Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2018/01091/И |
Дугаар | 001/ХТ2019/00336 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2019/00336
“Т Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01657 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2053 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Т Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “М Г” ХХК-д холбогдох,
40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, Х.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Т Р” ХХК нь “М Г” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, “М Г” ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд орших ашигт малтмалын хайгуулын 10669Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд гэрээний 2.1-т заасан ажлуудыг гүйцэтгэгч буюу манай компани хийж гүйцэтгүүлэх, ажлын нийт төсвийг 230 000 000 төгрөгөөр тохиролцож, холбогдох санхүүжилтийг захиалагч буюу “М Г” ХХК гэрээний 3.1-т заасны дагуу төлөхөөр тохиролцсон болно.
Бидний зүгээс гэрээнд заагдсан тодорхой ажлуудыг тохиролцсон хугацаандаа багтаан хийж гүйцэтгэж байсан боловч хариуцагч “М Г” ХХК гэрээний 3.1-т заасны дагуу ...Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгөх нөөцийн тайланг бичсэний дараа 25 хувь буюу 57 500 000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс цаашид бичигдсэн нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалах боломжгүй болж, энэ тухай “М Г” ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэж байсан ч тэд төлбөрийн асуудлыг удахгүй шийдвэрлэж, бичигдсэн нөөцийн тайланг авна гэсээр өдий хүрч, гэрээгээр тохиролцсон бусад ажлыг үргэлжлүүлэн хийлгэх эсэх нь тодорхойгүй болоод байна. Өнгөрсөн хугацаанд бид гэрээнд заагдсан ажлаас 172 500 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс “М Г” ХХК нь 132 500 000 төгрөгийг төлж, үлдэх 40 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд төлбөр төлөх хугацааг элдвийн шалтаг шалтгаан тоочиж, хойшлуулсаар өдийг хүрсэн ба бид төлбөрийг үлдэгдлээ төлж дуусгахыг удаа дараа шаардаж, тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байсан боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү төлбөрийн үлдэгдэл 40 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“М Г” ХХК нь “Т Р” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд тодорхой ажлуудыг хийж, лиценз авах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, геологийн зураглал, тайлан, байгаль орчны тайлан гаргах зэрэг ажлуудыг хийх байсан боловч гэрээний явцад ажил маш удаашралтай байсан. Тухайн 25 га талбайд дутуу өрөм тавьсан байдаг. Энэ нь мэргэжлийн шаардлага хангахгүй, үргэлжлүүлээд ажлаа хийх байх гэж маш удаан хүлээсэн. 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хайгуулын ажлын нэмэлт хавсралт гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлбөрт өөрчлөлт оруулсан. Гэрээний 1 дүгээр хэсэгт Эрдэст баялгийн зөвлөлд “Т Р” ХХК-иас тайланг хүлээлгэн өгч, нөөцийн тайлан бичих явцад 30 000 000 төгрөг, тайлан бичиж дуусган Эрдэст баялгийн зөвлөлд хүлээлгэж өгсний дараа нөөцийн тайлангийн 1 хувийг хэвлэмэл байдлаар “М Г” ХХК-д хүлээлгэж өгсний дараа 40 сая төгрөг, Эрдэст баялгийн зөвлөл ордын нөөцийг баталж, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагаас А лиценз гарсны дараа 15 хувь буюу 34 500 000 төгрөг, А лицензийг гар дээрээ хүлээж авсны дараа 10 хувь буюу 23 000 000 төгрөг төлөхөөр гэрээний хавсралт баталсан. Гэтэл гэрээ хэрэгжээгүй, удаашралтай байсан. “Т Р” ХХК нь ажлаа хийсэн гэх боловч эдгээр олон тайлангуудаас нэгийг ч хүлээлгэж өгсөн баримт, материал байхгүй. Ийм байдлаас болж гэрээ биелэгдэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал хэлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэхэд тайлан бичигдээд дуусчихсан байсан гэж хэлдэг. 2014 оны тайланг одоо ярьж байна. Яагаад тэр үедээ хүлээлгэж өгөөгүй вэ, 2014 оны асуудлыг 2018 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01657 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч М Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2053 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т Р ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01657 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-д зааснаар нэхэмжлэгч тал ажлын хөлсийг шаардах эрхгүй", “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж дүгнэж нэхэмжлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2053 дугаар магадлалаар “2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талаас 8 хуудас нотлох баримт гаргаж өгсөн талаар тусгагдсан боловч уг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул шүүх маргааныг талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д зааснаар мэтгэлцэх зарчим зөрчигдсөн, тус хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд заасан зөвхөн үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянана” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд эс зөвшөөрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах, хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж хуульд заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг талаар магадлалдаа дурдаж эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна гэж хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2053 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч “Т Р” ХХК нь хариуцагч “М Г” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хайгуулын тайланг хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн маргааны талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, улмаар хэргийн оролцогчийн мэтгэлцээн хуульд заасан журмаар явагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2053 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН