаагүй ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй. Бид үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж эсэргүүцсэн зүйл байхгүй зохих хууль, журмын дагуу хүсэлт гаргасан. Монгол Улсын их сургуулийн захиргаа Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-ыг зөрчсөн Алтангэрэл дарга ажлын хэсэгт ямар нэгэн шаардлага тавиагүй дүрэм журмын дагуу мониторинг хий гэсэн нь яагаад эсэргүүцсэн болдог юм. Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга мэргэжилтнүүддээ ямар ч үүрэг даалгавар өгөөгүй, байгуулагдаад удаагүй газарт мониторинг хийж байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, хууль зөрчиж гарсан дүгнэлт өөрөө хүчин төгөлдөр болох уу, ажлын хэсгийн хүмүүс арга хэмжээ авахуулахаар оруулах үндэслэл байхгүй. Ажлын хэсгийн удирдамжид зорилго, зорилт байхгүй байсан. Монгол Улсын их сургууль, ажлын хэсэг өөрсдөө зөрчсөн заалтуудаа тушаалдаа бичсэн байна. ОХҮГ-т хийгдсэн мониторингт ороогүйгээс байгууллагад ямар ч хохирол учраагүй бөгөөд газрын дарга нь мэргэжилтнүүддээ ямар ч үүрэг өгөөгүй юм. Иймд Монгол Улсын их сургуулийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А , Ш , И  нарт ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн хариу тайлбарт: Монгол Улсын Их Сургууль нь стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд жил болгон төлөвлөгөө гарган ажилладаг. Захиргаа, хүний нөөцийн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсын их сургуулийн захиргааны нэгжүүд, ажилтнуудын үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил төлөвлөгдсөн байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Монгол Улсын их сургуулийн захиргааны нэгжүүдэд тухайлбал Математикийн хүрээлэн, Цөмийн судалгааны төв, Гадаад харилцааны хэлтэс, МУИС-Пресс төвүүдэд хяналт-шинжилгээ үнэлгээний ажил хийгдсээр ирсэн. Оюутны хөгжил үйлчилгээний газарт мониторинг хийх ажил нь байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан хяналт-шинжилгээ үнэлгээний 5 дахь ажил юм. Үүнээс хойш Хангамж, үйлчилгээний газар, Санхүү, эдийн засгийн газар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Сургалтын нэгдсэн газарт хяналт, шинжилгээ үнэлгээний ажил хийгдсэн. Эдгээр нэгжүүд захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажиллуулж, үр дүнг захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, тайлан гаргасан бөгөөд энэхүү ажлын хүрээнд нэг ч ажилтан албан хаагч ажлаас чөлөөлөгдөөгүй болно. Оюутны хөгжил үйлчилгээний газарт хяналт-шинжилгээ үнэлгээний ажил /мониторинг/ хийх ажлын хэсэг байгуулан, удирдамжийг баталж 2018 оны 02 сарын 08-ны өдрийн А/45 дугаар, 2018 оны 03 сарын 23-ны өдрийн А/85 дугаар тушаалыг тус тус баталсан. Монгол Улсын их сургууль нь өөрийн хэтийн төлөвийг тодорхойлох, стратегийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, түүндээ нийцүүлэн үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхээр А/45, А/85 дугаартай тушаалуудыг гаргасан. Дээрх тушаалын дагуу Оюутны хөгжил үйлчилгээний газарт хяналт-шинжилгээ үнэлгээний ажил хийхэд А , Ш , И  нарын хүмүүс оролцоогүй болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд өөрсдөө ч энэ талаар маргадаггүй. Оюутны хөгжил үйлчилгээний газар, Гадаад харилцааны хэлтэс, Сургалтын нэгдсэн газар зэрэг нь ижил хугацаанд байгуулагдсан бүгдэд нь хяналт-шинжилгээ үнэлгээний ажил /мониторинг/ хийх ажлын хэсэг байгуулан, удирдамжийн дагуу ажил явагдсан. А , Ш , И  нарын хүмүүсээс бусад бүх хүн оролцоод хяналт-шинжилгээ үнэлгээний ажил бүрэн хийгдсэн. Монгол Улсын их сургуулийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байранд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг тасалдуулсан тул А , Ш , И  нарын хүмүүст сануулах сахилгын арга хэмжээ авсан. Монгол Улсын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн Б/201 дүгээр тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02118 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7., 131 дүгээр зүйлийн 131.1.1., 131.2.,-т заасныг баримтлан МУИС-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 дугаартай тушаалын А , И , Ш  нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-т зааснаар нэхэмжлэгч Н , Ц  нар нь хариуцагч МУИС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 97 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн 181/ШШ2018/02118 тоот шийдвэр, 2019.01.06-ны өдрийн 97 тоот магадлалуудыг эс зөвшөөрөн ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм журамд нийцүүлэн шийтгэл ногдуулсан шийдвэр буюу тушаалаа гаргах ёстой атал МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын 2018.05.07-ны өдрийн Б/201 тоот Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Ш д сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа ... нар нь байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж ажлын байранд хяналт шинжилгээ үнэлгээ хийх удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэж заасан нь дараах хууль эрх зүйн үндэслэлийг зөрчсөн байгааг хоёр шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2, Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2.4 “... Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн сахилгын хариуцлага”, “сахилгын зөрчил” гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөх өөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна. З.З. “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй юм...” гэж заасныг тус тус зөрчсөн. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл гэх нь хариуцагчийн гаргасан 2018.02.08-ны өдрийн А/45, 2018.03.23-ны өдрийн А/85 тоот тушаалуудын дагуу ажлын байранд 2018 онд байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байранд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх 2 удаагийн шийдвэрийг эсэргүүцсэн зүйлгүй зөвхөн уг асуудлаар байгуулагдаад удаагүй 3 сар болж байгаа тул хугацааг нь хойшлуулж өгөөч гэж гомдол гаргасан түүнийгээ шийдвэрлэтэл хийлгэхгүй гэдэг эрхээ Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-т заасан төлөөллийн байгууллагаараа дамжуулан хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар гомдол өгсөн, мөн сургуулийн дотоод журмын 4.4.8-д “.. хамт олны эрх ашигтай холбоотой асуудлаар амаар болон бичгээр саналаа гаргах”, ажил олгогч тус журмын 4.1.6-д зааснаар хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй юм чинь шийдвэрлэж өгөх байх гэж хүлээсэн болохоос татгалзсан зүйлгүй. Тус сургууль хөдөлмөрийн сахилга буюу зөрчил гаргасан бол хэрхэн шийтгэл ногдуулах зөрчлөө тус журмын 9.1-д тодорхой заасан байгаа болно. Тухайлбал, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нэг үйлдэл, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн нэг үйлдэл, багш ажилчдын ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчил гаргасан нэг үйлдэл, ёс зүйн зөрчлийн нэг үйлдлийг 3 -аас дээш удаа гаргасан бол хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч уг зөрчил гээд байгаа үйлдэл гэхийг Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэснийг 2018.02.08-ны өдрийн А/45, 2018.03.23-ны өдрийн А/85 тоот тушаалуудад гомдол гаргасан тул шийдвэрлэтэл хойшлуулж өгөөч л гэснээс өөр зүйлгүй байхад 2 шатны шүүхээс тус журмын 9.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тус сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрээс харахаар 2018.02.08-ны өдрийн А/45, 2018.03.23-ны өдрийн А/85 тоот тушаалуудын дагуу Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамжийн үйл ажиллагаа гэсэн хэсэгт газрын 13 хүний бүрэлдэхүүнтэй ажилтан нарыг хамруулахаар зааж өгсөн байхад уг үнэлгээгээр ердөө 3 хүн хийлгээд 8 хүн хийлгээгүй байгаа нь тэдгээрээс ирүүлсэн тайлбараас харагдана. /ХХ-158/ Эндээс үзэхээр уг үйлдэл гэхийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхийн бол илэрсэн хугацаа нь 2018.03.23-ны өдрийн А/85 тоот тушаал /ХХ-88/ -аар илэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэвэл газрын бүрэлдэхүүнээс нэг биш 8 хүн гэдэг нь талаас илүү хувь нь байхад ажил олгогч үүнийг илрүүлээд мэдээгүй байх үндэслэлгүй, талаас илүү хувь нь үнэлгээнд хамрагдаагүй байхад ажлын хэсэг тушаалын хавсралт удирдамж биелэгдсэн гэж үзэж байгаа нь ажил олгогч уг үнэлгээг анхнаасаа субъектив санаа агуулж хийсэн гэдэг нь тодорхой байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2018.05.07-ны өдөр гарсан тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа буюу нэг сар 15 хоногийн дараа уг тушаал гарснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд тус шүүх тогтоолдоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн 181/ШШ2018/02118 тоот шийдвэр, 2019.01.06-ны өдрийн 97 тоот Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.          

А , И , Ш , Н , Ц  нар нь Монгол Улсын Их Сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын “Зарим ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/201 тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н , Ц  нар нэхэмжлэлээсээ татгалзжээ.

2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Их Сургуулийн захирлын Б/201 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.3.1, 4.3.2, 9.2 /1/, 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 3.1.2, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар тушаалаар байгуулагдсан, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 дугаар тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлт, захиргааны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын мэргэжилтэн И , ... нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

 Сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалд нэхэмжлэгч нарыг байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж, ажлын байранд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх удаа дараагийн шийдвэрийг эсэргүүцэж, төлөвлөгөөт ажлыг тасалдуулсан гэжээ.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т “”Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн үүрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн биелүүлэх” гэж, ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/354 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх хэсэгт “МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн ноцтой зөрчил, ёс зүйн зөрчлийг 3-аас дээш удаа гаргасныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзнэ” гэжээ.

Монгол Улсын Их сургуулийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд  захиргааны нэгжүүдийн үйл ажиллагаанд ажлын гүйцэтгэл, ачааллын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг 2018 оны 3-6 дугаар сард хийх төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан, тус сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/45 тоот тушаалаар МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг баталсан нь хэрэгт авагдсан баримтаар   тогтоогджээ.

Нэхэмжлэгч нараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэгт гаргасан хүсэлт, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр  сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд гаргасан хүсэлтэд ... А , Н , Ц , Ш , И  нар өөрсдийнх нь гаргасан өргөдөл гомдлын асуудлыг шийдвэрлэтэл үнэлгээ хийлгэх боломжгүй гэснээр дээрх А/45 тушаал хэрэгжиж чадаагүй байна.

Иймээс тус сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/85 тоот тушаалаар Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн гүйцэтгэх ажлын удирдамжийг хавсралтаар дахин шинэчлэн баталж, удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж, дүгнэлт зөвлөмж боловсруулан ажиллаж, 4 дүгээр сарын 17-ны дотор захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгосон ба тус газрын 13 ажилтнаас хяналт шалгалтад хамрагдаагүй 8 хүний дотор нэхэмжлэгч А , И , Ш  нар байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Оюутны хөгжил, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайланд нэхэмжлэгч нарыг үнэлгээ хийх ажиллагаанд хамрагдаагүй талаар дүгнэсэн байх тул нэхэмжлэгч А , И , Ш  нарыг     хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчсөн буюу сахилгын зөрчил гаргасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н , Ц  нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч Н , Ц  нарыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ш.Солонгын гомдолд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2,   Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж,      гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02118 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 97 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.         

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН