Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 841

 

                                                                     

 

 

 

 

 

 

Т.Ээд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Марал,

шүүгдэгч Т.Э,

хохирогч Б.Д,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 642 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.Ээд холбогдох эрүүгийн 1805024870646 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цэдэнпунцаг овогт Төмөрбямбын Э, 1983 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Өлзийт суманд мал маллаж амьдардаг гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Өлзийт сум, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АЕ /;

Т.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “89” нэртэй дэн буудалд, хамтран амьдрагч Б.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэдэнпунцаг овогт Төмөрбямбын Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ээд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Т.Ээд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Т.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, хохирогч Б.Д нь энэ хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Эийн гэм бурууг хянан хэлэлцээд, шүүгдэгчийн үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий, хамтран амьдрагч Б.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, прокуророос тус зүйлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж, гэм буруутайд тооцсон. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон.

Гэтэл тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ээд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг ямар үндэслэлээр үгүйсгэж, хөнгөрүүлж ял оногдуулсан болох нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийтгэх тогтоолыг хүлээн авах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 642 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Хохирогч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Т.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “89” нэртэй дэн буудалд, хамтран амьдрагч Б.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Д /хх-ийн 12-14/, гэрч Н.Энхтөр /хх-ийн 24-25/, Г.Уянга /хх-ийн 64-65/, Б.Чимэдзаяа /хх-ийн 67/ нарын мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Б.Дгийн биед “зүүн гарын богтос ясны хугарал, хамрын нуруу, хацар, шанаа, зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд сорви” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болохыг тогтоосон шинжээчийн 5275 дугаар дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Ээд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж...” гэж бичигджээ.

 

Үүнээс гадна шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид хобогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүдэгч Т.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй...” хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгийн 1 дэх заалтаар шүүгдэгч Т.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж бичвэрийн хувьд алдаа гаргасан байна.

Үүнийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заажээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд хорих ял байхгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж бичвэрийн хувьд алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, дээд шатны прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээс “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 642 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” тухай хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: