Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 786

 

Ц.Г, Д.О, Ж.Ө нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

  Прокурор Ц.Майбаяр,

  Хохирогч Б.Бямбаа, түүний өмгөөлөгч Я.Батханд,

  Хохирогч П.Ичинхорлоогийн өмгөөлөгч С.Цацралтуяа, 

  Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, М.Алтанцэцэг,

  Цагаатгагдсан этгээд Ж.Ө, түүний өмгөөлөгч Б.Ганбат,   

  Цагаатгагдсан этгээд Д.О-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

  Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.Бямбаа, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Г Д.О Ж.Ө нарт холбогдох эрүүгийн 21040691 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Аргалан овгийн Ц.Г-д, 1965 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Монпасс интернэшнл” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 8-53 тоотод оршин суудаг,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 124 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 250.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /РД: ТЕ65071671/,

  2. Боржигон овгийн Д.О, 1965 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “G-Kop-Ka” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ХК65042060/,

 

  3. Ванжилынхан овгийн Ж.Ө, 1963 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Стандартчилал хэмжилзүйн газарт мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 11 дүгээр байрны 40 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧЕ63102465/.

 

1. Ц.Г нь тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын Ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендөрийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 9 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц, нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

давтан үйлдлээр Д.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 9 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж, орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн,

2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ё.Энхсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 28 тоот 79.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж, барьцаанаас чөлөөлж өгөлгүй, 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

2008 оны 4 дүгээр сарын 8, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Жи И Жао” ХХК-ийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн,

2008 оны 8 дугаар сард П.Ичинхорлоод “Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй бол манай компаний нэрээр зээл авахад тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж, энэ зээлийг бүтээж өгнө манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой зээл авахад чинь асуудалгүй тусална, чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих” гэж итгүүлэн “Монпасс интернэшнл” ХХК-ийн нэр дээр П.Ичинхорлоо болон түүний хүү Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарын нэр дээр байсан 2 орон сууцыг барьцаалан 100 сая төгрөгийн зээл банкнаас авах байсан дээр нэмж 20 сая төгрөгийг “би зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулна” гэж авсан боловч уг зээлээ болон П.Ичинхорлоогийн үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг залилан авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Ж.Ө нь 2008 онд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт хөрөнгө оруулаагүй, мөн өмнөх тендерт Ц.Гтой хамтран оролцохдоо Худалдаа хөгжлийн банкинд 3 өрөө орон сууцаа барьцаалж, тендерт оролцоод барьцаа хөрөнгийг суллаагүй, тендерээс ашиг олоогүй атлаа уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ц.Гтой бүлэглэн, үгсэн тохиролцож “бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан туршлагатай, энэ удаагийн тендер нь өмнөх тендерүүдээс илүү ашигтай” гэж иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, гарын үсэг зурах эрхийг эдэлж, тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцохоор тохиролцож Х.Оюунчимэгийн гэр бүлийн өмчлөлийн 23 зая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

 

3. Д.О нь Ц.Гтой бүлэглэн Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерийн ажлыг гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байна, бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан, Ц.Г нь найдвартай, туршлагатай хүн хэмээн иргэн Б.Бямбааг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж, мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 9 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж, орон сууцыг барьцаанаас суллаж өгөлгүй, өөрийн эзэмшлийн “Бөмбөлөг” нэртэй хувийн цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулж, иргэн Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.Г-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.4, 253 дугаар зүйлийн 253.1, Д.О Ж.Ө нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Ж.Ө нарт холбогдох хэргийг, мөн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-д холбогдох хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ө, Д.О нарыг цагаатгаж, Прокуророос шүүгдэгч Ц.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Ц.Гыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Гыг П.Ичинхорлоог хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2, 3-т зааснаар шүүгдэгч Ц.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан П.Ичинхорлоог хуурч 20 сая төгрөг залилан авсан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Г нийт 274 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Ө нийт 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.О нийт 151 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдан иргэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гоос 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч П.Ичинхорлоод олгож, хохирогч нь өөрт учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г Ж.Ө, Д.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн дагуу зөв дүгнэлт хийлгүйгээр хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцэхдээ Ц.Г нь Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан бол 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр дахин хянан хэлэлцэхдээ Ц.Г нь Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Ц.Гын үйлдлүүд нь санаа зорилгын хувьд адил, аргын хувьд төсөөтэй байхад шүүх тэдгээр үйлдлүүдэд эрс өөр дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй бөгөөд үндэслэл муутай байна” гэсний дагуу ямар ч дүгнэлт хийлгүйгээр өмнөх шийдвэрээ хэвээр гаргасан байна. Иймд Ц.Г нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Хохирогч Б.Бямбаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.О-тай нэг байгууллагад олон жил хамт ажилласан. Д.О нь “Гэр бүлийн найз Г-той хамтарч тендерийн ажил хамтарч хийх гэсэн боловч мөнгөний хэрэг болоод та дүүдээ байрны гэрчилгээгээ түр өгч тус болооч” гэсэн. Миний бие тендерт оролцоогүй, тендерээс ашиг олно гэж би хэлээгүй. Д.О “Танд байраа ашиглуулсны шагналд 8 хувийн шагнал авна” гэж хэлж байсан. Шүүгдэгч Ц.Г цагаатгагдсан этгээд Д.О нар ломбарднаас авсан зээлээ төлөөгүй учраас шүүхийн шийдвэрээр гарсан учраас би арга буюу зээл авч байрны бичиг баримтаа чөлөөлүүлж авсан. Тэгээд эдгээр хүмүүсийг миний төлсөн төлбөрийг төлөх байх гэж бодож байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Иймд шүүгдэгч Ц.Г цагаатгагдсан этгээд Д.О нараас надад учирсан гэм хорын хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх иргэн Х.Оюунчимэг, Ё.Энхсайхан, Б.Бямбаа нарыг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан”, “итгэмжлэл хуурамчаар үйлдсэн” гэж Ц.Г намайг ялласан прокурорын шийдвэрийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.

П.Ичинхорлоог давхар 20.000.000 төгрөгөөр залилсан гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь П.Ичинхорлоо өөрөө хүсэлт гаргаж, бид нар ярьж тохирч Монгол улсын Иргэний хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хууль журмын дагуу банкнаас зээл авсан. Зээл төлөх асуудал нь Худалдаа хөгжлийн банк, Капитал банкны харилцах дансанд хууль бусаар халдаж зориулалтын дагуу ашиглаж байсан, зээлийг хаасны улмаас зээл төлөх боломжгүй болсон. Үүнээс үндэслэн Д.Ичинхорлоогийн авсан 100.000.000 төгрөгийн хүү алданги бүрэн төлөгдсөн эсэх  нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй. Энэ үндэслэлээр 466 тоот зээлийн гэрээний төлбөр төлөгдөөгүй. 2008 онд 89.000.000 төгрөгийг “Монпасс интернэшнл” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнд 20.000.000 төгрөг хамт орсон байгаа. Иймд П.Ичинхорлоод 20.000.000 төгрөг давхар гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний шүүхээр 89.000.000 төгрөгийг “Монпасс интернэшнл” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж тус компани 64.000.000 төгрөгийг төлж, 24.000.000 төгрөг үлдсэн байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Ц.Г-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас оролцож байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Х.Оюунчимэг, Ё.Энхсайхан, Б.Бямбаа нарыг залилан мэхлээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ямар гэмт хэрэг гарснаас болно. Иргэний хэрэг гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хангаагүй” гэсэн байна. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд шүүгчид нөлөөлөх ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Анхан шатны шүүх өөрийнхөө эрх хэмжээнд, өөрийнхөө итгэл үнэмшлээр, хавтаст хэрэгт хийсэн дүгнэлтээр шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх шаардлагагүй.

Мөн П.Ичинхорлоод 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж байна. П.Ичинхорлоод Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2017 оны 74 тоот тогтоолоор залилсан гэдгийг хэрэгсэхгүй болгосон. П.Ичинхорлоог хуурч мэхлээгүй, компаний нэрээр 100.000.000 төгрөгийг өгсөн. Тийм учраас 20.000.000 төгрөгийн талаар Б.Ганбаатарын мэдүүлгээр тодорхой байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогч Б.Бямба ашиг хонжоо олох гэж тендерт оролцон асуудлыг хянаж үзнэ үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч 20.000.000 төгрөгийн талаар “П.Ичинхорлоо 100.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 20.000.000 төгрөгийг Ц.Г буюу “Монпасс интернэшнл” ХХК авсан. Тэгэхээр иргэний шүүхээс “Монпасс интернэшнл” ХХК тэр мөнгийг төл гэсэн шийдвэр гарсан байхад эрүүгийн шүүхээс 20.000.000 төгрөг төлөхөөр заасан нь Иргэний шүүх, Эрүүгийн шүүхийн хоёр шийдвэр давхцаж байгаа” гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх бусад үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн атлаа П.Ичинхорлоогийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэсэн нь үндэслэлгүй гэж миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан. Энэ үйлдлүүдийг харахад хэрэгсэхгүй болгож байгаа үйлдлүүдийг буюу санаа зорилгын хувьд арга нь зээлж авсан төлбөр нь тодорхой байдаг. Хохирогч нар “энэ мөнгийг тендерт ингэж зарцуулсан, бид нар харж байсан” гэж мэдүүлдэг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийг залилан мэхэлсэн гэж бусад үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосон бол П.Ичинхорлоогийн үйлдлийг мөн адил иргэд хоорондын гэрээ байгуулж авсан. Хохирлын асуудлыг удаан шийдвэрлэж байгаа нь хавтаст хэрэгт магадлал, шийтгэх тогтоолууд байдаг. Учир  нь Худалдаа хөгжлийн банк илүү авсан байсан учраас П.Ичинхорлоо 2017 онд Эрүүгийн журмаар гомдол гаргасан. Тэгэхээр эрүүгийн журмаар гомдол гаргаж шийдвэрлэж байгаа асуудал нь миний үйлчлүүлэгч 38.000.000 төгрөг илүү авсан гэж миний үйлчлүүлэгч шүүхээр явж байгаад шүүхийн шийдвэр гарсан. Шүүх “38.000.000 төгрөгийг илүү авсан нь үндэслэлтэй байна. “Монпасс интернэшнл” ХХК 24.000.000 төгрөг төлөх нь зүйтэй” гэж иргэний журмаар эцэслэн шийдвэрлэгдэж дуусч байгаа. “Монпасс интернэшнл” ХХК 24.000.000 төгрөг төлөх ёстой байхад Эрүүгийн журмаар 20.000.000 төгрөг төлөхөөр заасан байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дордсон учраас давж заалдах гомдол гаргасан...” гэв.

 

Хохирогч П.Ичинхорлоогийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Г-ын зүгээс иргэн П.Ичинхорлоог залилан мэхлээгүй учраас гэж үндэслэлээ гаргаж гомдол гаргасан байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд П.Ичинхорлоод холбогдуулж анхан шатны шүүх П.Ичинхорлоог хуурч 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдолдоо хохирлыг иргэн П.Ичинхорлоод гаргуулсан нь буруу гэж байна. Анхнаасаа гомдол гаргахдаа  Монпасс интернэшнл” ХХК-нд холбогдуулж биш иргэн Ц.Г-д гаргасан. Иргэний журмаар гарсан шүүхийн шийдвэрүүдээс цаг хугацаа өнгөрсөн хэдий ч Ц.Г Капитал банктай холбоотой тооцооны асуудалд нийт үлдэгдэл 24.000.000 төгрөг байна гэсэн албан бичиг авагдсан байгаа. П.Ичинхорлоо 20.000.000 төгрөгөөр хохирсон биш энэ зээлийн барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21б байрны 9 тоот орон сууц буюу орон сууцныхаа өмчлөх эрхээр хохирсон байгаа. Орон сууцаа захиран зарцуулах эрхгүй, боломжгүй байдлаараа П.Ичинхорлоо хохирсон. Хохирлын нийт үнийн дүн байгаа. Шүүгдэгч Ц.Гын хувьд 20.000.000 төгрөгийг иргэний журмаар гарсан шийдвэрийн дагуу төлсөн байхад энэ үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөж, үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрх үүснэ гэж үзэж байна. Цаг хугацааны дарааллаар харахад хамгийн эхлээд П.Ичинхорлоогоос эхлэн хуурч мэхлэх асуудал эхэлсэн гэж харагдаж байгаа. Хэдийгээр анхан шатны шүүх бусад этгээдэд холбогдох үйлдэл холбогдлуудыг хэрэгсэхгүй болгосон хэдий ч анхнаасаа тус компани эдийн засгийн чадваргүй байдлаа ашиглан бусдын хөрөнгийг буюу үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих итгэлийг олж авч ийм хэмжээний хохирол учруулсан нь залилан мэхэлсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд бүрэн дүүрэн нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Бямбаагийн өмгөөлөгч Я.Батханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Д.Оын үйлдэл оролцоог гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгэхээр хохирогч Б.Бямбаагийн байрыг хуурч мэхэлж, итгэл эвдэх аргаар Ц.Год зуучилж залилангийн гэмт хэрэг үйлдсэн байхад цагаатгаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Б.Бямбаа хэргийн материалд хохирлын бүх баримтаа хавсаргаж өгсөн. Үүнд нийт 94.112.560 төгрөгийн хохирол залилангийн гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан гэж гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Оын үйлдэл оролцоог шүүх цагаатгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна..” гэв.

 

Прокурор Ц.Майбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй. Шүүгдэгч Ц.Ганбодын үйлдсэн гэмт хэргүүд үйлдэл нь нэг аргаар үйлдэгдсэн байдаг. Тендерийн асуудал 2008 оны 7 дугаар сард авсан байдаг. Гэтэл өөрөө хөрөнгөгүй учраас тендерийн ажил хийх боломжгүй учраас иргэдээс 2008 оны 8, 9 дүгээр саруудад 4 удаагийн үйлдлээр бусдад “Тендер орж авсан байгаа” гэж бичиг баримтаа үзүүлж, хуурч мэхэлж зээл авсан байдаг. Эдгээр хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогч нарын хувьд тендерийн үндсэн дээр гэрээ байгуулж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэснийг зөрчсөн байна.

Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх урьд нь хэргийг хянаж анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заахгүйгээр эрс өөр өөр дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Гын холбогдсон зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байгаа талаар дүгнэж, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ц.Гын үйлдлүүд нь санаа зорилгын хувьд адил, аргын хувьд төсөөтэй байхад шүүх тэдгээр үйлдлүүдэд эрс өөр дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй бөгөөд үндэслэл муутай болжээ гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэхгүйгээр урьд өмнө хийсэн дүгнэлтээ дахин хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хохирогч Б.Бямбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад энэ удаа үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргах боломжгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Г, Д.О, Ж.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                           ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

 

                                                                                                   Д.МЯГМАРЖАВ