Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0610

 

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0610

     Улаанбаатар хот

 

 “М” ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Нэхэмжлэгч: “М” ТББ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Ц.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55* дугаар захимрамжуудын Ц.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0536 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Гуравдагч этгээд Ц.Э,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А, Б.Б, Д.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индексийн дугаар: 128/2021/0092/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ТББ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55* дугаар захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0536 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Газрын тухай (1994 оны) хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Захиргааны хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай (2002 оны) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “М” ТББ-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55* дугаар захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамжийн М-ийн  үзэсгэлэнгийн танхимтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: “М” ТББ нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* тоот, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55*  тоот захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэлийн засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн 128/ШШ2023/0536 дугаар бүхий шийдвэр нь нэхэмжлэгч талын гаргасан илт хууль бус болох тухай тайлбаруудад дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “...нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гуравдагч этгээдэд газар ашиглуулж, эзэмшүүлсэн Нийслэлийн 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55*  дугаар захирамжууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, 9.1.9-д “Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно,”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47 1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлд хамаарахгүй гээд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т “...Газрын тухай 1994 оны хуулийн 22 дугаар зүйлийн 2. Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 4/ сум, дүүргийн Засаг Даргын саналыг харгалзан аймаг, нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил үйлдвэрлэл эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах талаар шийдвэр гаргах”, гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гаргасан байх бөгөөд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхийг хуулиар Нийслэлийн Засаг даргад олгосон туп захиргааны акт гаргах эрх хэмжээгүй, захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3.2. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актууд илт хууль болох үндэслэлийн нэг нь 1994 он, 2002 оны Газрын тухай хуулиар газар ашиглуулах эрхийг шилжүүлэх харилцааг зохицуулаагүй. Газар ашиглах эрхийг шилжүүлдэггүй учраас М-д олгосон газар ашиглах эрх дуусгавар болсон байх, Ц.Э-д газар ашиглах эрхийг шинээр олгох, энэ тохиолдолд 1994 оны Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрх олгох журмыг мөрдөх ёстой байсан гэж мэтгэлцсэн. Мөн 1994 оны Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг дүүргийн Засаг дарга олгох ёстой, Нийслэлийн Засаг дарга зөвхөн нөхцөл болзолтойгоор буюу нийслэлийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил, үйлдвэрлэл эрхлэх төсөл боловсруулсан иргэн, аж, ахуй нэгжид сум, дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газар ашиглах, эзэмшүүлэх эрх олгох эрхтэй байна.

3.3. Гэтэл Нийслэлийн Засаг дарга хуульд заасан нөхцөл болзол хангагдаагүй байхад Ц.Э-д газар ашиглах эрх олгосон нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн, холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээр дурдсан үндэслэл, тайлбаруудад дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Илт хууль бус захиргааны актын алдаа хэн ч харсан илэрхий байгаа тохиолдолд тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох бөгөөд хуульд нийцээгүй акт болгон илт хууль бус захиргааны акт болохгүй тул хуулийн дээрх заалтад зааснаар дүүргийн Засаг даргаас санал аваагүй, газар эзэмших эрх шилжүүлэх хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн гэх асуудал нь захиргааны актыг илт хууль бусад тооцох, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй юм” гэсэн нь үндэслэлгүй юм.

 

3.4. Анхан шатны шүүхээс дүүргийн Засаг даргаас санал аваагүй, газар эзэмших эрх шилжүүлэх хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн гэх асуудал нь хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа энэ нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл биш гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

 

3.5. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан байх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан ““захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж тайлбарласан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй буюу газар ашиглах эрхийг шилжүүлэх асуудлыг хуулиар зохицуулаагүй байхад М-ийн ашиглалтад байсан газартай давхардуулан, хуульд заасан нөхцөл болзол хангагдаагүй байхад Ц.Э-д газар ашиглах эрх олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан илт хууль бус гэж үзэх үндэслэл юм.

3.6. Дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0536 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
  2. “М” ТББ-аас Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 51* дугаар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 55*  дугаар захирамжуудын иргэн Ц.Э-д холбогдох хэсгийг “илт хууль бус” болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрших нэхэмжлэгчийн газрын харилцааны талаар;

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “М” ТББ-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Барилгын байршилт тогтоож, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А/224 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 хороонд конторын барилга, гражийн зориулалтаар 0,57 га газар, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, үзэсгэлэн худалдааны зориулалтаар 0,08 га газрыг тус тус 4 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

3.2. Үүний дараа нэхэмжлэгч “М” ТББ-ын эзэмшиж байгаа Сүхбаатар дүүргийн 1-р дүгээр хороонд байрлах 0,08 га газрын хэмжээг нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А/226 дугаар захирамжаар газрын хэмжээ 0,13 га байршил “Сүхбаатар дүүрэг 1-р хороо” үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаатай газар ашиглуулахаар шийдвэрлэн, газрын кадастрын зураглал үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ байгуулагджээ.

3.3. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах 0,13 га газрын хэмжээг багасгаж 890 м.кв болгон “үзэсгэлэнгийн танхим”-ын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4. Гуравдагч этгээд Ц.Э-ийн газрын талаар;

4.1. Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандаж иргэн Ц.Э-ээс 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “...Энэхүү М-ийн Хорооны Үзэсгэлэнгийн танхимын барилгатай залгаа барилга /”Б”корпус/-ын байрлаж буй 0.04 га хэмжээтэй талбайн газар ашиглах зөвшөөрлийг Монгол Улсын иргэн миний нэр дээр шилжүүлэн газар ашиглалтын гэрээг хийж өгнө үү” гэсэн хүсэлт, М-ийн хорооны дэд дарга Л.Б-ын “...Иймд М-ийн Хорооны Үзэсгэлэнгийн танхимын барилгатай залган барьсан “Б” корпус байрлаж буй 0.04 га хэмжээтэй талбайн газар ашиглах зөвшөөрлийг Монгол Улсын иргэн Ц.Э-ийн нэр дээр шилжүүлэн газар ашиглалтын гэрээг хийж өгнө үү” гэх албан бичгээр гаргасан хүсэлт зэрэг бусад баримтуудыг үндэслэн /1-р хх-ийн 68-82 дахь тал/ Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 51* дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг 1-р хороо, “үйлчилгээний зориулалтаар, газрын хэмжээ 0,04 га газар, 4 жилийн хугацаатай ашиглуулахаар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 55* дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулжээ.

5. Дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын захирамжуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг дарга “М” ТББ-д анх газар ашиглах эрх олгосон шийдвэрүүд гаргасан байх ба харин иргэн Ц.Э-д газар ашиглах эрх олгосон шийдвэр гараагүй, хоёр удаа газар ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулсан, “М” ТББ-ын хууль ёсоор ашиглаж байсан газартай давхцуулсан шийдвэр гаргаж байсан нь тогтоогдож байна. Тодруулбал,

5.1. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55*  дугаар захирамжаар гуравдагч этгээд болох иргэн Ц.Э-д газар ашиглах, эзэмших эрх олгоогүй харин газар ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулжээ.

5.2. Иргэн Ц.Э нь Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргад газар эзэмших, ашиглах хүсэлт гаргаж байсан эсэхтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн түүнд газар ашиглах, эзэмших эрх олгосон захирамж гараагүй байна.

5.3. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар захирамжаар иргэн Ц.Э-д Сүхбаатар дүүргийн 1 хороонд 0.04 га газар ашиглуулах эрхийг баталгаажуулах захирамж гарах үед маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “М” ТББ Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/226 дугаар захирамжаар ашиглах эрхтэй байсан тул уг газартай давхцалтай байсан байна.

6. Нэхэмжлэгч “М” ТББ нь тус төрийн бус байгууллагын дарга асан иргэн Ц.Э-тэй холбоотой дээрх Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байршилтай 0.04 га газрын асуудал болон бусад эзэмших эрх, санхүүгийн баримттай холбоотой аудитын дүгнэлтийг эрүүгийн журмаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж гомдол гаргасан байх бөгөөд уг эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн 6 жил гаруй хугацаанд шалгасан байна.

7. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.А нь эрүүгийн 2014250001639 дугаартай хэргийг татаж хянаад 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 4/10 дугаар тогтоол /1-р хх-ийн 24 дэх тал/-ын Хэргийг хянах хэсэгт “... Ц.Э нь М-ийн даргаар ажиллаж байхдаа 2005-2013 оны хооронд ... М-ийн эзэмшлийн гэх газраас 400 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхдээ М-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлээгүй үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан[1] гэмт хэргийн шинжтэй боловч тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 5 жил өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хааж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 86 дугаар тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 132 дахь тал/

7.1. Үүнээс үзвэл, Ц.Э нь ТББ-ын дарга байх үедээ 400 м.кв газрыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж хууль бусаар авсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаагаагүй, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар, хохирлын талаар хохирогч буюу нэхэмжлэгч ТББ-ын эрх зөрчигдсөн байна.

8. Энэхүү нөхцөл байдал нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55* дугаар захирамжуудын иргэн Ц.Э-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хууль /2016 оны/-ийн 47 дугаар зүйл “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлд хамаарч байна.

9. Гэтэл анхан шатны шүүх “...гуравдагч этгээдэд газар ашиглуулж, эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 51* дугаар, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55*  дугаар захирамжууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан;”, 9.1.9-т “захиргааны акт гаргах өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн.”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Анхан шатны шүүх газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дээрх баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хууль /2016 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 51* дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 55* дугаар захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргаж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

                   ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

 

 

[1]2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.; Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан гэдэгт төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.