Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0312/З |
Дугаар | 424 |
Огноо | 2016-12-05 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 424
Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2016/0599 дүгээр магадлалтай, Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын даргаас дахин шинэ акт гартал Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн б/42 дугаар тушаалыг түдгэлзүүлж,
2. Т.Батчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтийг Ашигт малтмалын газрын даргаас дахин шинэ акт гарсаны дараа шийдвэрлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2016/0599 дүгээр магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Т.Батчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаал хууль бус болохыг тогтоосон боловч ажил эгүүлэн тогтоож өгөөгүй. Үүнээс улбаалан нэхэмжлэлийн бусад 3 шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх асуудлыг шийдвэрлээгүй. Энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байхад гагцхүү эгүүлэн тогтоох ажлын байрны асуудлаас болж анх үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс уг тушаалыг хуульд нийцсэн ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн албан тушаалд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгон халах эрхтэй гэж давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэтэл Т.Батчимэгийг Ашигт малтмалын газар нь Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажилд томилсон. Харин уг тогтоолыг үндэслэн ажлаас халсан нь хүний эрхийг зөрчсөн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, ажлаас халсан тушаалыг хуульд нийцээгүй болохыг тогтоосон.
2. Ашигт малтмалын газар Засгийн газрын 387 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/28 тоот тушаалаар уг байгууллагын орон тоог 145 болгон цөөрүүлсэн, үүний дагуу Т.Батчимэгийг ажлаас халсан гэж байгаа нь мөн хуульд нийцэхгүй байна.
Уг тушаалаар Т.Батчимэгийн ажиллаж байгаа ажлын байр, орон тоо хасагдсан болох нь тодорхой бус байдаг. Засгийн газрын 387 дугаар тогтоолоор Т.Батчимэгийг Ашигт малтмалын газарт мэргэжил, мэргэшлийн дагуу шилжүүлсэн, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу Т.Батчимэгийг мэргэжил, мэргэшлийн дагуу боломжит албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд сургалтад ч хамруулан ажиллуулах үүрэгтэй. Хуулийн энэ заалт нь төрийн албан хаагчийн баталгааг хангахтай холбоотой зохицуулалт болохыг анхаарах шаардлагатай байсан. Дээрхээс Ашигт малтмалын газар Засгийн газрын 387 дугаар тогтоолыг биелүүлэх хүсэлгүй байсан нь тодорхой байна.
3. Нэхэмжлэгч нь 6 сарын тэтгэмж авахыг хүсээгүй, тушаалыг зөвшөөрөхгүй байгаагаа хэлж байсан учраас энэ тэтгэмжийг ашиглаагүй бөгөөд нэгэнт дансаар шилжсэн учир буцаах боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох Т.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0227 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Анхан шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ магадлалд заасан заалтыг биелүүлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх тодорхой зөв дүгнэжээ.
Хэрэгт маргааны гол болох нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүсч байгаа ажил, албан тушаалын сул орон тоо байгаа гэж үзэх үндэслэл бий эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх хангалттай нотлох баримт бүрдээгүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөл нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг сайтар тодруулах нь зайлшгүй болохыг анхаарах нь зүйтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлагыг “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу албан тушаалд тогтоолгох”, “хуучин эрхлэж байсан цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэний орон тоонд эгүүлэн тогтоолгох” гэж өөр өөрөөр тодорхойлж байжээ.
Дээр дурдсан дагуу анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шаардлагатай зүйлүүдийг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2016/0599 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Батчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ