Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00415

 

“МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/02731 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2194 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НССДС-д холбогдох,

Ажлын хөлс 38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

....“МТ” ХХК, Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 2015 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 15 хоногт ажлыг хийж гүйцэтгэх, нийт ажлын хөлс 62 249 923 төгрөгт тохиролцсон. Хариуцагч НССДС- нь гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө бүрэн төлөөгүй байна.

Иймд хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас гэрээний үлдэгдэл төлбөр 38 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Манай сургууль 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр МТ ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан сургуулийн хичээлийн байрны 1, 3 дугаар давхарт их засвар хийлгэн засварын төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь үнэн болно.

... Нэхэмжлэгч нотариатчтай нийлээд нотлох баримтыг хуурамчаар үйлдээд үнэн зөв эсэх нь мэдэгдэхгүй баримтыг хэрэгт өгсөн. Тухайн үед Ч.Базар гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш байсан. Ажил хүлээлцсэн актыг огт хийгээгүй. Ажил хүлээлцэх актад хэнээр гарын үсэг зуруулсан гэдгээ нэхэмжлэгч тал өөрсдөө тайлбарлах байх. Ажил гүйцэтгэх гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй баримт учир хуульд заасны дагуу үнэлэх боломжгүй, энэ нэхэмжлэлийн шаардлага нотлогдох боломжгүй. Д.Дуламцоо гэж хүний асуудлыг шийдвэрлэсний дараа энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/02731 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас 38 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МТ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч НССДС- ХХК-наас 347 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2194 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/02731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. “МТ” ХХК болон Нийгэм, Сэтгэл судлалын дээд сургуулийн хооронд байгуулагдсан гэх 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн огноотой “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноотой “Барилга засварын ажил ашиглалтад хүлээн авсан комиссын акт” гэх материалыг нотлох баримтын шаардлага хангаагүй /хуулбар/ байдлаар нэхэмжлэлд хавсарган өгсөн байдаг. “МТ” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дээрх хуулбар баримтууд /гэрээ болон акт/-г нотариатаар баталгаажуулж, шүүхэд нотлох баримтаар дахин хүргүүлсэн.

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн зүгээс “МТ” ХХК-иас аливаа хэлбэрээр ажил хүлээн авсан тухай акт үйлдээгүй бөгөөд уг актын эх хувь болон ажил гүйцэтгэх гэрээний эх хувь байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ажил хүлээлцсэн актын эх хувийг “МТ” ХХК-иас гаргуулан авах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч “МТ” ХХК-иас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичгээр ажил хүлээлцэх актын эх хувь нь манай компанид байхгүй, Баянгол дүүргийн нотариатч Д.Дуламцоод эх хувиараа байгаа гэсний дагуу шүүхээс нотариатч Д.Дуламцоог ажил хүлээлцэх актын эх хувийг авахаар хандсан, ажлын байранд үзлэг хийсэн боловч нотариатчын тайлбар болон ажлын байрны үзлэгээр ажил хүлээлцэх актын эх хувь байхгүй нь тогтоогдсон. “МТ” ХХК-ийн зүгээс эх хувь байхгүй /хуулбар хувь/ материалыг өөрийн танил нотариатчаар баталгаажуулан хэрэгт нотлох баримтаар хүргүүлж байгаа нь нотариатчтай хамтран нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна. ...Мөн “МТ” ХХК нь гүйцэтгэх ажлын төсвийг дахин хянаж нийт ажлын төсвийг 62 сая төгрөгөөс 55,0 сая төгрөг болтол 7 сая төгрөгөөр бууруулж ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Иймд дээрх 7сая төгрөгийг хасч шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа тул 38 сая төгрөгөөс 7 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “МТ” ХХК нь хариуцагч “НССДС-” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 38 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч “НССДС-” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, нэхэмжлэгч хуурамч баримт бүрдүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч “МТ” ХХК нь хариуцагч “НССДС-” ХХК \хуучин нэрээр Энх орчлон дээд сургууль\-тай 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, тус сургуулийн барилгын 1, 2, 3 дугаар давхрын 17 объектын 718,91 мкв талбайд их засварын ажил гүйцэтгэх, хариуцагч тал ажлын хөлсөнд 62 249 923 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Хоёр шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч “МТ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэн өгсөн учир хөлсөө бүтэн авах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд барилга засварын ажил ашиглалтад хүлээн авсан актыг нотлох баримтаар гаргасан байна.

Хариуцагч “НССДС-” ХХК дээрх баримтыг хуурамч гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх нь хууль зөрчихгүй.

Зохигчийн хоорондох ажил гүйцэтгэх гэрээг захиалагч талыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байгуулсан гэх хариуцагчийн тайлбар гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагч “НССДС-” ХХК-ийн захирал гарын үсэг зурж, байгууллагын тамга дарагдсан, захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан байх тул хоёр шатны шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/02731 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2194 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                  Ц.АМАРСАЙХАН