Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 142/2018/00481/И |
Дугаар | 001/ХТ2019/00329 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2019/00329
С.О-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00738 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч С.О-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх ГБХЗХГазар-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзулын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...С.О- би тус байгууллагад 1997 оноос хойш нягтлан бодогчоор 21 жил ажиллаж ирсэн. Гэтэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цуцалсан. Дээрх тушаал үндэслэлгүй тул намайг хуучин хийж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор буюу цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...С.О-д 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б/30 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б/08 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сараар 20 хувиар бууруулах арга хэмжээг авсан. Харин С.О- нь 1 жилийн хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/10 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэв.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00738 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар С.О-ыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2.158.022 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулан С.О-д олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 119 678 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзулын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Иргэн С.О-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Эхний зөрчил нь санхүүгийн тайлангаа хугацаанд нь хүргүүлээгүй, хоёр дахь зөрчил нь нягтлан бодогч нь байгууллагад өр төлбөр үүсгэсэн акт тавиулсан ба үүнийгээ төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч тус төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн итгэлийг алдсан ба энэ нь тус шатны шүүхийн шүүгчийн Улсын байцаагчийн дүгнэлт баталгаажуулах тухай акт гарснаар эцэслэгдсэн гэж үзэж хоёр дахь зөрчлийг тооцсон. ...Үүнээс болж байгууллага тодорхой хэмжээний акт тавиулсан баримт нь тодорхой байхад үүнийг шүүх харгалзан үзэх боломжтой байсан.
Иймээс Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 128 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.О Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх ГБХЗХГазр-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх ГБХЗХГазар- нь шаардлагыг эс зөвшөөрч, С.О-д удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж байсан, 1 жилийн хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч С.О- нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх ГБХЗХГазр-ын нягтлан бодогчийн ажлаас ажил олгогчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б\10 дугаартай тушаалаар халагдсан байна.
Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., Төсвийн тухай хуулийн 6.4.8., 8.9.1., Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний зарим заалт, Санхүүгийн хяналт, аудитын албаны акт зэргийг заажээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг судлан шинжилж, нэхэмжлэгч С.О-ыг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэх байдал баримтаар тогтоогдоогүй, гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажил олгогчийн тушаалд дурдагдаж буй Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын акт 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарсан ба энэ актад заасан өр төлбөрийг барагдуулаагүй гэж ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б\10 дугаартай тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зохицуулалтад нийцээгүй гэж шүүх үзсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар ажил олгогч нь сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй болно.
Нөгөө талаар, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 51 дүгээр актад 2 990 800 төгрөгийг төвлөрүүлэхийг ХГБХ Хэлтсийн дарга А.Наранболд, нягтлан бодогч С.О нарт даалгасан байхад улсын байцаагчийн актад заасан үүргийг биелүүлээгүй гэж уг актад дурдагдсан хэлтсийн дарга нягтлан бодогчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00738 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН