Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2018/02643/И |
Дугаар | 001/ХТ2019/00875 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2019/00875
БСЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 374 дугаар магадлалтай,
БСЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй
ХЮ ХХК-д холбогдох,
2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээг дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 68.922.000 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...БСЭЭ ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ХЮ ХХК-тай Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээг байгуулсан. БСЭЭ ХХК нь хамтын ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөлтэй хайрганы карьер бүхий газар, уг газарт бүтээн байгуулсан офиссын барилга, ажилчдын дотуур байр, гал тогоо, агуулах, шатахууны танк, үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмж, засварын багаж хэрэгсэл гэх мэт хөрөнгийг нийлүүлсэн. Гэрээнд заасны дагуу ХЮ ХХК нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, борлуулахтай холбогдон үүсэх бүхий л зардлыг хариуцах, мөн үүнээс гадна гэрээний 5.3-т заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны татвар, газар ашиглалтын төлбөр, ашигт малтмал олборлолтын төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох зардлыг хариуцахаар үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч төрийн холбогдох байгууллагад төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж, хамтын гэрээний дагуу мэдээлэл авах болон борлуулалтын гэрээ байгуулахад оролцох эрхийг зөрчсөн. Хамтын гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймээс БСЭЭ ХХК-иас ХЮ ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус гэрээг дуусгавар болгохоор албан бичиг хүргүүлсэн. Гэтэл ХЮ ХХК хайрганы карьерийн талбай дээр байгаа хайргыг дур мэдэн бусдад борлуулж, гадагш тээвэрлэж байгаа тул гэрээ дуусгавар болсныг тогтоолгож, газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45.937.500 төгрөг, нийт 68.922.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч компанийн захирал н.Сарнай тодорхой хувийн ашиг авсан. Хамгийн сүүлийн байдлаар 2015 онд Тэдмэнт ХХК-иас хоёр өрөө орон сууцыг авсан учир ашиг хуваарилаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. ХЮ ХХК-д БСЭЭ ХХК нь ямар нэг байдлаар гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй. Тусгай зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цуцалсан байна гэдгийг 10 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани учраас төрийн эрх бүхий байгууллагаас гарч байгаа актын талаарх хариуцлагыг БСЭЭ ХХК хариуцах ёстой. Манайх Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээний тухайд ямар нэгэн зөрчил гаргаагүй, үйл ажиллагаа явуулсан. Газрын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрүүд нь БСЭЭ ХХК-д хамааралтай бөгөөд цаг тухайд нь хариуцлагатайгаар нэхэмжилсэн бол асуудал гарахгүй байсан. Газрын болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр мөн гэрээ цуцалсныг тогтоолгох гэж байгаа нь хуульд нийцэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг баримтлан ХЮ ХХК, БСЭЭ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээг дуусгавар болсныг тогтоож, хариуцагчаас газрын төлбөрт 22 984 500 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 45 937 500 төгрөг, нийт 68 922 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БСЭЭ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БСЭЭ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХЮ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 572 760 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 374 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХЮ ХХК давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 502 560+70 200=572 760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерыг хариуцан ажиллуулах тухай гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 1-т “А талын гэрчилгээ, бичиг баримт дутуу эсвэл хариуцлага алдсанаас үүдэн Б талд хохирол учруулбал уг хохирлыг төлж барагдуулна. А талын буруутайгаас Б тал гурваас дээш сар үйлдвэрлэл эрхлэх боломжгүйд хүрвэл Б тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд уг хугацаанд учирсан эдийн засгийн хохирлыг А тал төлж барагдуулна, 2-т “Б тал гэрээгээр тохирсон хугацаандаа хариуцан ажиллах гэрээний төлбөрийг төлөөгүй бол хэтэрсэн өдөр тутам 1 хувь алданги тооцно. Хэрэв Б тал уг төлбөрийг 60-аас дээш хоног төлж барагдуулаагүй тохиолдолд А тал нь гэрээг цуцлах эрхтэй ба Б талд гэрээний төлбөр болон алдангийг төлөх үүрэгтэй” гэж тусгайлан тохиролцсон байх ба хариуцагч ХЮ ХХК-ийн зүгээс мөн үүргийг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах эрх үүссэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Б тал нь газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байх боловч мөн төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх талаар нарийвчлан тохиролцсон зүйл байхгүй. Үүнээс дүгнэвэл хариуцагч нь мөн төлбөрийг төлөөгүй байгаа нь гэрээний үүргийг зөрчсөн гэж шууд дүгнэх эрх зүйн боломжгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг төлөх талаар хариуцагч компанид мэдэгдэж байсан буюу шаардаж байсан нь тогтоогдохгүй ба нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд заасны дагуу холбогдох төрийн байгууллага албан тушаалтантай харьцах, ямарваа нэгэн асуудал гарсан тохиолдолд хариуцан арилгах үүргийнхээ дагуу цаг тухай бүр маргаан бүхий дээрх төлбөрийг төлсөн эсэхийг шалгах, төлөхийг шаардах үүрэгтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тогтоогдоно. 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Ашигт малтмалын гэрээ”-ээр нэг талаас төрийн байгууллага нөгөө талаас БСЭЭ ХХК байх ба гэрээнд заасны дагуу газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөх үүргийг нэхэмжлэгч компани хүлээсэн байх ба хариуцагч нь уг гэрээнүүдийн оролцогч биш болно. Мөн нөхцөл байдлаас авч үзвэл хариуцагч нь газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрийг тогтсон цаг хугацаанд төлөх үүргийг хүлээгээгүй болно. Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг зөрчсөн бөгөөд гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас газар ашиглалтын төлбөр болон ашигт малтмал олборлолтын төлбөрт нийт 68.922.000 төгрөгийг шаарддаг ба нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо дээрх төлбөрүүдийг төлөөгүй нь гэрээний үүргээ зөрчсөн нэг үндэслэл бөгөөд мөн төлбөрүүдийг төлөөгүйн улмаас эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцалсан хэмээн тайлбарладаг боловч хэргийн 61 талд авагдсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамжид Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, энэ захирамжийн нэгдүгээр хавсралтад заасан 62 аж, ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсугай” хэргийн 63 тал Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 34-т БСЭЭ ХХК гэсэн байх ба дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн тайлбар илт үндэслэлгүй, худал болох нь тогтоогдоно. Нэгэнт эрх бүхий байгууллагаас хайрга олборлох, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан, гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй тохиолдолд мөн төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй. Учир нь нэхэмжлэгч нь 68.922.000 төгрөгийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасан үүргийн дагуу төлөх ёстой төлбөр хэмээн тайлбарладаг ба нэгэнт цуцалсан эсхүл дуусгавар болсон гэрээний хувьд мөн үүргийг хариуцагч хүлээх үндэслэлгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасантай нийцнэ. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т “...талууд гэрээнээс татгалзаж болохгүй” гэж заасныг нэхэмжлэгчийн зүгээс зөрчиж шүүхэд хандсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.6-д “Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах хугацааг үүрэг гүйцэтгэгч тогтоож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах уг хугацааг тодорхойлох эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хариуцагчид хүргүүлсэн гэх “хамтран ажиллах ажиллагааг зогсоох, гэрээг цуцлах санал хүргүүлэх тухай албан бичигт дурдсан хугацаанд хариу өгөөгүй нь гэрээг цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерыг хариуцан ажиллуулах тухай гэрээ”-г цуцлах тухай гэж гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Хайрганы карьерыг хариуцан ажиллуулах тухай гэрээ дуусгавар болсныг тогтоолгох тухай” гэж өөрчилсөн байдаг. Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагаас “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох”-ыг хүссэн нь тодорхой харагдаж байна. Мөн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх ба мөн шаардлага бүхий маргааныг ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаан гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар БСЭЭ ХХК-д олгосон 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн МҮ-017195 дугаартай Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар, мөн гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа 2017 оны 11 дүгээр сараас хойш хэрэгжээгүй талаар талууд маргаагүй болно” гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбарыг гуйвуулж, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар албан ёсоор мэдээгүй, мөн талуудын хооронд байгуулсан гэрээ шүүхэд хандах хүртэл хугацаанд хэрэгжиж байсан, цаашдаа гэрээг цуцлах хүсэл зориг баихгүй гэдгийг удаа дараа бичгээр болон амаар шүүх хуралдаанд илэрхийлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сараас хойш хайрганы олборлолт хийгдээгүй бөгөөд олборлосон хайргыг борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан. Хайргыг борлуулах үйл ажиллагаа явуулах нь талуудын хооронд байгуулсан гэрээний нэг үндсэн зорилго бөгөөд гэрээ хэрэгжиж байсны нэг илрэл ба цаашдаа ч үргэлжлэх бүрэн боломжтой юм. Мөн талуудын зүгээс маргаан бүхий газарт 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хайргыг олборлосон буюу бэлэн бүтээгдэхүүн болгон хадгалсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарыг гаргадаг ба энэ талаар маргаагүй болно. Энэ нөхцөл байдлаас үзэхэд хэдий хайрга олборлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байгаа хэдий ч мөн олборлож бэлэн болгосон бүтээгдэхүүнийг худалдан борлуулах замаар цаашид гэрээ хэрэгжих боломжтой бөгөөд маргаан бүхий уурхайн газар дээр хадгалагдаж буй 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хайргыг хэрхэх талаар орхигдуулж, гэрээ цуцлагдсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ. Дээр дурдсанчлан Иргэний хуулийн 225.4.1, 225.4.3, 225.4.4, 225.6-д заасны дагуу нэхэмжлэгч дангаар гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрхгүй бөгөөд шүүхийн зүгээс мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т “хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон” гэж заасны дагуу гэрээг дуусгавар болсныг тогтоож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хайрганы карьерыг хариуцан ажиллуулах тухай гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгох шаардлага нь тодорхой үйл явдлыг буюу эрх зүйн үр дагавар бий болгох нөхцөл байдлыг тогтоолгохыг хүссэн нь “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох” хүсэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэх хууль зүйн боломжгүй бөгөөд мөн адил ердийн журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй юм. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч БСЭЭ ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр И Эл Би Партнерс ХХН-д өөрийн компанийг бүрэн төлөөлөх агуулга бүхий итгэмжлэлийг 3 жилийн хугацаанд олгосон ба мөн өдрийн хууль ёсны дагуу олгогдсон итгэмжлэлээс өнөөдрийг хүртэл хугацаанд албан ёсоор татгалзаагүй байна. БСЭЭ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тогтохбаяр овогтой Төгсбаярт маргаан бүхий хэрэгт нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх агуулга бүхий итгэмжлэлийг олгосон байх ба мөн итгэмжлэлд “...Энэхүү итгэмжлэлийг олгосноор 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олгосон “Эл Би Би Партнерс” ХХН болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Энхзулд олгосон итгэмжлэл дуусгавар болсон” гэж дурджээ. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь “И Эл Би Партнерс” ХХН болон Т.Төгсбаяр нарт итгэмжлэлийг олгож байсан бөгөөд “Эл Би Би Партнерс” ХХН болон Д.Энхзул нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгож байгаагүй болох нь нотлогдоно. Нэхэмжлэгч “БСЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “И Эл Би Партнерс” ХХН нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай” хүсэлтийг гаргасан ба мөн хүсэлтийг анхан шатны шүүхийн зүгээс шийдвэрлээгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч И Эл Би Партнерс
нь төлөөлөн гаргасан. Нэхэмжлэгч “БСЭЭ” ХХК нь нэг гишүүнтэй ХХК бөгөөд түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь С.Сарнай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч “БСЭЭ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөх тухай (хх-ийн 105 тал), 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №18-02 дугаар бүхий итгэмжлэл хэрэгт авагдсан байх ба тус бүр захирал Д.Алтансүх гэх гарын үсэг зурсан байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч “БСЭЭ” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэлд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Соёлт овогтой Сарнай гэж тодорхойлсон бөгөөд тус компанийг Д.Алтансүх гэх хүн төлөөлөх эрхтэй эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд анхан шатны шүүхэд гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ цуцлагдсан болохыг тогтоолгох тухай өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч “БСЭЭ” ХХК буюу түүний захирал С.Сарнайгийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдох бөгөөд давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлагдахгүй, хэргийг бүхэлд нь хянах үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч болоод хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг давхар зөрчсөн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
БСЭЭ ХХК-ийн ХЮ ХХК-д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Хайрганы карьерийг хариуцан ажиллуулах гэрээ”-г дуусгавар болсныг тогтоолгох, газрын болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 68.922.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүйгээс хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “хайрганы карьерийн хариуцан ажиллуулах“ нэртэй гэрээгээр нэхэмжлэгч БСЭЭ ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд ХЮ ХХК нь 2015 оны 10 дугаар сараас 2025 оны 10 дугаар сарын 19 хүртэл 10 жилийн хугацаанд хайрга олборлож, борлуулалт хийж, борлуулалтын орлогоос 14.5 хувийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцжээ.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар нэхэмжлэгч БСЭЭ ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалснаар цаашид хайрга олборлох ажиллагаа зогссоныг зохигч маргаагүй юм.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хоёр шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзжээ.
Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох эсхүл дуусгавар болсонд тооцох үндэслэлүүдийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан байна.
Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бол гэрээ дуусгавар болоход талууд хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нь хэрхэн биелүүлсэн, ашиг, алдагдлаа хэрхэн хуваарилахаа тодорхойлох шаардлагатай.
Анхан шатны шүүх маргаагүй үйл баримт буюу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалснаар цаашид хайрга олборлох ажиллагаа зогссоныг “гэрээг дуусгавар болсныг шүүхээр тогтоолгох” нэхэмжлэлийг хангах үндэслэл гэж үзсэн нь учир дутагдалтай, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хангасан нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч БСЭЭ ХХК нь “гэрээг дуусгавар болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн үндэслэлд “хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчиж, манай компанид ашиг огт хуваарилаагүй, мөн гэрээнд заасан байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйгээс эрх бүхий этгээд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан“ гэж тайлбарласныг шүүх анхаарч дүгнэлт өгөөгүй байна.
Дээрх байдлаар хэргийн бодит байдал тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг илрүүлж засаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчжээ.
Иймд хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02780 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 374 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572.760 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ