| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 182/2018/01939/И |
| Дугаар | 001/ХТ2019/00455 |
| Огноо | 2019-04-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2019/00455
Г.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01829 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2230 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “М Т” ХХК, “М Т мед” ХХК-д холбогдох,
Цалин хөлс 2 900 000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянгын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“М Т” ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл цалин болох 620 000 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн диплом гаргуулж ажилд орж чадаагүй хугацааны цалин болох 1 500 000 төгрөгийг гаргуулна.
“М Т мед” ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин 443 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 951 000 төгрөг нийт 1 394 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Г.Б-г “М Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/324 дугаар тушаалаар Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. “М Т” ХХК нь Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин компанид ажиллаж байх хугацаандаа бараа, бэлэн бүтээгдэхүүний дутагдал гаргах, компанийн касс дахь бэлэн мөнгөнөөс 500 000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэх зэргээр 1 202 759.77 төгрөгийн хохирол учруулсан. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үлдэгдэл цалин 620 000 төгрөг төлөхгүй. Ажлаас гарах болсон тул 544 853 төгрөгийг ажилтны цалингаас суутган авсан. Бараа материал дутагдуулж төлбөр тогтоосон актыг зөвшөөрч цалингаасаа төлөхөөр тохирсон. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом өгөөгүйгээс ажилд орж чадаагүй цалин 1 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Г.Б-г ажлаас гарсан тойрох хуудсаа зуруулаад бичиг баримтаа авах гэхээр ирдэггүй.
“М Т” ХХК-иас гараад “М Т мед” ХХК-нд шилжин ажилласан тул хохирол учруулаагүй. Ажилтан Г.Б-гийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалин 443 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 951 000 төгрөг нийт 1 394 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч “М Т” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ажилтан Г.Б-д 2018 оны 01 дүгээр сард Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн 1 дүгээр сарын борлуулалтын 2 хувиар тооцож 1 300 034.6 төгрөгөөс тооцон цалинг олгох ёстой байсан боловч 4 хувиар буюу 2 447 250.40 төгрөгийг тооцож, түүнд ногдох татвар, шимтгэлийг суутган авч түүнд олговол зохих цалин хөлсийг бүрэн олгосон байдаг. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтанд 2018 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг олгохдоо 1 147 215.8 төгрөгтэй тэнцэх хэмжээний үндсэн цалинг илүү тооцон олгосон буюу нийт 918 080 төгрөг илүү олгосон. Нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ыг оруулаагүй, ажилтны гарт олгогдсон цалин хөлсний дүнгээс тооцон гаргасан мөнгөн дүн юм. Иймд илүү олгосон цалин 918 080.13 төгрөгийг Г.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2018 оны 3 дугаар сард нягтлан бодогч Э.Номинтой утсаар ярьж 1 дүгээр сарын цалинг үнэн зөв бодсон эсэхийг асуухад 12 дугаар сарын борлуулалтыг үндэслэн бодож зөв олгосон гэсэн хариулт өгсөн. Иймд 1 дүгээр сарын цалинг бодохдоо 12 дугаар сарын борлуулалтаас бодож тооцсон тул илүү цалин аваагүй. М Т ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин хөлсийг борлуулалтын 2 хувиар бодож олгохоор тохиролцон гэрээ хийсэн. Хөдөлмөрийн гэрээний дагуу буюу 2 хувиар бодвол 2017 оны 12 дугаар сард 120 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 2 500 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 65 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 1 300 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сард 45 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 900 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сард 60 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн үнийн 2 хувь болох 1 200 000 төгрөг тул 918 080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01829 шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Г.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч М Т мед ХХК-нд холбогдох цалин 1 394 000 төгрөг гаргуулах, хариуцагч М Т ХХК-нд холбогдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, диплом албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч М Т ХХК-нд холбогдох 1 677 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг, Г.Б-д холбогдох 918 080 төгрөг гаргуулах тухай М Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 550 төгрөгийг, хариуцагч М Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 584 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Т мед ХХК-иас 37 254 төгрөг, хариуцагч М Т ХХК-иас 94 296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэгч Г.Б-гаас 19 250 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлого болгож,
хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2230 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01829 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын Хөдөдлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч М Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 584 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хариуцагч “М Т” ХХК нь анхан шатны шүүхэд “Г.Б-гаас 918 080 /есөн зуун арван найман мянга наян/ төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь “М Т” ХХК нь Г.Б-д 2018 оны 1 сард түүнд олгох ёстой байсан цалин хөлснөөс илүү хэмжээний мөнгөн хөрөнгийг олгосон үйл баримт /факт/-д тулгуурласан байдаг /хх - 69-70 дугаар тал/.
Уг үйл баримтыг буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор хариуцагч “М Т” ХХК нь холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Г.Б-тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /ХХ-8-10 дугаар тал/ буюу Г.Б- нь 2018 оны 01 дүгээр сард Бөмбөгөр ЭХНТөвийн борлуулалтын 2 хувьтай тэнцэх хэмжээний цалин авах эрхтэй болохыг нотлох баримт;
Г.Б-гийн ажиллаж байсан хариуцагч “М Т” ХХК-ийн харьяа Бөмбөгөр ЭХНТөвийн 2018 оны 01 дүгээр сарын борлуулалтын орлогын хэмжээг тодорхойлох кассын тайлан /ХХ-86 дугаар тал/ болон дансны орлогын тайлан /ХХ-87 дугаар тал/ буюу Бөмбөгөр ЭХНТөвийн 2018 оны 01 дүгээр сарын нийт борлуулалтын орлогын хувь хэмжээг нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
... Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэйгээс гадна санхүүгийн бичиг баримт, тайлан зэрэг нь хариуцагчид өөрт нь ажил олгогчийн хувьд хадгалагдаж байдаг баримт бөгөөд 2017 оны 12 дугаар сард 120 000 000 төгрөгөөс бага хэмжээний борлуулалт хийгдсэн гэх үндэслэлээ нотолж чадаагүй байна.
...Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Г.Б- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар буюу татгалзал, тэдгээрийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариуцагчийн хариу тайлбарыг нотлох үүргийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан талын үүрэг мэтээр тайлбарласан.
... Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болон хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.
...Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 48.3.4, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн нэмэгдэл урамшуулал заавал байх ёстой мэтээр дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийн дагуу Г.Б-д ямар нэг эрх зүйн үндэслэлгүйгээр хөрөнгийн давуу байдлыг бий болгосон гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “М Т” ХХК, “М Т мед”ХХК-д холбогдуулан цалин хөлсийн 2 900 000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, боловсролын диплом зэрэг бичиг баримтыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “М Т мед” ХХК нь нэхэмжлэгчийн цалинд 1 394 000 төгрөг өгөх, хариуцагч “М Т” ХХК нь бичиг баримт олгохыг тус тус хүлээн зөвшөөрчээ. Харин хариуцагч “М Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчийг ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзсанаас гадна 2018 оны 01 дүгээр сард цалинд 918 080 төгрөг илүү олгогдсон гэж нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх нь нэхэмжлэлийг энэ хэмжээгээр үндэслэлтэй гэж үзэх нөхцөл болдог тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж үзсэн бол хэрэгсэхгүй болгох учиртай. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэл хэд хэдэн үндэслэл бүхий шаардлагаас бүрдсэн тул шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн шаардлагад холбогдох хэсгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг эрх зүйн хувьд сонгож болох хувилбар гэж үзэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болгоогүй болно.
Ажил олгогчийн зүгээс ажилтанд олгох цалин хөлсийг өөрөө тооцолдог, ажилтан өөрөө дур мэдэж авах цалингийнхаа хэмжээг тогтоодоггүй болно. Ажил олгогч ажилтанд олгосон цалингийн хэмжээг буруу тооцоолсон, урамшуулал олгох үндэслэлгүй байсан байх нь ажилтнаас илүү олгосон гэх мөнгийг буцаан шаардах үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй урамшууллын мөнгө өгсөн, улмаар тэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй, хариуцагч өөрийн сөрөг шаардлагыг баримтаар нотлоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2230 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 26 584 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН