Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 398

 

Иргэн П.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч П.Мөнхгэрэл, түүний өмгөөлөгч С.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0573 дугаар магадлалтай, иргэн П.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар  сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг баримтлан П.Мөнхгэрэлийн нэхэмжлэлийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар  сарын 31-ний өдрийн б/371, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, П.Мөнхгэрэлийг Хорих 433 дугаар ангийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 4 161 011 төгрөгийг олгохыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0573 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас хариуцагч талаас гаргасан өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь судалж үнэлээгүй. Тодруулбал, ШШГЕГ-ын дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн Хуралдааны тэмдэглэлд “П.Мөнхгэрэл албан үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан талаар” тусгагдсан байсан. Шүүхийн шийдвэрт “Хорих 433 дугаар ангийн 2015 оны ялтны зөрчлийн судалгаа, албан хаагчдад оногдуулсан сахилгын шийтгэлийн судалгаа зэргээс үзэхэд П.Мөнхгэрэлийг ажилд томилогдсоноос хойших ялтны зөрчлийн болон албан хаагчдад оногдуулсан сахилгын шийтгэл хэд байгаа нь тодорхойгүй байхад дээрх зөрчилд бүхэлдээ П.Мөнхгэрэлд хамааралтай мэтээр дүгнэсэн” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, хариуцагч шүүх хуралдааны үеэр П.Мөнхгэрэлийг Хорих 433 дугаар ангийн даргаар томилогдсоноос хойших 2015.08.21-2016.03.31-ний өдрийг хүртэлх зөрчлийн талаар ярьсан болно. Магадлалд “Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албаны жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин үнэлж дүгнэх журмын 6.4.3-т “70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “хангалттай”, 7.1-д “менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн бусад акт, Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан алга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” гээд ... өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж албан тушаал бууруулсан нь дээрх журамд нийцэхгүй байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны болж чадаагүй. ШШГЕГ-ын даргын 2016.03.31-ний өдрийн б/371 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэсэн ба 23.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин  нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж заасныг үндэслээгүй байна. Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор  Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа “хуулийн 23.1.1, 25.1.1-д заасан “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Түүнчлэн Хорих ангийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтод “ялтны дундаас орголт, гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулах” гэж, 2 дугаар зорилгод “Хууль зүйн Сайд болон ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам, зааврыг баримтлан удирдан зохион байгуулж, удирдах дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах” гэж заасныг биелүүлээгүйн улмаас албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байхдаа, ялтнууд ажил хийж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх зөрчил удаа дараа гарсан тул П.Мөнхгэрэлийг албан тушаал бууруулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүх “үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан” гэж дүгнэсэн. Иймд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн бодиттой дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, П.Мөнхгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан П.Мөнхгэрэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн б/999 дүгээр тушаалаар Хорих 433 дугаар ангийн даргаар шилжин томилогджээ.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/371 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг үндэслэн П.Мөнхгэрэлийг “албан хаагчдад тавих хяналт, хариуцлагыг сулруулж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж албан тушаал бууруулан, Хорих 411 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар томилсон байна.

П.Мөнхгэрэл дээрх тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн б/611 дүгээр тушаалаар түүнийг 22 өдөр буюу 176 цаг ажил тасалсан гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1.1-д хэсэгт албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах эрх  захиргааны байгууллага, албан тушаалтанд олгосон бөгөөд энэхүү эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч П.Мөнхгэрэлийг албан тушаал бууруулсан үндэслэлээ “Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлсний улмаас түүний ажиллаж байх хугацаанд албан хаагчдын сахилгын зөрчил нэмэгдэж, ялтны зөрчил ихэссэн” гэж тайлбарлан,  Хорих 433 дугаар ангийн албан хаагчдын сахилгын зөрчил болон хорих ял эдэлж байгаа ялтны зөрчлийн судалгааг ирүүлсэн байна.

Энэхүү судалгаанд хорих ял эдэлж байгаа ялтны зөрчил 2014 онд 118, 2015 онд 150 бүртгэгдсэн байх боловч үүнээс П.Мөнхгэрэлийн ажиллаж байсан хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан зөрчил хэд болох нь тодорхойгүй, мөн 2015 онд албан хаагчдад ногдуулсан 16 сахилгын шийтгэлийн 7-г нэхэмжлэгч тус албан тушаалд томилогдохоос өмнө ногдуулсан байхын зэрэгцээ үлдэх 9 зөрчил бүхэлдээ нэхэмжлэгчид хамааралтай болох нь эргэлзээтэй байна.

Иймд, шүүх “хичнээн зөрчил нэхэмжлэгчид хамааралтай нь тодорхойгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримтыг бодитой үнэлж дүгнэлт хийгээгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, хариуцагч төрийн жинхэнэ  албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан, уг захиргааны актыг эс зөвшөөрч маргаж байхад дахин захиргааны акт гарган, төрийн албанаас халсан нь хууль бус байх бөгөөд энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 497 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2016/0573 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН