Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 16

 

Б-д холбогдох хэргийн талаар
 
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй, 
Прокурор Б.Батнасан, 
Шүүгдэгч Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор Б-д холбогдох 17160006200021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б нь 2017 оны  09 сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 11-12 тоот хашаанд насанд хүрээгүй хүмүүс болох Б, С, Б, Ц, Б, Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, насанд хүрээгүй хүн Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. 
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн   хохирол   учруулах   гэмт   хэргүүдийг   үйлдсэн   гэм   буруутай   болохыг тогтоож, Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон шилжүүлж шүүгдэгч Б-ын жинхэнэ эдлэх ялыг 02 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  ялтан   Б-д  оногдуулсан   02  жил   30  хоногийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ялтан Б-г цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ц-д 1.190.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй,   түүнээс  гаргуулах  эрүүгийн  хэрэг  хянан   шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-н иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар   шийтгэх   тогтоолыг   уншиж   сонсгосноор   хүчинтэй   болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 
Шүүгдэгч Б давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Миний бие Б нь гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж буруугаа хүлээсэн бөгөөд хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлж илэрхийлсэн. Цаашид ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. 
Йимд надад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаар доогуур ял оногдуулж ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 29-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна.
Тус эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлээгүй насанд хүрээгүй гэрч хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй ЭХШХШ тухай хуулийн 16.2-р зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй. Учир нь хохирогч нарын бие гэмтэл шарх учраагүй, өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт хохирогч нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл тогтоогдоогүй. Хохирогч Ц-н биед шинжээч томилохдоо гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирэхээс өмнө шинжээч томилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд хууль зөрчиж цугларсан нотлох баримтыг өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг ЭХШХШ тухай хуулийн 1.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчингүй тооцох боломжтой.
Түүнчлэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанууд хэрхэн хууль

 зөрчиж явагдсан болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нотлох баримтыг нотлох баримтаас хэрхэн хассанаас тодорхой харагдана.
Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан өөрөөр хэлбэл хохирогч нар нь Б-д пиво авч өгсөн 6500 төгрөгөө нэхэмжилэхгүй буцааж авахгүй гэдэгээс харахад тэдгээрт бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.2-р зүйлд заагдсан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  
Прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч нар дээр очоод та нар мөрийтэй тоглосон мөнгөө гаргаад тавьцгаа гэхэд насанд хүрээгүй хохирогч нар бид нар мөрийтэй тоглоогүй ах аа гэхэд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч нарыг зодож цохисон. Цаашлаад насанд хүрээгүй хохирогч Ц-н биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэдэг шинжийг агуулж байгаа. Мөн бүх хохирогчийн мэдүүлэг тогтвортой үнэн зөв байдаг. Тэгэхээр шүүгдэгчийн субъектив санаа зорилго нь хүүхдүүд мөрийтэй тоглож байна гэдэг үүднээс та нар тоглож хожсон мөнгө өг гэдэг. Тэр хүүхдүүд өөрсдийнхөө биед байсан мөнгөө ширээн дээр гаргаж тавихад тэр мөнгийг өгч явуулаад пиво аваад ир гээд тухайн пивыг Б нь өөрийн найз  Ж-н хамт цүнхэнд хийгээд аваад явах гэтэл нэг хүүхэд нь наад цүнх чинь миний цүнх гээд цүнхээ авахад цүнхэн дотроос нь пивыг аваад шүүгдэгч явдаг. Дээрэмдэх гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнийг ч хангадаг. Мөн тухай пивыг аваад явчихаж байгаа материаллаг хохирол учруулж байгаа гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогч Ц- биед хөнгөн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.  Шинжээч томилсон тогтоол шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч өөрөө ч тухайн хүүхдүүдийг зодсоноо хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр дээрэмдэх гэмтт хэргийн шинж дээр нэмэгдээд бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж заагаагүй байгаа учраас тус тусдаа гэмт хэрэг байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байгаа. Анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоол ямар нэгэн эргэлзээ байхгүй. Хууль зөрчөөгүй байгаа. Анхан шатны шүүхийн хуралдааны явцад шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь би энэ хүүхдүүдийг дээрэмдсэн, насанд хүрээгүй хохирогч Ц-н биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаар доогуур шийтгэж өгнө үү? гэсэн байгаа. Энэ үед анхан шатны шүүх юу гэж үзсэн бэ? гэхээр мөрдөн байцаалтын шатанд  болон анхан шатны шүүх хуралдааны шүүгдэгч гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Иймээс хуульд зааснаас доогуур ял оногдуулах заалтыг хэрэглэх боломжгүй гэж хэрэглээгүй байдаг. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү? гэж тайлбарласан байна. Ийм учраас давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Бүтэнбаярыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэж байгаа учраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлаад оногдуулах ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. Харин хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, өөрчлөх, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргаж байгаа өмгөөлөгчийн гомдол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.  
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ. 
Шүүгдэгч Б нь согтуугаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 11-12 тоот хашаанд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед насанд хүрээгүй Б, С, Б, Ц, Б, Б нараас хөзөр тоглож хожсон мөнгөө өг гэж, хохирогч нарыг алгадаж, цохиж, мөнгө нэхэж Б-с 5000 төгрөг,Б, С нараас 3000 төгрөг нийт 8000 төгрөг авч пиво авхуулсан. Хохирогч Ц-г зодож түүний биед хамар ясны далд хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, духанд нь зулгаралт үүсгэж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Тайж овогт Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учируулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
          Шүүгдэгч Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц-д 1190000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил 1 хоног болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын 
“Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,”  гэснийг
 “ Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,” гэж,

3 дахь заалтыг бүхэлд нь “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 31 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,
4 дэх заалтын “ 2 жил 30 хоног ”  гэснийг “ 1 жил 31 ” гэж тус, тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.