Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00255

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01166 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1265 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б-т холбогдох,

Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгт 6 580 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Б миний бие 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ш.Цогтсайханаас Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотын 493.10 м.кв газрыг худалдаж авсан. Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 97 тоот шийдвэрээр Ш.Цогтсайханы 00024147 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, (Налайх дүүргийн шүүхийн 12, 13 тогтоолууд)  миний 0032290 дүгээр гэрчилгээг баталгаатайг нотолсон. Миний бие 97 тоот шийдвэрт гомдол гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоол, мөн хамтран өмчлөгч Ш.Батсайханд гомдол гаргасан. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 165 дугаар тогтоолоор Ш.Батсайхан өв залгамжлагчаа нээлгэх эрхтэй гээд нотариатад хандахад, Ш.Шаравын 0035944 тоот гэрчилгээ нэхэгдсэн. Тэр гэрчилгээг Ш.Цогтсайхан нь 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0024147 дугаар гэрчилгээ болгож, хариуцагч Ц.Б- өвлөгч болсон. 2017 оны 02 дугаар сарын 08-ны 16233 дугаар захирамж ба 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181 дүгээр захирамжаар Ш.Батсайханыг өв залгамжлагчаар тогтоолгохоо өөрөө шүүхэд гаргах эрхтэй гээд хүлээж аваагүй байхад Ц.Б- түрүүлээд 03130 дугаар шийдвэр гаргуулан авсан. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг заасны дагуу өвлөгч нь өвлүүлэгчийн хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Иймд Ш.Цогтсайхан амьддаа 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр уг газрыг 6.500.000 төгрөгөөр худалдаж, 0024147 тоот өмчлөх гэрчилгээ, бэлэглэлийн гэрээг гараар бичиж өгсөн тул Л.Б- миний нэр дээр нэг хүний өмчлөгч гэж 00032260 дугаар гэрчилгээ гаргуулсан. 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр Ш.Батсайхан хамтран өмчлөгчөөр тогтоогдсон. Тиймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгчөөр тогтоогдсон Ц.Б-оос 6.580.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Аавыг нас барсны дараа Алтайн 10-284 тоот газар, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 45-48 тоот 2 үл хөдлөх хөрөнгө үлдсэн. 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас өмчлөлийн лавлагаа авахад байр талийгаачийн өмчлөлд, газар нь талийгаачийг нас барснаас 4 сарын дараа бэлэглэлийн гэрээгээр Л.Б-гийн өмчлөлд шилжсэн байдаг. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгаад хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангаж байна. Гэхдээ эрүүгийн журмаар шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн Улсын Ерөнхий прокурорын газраас хариу ирсэн. 2015 онд талийгаач аавын төрсөн дүү Ш.Батсайханыг шүүхэд өгсөн. Алтайн 10-284 тоот газар Л.Б-гийн нэр дээр шилжээд 2 сарын дараа хамтран өмчлөгчөөр Ш.Батсайхан нэмэгдэж, 2 хүний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарч, 2012 онд Ш.Батсайхан Л.Б-г 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн шүүхэд өнгөрсөн хүний бичиг баримт ашиглаж, хуурамч бэлэглэлийн гэрээ хийгдсэн тул бэлэглэлийн гэрээ хүчингүй болгуулах шаардлага гаргаж, 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Ш.Батсайхан нэхэмжлэгчээр Л.Б-гийн үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан. Шүүхийн 1230 дугаартай шийдвэрт 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай өвөө Шаравын нэр дээр 2007 онд Шараваас Цогтсайханы өмчлөлд шилжсэн. 2008 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 147 дугаартай нотариатын гэрчилснээр бэлэглэлийн гэрээгээр Ш.Цогтсайханы өмчлөлөөс Л.Б-гийн өмчлөлд шилжиж, 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 261 дугаартай нотариатын гэрчилснээр Ш.Батсайханыг хамтран өмчлөгчөөр нэмсэн талаар дурдаж, Л.Б-г хууль бус өмчлөгч биш гэж шүүхээс үзээд өмчлөгчөөс хасч шийдсэн байдаг. Алтайн 10-284 тоот газар талийгаачийн дүү Ш.Батсайханы өмчлөлд үлдсэн. Миний бие Ш.Батсайханд холбогдуулан 2015 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бус өмчлөлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага хангасан. Ш.Батсайхан давж заалдаж, гомдлыг шүүхээс хангасан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01279 дугаартай шүүгчийн захирамжаар уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Уг газар 2011 онд Нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, бүхэлд нь төмрөөр хашаалсан, ямар ч хүн амьдардаггүй, хоосон газар байдаг. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Ш.Батсайханыг хариуцагчаар татаж, Л.Б-г гэрчээр асуулгахаар Алтайн 10-284 тоот хаягаар дуудахад уг хаяг дээр ямар ч хүн байдаггүй, газарт орсон гэх хорооны тодорхойлолт өгсөн байдаг. Би энэ хэргийн хариуцагч биш. Учир нь Алтайн 10-284 тоот газрын хууль ёсны өмчлөгч Ш.Батсайхан буюу миний талийгаачийн аавын төрсөн ах. Миний аавын энэ хүнтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээ байдаггүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 515 дугаар зүйлийн 515.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч Ц.Б-т холбогдох 6.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02773 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1265 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 186 дугаар зүйлийн 186.1 гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2018/06692 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Б- нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн 01166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 186 дугаар зүйлийн 186.1 гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг заалтыг авалгүй нотлох баримт дутуу байхад шийдвэр гаргасан нь н.Солонго шүүгчид 3 удаа хүсэлт гаргаад байхад Ц.Б-ын хүсэлтээр н.Солонго шүүгчийн 04358 дугаар захирамжаар 7/2809 1/1012 тоот хариу нь миний хүсэлтийг хангах хуулбарласнаар нотолгоо ирээгүй, учир нотлох баримт дутуу шийдвэр гаргасан учир хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Жич: ОӨУБ газар Л.Б- би хүсэлт гаргахад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 7/3353 дугаар гомдлын хариуд уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтнаар дамжуулж авна гэсэн хариу өгсөн. Баянгол дүүргийн шүүхийн шүүгч н.Оюунтуулын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7-1/4709, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/1788 43 хуудастай материалаас анх удаа танилцаж шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан 6 580 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ц.Б- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоот 493,1 мкв талбай бүхий газрыг хариуцагчийн эцэг, талийгаач Ш.Цогтсайханы худалдсан 6 580 000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр өвлөгчөөр тогтоогдсон Ц.Б-оос гаргуулах үндэслэл тусгагджээ.

Маргааны зүйл болж буй газрын өмчлөл, эзэмшлийн талаар нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч Ц.Б-, талийгаач Ш.Цогтсайханы төрсөн ах Ш.Батсайхан, иргэн Ж.Батчулуун, түүний хүү Б.Лхагвасүрэн нарын хооронд эрх зүйн маргаан үүсч, эдгээр маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд удаа дараа гарч байсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүхийн дээрх шийдвэрүүд болон хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтад хамааралтай нотолгооны хэрэгслүүд бүрэн авагдаагүй, улмаар маргааны нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ тохиолдолд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 515 дугаар зүйлийн 515.2.-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-оос 6 580 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Л.Б- талийгаач Ш.Цогтсайханд газар худалдаж авах зорилгоор 6 580 000 төгрөг өгсөн гэх үйл баримт нотлогдоогүй гэж үзжээ. Энэ үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон эсэх, улмаар дахин нотлогдох шаардлагатай эсэх нь тодорхой бус байх ба нэхэмжлэгч Л.Б- хяналтын журмаар гомдол гаргах эрхээ сэргээлгэхээс өмнө давж заалдах шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01166 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1265 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2018/12740 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН