Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00313

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00372 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1974 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Н-д холбогдох,

Гэрээний үүрэгт 51 338 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч И.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагч Б.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Н-т 2010-2012 оны хооронд их хэмжээний мөнгө зээлүүлсэн. Б.Н-ын өөрийнх нь дансаар 5450507088 тоот дансаар нийт 4 870 000 төгрөг, Б.Н-ын төрсөн дүү н.Заяацэцэгийн 5465032028 тоот дансаар дамжуулж нийт 5 450 000 төгрөг, Б.Н-ын төрсөн дүү н.Отгонцэцэгийн 5048074637 тоот дансаар нийт 2 060 000 төгрөг, Б.Н-ын төрсөн дүү н.Золцэцэгийн 5450337773 тоот дансаар нийт 516 000 төгрөг, Н.Отгончулууны 5076213618 тоот дансаар нийт 2 000 000 төгрөг, Б.Н-ын төрсөн ах н.Галсангийн 5450269698 тоот дансаар 150 000 төгрөг, Б.Н-ын найз н.Наранбаатарын 5006423945 тоот дансаар 4 120 000 төгрөгийг тус тус дамжуулан шилжүүлсэн. Б.Н- нь өөрөө 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн мах авах гэж 3 200 000, тэтгэврийн зээл 1 100 000 төгрөг, авто машин худалдан авах гэж 8 500 000 төгрөгийг надаар төлбөрөө хийлгэсэн. н.Отгонцэцэгийн 5048074637 тоот дансаар 1 000 000 төгрөг, тэтгэврийн зөрүү 1 600 000 төгрөгийг өгсөн.

Иймд нийт 36 266 000 төгрөгийг хариуцагч Б.Н-аас гаргуулж өгнө үү.

Орон сууцтай холбоотой 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

И.Б-тээс мөнгө зээлж авч байсан боловч зээлсэн мөнгөө тухай бүрт нь буцаан төлж барагдуулсан. Одоо түүнд өргүй. Би И.Б-ээс дүү н.Заяацэцэгийн дансаар 4 500 000 төгрөг, дүү н.Отгонцэцэгийн дансаар 4 060 000 төгрөг, найз н.Отгончулууны дансаар 1 600 000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 18-нд бэлнээр 5 000 000 төгрөгийг авто машин худалдаж авах гэж авсан. Нийт энэ хүнээс 2010-2012 онд 15 860 000 төгрөг авсан. Цагдаагийн байгууллага дээр шалгагдах үед И.Б-ээс авсан 15 000 000 төгрөгөө төлж барагдуулъя гэж харилцан тохиролцоод өгсөн.

Дүү н.Отгонцэцэг болон н.Мөнхцэцэг эгчийнхээ дансаар дамжуулж мөнгийг буцаан төлсөн бөгөөд хэрэгт баримт авагдсан. Хамгийн сүүлд нотариат дээр 2015 оны 03 дугаар сарын 06-нд 6 500 000 төгрөг төлсөн. Ингээд нийт 15 395 000 төгрөг төлөөд өр төлбөр дууссан гэж энэ хүн гарын үсэг зураад нотариатаар батлуулсан. 2010-2012 онуудын өр, төлбөр ингээд дууссан.

2014 онд би И.Б-тээс өөрийнхөө 5450507088 тоот дансаар 4 870 000 төгрөг зээлсэн. Үүнийг зээлснээс хорин хэд хоногийн дараа 1 500 000 өгчихөөд 3 370 000 төгрөгийг дутуу байхад И.Б-т намайг Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст өгсөн. Тэгээд прокурорт хэрэг шилжээд прокурор дээр би энэ хүнд бэлнээр 900 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгө болох 2 400 000 төгрөгийг түүний данс руу хийсэн. Бид хоёрын өр, төлбөр ингээд дууссан. н.Наранбаатарын дансаар 4 120 000 төгрөг, мах авах гэж 3 200 000 төгрөгийг тус тус аваагүй. н.Отгонцэцэгийн дансаар 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөг гэх шаардлага нь бид хоёрын өр төлбөр дууссан хойно бичсэн байсан. Тэтгэврийн зөрүү 1 600 000 төгрөгийг аваагүй.

2011, 2012 онд би өртэй байсан бол 2014 онд намайг прокурорт өгөхөд 3 300 000 төгрөг биш 30 000 000 төгрөгийн өртэй байсан бол нэхэх байсан байх. Дууссан гэдгээ өөрөө нотариатаар батлуулсан. Одоо би энэ хүнд төлөх өр байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00372 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Б-тийн нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг татан авах хүсэлтийг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-аас 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Б-тэд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 35 366 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474 199 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 26 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1974 дүгээр магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00372 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын авах хүсэлтийг баталсугай гэснийг авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н-аас 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Б-тэд олгож, нэхэмжлэлээс 35 366 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Б- нь Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШЗ2018/01343 дугаар захирамжаар давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 51 338 000 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны эхэнд орон сууцтай хамааралтай гаргасан 15,0 /арван таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлээр татан авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч, хариуцагчийг зөв тодорхойлсны үндсэн дээр 15 сая төгрөг /орон сууцтай холбоотой/-н нэхэмжлэлийн шаардлагыг гаргах бөгөөд дахин нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд татан авч буй 15 сая төгрөгийн үнийн дүнд дүйцэх улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох ёстой гэж үзэж байгаа бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... гэрч Валягийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй, гэрч Валя нь нэхэмжлэгчийн гэр бүл, ойр дотны /төрсөн эх/ хүн байгаа нь эргэлзээ төрүүлж байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй болно” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д: Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрч нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл шүүхээс гэрчийн мэдүүлгийг гэр бүл ойр дотны хүн гэж үзэж гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь гэр бүл ойр дотны хүн гэж үзэж ямар хуулийн зохицуулалтыг үндэслэн хэрэгт дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй.

Хариуцагчаас өөрийн болон бусдын дансаар бэлэн болон бэлэн бусаар авсан мөнгийг хүлээн зөвшөөрсөөр байтал нэхэмжлэлийн шаардлагаас 35 366 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар баримтад үндэслэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гэрч Валягийн мэдүүлсэн мөнгөн дүн дээр хариуцагч тал хариу тайлбар ирүүлээгүй нь хариуцагч тал зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нь 2010 оны 12 сард автомашин худалдан авахдаа нэхэмжлэгчээс 8 500 000 төгрөгийг авч, автомашин худалдагч Баянбаатарт нэхэмжлэгчээр төлүүлсэн. Хариуцагч Б.Н- нь тухайн 8 500 000 төгрөгийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөг төлсөн зөрүүтэй худал мэдүүлгүүд удаа дараа өгч байна. Давж заалдах шатны шүүх 5 000 000 төгрөгийг 2 жилийн дараа төлсөн гэх худал тайлбарыг үнэлсэн нь эргэлзээ төрүүлж байна. Хариуцагч 5 000 000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрсөн, тухайн мөнгө нь 2011 оны 5 дугаар сард бас л автомашин худалдан авахдаа зээлж авсан мөнгө. Хавтаст хэрэгт 5 000 000 төгрөгийн хуулга баримтаар, цаг хугацааны хувьд тохирч байгаа. 2012 оны 06 дугаар сард Соната-7 маркийн автомашин худалдан авахдаа мөн 2 000 000 төгрөгийг зээлж авсан. Хариуцагч 3 автомашин худалдаж авахдаа нэхэмжлэгчээс нийт 15 500 000 төгрөг авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Б.Н-ын дүү нарынхаа дансаар төлсөн гэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Н- нь банканд данс эзэмшдэггүй гэж анхнаасаа худал хэлж хуурч мэхлэх зорилготой байсан нь тодорхой байна. Б.Н- нь тухайн үед Хаан банканд 2 данс эзэмшиж ашиглаж байсан баримтаар хавтаст хэрэг байдаг. 2014 оны 01 дүгээр сард иргэн надаас урьд нь зээлсэн мөнгөө нийлүүлээд төлье, нэг удаа тус болооч гээд 4 830 000 төгрөг дахин зээлж хуурсан. Гэтэл намайг дансандаа мөнгөтэй байгааг Хаан банкны ажилтан эмэгтэйгээр миний дансны нууцлалд нэвтэрч мэдсэн байдаг. Тухайн ажилтан арга хэмжээ авагдсан. 2014 оны 01 дүгээр сараас 03 сар хүртэл зээлсэн мөнгөн дээр шүүх шийдвэр гаргаад байгаа боловч энэ баримтан дээр мөн л мөнгөн дүнг дутуу үнэлсэн.

Давж заалдах шатны шүүхээс "авто машин худалдан авах зорилгоор нэхэмжлэгч И.Б-ээс хариуцагч Б.Н- нь 5 000 000 төгрөг зээлж авсан нь тогтоогдсон тул 8 500 000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт зааснаар зардал хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.Н- нь машин авах зорилгоор 8 500 000 төгрөгийг авсан, энэ талаар гэрч Баянбаатарын өгсөн тайлбараар нотлогддог, 5 000 000 төгрөг зээлж авсан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн атал дээрх 8 500 000 төгрөгийг буцаан олгохгүй байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 372 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1974 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна. Харин хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг багасгасны үр дагаврыг алдаатай шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч И.Б- хариуцагч Б.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 47 738 000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 3 600 000 төгрөгөөр нэмэгдүүлж, 51 338 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг татан авсан гэж шүүхэд тайлбарласан байна.

Хариуцагч Б.Н- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид төлбөл зохих өр төлбөрөө бүрэн төлсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй гэж үзэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийжээ.

Тухайлбал, нэхэмжлэгчээс хариуцагчид зээлүүлсэн гэх мөнгөний хэмжээ, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэх мөнгөний тооцоо зэргийг зохигчийн банк дахь дансны хуулга, бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэрэгт үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд үнэлсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч И.Б-т бэлнээр 900 000 төгрөг өгсөн гэх тайлбараа хариуцагч Б.Н- баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчаас энэ хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн ба хариуцагч гомдол гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгч И.Б- 15 000 000 төгрөгийн шаардлагыг хожим нэхэмжлэх зорилгоор нэхэмжлэлээ татсан гэх тайлбарын дагуу анхан шатны шүүх түүний хүсэлтийг баталж, шийдвэрт тусгасан, давж заалдах шатны шүүх уг заалтын зөвхөн найруулгыг өөрчилсөн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. Харин мөн зүйлийн 106.5.-д хуулийн 106.3.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргах, уг тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарах талаар заажээ.

Нэхэмжлэлийг татан авах эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дээрхээс өөрөөр зохицуулагдаагүй, хуульд байгаа зохицуулалт нь нэхэмжлэлийг татан авах ажиллагааг нэхэмжлэлээс татгалзах агуулгаар тайлбарлаж, хуулийн 74.4-т зааснаар дахин нэхэмжлэл гаргах боломжийг хориглосон байхад хожим нэхэмжлэл дахин гаргах зорилгоор нэхэмжлэлийг татан авах хүсэлтийг батлах үндэслэлгүй юм.

Нөгөө талаар, нэхэмжлэлийг бүхэлд нь татан авах, татгалзах асуудлыг зохицуулсан хуулийн дээрх заалтыг нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тохиолдолд хамааруулах боломжгүй юм. Нэхэмжлэгч И.Б-ийн нэхэмжлэл нь зээлийн гэрээний харилцаанд үндэслэгдсэн, өөр төрлийн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгээгүй байх ба нэг төрлийн шаардлагын зарим хэсгээс татгалзахыг нэхэмжлэлийн хэмжээг багасгасан агуулгатай гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож буй хэсгийн үнийн дүнг алдаатай бичсэнийг залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч И.Б- нэхэмжлэлийн шаардлагаа 4 300 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн асуудлыг шат шатны шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлага бүхий уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 139\Ш32016\0686 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 29 000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна. Харин шийдвэр, магадлалд энэ тогтоолд заасан үндэслэлээр найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1974 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2018/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Б.Н-аас 900 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Б-т олгож, нэхэмжлэлээс 35 438 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3, 4 дэх заалтыг 2, 3 дахь заалт гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШЗ2018/02145 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН