Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00954

 

В.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00169 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалтай, 

В.Б-ийн нэхэмжлэлтэй            

ХУД ЗДТГ-т холбогдох, 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч В.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие ХУД ЗДТГ-т 2010-2013 онд Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 2013-2017 онд Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны Б/21 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Тамгын газрын даргын 2017 оны Б/21 тоот тушалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар бүхий шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0756 дугаар бүхий магадлал гарч намайг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан. Хариуцагч шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг Захиргааны хэргийн танхимын шүүгчийн 2018 оны 12 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0576 дугаар шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 5.701.255 төгрөгийг хариуцагчаас албадан гаргуулж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр надад олгосон. Намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох шийдвэр хараахан хэрэгжээгүй байна. Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 17 сарын хугацаанд миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэдэгт ажилгүй байсан бүх хугацаа хамаарах тул шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговроо нэхэмжилж байна. Хуульд зааснаар ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 756 дугаар магадлалыг тус тус үндэслэн ХУД ЗДТГ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/140 дугаар олговор олгох тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00169 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХУД ЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12 765 732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Б-эд олгож, илүү нэхэмжилсэн 5 234 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан В.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ХУД ЗДТГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХУД ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 219 202 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-эд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХУД ЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-эд олгож гэж, 3 дахь заалтын 219 202 гэснийг 247 950 гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 185 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалаар В.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалаар нэхэмжпэгч В.Б-ийн дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт нь бичигдсэн 1.213.234 төгрөг, ажлын 1 хоногт 56.429 төгрөг гэж тооцсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хоол, унааны мөнгөн орлого хамаарахгүй байхаар заасныг зөрчсөн. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

В.Б-, ХУД ЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговорт 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан ажлаас буруу халсан үеийн дундаж цалин хөлс гаргуулах журмын дагуу тооцоолол хийжээ.

Нэхэмжлэгч В.Б- хариуцагч ХУД ЗДТГ-т Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сард ажлаас халагдсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч В.Б- ажилгүй байгаа хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх 128/ШШ2017/0576 дугаар шийдвэрт заасан нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговорыг тооцсон нь нь хуульд нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч В.Б-ийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингийн дунджаар нэг сарын цалин хөлсийг тогтоож, 128/ШШ2017/0576 дугаар шийдвэр гарснаас хойш энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар бодоход нийт 21 сая төгрөг олгогдохоор боловч шүүх нэхэмжлэлийн хүрээнд буюу 18.000.000 төгрөг гаргуулсан нь  үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “хоол, унааны мөнгийг олгосон нь буруу” гэх гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ