Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2016/05773/И |
Дугаар | 001/ХТ2019/00330 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Даатгал, Нөхөх олговор, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2019/00330
У.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02810 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2189 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч У.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Т Д” ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангүл, С.Сугардалай нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь “Соёмбо даатгал” ХХК, “Т Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсдын гэнэтийн ослын даатгалд даатгуулсан. Гэрээ нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөлөө гэмтээж даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр, эмчилгээний зардалд 5 325 800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ч хуучин гэмтэл гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Энэ тухай Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөрийг хохирлын хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар албан ёсны шийдвэр гарсан. Хариуцагч нь дээрх шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүрсэн.
Иймд даатгалын гэрээгээр нөхөн төлбөр 5 325 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Гэрээний 1.1.6-д зааснаар гэрээний эзэмшигч нь “Соёмбо Даатгал" ХХК, 1.1.7-д зааснаар даатгуулагч нь гэрээ эзэмшигчтэй хөдөлмөрийн гэрээтэй ажилтан /У.М-/-ыг ойлгоно гэж заасан. У.М- нь "Соёмбо Даатгал" ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/03/890 дугаартай "...У.М-ын гэнэтийн осол болон эмчилгээний нөхөн төлбөрийг олгож өгнө үү" гэсэн албан бичгийн хамтаар мөн өдөр даатгагчид гаргасан өргөдөл (нөхөн төлбөрийн маягт)-д "... 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шатны уруу халтирч хий гишгээд баруун өвдөг эвгүй болсон. Эмнэлэгт үзүүлээд МR1 зураг авахуулсан. Монгол Хьюндай эмнэлэгт зөөлөн эдийн хагалгаанд орсон." гэсэн байсныг даатгагчаас даатгалын тохиолдол мөн эсэхийг шалгахад 7.1.4-т "даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг арилгах" гэж заасанд хамаарч байсан тул хариуг бичгээр мэдэгдсэн.
Санхүүгийн зохицуулах хорооноос гарах аливаа шийдвэр нь тогтоол хэлбэртэй байдаг. Хорооны 9/690 дугаар акт хорооны шийдвэр биш, гомдлоо хороонд гаргасан ч хариу ирүүлээгүй. У.М-ын зүгээс хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр авах гэсэнтэй холбоотой зарим нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулах гэсэн боловч тэдний зүгээс өнөөг хүртэл баримтуудыг гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02810 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.М-т Т Д ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2189 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/02810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т Д ХХК-аас 5 325 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.М-т олгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагч Т Д ХХК-аас 100 612 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.М-т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...нэхэмжлэгч У.М-ын зүгээс анх нөхөн төлбөр авахдаа “Т Д” ХХК-д гаргаж өгсөн Мү Жи Ён эмчийн 3 жилийн өмнөх сагс тоглож байгаад гэмтсэн талаарх бичгээр гаргасан дүгнэлт. “Монгол Хьюндай” эмнэлгийн өвчний түүхэнд анх 2006 онд сагс тоглож байгаад гэмтсэн 2012 онд шатны уруу хий гишгээд гэмтсэн болон ГССҮТ-д хагалгаанд орсон тухай тус эмнэлгийн өвчний түүх. шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Т Д” ХХК-ийн нөхөн төлбөрийн маягтад урьд нь баруун өвдгөндөө гэмтэл авч байгаагүй талаар бичгээр мэдүүлсэн байдал. МКЛ шинжилгээний үр дүн, “Соёмбо даатгал” ХХК-ийн ажилтан Д.Сүхбаатарын нэхэмжлэгч У.М- нь хуучин гэмтэлдээ нөхөн төлбөр авах гэж байгаа тухай яриа түүнийг гэрчилсэн нөхөн төлбөрийн ажилтан О.Батжаргалын тайлбар, гэмтэл бэртэл авснаасаа хойш 23 хоногийн дараа хагалгаанд орсон тухай үйл баримт зэрэг бичгээр анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй буюу шүүхэд гаргаж өгөөгүй мэтээр үндэслэлгүй дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
...давж заалдах шатны шүүхээс даатгалын тохиолдол үнэн бодитоор болсон эсэх, даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн байсан хохирлыг даатгагчаас нууж нөхөн төлбөр авахаар материал бүрдүүлэн өгсөн, харилцан тохиролцож байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах заалтад хамаарсан тохиолдол болохыг дүгнээгүй, хэт нэг талыг барьж хэргийг хянасан нь хуульд нийцэхгүй байна.
...талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 13.2.1, 16.2.1-д заасан нөхцөлүүдийг авч үзэн, бусад нотлох баримтууд болон хүний эрүүл мэндэд үүссэн гэмтлийн суурь, анхдагч шалтгааныг бүрнээр нь харж, үйл явдлын логик дараалалд зөв үнэлэлтийг анхан шатны шүүхээс хийсэн тайлбарыг баримт нотолгоогүйгээр үгүйсгэж шийдвэрлэсэн явдал нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйл, Даатгалын тухай хуульд заасан зохицуулалттай үл нийцэхээр байна.
...нэхэмжлэгч У.М- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2 удаагийн дүгнэлт гаргуулах явцад давтан МК.1 зураг авахуулахаас шалтгаангүйгээр зайлсхийсэн, анх нөхөн төлбөр нэхэмжлэхдээ урьд нь энэ төрлийн өвчнөөр өвдөөгүй гэж мэдүүлсэн атлаа “Мөнгөн хьюндай эмнэлгийн өвчний түүхийн асуулгад баруун өвдгөндөө 2 ч удаа гэмтсэн нь ил болсон, зөвхөн өөрт байх амбулаторийн карт буюу өөрийн өвчний түүхийг агуулах баримт бичгийг гаргаж өгөөгүй зэрэг бодит фактад давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй.
...Мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, даатгалын гэрээний 13.2.1-д тус тус заасан тохиолдол үүссэн гэдэг нь баримтаар бүрэн нотлогдохгүй байна.
... нэхэмжлэгч У.М- эмнэлэгт үзүүлэхдээ шатны уруу эвгүй гишгэсэн гэж мэдүүлсэн талаарх үзлэгийн тэмдэглэл огт байдаггүй болохыг давж заалдах шатны шүүхээс огт анзаараагүй.
...Шүүх Даатгалын гэрээний 7.1.19, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг тус тус буруу тайлбарласан.
... гэрээний хавсралт-1-д эмчилгээний зардлын даатгалын тусламж үйлчилгээний багц”-д заасан “Соёмбо даатгал” ХХК-ийн нэг ажилтан бүр мэс заслын зардлын дээд хамгаалалт Даатгалын үнэлгээ нь 3 000 000 төгрөг байна” гэж, даатгуулагчийн “хариуцах хэсэг даатгалын тохиолдол бүрт 50 000 төгрөг” байна гэж, “Архаг хууч өвчний /талууд даатгалын гэрээний 16.2.2-д архаг хууч өвчнийг тохиролцон тодорхойлсон/ хамгаалалт харьяаллын нутаг дэвсгэрийн эмнэлэгт 500 000 төгрөг, гэрээнд заагдсан эмнэлгүүдэд 1 000 000 төгрөг” гэж тус тус заасныг огт авч үзээгүй.
... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэлгүй гомдол гаргах хугацаанд хамаарч байна гэж шууд дүгнэсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг зөрчсөн.
...мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан журмын дагуу 100 162,80 төгрөгийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх ёстой байсныг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг зөрчиж, улсын тэмдэгтийн хураамжийн илүү төлбөрийг буцааж олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2189 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шударга ёсыг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч У.М- нь хариуцагч “Т Д” ХХК-д холбогдуулан “Соёмбо даатгал” ХХК, “Т Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөгийг шаардаж, нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч “Т Д” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, даатгалын тохиолдол бий болоогүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
“Соёмбо даатгал” ХХК болон “Т Д” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч У.М- нь “Соёмбо даатгал” ХХК-ийн ажилтны хувьд уг гэрээний үйлчилгээнд хамрагджээ.
Нэхэмжлэгч У.М- нь даатгалын гэрээний хугацаанд хөлдөө хагалгаа хийлгэж, эмчилгээний зардал болох 5 325 800 төгрөгийг хариуцагч “Т Д” ХХК-иас гаргуулахаар шаардсан байна.
Зохигч нь нэхэмжлэгчийн хөлийн гэмтэл шинээр үүссэн, эсхүл нэхэмжлэгч хуучин гэмтлийг эмчлүүлэхээр төлөвлөгөөт мэс засал хийлгэсэн талаар маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч У.М- 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баруун өвдгөө гэмтээж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дурангийн хагалгаанд орсон, уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан талаар “Монгол хьюндай” эмнэлгээс ирүүлсэн тодорхойлолт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтад тулгуурлан давж заалдах шатны шүүх даатгалын тохиолдол үүссэн гэж үзжээ.
Нэхэмжлэгч У.М- урьд өмнө баруун өвдгөө гэмтээж байсан нь өвчтэй өвдгөө “шатны уруу хий гишгэн” гэмтээх боломжийг үгүйсгэхгүй юм. Анхан шатны шүүх уг үйл баримтын талаар учир дутагдалтай дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий залруулсан байна.
Давж заалдах шатны шүүх гэнэтийн гэмтэл гэх ойлголтыг хэргийн нөхцөл байдал, талуудын гэрээний тодорхой заалтад тулгуурлан бодитоор тодорхойлсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болсон байна. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2189 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэнйи хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 100 162.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН