Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00911

 

СХД ТХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02736 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 396 дугаар магадлалтай, 

СХД ТХ-ийн нэхэмжлэлтэй

М ХХК-д холбогдох, 

Татварын өр 91.983.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч СХД ТХ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Тус хэлтэст бүртгэлтэй 5310695 тоот регистрийн дугаартай М ХХК нь 2013 онд татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараар 14.363.100 төгрөг, алданги 1.099.600 төгрөг, торгууль 4.909.700 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 67.755.952 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 3.854.998 төгрөг, нийт 91.983.350.6 төгрөгийн татварын өртэй байна. Татварын алба татварын хууль тогтоомжийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 18-нд 342018517/68 тоот мэдэгдэх хуудас гардуулсан. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн 2018 оны 9 дүгээр сарын 06-нд 342018517/27 тоот банкны данс хаах мэдэгдэх хуудсыг Хаан банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк, Капитрон банк, Улаанбаатар хотын банк, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкуудад тус тус өгч дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй. М ХХК-ийн захирал Ж.Мөнхболдын 99077478 дугаарын утсаар татварын өрийг барагдуулах хуулийн хугацаа хэтэрснийг удаа дараа сануулсан боловч өр төлбөрөө барагдуулаагүй тул татварын өр 91.983.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус компани 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд Барилгын материал худалдаа, засвар, засал чимэглэл, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. СХД ТХ- нь 2013 оны Татварын хяналт шалгалтаар тус дүүргийн татварын хяналтын байцаагчийн манай компанид ногдуулсан 14.363.100 төгрөг, алданги 1.099.600 төгрөг, торгууль 4.909.700 төгрөг, нийт 20.372.400 төгрөгийн өр үүсгэсэн. Бид энэхүү өрийн талаар татварын хяналтын байцаагчаас асуухад НӨАТ-ын падаан хуурамч байсан гэдэг үндэслэл хэлсэн. Тухайн үед манай компанийн ажилтан барилгын материал олон газраас худалдаж авсан учир хаанаас тийм падаан ирсэнийг мэдэхгүй. Татварын хяналтын байцаагч бидэнд энэ өрийг тайлбарлахдаа татварын алба захирамж гарган удахгүй устгадаг гэж хуурч бидний санхүүгийн болон хуулийн мэдлэггүйг далимдуулж энэ өрөнд гарын үсэг зуруулсан юм. Иймд 20.372.400 төгрөгийн хяналт болон алданги, торгуулийг төлөх боломжгүй. Харин 67.755.952 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, 3.854.998 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын үлдэгдэл өрийг төлөх боломжтой гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02736 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас татварын өр 91 983 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СХД ТХ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч СХД ТХ- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 617 866 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 396 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 91 983 350 гэснийu 71 610 950 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 372 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтад 617 866 гэснийг 516 005 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 812 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Б.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль, ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг буруу ойлгуулж байна. Ногдуулах гэдэг нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “татвар суутгагч" гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг" гэж тус тус хуульчилсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан ногдуулах гэдэг үг нь “Татварын хууль тогтоомжийн дагуу татварын өглөгийг тодорхойлохоор тооцсон дүнг хэлнэ" гэсэн бөгөөд зөвхөн татвар ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа тоолох болохоос биш ногдуулсны дараа хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж тоологдохгүй. Өөрөөр хэлбэл 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн актад хариуцагч тал гомдол гаргаагүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт нь зөвхөн хяналт шалгалтын актаар ногдуулсан актыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолох боловч татвар ногдуулахад ашиглагддаг 5 жил гэдэг хугацаа огт хамаарахгүй. Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасан хугацаанд нөхөн татвар, алданги, торгуулийг төлөөгүй тохиолдолд татварын өр үүснэ. Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “өр” гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг гэдэг нь заасан хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөрийг төлөх үүргийг хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй учир нэгэнт өр үүссэн гэж үзнэ. Татварын өр гэдэг нь төлөх үүрэгтэй төлбөрийг төлөөгүйгээс эсвэл хугацаа хэтрүүлснээс үүссэн мөнгөн төлбөрийг хэлнэ. “М” ХХК-д холбогдох 20.372.400 төгрөг нь нотлох баримтаар нотлогдсоны дагуу нэгэнт өр үүссэн гэж үзэх учраас өрөнд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Дээрх байдлаас үзэхэд Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг татвар ногдуулахад 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааг уялдуулдаг бөгөөд харин ногдуулсны дараа үүссэн татварын өрийг харин 11.2 гэсэн заалтыг барих нь зөв. Иймд давж заалдах шатны магадлал нь хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

СХД ТХ- М ХХК-д холбогдуулан татварын өр 91.983.350 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй.

М  ХХК нь татварын байгууллагад  албан ёсоор тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 3.854.998 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаар ногдуулсан 67.755.952 төгрөг, нийт 71.610.950 төгрөг төлөх үүрэгтэй, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

Татварын улсын байцаагч, тус компанийн 2010-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 342948 тоот актаар 16.363.100 төгрөгийн нөхөн татвар, 4.909.100 төгрөгийн торгууль, 1.099.600 төгрөгийн алданги, нийт 22.372.400 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2.000.000 төгрөг төлөгдсөн гэж нэхэмжлэгч 20.372.400 төгрөг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

1. Давж заалдах шатны шүүх дээрх актаар тогтоосон татварын өр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх зохицуулалтад “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан нь татварын өрийг төлөхтэй холбоотой бус татвар ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа тоолох утгатай атал давж заалдах шатны шүүх татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш татварын өрийг төлөх хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр 20.372.400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан зохицуулалтаас үзвэл, “ногдуулах” гэсэн ойлголт нь татварын хууль тогтоомжийн дагуу татварын өглөгийг тодорхойлохоор тооцсон дүн байна.

Татварын улсын байцаагчийн актад шалгалт хийсэн татварын улсын байцаагч, тасгийн дарга гарын үсэг зурснаар тухайн акт Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ. Уг актад хариуцагч гомдол гаргаагүй, актад заасан хугацаанд буюу 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор актаар тогтоосон төлбөрийг төлөөгүй байна. Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль нь татварын өрд хамаарна. Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан байна.

Иймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хяналт шалгалтын актаар тогтоосон татварын өрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт алдаатай тул магадлалыг хүчингүй болгов.

2. Актын агуулгын талаар маргаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч татварын хяналт шалгалтын актад хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй байх тул актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч СХД ТХ- хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч М ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авчээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, СХД ТХ-ийн нэхэмжилсэн 91.983.350  төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон болон хяналт шалгалтын актаар тогтоосон хугацаанд нь төлөгдөөгүй татварын өр гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1-д нийцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуульд заасан холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 396 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ