Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00913

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар магадлалтай, 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох, 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 8 байрны 20 тоот 40,5 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаар захирамжаар Н.Б-оос 30.964.757 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б- миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 хороолол, 8 байр 20 тоот 40,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах болсноо мэдэгдлээ. Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд миний хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь үнэлгээ хийхдээ 1 давхрын үйлчилгээ явуулж байсан байрыг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж зах зээлийн жишиг хандлагыг буруу тодорхойлж гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Зах зээл дээр энгийн 3 өрөө байр 65-75 сая төгрөгийн хооронд байгаа. Гэтэл тус байр нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан, байрлал сайтай тул 85.000.000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаар шүүгчийн захирамжаар С.Мөнхзул, Н.Б-, Б.Ундраа нараас 30.964.757 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч С.Мөнхзул, Н.Б-, Б.Ундраа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, 20 тоотод байрлах 40.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000129 дугаартай 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18070476/02 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/06 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 75.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2989, 01/2986, 01/2988, 01/2987 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, 20 тоот Ү-2003000129 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 40,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгчийн зүгээс Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай захирамжаар Н.Б-оос 30.964.757 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б- миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 8 байрны 20 тоот 40,5 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах болсныг мэдлээ. Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд миний хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь үнэлгээ хийхдээ 1 давхарын үйлчилгээ явуулж байсан байрыг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж зах зээлийн жишиг хандлагыг буруу тодорхойлж гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр боллоо. Одоо цагт Дархан-Уул аймагт орон сууцны нэг давхарын байруудад шинээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл болон барилгын хийцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл өгөхөө болиод удаж байгаа. Энэ нь тухай байр үнэ цэнэтэйг илтгэх юм. Иймд давж заалдах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Б-, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхийн шийдвэрийн дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан салбарт 30.964.757 төгрөг төлөх үүрэгтэй, төлбөрөө сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих анги явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйлийг битүүмжлэн хурааж, улмаар төлбөр төлөгч, төлбөр авагчаас үнийн санал авахад тэд тохиролцоогүй тул шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчээр томилогдсон “Капитал зууч” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 8 байрны 20 тоот 40,5 м2 талбайтай 3 өрөө орон сууцны үнийг  75.000.000 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн үнээс бага гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “хөрөнгийн шинж байдлыг зөв тодорхойлж үнэ цэнийг  тогтоогдоогүй” гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ