| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 154/2018/00359/И |
| Дугаар | 001/ХТ2019/00921 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2019/00921
Б.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2019/00001 дүгээр шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалтай,
Б.У-ын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Үенч сумын Засаг даргад холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Т.Батсүх, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Б.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ховд аймгийн Үенч сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дүгээр тушаалаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр томилогдон ажиллаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 273 тоот албан бичиг, Эрүүл мэндийн газрын даргын саналаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Ховд аймгийн Үенч сумын эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж ажиллаж байгаад 2016 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин орон нутгийн сонгууль зохион байгуулагдах хугацаанд эрүүл мэндийн төвийн даргын ажлаас түр чөлөөлөгдөн эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллан, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж, нийт 10 жил Үенч сумын Эрүүл мэндийн төвд ажилласан. Гэтэл миний бие албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байхад 2018 оны 09 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Т.Батсүх нь МАН-аас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон их эмч М.Батдэлгэртэй хамтран ажиллана, 2 захирамжийн нэгийг сонго, 13 цагт хариугаа өг гэж тулгаж дарамталсан ба Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нь чи өөрөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн нь дээр байдаг гэж утсаар ярьсан. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон их эмч М.Батдэлгэрийн төрсөн эгч, тус байгууллагад статистикч бага эмч, архив бичиг хэргийн ажилтан М.Машбат жинхэнэ захирамж гэж Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг өгсөн. Ховд аймгийн Үенч сумын засаг дарга Т.Батсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн Б/07 дугаартай 3 захирамжаар миний биеийг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд заасан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 32 дугаар тогтоол гарган 2018 оныг хариуцлагын жил болгон зарлаж, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол гаргасан байдаг. Үенч сумын Эрүүл мэндийн төв нь удаа дараагийн гэрийн төрөлт гаргаж, эрсдэлт нөхцөл байдал үүсгэж, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээний зааврыг зөрчсөн. Хариуцагч Үенч сумын Засаг дарга Т.Батсүх би Эрүүл мэндийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах чиг үүрэгтэй Засаг төрийн төлөөлөгчийнхөө тухайд төрийн албаны сахилга, дэг журмыг зөрчсөн дээрх үйл ажиллагааны хариуцлагыг Үенч сумын Эрүүл мэндийн төвийн удирдлагаас нэхэж, түүнд хариуцлага тооцсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т сумын Эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Үенч сумын Засаг даргын албан бичгээр Б.У-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцсөн. Нэхэмжлэгч Б.У- нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруултад оролгүйгээр Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон нь журмын дээрх заалтад нийцээгүй, Үенч сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Уртнасан нь өөрт хамаарал бүхий этгээд болох гэрийн бүлийнхээ хүнд давуу эрх эдлүүлж, ашиг сонирхлын зөрчил гаргасан байдаг. Иймээс Засгийн газраас баримталж буй төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах бодлогыг хэрэгжүүлж, хариуцлага тооцох шаардлагатай болсон тул арга буюу Б.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халсан. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Б.У-ын Ховд аймгийн Үенч сумын засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2019/00001 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай Б.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай гурван захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.У-ыг Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Б.У-т ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.223.000 /гурван сая хоёр зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 3.223.000 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцвол зохих шимтгэл хураамжийг суутган авч ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Үенч сумын Эрүүл мэндийн төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Үенч сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд 66518 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж гэж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2018/00001 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 гэснийг хасаж, 2 дахь заалтын 3.223.000 төгрөг гаргуулан гэснийг 3.454.879 төгрөг гаргуулан гэж, 3 дахь заалтын 3.223.000 төгрөгөөс гэснийг 3.454.879 төгрөгөөс гэж, 4 дэх заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг нэмж, 66518 төгрөг гаргуулж гэснийг 70228 төгрөг гаргуулж гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг ханахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Батсүх, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 154/ШШ2019/00001 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргалаа.
Нэхэмжлэлд хавсаргаж, хавтаст хэргийн 6-11, 14-18 хуудсанд авагдсан нотлох баримтууд нь Нотариатийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ” гэсэн шаардлагыг зөрчсөн байдаг. Нотариатчийн үүрэг гүйцэтгэх эрх олгогдоогүй Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга Н.Бат-Эрдэнэд нотариатын үйлдэл хийх эрхгүй гэдгийг тайлбарласаар байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулахгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Хариуцагч Үенч сумын Засаг дарга нэхэмжлэгч Б.У-т сахилгын шийтгэл ногдуулж, Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас халсан нэг л захирамж гаргасан. Энэ байдлыг нотлохоор хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу Үенч сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж буй Үенч сумын Засаг даргын 2018 оны “А”, “Б" захирамжийн бүртгэл, нэхэмжлэгч Б.У-ыг ажлаас халсан захирамжид үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 154/ШШ2018/01250 дугаар захирамжаар хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах хариуцагч талын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Ач Заяа” эмнэлэгт чихний хэнгэрэг нөхүүлэх мэс засалд орж, хагалгааны дараах оёдлыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авахуулсан. Үүнээс хойш 2 сарын хугацаанд мэс заслын дэглэм баримтлах юм. Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төв нь жирэмсний хяналтад байсан 34 настай Цэндээгийн Мэндсайхан, 21 настай Мөнхжаргалын Одмаа нарын 2 эхийг 2018 оны 07 дугаар сарын 11, 25-ны өдрүүдэд гэрээр төрүүлж, ажлын хариуцлага, алдаа дутагдал гаргаж, уг зөрчлийг нуун дарагдуулж, 2 гэрийн төрөлтийг эмнэлгийн төрөлтөөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгүүлж, салбарын статистик мэдээг хуурамчаар бүрдүүлсэн байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-т заасны дагуу дээрх асуудлын үнэн зөвийг сайн мэдэх Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч Мишигийн Машбат, эх баригч Д.Буянхишиг нарыг гэрчээр байцаалгах, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, Эрүүл мэндийн салбарын журам, стандарт зөрчигдсөн эсэх асуудалд дүгнэлт гаргах 2 хүсэлтийг гаргасан. Гэтэл Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2019/00009 дүгээр захирамжаар дээрх хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, шүүхээр нотлох баримтыг бүрдүүлэх хариуцагчийн эрх, боломжийг хязгаарласанд гомдолтой байна. Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Үенч сумын сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад шалгарч, уг ажлын байранд жинхлэн томилогдсон М.Батдэлгэрийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн алдаанд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.У- нь Үенч сумын Эрүүл мэндийн даргаар ажиллаж байхдаа Төрийн албанд сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр гаргасан Засгийн газар, аймгийн Засаг даргын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцон тайлагнах ажлыг зохион байгуулаагүй, сахилгын зөрчил гаргасан. Уг сахилгын зөрчлөөс нэхэмжлэгч Б.У- хүлээн зөвшөөрч байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн алдаанд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.У- нь Үенч сумын Эрүүл мэндийн даргаар ажиллаж байхдаа Төрийн албанд сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр гаргасан Засгийн газар, аймгийн Засаг даргын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцон тайлагнах ажлыг зохион байгуулаагүй, сахилгын зөрчил гаргасан.Уг сахилгын зөрчлөөс нэхэмжлэгч Б.У- хүлээн зөвшөөрч байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4,128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг буруу хэрэглэлээ. Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төв нь жирэмсний хяналтад байсан 34 настай Цэндээгийн Мэндсайхан, 21 настай Мөнхжаргалын Одмаа нарын 2 эхийг 2018 оны 07 дугаар сарын 11, 25-ны өдрүүдэд гэрээр төрүүлж, ажлын хариуцлага, алдаа дутагдал гаргаж, уг зөрчлийг нуун дарагдуулж, 2 гэрийн төрөлтийг эмнэлгийн төрөлтөөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгүүлж, салбарын статистик мэдээг хуурамчаар бүрдүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б.У- нь удаа дараа дараагийн гэрийн төрөлт гаргаж, үүнийгээ нуун дарагдуулж, 2 гэрийн төрөлтийг эмнэлгийн төрөлтөөр Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгүүлж, салбарын статистик мэдээг хуурамчаар бүрдүүлсэн зөрчлөө шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. Нэхэмжлэгч Б.У- нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад оролгүйгээр Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон нь журмын дээрх заалтад нийцээгүй, Үенч сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Уртнасан нь өөрт хамаарал бүхий этгээд болох гэр бүлийнхээ хүнд давуу эрх эдлүүлж, ашиг сонирхлын зөрчил гаргасан байдаг. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.2, 1.4.2, 8.4 дэх заалтуудад төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах сумын Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэснийг ноцтой зөрчсөн байдаг. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжтэй, аюулгүй найдвартай байх зарчмыг баримтлан сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах Засгийн газрын бодлого, шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 1.4.2-т заалтын хүрээнд Үенч сумын Эрүүл мэндийн даргын асуудлыг шийдвэрлэх хариу ирүүлсэн.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...захирамжуудыг хүчингүй болгож, Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ. Хариуцагч Үенч сумын Засаг дарга нэхэмжлэлийг эс зөвшөөрч, удаа дараа гэрийн төрөлт гаргаж, эрсдэлт нөхцөл байдал үүсгэж, жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, зааврыг зөрчсөн гэжээ.
Ажил олгогч нь 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Б/07 тоот 3 захирамж гарган, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дах заалтыг үндэслэл болгожээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан сахилгын давтан зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боловч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх шаардлагатай.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан, нэхэмжлэгч сахилгын давтан болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн буруугаас гэрийн төрөлт гарсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.У-ыг Үенч сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцсэн боловч ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо тооцооны алдаа гаргаснаас гадна шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.
Хэргийн 6-11, 14-18 дугаар хуудсанд авагдсан баримтыг Үенч суман дах нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэрчилсэн байх ба уг үйлдлийг хүчингүй болгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын “...Засаг даргын 2018 оны захирамжийн бүртгэл, ажлаас чөлөөлсөн захирамж, төрийн албан хаагчийн хувийн хэрэг болон Ховд аймаг дах салбар зөвлөлийн материалд үзлэх хийлгэх” тухай хүсэлтийг шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 1250 дугаар захирамжаар хангахгүй орхихдоо шүүх хэрэгт ач холбогдол бүхий ямар нотлох баримт гаргуулах нь тодорхойгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 29, 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрүүдэд хойшлуулж байсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Батсүх, өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ