Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 239

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “ХГ” ХХК /РД: /

Хариуцагч: АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “...“ХГ” ХХК-ийн гаргасан АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “ХГ” ХХК-ийн ХV-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А , гэрч Г.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр “ХГ” ХХК-ийн ХV- 02******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. “ХГ” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын “М*******” нэртэй 936,93 гектар талбай бүхий ХҮ-02******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 623 дугаар шийдвэрийн дагуу эзэмшиж, үйл ажиллагаагаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу явуулж байсан.

Манай компанийн эзэмшлийн ХҮ-02******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болж байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болон тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасны дагуу баримт бичгийг бүрэн бүрдүүлэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр АМГТГКХ т ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан.

Ашигт малтмалын тухай тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай Ү тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай компанийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдлийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх байтал 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, сунгалтыг 2018 оны 09 сарын 11-ний өдрийн 7/6205 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсээс бидэнд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 тоотоор хүргүүлсэн гэсэн тайлбарыг өгдөг бөгөөд бид тус мэдэгдлийг хүлээн аваагүй.

Уг мэдэгдэл хүргүүлсэн гэх хугацаанд ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгасан тухай шийдвэр гараагүй, бидэнд мэдэгдээгүй байхад төлбөр төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх тайлбар нь хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг олгосон өдрөөр тооцож урьдчилан төлөх (гүйцээн төлөх) боломжийг алдагдуулсан гэж үзэж байна. Түүнчлэн бид сунгуулах өргөдлөө 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байсан тул манай компани нь АМГТГКХ тэй байнгын холбоотой байсан. “ХГ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2018 оны 07 сарын 27-ны өдрийн тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийн үйлчилгээний хөлс болон тухайн жилийн төлбөрөө хамтад нь төлсөн бөгөөд АМГТГКХ т ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдлийн хамт өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох бар5имт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар шалтгаанаар хугацаанд нь төлбөрөө төлөөгүй болох, хуульд заасан хугацааг хожимдуулан төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олголгүйгээр ХҮ-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн “ХГ” ХХК нь 2015 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан бөгөөд 2018 оны 07 сарын 27-ны өдрөөс ХҮ-02******* тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдлөө өгч АМГТГКХ тэй тогтмол холбоотой ажиллаж байхад Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 867 дугаар шийдвэрээр манай компанийн ХҮ-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй.

“ХГ” ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын' даргад 2019 оны 02 сарын 13-ны өдөр гомдол гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*******гээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1042 тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр цуцлагдсан байна. Иймд танай гомдолд дурдсан ХВ-02******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүйг үүргээр мэдэгдэж байна” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-т заасны дагуу нэхэмжлэлээ гаргаж байгааг хүлээн авч АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “ХГ” ХХК-ийн ХҮ-02*******, дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч АМГТГКХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ХГ” ХХК- ийн гаргасан АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “ХГ” ХХК-ийн ХV-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг “М*******” нэртэй газар 936.93 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-018146 тоот тусгай зөвшөөрлийг “Э*******” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг ХV-02******* дугаартай нөхөн олгож, 2017 оны 12 дугаар сарын 14-нд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн компанийн оноосон нэрийг “ХГ” ХХК болгон өөрчилсөн байна. 2018 оны 07 дугаар сарын 27-нд “ХГ” ХХК-иас ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн дагуу АМГТГКХ-ийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-02******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилээр сунгаж, шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 албан бичгээр хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “ХГ” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-02******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 тоотоор хүргүүлжээ.

“ХГ” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “ХГ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь явуулсан албан тоот болон тус газрын 2018 оны “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбараар баталгаажиж байна.

“ХГ” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 13-нд ирүүлсэн гомдолд тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1042 тоот албан бичгээр өгсөн байна. Иймд АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “ХГ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХГ” ХХК нь АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “ХГ” ХХК-ийн ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр “ХГ” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах эрхтэй байхаар зохицуулжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын М******* нэртэй 936.93 га талбайд XV-018146 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд тус компани өөрийн нэрээ өөрчилсөнтэй холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг XV-02******* дугаартайгаар нөхөн олгосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1042 тоот албан бичиг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7/1764 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “ХГ” ХХК-ийн төлбөр төлсөн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй болох нь тогтоогдож байна.

            Тодруулбал, нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахдаа үйлчилгээний хөлс 1.000.000 төгрөг болон 3 дахь жилийн төлбөрийг дутуу буюу 408.000 төгрөг тушаасан, 4 дэх жилийн төлбөрийг хугацаа хожимдуулж буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тушаасан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн банкны хуулгууд болон хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлөлтийн мэдээлэл зэргээс харагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтсээс бидэнд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 тоотоор хүргүүлсэн гэсэн тайлбарыг өгдөг ч бид тус мэдэгдлийг хүлээн аваагүй” гэж тайлбарладаг ч хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04/296 тоот албан бичиг болон түүний хавсралтад “ХГ ХХК-ийн шинэ хаягаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 55 минутад захирал н.Баярсайханд гардуулагдсан” гэснээс үзвэл уг мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлсэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, 34 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх талаар тус тус нарийвчлан зохицуулсан байхад нэхэмжлэгчийн зүгээс дээрх тусдаа харилцааг хольж “бид сунгуулах өргөдлөө гаргасан байсан ... манай компани АМГТГКХ тэй байнгын холбоотой байсан ... төлбөр төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх хугацаанд манай компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгасан тухай шийдвэр гараагүй, бидэнд мэдэгдээгүй” гэж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргах хугацаанд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр үргэлжилж, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд төлөх үүрэгтэй байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр АМГТГКХ т холбогдуулан гаргасан “АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “ХГ” ХХК-ийн ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ХГ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан АМГТГКХ т холбогдуулан гаргасан “АМГТГКХ-ийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “ХГ” ХХК-ийн ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ХГ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА