| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0548/Э |
| Дугаар | 828 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 828
Ш.Чулуунтөмөрт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Гансүлд,
хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Б.Уранчимэг,
шүүгдэгч Ш.Чулуунтөмөрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Чулуунтөмөрт холбогдох эрүүгийн 1808007300542 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөх хошуу овогт Шоовдорын Чулуунтөмөр, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 27 дугаар гудамж, 140 тоотод оршин суух хаягтай,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:ИЮ90031012/,
Шүүгдэгч Ш.Чулуунтөмөр нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-10 тоотод иргэн Ө.Ариунболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ш.Чулуунтөмөрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Чулуунтөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чулуунтөмөрийг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Чулуунтөмөр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохирлын 1,788,947 төгрөгийг шүүгдэгчээс 8 сарын хугацаанд гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Хохирогч Ө.Ариунболд давж заалдах гомдолдоо : “...шүүгдэгч Ш.Чулуунтөмөр нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруутай болох нь тогтоогдсон байхад хохирогч надад учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахад гарсан эмчилгээ болон мэс засал хийлгэсний зардал болон цалин хөлс, бусад зардал нийт 9,434,430 төгрөг нэхэмжилснээс 3,788,947 төгрөгийг гаргуулахаар зааж үүнээс төлөгдсөн 2,000,000 төгрөгийг хасаж 1,788,947 төгрөгийг шүүгдэгчээс 8 сарын хугацаанд гаргуулахаар тогтоож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би 2 сар гаруй хугацаанд гэмтсэн нүд болон хамартаа мэс засал хийлгэсэн учраас ажил хийж чадахгүй болсон. Миний хувьд Цэргийн байгууллагын ажилтан учраас нийгмийн даатгалын дэвтэр олгодоггүй байхад шүүх цалин хөлсний зөрүү нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажаагүй гэж дүгнэж акттай байсан хугацааны цалин, мөн эмчлүүлэх үедээ хэрэглэсэн хоол хүнс, унааны зардал зэргийн нотлох баримтууд /хх-89, 110-129/ хуудсанд авагдсан байхад шүүгдэгчээс эдгээр хохирлыг гаргахаар шийдвэрлээгүйд гомдолтой байна. Гэмтлийн улмаас мэс засал хийлгэх шаардлагатай болж барьцаат зээл авч байсныг нотлох баримт ч хэрэгт байгаа болно. Надад учирсан хохирлыг шүүх зөв тооцоогүй бөгөөд 5,645,483 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Энэ шийдвэр нь гэм буруутай этгээд хохирогчид зайлшгүй бүх зардлыг төлөх ёстой гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчээс 8 сарын хугацаанд гаргуулахаар заасан нь хохирогчийг давхар хохироож төлөх хугацааг сунгаж шүүгдэгчид давуу байдал бий болгож миний эрх ашгийг хохироож байна.
Шүүгдэгч Ш.Чулуунтөмөр нь 2017 оны 1 дүгээр сарын 22-нд 485 дугаартай шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулан ял шийтгүүлсэн байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, хувийн байдлын хувьд удаа дараа зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж эрүүлжүүлэгдэж байсан баримтууд /хх-70-72/ авагдсан байхад шүүх яагаад түүнд ял оногдуулахдаа хүндрүүлж биш хөнгөрүүлэн үзэж байгаа нь мөн л ойлгомжгүй байна.
Хохирогч хуульд заасан эрх ашгаа хамгаалуулах зорилгоор шүүхийн шатанд өмгөөлөгч Б.Уранчимэг гэгчийг авсан бөгөөд энэ өмгөөлөгч нь шүүх хуралд архи уусан байдалтай орж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж чадаагүй юм. Жирийн иргэн би өмгөөлөгч гэсэн болохоор нь тэр өмгөөлөгчийг авч эрхээ хамгаалуулахыг зорьсон юм. Гэтэл энэ өмгөөлөгчийн эрх нь түдгэлзсэн байсан бөгөөд надад ч бус өөр иргэдэд ийм байдлаар хандаж ажлын хөлсөө аваад алга болдог нэгэн байсныг Монголын хуульчдын холбоонд хандаж ээж Дүүриймаа маань өргөдөл гаргасны дараа мэдсэн. Шүүх өмгөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж нягтлаагүйгээс эрх нь түдгэлзсэн, архи уусан энэ хүн яаж хохирогч миний эрхийг хамгаалах билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч миний хувьд шүүхийн шатанд өмгөөлүүлэх боломж нөхцлөөр хангагдаж чадсангүй. Анхан шатны шүүх энэ бүгдийг шалгах ёстой гэж бодож байна. Шүүх ингэж шалгаагүйгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж эрх нь түдгэлзсэн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оруулж хохирогч миний эрх ашгийг өмгөөлөгч хамгаалах боломжийг бүрдүүлсэнгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
Хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгч Н.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу оролцож байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч Ө.Ариунболдод шүүгдэгч Ш.Чулуунтөмөр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон. Эрүүл мэндэд учирсан хохиролд 2.000.000 төгрөг өгсөн. Анхан шатны шүүхээс 1.788.947 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Хохирогч эмчилгээний болон бусад зардал нийт зардал 9.434.434 төгрөг нэхэмжилсэн. Хохирлыг нэхэмжилсэн баримт хавтас хэргийн 110-129 дүгээр талд авагдсан. Энэ гэмтлийн улмаас хохирогч Ө.Ариунболд нүд болон хамартаа мэс засал хийлгэсэн. Хоёр сарын хугацаанд ажлаа хийгээгүй, хохирогч Ө.Ариунболд цэргийн байгууллагад ажил хийдэг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод хохирлын тодорхой хэсгийг гаргахгүй орхисон учраас миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Нотлох баримтууд байгаа, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтрээ баталгаажаагүй гэж дүгнэсэн учраас гомдолтой байгаа. Цэргийн байгууллагын ажилтан нийгмийн даатгалд даатгуулдаггүй, даатгалгүйгээр цалин хөлсөө авдаг учраас 5.645.483 төгрөгийг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлэх зардлыг дутуу гаргасан гэх гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Энэ нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсаны дутуу авсан цалин, хөлс, гэм хор учруулснаас гарсан бусад зардлыг шүүгдэгчээс бүрэн гаргуулах ёстой гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзэж ял оногдуулсан нь гомдолтой байна. Учир нь шүүгдэгч Ш.Чулуунтөмөр хавтас хэрэгт авагдсан баримтаас харахад хувийн байдлын хувьд урьд нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан байдаг. Тийм учраас шүүгдэгч Ш.Чулуунтөмөрт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзсэнийг, түүгээр ч үл барам хохирогч ломбарданд эд зүйлээ тавьж эмчилгээний зардалдаа өгсөн байхад хохирлын мөнгө 1.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахдаа хугацаа зааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлж, хуульд байхгүй үндэслэлээр хөнгөрүүлсэн гэж миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасныг дэмжиж байна.
Хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хавтас хэргийн материалтай танилцаж, тэмдэглэлд тусгасан оролцогчидын хүсэлтийг шийдвэрлэх ёстой байхад шийдвэрлээгүй орхигдуулсан нөхцөл байдал хавтас хэргийн материалд харагддаг.
Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирол төлбөр дутуу гаргуулсан хохирлыг гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгч Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хохирлын хэмжээ 2.000.000 төгрөг байгаа. Хамгийн сүүлд 1.900.000 төгрөг өгсөн. Шүүх хуралдааны өмнө 100.000 төгрөг өгч, нийт 2.000.000 төгрөгийн хохирлын мөнгө төлсөн байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны явцад эх Дүүриймаа шүүх хуралдааны танхимд сууж байхад шүүгч Г.Ганбаатар хоёр удаа сануулж, өөрөө шүүх хуралдааны дэг зөрчиж, шүүх хуралдаанаас гарсан. Шүүх хуралдаанд миний бие архи үнэртүүлсэн буюу уусан зүйл байхгүй. Өмгөөллийн эрх түдгэлзсэн зүйл байхгүй. Энэ хүн намайг гүтгэж байгаа тул зохих байгууллагад хандана...” гэв.
Шүүгдэгч Ш.Чулуунтөмөрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч хүндрүүлэх нөхцөл байдал байсан гэж байна. Хэргийн нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэрч Отгонжаргал, Хишигтогтох нарын мэдүүлгээр нотлогддог. Гэрч Отгонжаргал тухайн хэргийн процесс юу болсон талаар “Ө.Ариунболд айлд орж ирээд айлын зуух руу нулимдаг” чи унтаач гэхээр “ам руу нь салаавч хийж, чамд ямар хамаатай юм бэ” гэж цохисон үйлдлүүд хохирогч Ө.Ариунболдод байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх, хөнгөрүүлэх гэж байхгүй. Анхан шатны шүүх тухайн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг харгалзан үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хохирлын асуудалд өмгөөлөгч Б.Уранчимэг “1.900.000 төгрөг өгсөн, шүүхийн шатанд 100.000 төгрөг өгсөн” гэж байна. Нийт 2.000.000 төгрөгийг тэмдэглэл үйлдэж өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс яригдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, төрийн бус байгууллага, хувь хүн, аж ахуй нэгж бүгд Хөдөлмөрийн тухай хуулийг барих ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд “байнга үйл ажиллагаа явуулдаг бол хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх ёстой” гэж заасан. Энэ хуулийн шаардлагыг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ. “би цэргийн байгууллагад ажилладаг” гэж хохирол гаргуулна гэж байхгүй. Үүнийг нотолсон баримт, ажил гүйцэтгэх гэрээ, санхүүгийн тамга, тэмдгээр батлагдсан баримт байхгүй атлаа цэргийн байгууллагад ажилладаг гэж байгаа. Нотолсон баримт гаргаж өгөөгүй учраас шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гарах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.Чулуунтөмөр нь иргэн Ө.Ариунтуяаг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирлын асуудалд 9.000.000 төгрөг гаргуулах ёстой гэж байна. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатнаас хэргийг шүүх рүү шилжүүлэх өдөр хохирлын баримтыг гаргаж өгсөн. Энэ баримт прокурорын шатанд хавтас хэрэгт хавсаргаж, шүүхэд хэргийг хүргүүлсэн. Энэ баримтыг шүүх хэлэлцэж, хуулийн этгээдийн тамга, гарын үсэг дарагдсан хууль ёсны баримтыг үндэслэн 3.700.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 497, 505.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй байсан унааны зардал, хоолны зардал, ажилгүй байсан хугацааны зардал гаргуулах эрхийг нээлттэй шийдвэрлэсэн. 2015 оны Эрүүгийн хуульд давтан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна гэдэг асуудал байсан учраас хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох ялын оногдуулах санкцтай. Прокурорын зүгээс нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан. Шүүх үндэслэлтэй гэж үзэж 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Ш.Чулуунтөмөр нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-10 тоотод иргэн Ө.Ариунболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ө.Ариунболдын: “...Эрдэнэчимэг ахтай авсан архиа уугаад сууж байхад гаднаас Эрдэнэчимэг ахын дүү гэх 2 хүн орж ирээд бид нар миний авсан архийг хувааж уусан...Эрдэнэчимэг ахын 2 дүүг гэрт нь хүргэж өгөөд буцаад цэнэглэж үлдээсэн гар утсаа авах гээд Эрдэнэчимэг ахын гэрт ирэхэд гэрийн хүмүүс бүгд унтах гээд байж байсан. Би тэрнээс хойш зарим зүйлийг санахгүй байгаа, нэг сэрэхэд намайг Чулуунтөмөр зодож байсан. Чулуунтөмөр миний нүүрэнд өшиглөөд гараараа нүүр лүү цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-12-14/, гэрч Г.Отгонжаргалын: “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Барс-1 зах дээр ажлаа хийж байгаад оройтоод 23 цагийн үед Эрдэнэчимэг ахын гэрт очиход гэрийнхэн нь болон Чулуунтөмөр байсан. Эрдэнэчимэг ах орон дээр согтуу байдалтай унтаж байсан. Тэгээд би хоол халааж идээд унтах гээд хэвтэж байхад шөнө 01 цагийн үед Ариунболд гаднаас согтуу байдалтай орж ирээд Эрдэнэчимэг ахын орны хөлд суугаад Чулуунтөмөр бид 2-ыг хараагаад байхаар нь би Чулуунтөмөрт хандаж Ариунболдыг унтуул гэж хэлэхэд Чулуунтөмөр босоод Ариунболдыг унтуулах гээд суганаас нь өргөхөд Ариунболд Чулуунтөмөрийн өөдөөс салаавчаа гаргаад ам нүүр лүү нь түлхээд байсан. Тэгтэл Чулуунтөмөр унт гээд нүүр лүү нь алгадаад газар унагаасан. Ариунболд босож ирээд Чулуунтөмөрийг өшиглөөд тэр 2 хоорондоо барьцалдаад цохилцохоор нь би босоод Чулунтөмөрийг татаад Ариунболдыг орон дээр түлхээд унагаасан. Чулуунтөмөр Ариунболдыг 2 удаа нүүр лүү нь гараараа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/, гэрч Г.Хишигтогтохын: “...бид нар унтаж байхад Ариунболд гаднаас орж ирээд зүүн талын орон дээр суугаад Чулуунтөмөртэй маргалдаад шүлсээ шалан дээр хаяад байсан. Чулуунтөмөр газар орондоо хэвтэж байгаад босоод Ариунболдыг унт гээд хэлтэл Ариунболд өөдөөс нь салаавчаа гаргаад Чулуунтөмөрийн ам руу хийгээд байсан. Энэ үед Чулуунтөмөр Ариунболдын нүүр лүү гараараа 2 алгадах шиг болохоор нь босож очоод боль гээд унт гэхэд Чулуунтөмөр буцаад орондоо орсон. Ариунболд орны хөлд сууж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-25-27/, гэрч Ц.Нямхүүгийн: “...Ариунболд манай гэрт ирэхдээ нүд хамар нь улайж жоохон хавдсан байдалтай байсан. Тэгээд өглөө босоход хамрын 2 талын хэсэг нь хавдсан, ам хамар нь шороо болсон байдалтай байсан. Мөн өмсж явсан хувцас нь шороо болсон, подволк нь жоохон цус болсон байсан. Яасан юм бэ гэхэд Чулуунтөмөртэй зодолдсон байх гэж хэлсэн. Ариунболд архи уухаараа тавьтаргүй, агсам заан ааштай...” гэх мэдүүлэг /хх-30-32/, шүүгдэгч Ш.Чулуунтөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...тухайн өдрийн шөнийн 1 цагийн үед Ариунболд гаднаас орж ирээд Эрдэнэчимэг ахын унтаж байсан орны доод талд суугаад газар шүлсээ хаяад чанга яриад орилоод байхаар нь би босоод Ариунболдыг унтуулах гээд урдаас нь суганаас нь тэврэхэд миний аманд салаавч хийхээр нь алгадаад орон дээр унагаасан. Тэгтэл Ариунболд босож ирээд миний зүүн талын хөл рүү өшиглөхөөр нь зөрүүлээд баруун гараараа Ариунболдын хамар, нүд хавьцаа нэг удаа гараараа цохьсон. Би Ариунболдыг зүүн талын шанаа хавьцаа гараараа алгадах нүд, хамар хавьцаа 1 удаа гараараа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-55-59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2188 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ө.Ариунболдын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана болон хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний эмтрэл, баруун бугуйн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хх-37/, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх-122-141/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтад нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар шүүгдэгч Ш.Чулуунтөмөр нь Ө.Ариунболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байх бөгөөд нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх хавтаст хэрэгт буй баримтаас хохирогчоос гаргасан хохирлын тооцоог дүгнэж үзэхэд анхан шатны шүүхийн тооцоо үндэслэлтэй байх бөгөөд бодитой эмчилгээ хийгдээгүй гэж шүдний эмчилгээний 1 500 000 төгрөг, ломбарднаас зээлсэн мөнгө, өмгөөлөгчийн зардлыг хохиролд тооцож гаргуулаагүйг хууль зөрчсөн гэж үзсэнгүй. Мөн хохирогч Ө.Ариунболд нь цалин хөлстэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах боломжгүй.
Хохирогч Ө.Ариунболдоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан гаргасан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан, гэм буруутай этгээдээс гаргуулбал зохих байдлаар нягтлан шалгахад хавтаст хэргийн 131-160 дахь талд авагдсан “ЭМЖЖ” ХХК-д төлсөн 25.000 төгрөг /хх-131/, 80.000 төгрөг /хх-134/, 1.459.755 төгрөг /хх-137/, 75.000 төгрөг /хх-136/ буюу нийт 1.639.755 төгрөг /хх-124/, мөн эмчийн үзлэг, шинжилгээ, эм тарианы 311.192 төгрөг буюу 35.000 төгрөг /хх-130/, 8.000 төгрөг /хх-131/, 120.000 төгрөг /хх-131/, 20.000 төгрөг /хх-132/, 15.500 төгрөг /хх-132/, 32.952 төгрөг /хх-134/, 43.000 төгрөг /хх-135/, 23.240 төгрөг /хх-137/, 13.500 төгрөг /хх-140/, нүдний ухархайн ясны хугаралтай холбоотойгоор Йонсей эмнэлэгт мэс засал хийлгэсэн /оклапластик/ гэх хуулийн этгээдийн тамга тэмдэг, гарын үсэг бүхий 1.700.000 төгрөг /хх-141/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан эмчийн үзлэгийн 138.000 төгрөг нийт 3.788.947 төгрөгийг гаргуулбал зохих хохиролыг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин хохирогч хохирлын баримтаа гүйцэд бүрдүүлэн иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй байна.
Иймээс хохирогч Ө.Ариунболдын “...хохирлыг буруу тооцсон...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ