Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2018/01287/И |
Дугаар | 001/ХТ2019/00473 |
Огноо | 2019-04-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2019/00473
Д.Б-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01742 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2299 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч ОСНААУГ-т холбогдох,
Гэм хорын хохиролд 355 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайханы гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Ц.Саранзаяа, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Зүүн түгээх төвийн ажилчид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 40 тоот айлд усны тоолуур шинээр тавих гэж халуун, хүйтэн ус түр хаасан. Гэвч ажлаа бүрэн дуусгалгүй усаа нээснээс болж тухайн айлд их хэмжээний ус алдагдаж, доод айл болох 37 тоотод ус алдаж хана, тааз, гэрлийн бүрхүүл дагаж ус орсноос эд материалын хохирол учруулсан. Иймд хариуцлага алдсан сантехникч болон ОСНААУГ-аас манай гэрт учирсан хохирол 322 400 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 33 000 төгрөг, нийт 355 400 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 37 тоот айлын дээд давхрын айл болох 40 тоотоос ус алдсан нь тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ийн засварчинтай хамааралгүй юм. Засварчин 40 тоот айлд дуудлагаар очиж усны тоолуур суурилуулах явцад материал байхгүйн улмаас засварын ажлыг дуусгах боломжгүй болж, 12 цагийн орчимд ажлаа дуусган тухайн айлын цэвэр усны халуун, хүйтэн усны шугам дээр суурилагдсан хаалт буюу аваарын вентелээр усыг хааж, тус байрны 40 тоотоос бусад айлын цэвэр усыг нээсэн. Гэтэл тус айлын оршин суугч нар усны хаалтыг 15 цаг орчимд нээснээр ус алдах шалтгаан үүссэн байна. Засварчны хаасан усны хаалтыг нээсэн гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотлон хэлдэг. Иймд хариуцагчаар татагдсан ОСНААУГ-т холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01742 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 355 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас төлсөн 11 312 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 11 312 төгрөг гаргуулж Д.Б-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2299 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 11 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... 40 тоот айлын эзэн Я.Золбоог иргэний хэрэгт гэрчээр татуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтын дагуу хариуцагчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх, гэрч дуудах ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй. ... Гэрчээр оролцуулах иргэн Я.Золбоо нь нэхэмжлэгчийн дээд давхар 40 тоотод байнгын суурин оршин суугч байтал анхан шатны шүүх оршин суух хаяг тодорхой бус гэсэн дүгнэлт хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл байна. ... Давж заалдах шатны шүүх тус хэргийг хянаад “... хариуцагч байгууллагын засварчин нь хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас 40 тоот айлд ус алдаж улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгч Д.Б- нь тус газрын гэрээт хэрэглэгчийн хувьд дээрх дүгнэлтийн хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан анхан шатны журмаар шийдвэрлэх хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч ОСНААУГ-т холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт 355 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч ОСНААУГ- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид учирсан гэм хорд гэм буруугүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Нэхэмжлэгч Д.Б-ы оршин суух Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэл 12 дугаар байр, 37 тоот орон сууцын дээд давхрын 40 тоот айлын халуун хүйтэн усны шугамаас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцны тааз, хана, хаалга норж гэмтсэн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийсэн байна.
Хариуцагч тал 40 тоот айлын усны шугамд засвар хийхдээ вентилээр усыг нь хаасан байхад оршин суугчид нээснээс болж ус алдсан гэж тайлбарласан нь баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн гэм бурууг үгүйсгэхгүй гэж шүүх үзжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 492.2.-т заасан байна.
Хариуцагч тал нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо нотолж чадаагүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч байгууллагын засварчин нь хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас ус алдсан гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулдаг болно. Тухайлбал, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авдаг боловч тухайн гэрчийн оршин суух хаяг тодорхой бус тохиолдолд хүсэлтийг хангах боломжгүй юм. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг авахуулах хариуцагч талын хүсэлтийг хангах боломжгүй байдлыг хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжид тодорхой тусгасан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор арилгах үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01742 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2299 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 11 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН