Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 668

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч “Х.А.А.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч Г.Б, хариуцагч С.Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Б.Б нарыг оролцуулан “Е” ХХК, “А” ХХК нарын нэхэмжлэлтэй, С.Я, “Х.А.А.Б” ХХК, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Е” ХХК

Нэхэмжлэгч: “А” ХХК 

Хариуцагч: С.Я

Хариуцагч: “Х.А.А.Б” ХХК

Хариуцагч: ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “ “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Монгол Улсын С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан “... түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна ... тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгуулах, “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа,төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай 82 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгох, “Х.А.А.Б” ХХК, “А” ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан  ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох”.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Е” ХХК, “А” ХХК нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...1. “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай.

"Е” ХХК болон “А” ХХК-ийн түншлэл нь “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зарласан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх цахим тендерт” оролцсон.

Захиалагчаас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Танай компани нь ... шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7 заалтын дагуу санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй тул тендерт шалгараагүй гэж үнэлгээний хороо дүгнэснийг үүгээр мэдэгдэж байна”... танай ирүүлсэн тендерээс татгалзах тухай үнэлгээний хорооны шийдвэрийг хүргүүлж байна” гэсэн 81 тоот мэдэгдлийг ирүүлсэн.

Тендерийн үнэлгээний хороо нь манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн атлаа 27.4 дэх хэсэгт заасны дагуу тендерээс татгалзаж байна гэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй, хоорондоо зөрчилдсөн байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж “санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй” гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус захиргааны акт болно.

2. Монгол Улсын С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгчээс “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу С.Яанд гомдол гаргасан бөгөөд гомдлыг С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот албан бичгээр: “захиалагчийн мэдэгдлээс үзэхэд санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй гэж татгалзсан байгаа нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг зөрчсөн байна” гэж зөв дүгнэсэн боловч “Е” ХХК болон “А” ХХК-ийн түншлэлийн гаргаагүй зөрчлийг гаргасан гэж давхар дүгнэн тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь тендерт оролцогч манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шийдвэр болсон.

Тодруулбал, С.Яны 2019 оны 6-1/2972 тоот “Гомдол хянасан тухай” албан бичигт: “Е’ ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан "... түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-т “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно: 5.1.6.6-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэд этгээд” гэж заасны дагуу "Е” ХХК болон “А” ХХК нар нь хамтран ажиллах гэрээ байгуулж түншлэл болон тендерт оролцсон.

Тендерт оролцогчоос 2017, 2018 оны санхүүгийн баталгаажсан тайланг болон тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу материалыг бүрдүүлж, тендерийн үнэлгээний хороо шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн байтал С.Я 2018 онд үүсгэн байгуулагдсан “Е” ХХК-ийн 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Мөн захиалагчаас гаргасан тендерийн баримт бичгийн Хоёрдугаар бүлэг, Тендерийн өгөгдлийн хүснэгт /Тухайн тендерийн дагуу худалдан авах Системийн талаарх дор дурдсан тусгайлсан өгөгдлүүд нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны холбогдох зүйл, заалтуудыг тодотгох, нөхөн гүйцээх болон нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ) болон ТОӨЗ-ны заалтууд хоорондоо зөрчилдвөл ТШӨХ-ийн заалтуудыг баримтална./-ийн ТОӨЗ 20.3-т “Тендерт оролцогч түншлэл нь 20.2(а) ба (г)-д болон 20.2(6) ба (в)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүдийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г) -д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байх шаардлагатай. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд түншлэлийг тухайн чадварын шаардлагуудыг хангаагүй гэж үзэж тендерээс нь татгалзана. Тендерт оролцогч чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлоход түүний туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, нөөц бололцоог харгалзан үзэхгүй.” гэж зааснаар түншлэлийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г) -д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байхад С.Я нь ТОӨЗ-ны 20.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс ТШӨХ-д заасан шаардлагад нийцүүлэн бэлтгэж ирүүлсэн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, С.Я нь захиалагч болох “Х а аб” ХХК-иас зохион байгуулсан тендерийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад “Е” ХХК болон “А” ХХК-ийн материалыг буруу дүгнэж, түүнийгээ үндэслэн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн.

Иймд “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, Монгол Улсын С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн: “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан "... түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна.”, ... “тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах”

3. Нэхэмжлэгчээс “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу С.Яанд гомдол гаргасан бөгөөд гомдлыг С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот албан бичгээр: “захиалагчийн мэдэгдлээс үзэхэд санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй гэж татгалзсан байгаа нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг зөрчсөн байна” гэж зөв дүгнэсэн боловч “Е” ХХК болон “А” ХХК-ийн түншлэлийн гаргаагүй зөрчлийг гаргасан гэж давхар дүгнэн тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь тендерт оролцогч манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шийдвэр болсон бөгөөд нэхэмжлэгчээс С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсэг болон тендерийг хүчингүй болгож, дахин зарласан хэсгийг тус тус хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цагт тендерийг нээсэн байна.

Тендер сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг үүрэг болгосон С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот албан бичигтэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж буйг хариуцагч мэдсээр атлаа сонгон шалгаруулалтыг дахин зарласан байх тул “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан: урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001, Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж өгнө үү.

4. ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №5 дугаар хурлын тэмдэглэл, “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар “Мэдэгдэл”, 2019 оны 04 дүгээр сарын 29- ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай.

Тендерийн үнэлгээний хороо нь манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн атлаа 27.4 дэх хэсэгт заасны дагуу тендерээс татгалзаж байна гэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй, хоорондоо зөрчилдсөн байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж “санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй” гэх үндэслэлээр татгалзсан.

“ХААБ” ХХК-ийн тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарын материалыг үнэлэхдээ илтэд нэг талыг барьж шаардлага хангахгүй, олон алдаа зөрчилтэй “А” ХК-ийг шалгаруулж, шаардлага хангаж буй нэхэмжлэгч компанийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан болно.

“А” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал нь холбогдох шаардлагуудыг хангаагүй байна.

5. “Е” ХХК, “А” ХХК-иудын нэхэмжлэлтэй Монгол Улсын С.Я, “Х.А.А.Б” ХХК, тендерийн үнэлгээний хороо нарт холбогдох нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Монгол Улсын С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “тендер сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай” актын биелэлтийг нэхэмжлэгч нарын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь тендер сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, үнэлгээний хороо хуралдаж, тендерийн материалд үнэлгээ хийж, гэрээ байгуулах зөвлөмж гарган, “А" ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр №ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г байгуулсан байна.

Иймд “Х.А.А.Б” ХХК, “А” ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №ХААБ/2019Ө>1001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч С.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Е” ХХК, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын С.Я, “Х.А.А.Б” ХХК-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “Е” ХХК нь “А” ХХК-тай хамтран түншлэл болж тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд “Е” ХХК нь захиалагчаас шаардсан ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 20.1 /б/-д заасан 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй, мөн түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь ТОӨЗ-ны 20.3-т заасан “түншлэлийн төлөөлөх эрх гишүүн нь 20.2/а/, /г/-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шалгуурыг тус тус хангаагүй байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан байхад захиалагч “А” ХХК-иас хуульд заасны дагуу бичгээр бус файлыг дахин бүтнээр авсан нь хууль зөрчсөн.

Нэгэнт хууль зөрчсөн нь дээрх байдлаар нотлогдож, хуулийн 30.1.1 дэх заалт дахь нөхцөл үүссэн тул уг тендер шалгаруулалтын ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгчээс “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан: ХААБ/201901001 дугаартай Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, үнэлгээний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №5 дугаартай хурлын тэмдэглэл, “Х.А.А.Б” ХХК- ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар “мэдэгдэл”, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн зөвлөмж хүргүүлэх тухай 82 тоот алба бичиг “Х.А.А.Б” ХХК, “А” ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

“Х.А.А.Б” ХХК-иас зарласан “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх” тендер сонгон шалгаруулалт “Е” ХХК-аас гаргасан гомдлын дагуу тендер шалгаруулалтын үйл ажиллагааг захиалагчаас ирүүлсэн тендерийн материалд үндэслэн хянан үзсэн.

1. Захиалагч “Х.А.А.Б” ХХК-аас тодруулга авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.” гэж заасныг зөрчсөн байсан. Учир нь цахим тендерийн файлын зарим хэсэг нь нягтрал бага, гаргац муутай байна гэсэн шалтгаанаар тендерийн материалыг файлаар дахин авсан нь үнэ болон агуулгатай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байсан.

Мөн “Е” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШӨХ- ийн ТОӨЗ-20.1 б, 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан “...түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 а, г-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг доод тал нь 20 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй байсан.

Дээрх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтад заасны дагуу “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй” гэж үзэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 дугаар албан бичгээр тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, хуулийн дагуу дахин зохион байгуулахыг захиалагч байгууллагад мэдэгдсэн байдаг.

2. Захиалагч тендер шалгаруулалтыг 6-1/2927 дугаартай захиргааны актын дагуу 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд тендер шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Харин Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын дагуу тендерийг хүчингүй болгож, дахин зохион байгуулж холбогдох шийдвэрийг гаргасан нь захиргааны акт биелсэн гэж үзэхээр байна.

3. Анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32019/6178 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-д заасныг тус тус баримтлан “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зарласан “Блокчейн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны системийн үйлчилгээ үзүүлэх тухай” ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалт болон 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх тухай” гэрээний биелэлтийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.”, 61.3-д “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зохицуулалтаар иргэний эрхий зүйн харилцаагаар зохицуулагдах гэрээний биелэлтийг түдгэлзүүлсэн байгаа нь өөрөө хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Мөн тухайн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээний шинжийг агуулаагүй байна. Дээрх гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлэн байгуулагдсан талуудын хоорондын тохиролцоо бөгөөд захирамжилсан шинжийг агуулаагүй зэргээс үзэхэд захиргааны хэргийн шүүхийн маргаан биш гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “Х.А.А.Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...‘‘Х.А.А.Б” ТӨХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх” цахим тендер зарлан холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан.

Уг тендерт 2 компани оролцсон бөгөөд тендерт оролцогч Е ХХК-ийн түншлэл буюу нэхэмжлэгч тал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7 дугаар заалтын дагуу үнэлгээ хийхэд хангалттай оноо аваагүй болно.

Тендерт оролцогч 2 талын ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлгээний хороо үнэлгээг хийхэд нэхэмжлэгч тал дараахь шалгуурыг хангаагүй. ҮҮНД:

1.Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны програм нэвтрүүлж байсан туршлага байхгүй. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 20.1-т “Өмнө нь блокчэйн технологи ашиглан арилжааны систем боловсруулж байсан гэрээ” тендерт оролцогч нь ирүүлэх ёстой боловч компанидаа зориулан боловсруулсан системтэй гэсэн албан бичиг ирүүлсэн.

2.Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагагүй байсан. ТОӨЗ 20.1 (г)- д зааснаар ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн мэдээлэл ирүүлэхдээ Блокчэйн технологи ашигласан програм хангамжуудын талаар ирүүлэх байтал өөр төрлийн програм хангамж боловсруулсан ажлын жагсаалт ирүүлсэн. Нэхэмжлэгч талын тендерийн бичиг баримтад ирүүлсэн Түншлэлийн хамтран ажиллах гэрээний 1.4-т тендерт талуудын оролцоо Е-ын хувьд 50%, А ХХК хувьд 50% байхаар, гүйцэтгэлийн хувьд мөн гэрээний 1.7 -т Е нь системийн хөгжүүлэлтийг бие даан хариуцан ажиллахаар тус тус заасан байна. Тиймээс тендерийн баримт бичигт заагдсан шалгууруудыг хангаагүй болно.

3.Санхүүгийн тайлан бүрэн ирүүлээгүй. ТОӨЗ 20.1 /б/ заасны дагуу 2017, 2018 онуудын санхүүгийн тайлан ирүүлэх ёстой боловч тендерийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь зөвхөн 2018 оны тайланг ирүүлсэн нь шалгуурыг хангаагүй болно. С.Я ч үндэслэлдээ энэ талаар дурьдсан.

“Е” компаний түншлэл нь Блокчэйн технологид суурилсан програм хангамжийг боловсруулж нэвтрүүлж байсан туршлагагүй, үнийн санал нь өрсөлдөгчөөсөө өндөр байсан тул тендерт шалгаруулах боломжгүй гэж үнэлгээний хороо үзсэн болно.

Нэхэмжлэгчийн гомдлыг С.Я хянаад уг тендерийг хүчингүй болгож, дахин зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу Х.А.А.Б ТӨХХК нь тендерийг дахин зарлаад байна.

Нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг С.Я хангасан шийдвэр гаргасан учраас тендерийг дахин зарласан нь  нэхэмжлэгчийн дахин оролцох боломжийг нээж өгч, эрх ашгийг зөрчөөгүй байна.

Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Х.А.А.Б ХХК болон А Т ХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ” (цаашид ‘Тэрээ” гэх )-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагын тухайд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээг захиргааны гэрээ гэж ойлгон шаардлага нэмэгдүүлсэн гэж харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд захиргааны гэрээний талаар маш дэлгэрэнгүй ойлгомжтой зохицуулсан байдаг. Уг хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж зааснаас үзвэл нийтийн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх бөгөөд тодорхой нэг харилцааг зохицуулсан, ажил гүйцэтгэх гэрээний агуулга, төрөлд хамаарахгүй байна. Мөн хуулийн 52.2.1-52.2.5-д зааснаар зөвхөн тодорхой төрлийн буюу төрийн алба, дэд бүтэц, концесс, хувийн хэвшлээр зарим чиг үүргээ хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэхээр зохицуулсан тул захиргааны гэрээнд хамаарахгүй юм.

1. Гэрээний 1 дүгээр зүйлд “Монгол улсын Иргэний болон бусад хууль тогтоомжийн дагуу бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон захиалагч, нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино” гэж заасны дагуу уг гэрээг Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамааруулан байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд нэрлэн заасан дээрх гэрээтэй холбоотой маргаан, тодруулбал гэрээг хүчин төгөлдөр бус, хүчингүй тооцуулахаар бол иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид “нэхэмжлэл” гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж иргэний шүүхийн харьяалалд заасан маргааны төрөл байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд 13.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ ” гэж тодорхой зааж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээг хүчингүй болгох нэмэгдүүлсэн шаардлага нь захиргааны шүүхийн бус иргэний шүүхийн харьяалалд байх, түүний бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх маргааны төрөл байгаа болно.

Нэхэмжлэгч нар дээрх гэрээнд оролцоогүй, гэрээний тал биш, эрх эдэлж үүрэг хүлээхээр эрх зүйн харилцаа үүсээгүй, уг гэрээний улмаас болж нэхэмжлэгчийн чухам ямар эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хүчингүй болгуулах шаардах эрх байгаа эсэх нь ойлгомжгүй байна.

Иймд хуулиар харьяалуулсан өөр шүүхийн хянан шийдвэрлэх маргааныг захиргааны шүүхэд харьяалуулан шийдвэрлэх боломжгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хариуцагч ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“Х.А.А.Б” ТӨХХК нь Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2.58.1, 2.58.2 тусгагдсаны дагуу биржээр арилжих бараа таваарын нэр төрлийг олшруулах, малчид, хоршоологчдыг арилжаанд оролцох жигд боломжоор хангах, Монголын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг олон улсын биржүүдийн арилжаанд оруулах бололцоог бүрдүүлэх чиглэлээр Блокчэйн технологид суурилсан арилжааны платформыг нэвтрүүлэх тендер шалгаруулалтын ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 6-ны хугацаанд хуулийн хүрээнд явуулсан. Гэтэл тендерт оролцогч “Е” ХХК болон “А” ХХК нар С.Яанд гомдол гаргаж, улмаар С.Я гомдлын дагуу тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг мэдэгдсэн.

“Х.А.А.Б” ТӨХХК нь энэхүү системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ченжийн тогтолцоог халах, бараа түүхий эдийн үнийн тогтвортой байдлыг хангах, олон улсад Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг гаргах, малчид хоршоологчдын орлогыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдол, чиг үүрэг бүхий ажлуудыг өндөр инновацийн технологи ашиглан үйл ажиллагаагаа өргөтгөх цаашлаад хараа хяналтгүй урсан гарч буй хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг хяналтын тогтолцоонд оруулах зэрэг өргөн далайцтай ажлуудыг хийх бололцоо олгогдох юм.

Манай компани “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем” нэвтрүүлэх тендерийг дахин 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зарлаж, хуулийн дагуу зохион байгуулахад “А Т” ХК дангаар тендерийн материал ирүүлсэнд Үнэлгээний хороо “А Т” ХК-ийн тендерийн бичиг баримтад үнэлэлт хийж “А Т” ХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн.

Захиалагч Үнэлгээний хорооны гэрээ байгуулах тухай зөвлөмжийг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр “А Т” ХК-тай 1,753,237,871,91 /Нэг тэрбум долоон зуун тавин гурван сая хоёр зуун гучин долоон мянга найман зуун далан нэгэн төгрөг ерэн нэгэн мөнгө/ үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. Гэрээний дагуу захиалагч эхний санхүүжилт болох 150,000,000 /Нэг зуун тавин сая төгрөг/ шилжүүлж, гүйцэтгэгч тал холбогдох багийг ажиллуулан 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар нийт ажлын 40.99% буюу мөнгөн дүнгээр 701,295,148.7 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн тухай тайлан ирүүлсэн. Энэхүү ажлыг холбогдох мэргэжлийн хүмүүсээр шалгуулан, үнэлэлт дүгнэлт өгч 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2 дахь санхүүжилт болох 100,000,000/нэг зуун сая/ төгрөгийг төлж нийт 250,000,000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг ажлын гүйцэтгэлд шилжүүлээд байна.

“Х.А.А.Б” ТӨХХК нь гэрээний дагуу гүйцэтгэгч талаас 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эцсийн байдлаар иж бүрэн системийг хүлээн авахаар ажиллаж байна.

Хэрэв шүүхээс манай гэрээг хүчингүй болгож зогсоовол Х.А.А.Б болон “А Т” ХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээх хариуцлагын хүрээнд үйл ажиллагааны болон эдийн засгийн илтэд хохиролтой нөхцөл байдал үүсэх бөгөөд та бүхэн эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрээ гаргана гэдэгт найдаж байна.

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Х.А.А.Б ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зарласан ХАБ/2019010001 дугаартай Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх цахим тендерт “Е” ХХК болон “А” ХХК-ийн түншлэл, “А” ХХК нар оролцож, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар нээлттэйгээр сонгон шалгаруулалт явагдаж, уг хуралдаанаар “хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерт оролцогчийг “хамгийн сайн” үнэлгээтэй тендер гэж үзнэ...” гэдгийг баримтлан “А” ХХК-ийг шалгаруулсан болно.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо..., ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажпын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч зөвхөн “Е” ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/25 дугаар албан бичгээр С.Яанд гомдол гаргасан  бөгөөд уг гомдлыг хянасан хариуг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Харин ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл болон 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаар мэдэгдэлтэй холбогдуулан дээрх хуулийн дагуу “Е” ХХК болон “А” ХХК-ийн түншлэлээс гомдол гаргаагүй байсан.

Иймд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т тус тус заасны дагуу “ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь уг асуудлаар дээд шатны байгууллагад гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэхээр байна.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Х.А.А.Б ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.

Х.А.А.Б ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаар мэдэгдлээс үзэхэд нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон эрх зүйн актын шинжийг агуулаагүй. Харин уг тендерийн захиалагч байгууллага болох Х.А.А.Б ХХК болон тендерийн үнэлгээний хорооны хороонд харилцааг бий болгосон, дотогш чиглэсэн шинжтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасны үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэрлэж өгнө үү.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Х.А.А.Б ХХК-с 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан ХААБ/201901001 дугаартай Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Е” ХХК нь “А” ХХК-тай түншлэл болж тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд зөвхөн “Е” ХХК нь тендер шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан С.Яанд гомдол гаргаж, С.Янаас уг гомдлыг хянаад 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот албан бичгээр Е ХХК нь захиалагчаас шаардсан ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 20.1 (б)-д заасан 2017 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй, мөн түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь ТОӨЗ-ний 20.3-т заасан “...түншлэлд төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна...” гэсэн шалгуурыг тус тус хангаагүй байна...”,“...Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “...тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчдоос шаардаж болно,” гэж заасан байхад захиалагч “А” ХХК-иас хуульд заасны дагуу бичгээр бус файлыг дахин бүтнээр авсан нь хууль зөрчсөн байна..., гэж үзэж энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасныг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот актаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг мэдэгдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “...иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 98 дугаар зүйлийн 98.2-д “энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ...” гэж заасны дагуу дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж, Тендерийн үнэлгээний хорооноос 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин нээлттэй тендер зарлаж, тендерийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагт 00 минутад нээлттэй сонгон шалгаруулсан.

Уг тендерийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасны дагуу нээлттэйгээр зарласан бөгөөд “Е” ХХК, “А” ХХК-ийн түншлэл болон Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх хуулийн этгээдийн оролцох эрхийг хязгаарлаагүй болно.

Гэвч “Е” ХХК, “А” ХХК-ийн түншлэл нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн нээлттэй сонгон шалгаруулалтад тендерийн материал ирүүлээгүй, уг тендерт оролцоогүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус зааснаас үзвэл “Е” ХХК, “А” ХХК-ийн түншлэл нь дээрх нээлттэй тендерт оролцоогүй тул уг тендер шалгаруулах үйл ажиллагаа нь нэхэмжлэгч компаниудын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Мөн түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цагт явагдсан тендерийн сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд, мөн өдрөөс өмнө уг тендерийг дахин зарласан шийдвэртэй холбогдуулан аливаа маргаан үүсгээгүй байсан тул уг тендерийн дахин сонгон шалгаруулалтыг хэвийн үргэлжлүүлсэн болно.

Иймд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох ...”, заасны дагуу нэхэмжлэгч“Е” ХХК, “А” ХХК-иуд нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарлагдсан тендерийн сонгон шалгаруулалтад оролцогч биш байх тул дээрх тендерийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гаргасан “Х.А.А.Б ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулсан Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Х.А.А.Б “ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зарлагдсан блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх тендер сонгон шалгаруулалт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нээлттэйгээр явагдаж, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 08-ны 0002/29 дугаар зөвлөмжөөр “А” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг олгосон.

Эрх олгосон шийдвэрийг үндэслэн “Х.А.А.Б ХХК нь “А” ХХК- тай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ХААБ/201901001 дугаартай Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээг байгуулсан.

Дээрх гэрээ нь үндэслэн хоёр байгууллагын хооронд хийгдсэн арилжааны шинжтэй хэлцэл байх бөгөөд уг хэлцэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд, захиргааны акт биш, харин уг гэрээ нь захиалагч, нийлүүлэгчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарна.

Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 21.1.1, 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Иймд 1. “ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 14 дүгээр зүйлийн 14.2, 54 дүгээр зүйлийн 54.1,8-д тус тус заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж,

2.         “Х.А.А.Б ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж,

3.         "... Х.А.А.Б ХХК-с 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан ХААБ/201901001 дугаартай Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д тус тус заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж,

4.         ““Х.А.А.Б ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулсан Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ ... Манай компани нь “Х.А.А.Б” ТӨХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зарласан ХААБ/201901001 дугаартай “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх цахим тендерт оролцож, захиалагчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар Мэдэгдлийн дагуу шалгарсан мэдэгдлээ хүлээн авсан. Бид туслан гүйцэтгэгч 3 компанитай хамтран нэвтрүүлэлт, суурилуулалтын бэлтгэл хангаад, гэрээ байгуулахыг хүлээж байсан боловч тендерт оролцогч “Е” ХХК болон “А” ХХК-иудаас С.Яанд гомдол гаргасан тухай 06 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаар мэдэгдлийг хүлээн авсан. Уг мэдэгдэлд мөн гомдлыг шалгасны эцэст тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлаж буйг мэдэгдсэн.

Энэ хугацаанд бид захиалгат ажлуудыг авалгүй хойшлуулсан төдийгүй баталгаанд байршуулсан 40 сая төгрөг түгжигдэн цаг хугацааны болон нэр хүндийн хохирол учирсан.

Захиалагчийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ХААБ/201901001/02/01 дугаартай тус тендерийг дахин зарласан тул бид тендерт дахин оролцсон. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар Мэдэгдлээр шалгарсан мэдээг хүлээн авсан ба 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ХААБ/201901001 тоот “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний дагуу манай компани болон туслан гүйцэтгэгч 3 компани холбогдох ажлуудыг гүйцэтгэн 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 41%-ийн, өнөөдрийн байдлаар 67%-ийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Түүнчлэн гэрээний дагуу нийт 285,000,000 (хоёр зуун наян таван сая) төгрөгийн санхүүжилтийг хүлээн авч, туслан гүйцэтгэгчдийн болон холбогдох санхүүжилт, зардлыг гаргаад байна.

Тендерт оролцогчийн хувьд бидний зүгээс “Х.А.А.Б" ТӨХХК нь тус тендерийг холбогдох хууль, дүрэм журмын дагуу зохион байгуулсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэтэл эхний тендерт оролцогч талуудын зүгээс гаргасан нэхэмжлэл болон хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгчид болох “Е” ХХК болон “А” ХХК-ууд нь дахин зарласан тендерийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчид нь шаардлага гаргахдаа манай бэлтгэсэн тендерийн материалыг 43 үзүүлэлтээр шаардлага хангаагүй тухай дурдсан байна. Эдгээр шаардлагуудыг ханган хүргүүлсэн байхад огт үндэслэлгүй мэдээлэл өгсөн нь шүүхэд нөлөөлөх гэж буй мэт харагдаж байна. Манай компанийн хоёр удаа оролцсон материалыг Тендерийн үнэлгээний хороо үнэлэн, дүгнэсэн байхад тендерт оролцогч тал үнэлэлт, дүгнэлт өгөн, үндэслэлгүй тайлбар хийсэн байна.

Хэрэв уг сонгон шалгаруулалтыг хүчингүй болговол манай компани төдийгүй туслан гүйцэтгэгч, оролцогч болон хэрэглэгч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, дараах бодит хохирол учирна. Үүнд:

•2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр системийг бүрэн нэвтрүүлж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 67 хувьтай байна. Үүнтэй дүйцэхүйц буюу 1,174,669,374.17 төгрөгөөс авсан 285,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл болох 889,669,374.17 төгрөгийн бодит хохирол учирна.

•Түүнчлэн туслан гүйцэтгэгч 3 компанид төлөх төлбөр буюу нийт 268,227,00 (хоёр зуун жаран найман сая хоёр зуун хорин долоон мянга) төгрөгийн бодит хохирол учирна.

•Уг систем нь блокчэйн технологийг нэвтрүүлж, хийснээрээ давуу талтай бөгөөд хугацаа алдалгүй нэвтрүүлснээр Монгол Улсын хувьд дотоодын зах зээл дэх дундын зуучлагчид буюу ченжийн схемийг халж, малчид болон эцсийн үйлдвэрлэгчдэд эдийн засгийн болон цаг хугацааны бодит ашиг тустай.

Гадаад зах зээл буюу дэлхийн бусад улсуудын хувьд блокчэйн технологи гарааны ижил төвшинд байгаа тул цаг алдалгүй нэвтрүүлснээр технологийн хувьд олон улсад давуу тал бий болох, гадаад зах зээлд гарч буй экспортод бодит хяналт тогтоох зэрэг олон давуу тал, ашиг тус бий болно.

Иймээс өнгөрсөн хугацаанд хэрэглэгчид болон улсад гарч байсан үр ашиггүй зардал гарч, иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдсөөр байна.

Түүнчлэн хэрэв тендерийг түдгэлзүүлж, гэрээг цуцлах тохиолдолд манай компани болон Х.А.А.Б ТӨХХК-ийн хооронд байгуулсан ХААБ/201901001 тоот “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-ний 40.1-т заасны дагуу Захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсанд тооцогдох ба 40.1.3-ийн (а)-д заасны дагуу “гэрээг цуцлах хүртэл нийлүүлэгчээс хэвийн гүйцэтгэсэн системийн хэсгийн гэрээний үнэ”, тус зүйлийн (б)-(д)-д заасан холбогдох зардлуудыг захиалагч талаас нэхэмжлэх эрх үүснэ.

Нөгөө талаас энэхүү үүсэх нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 97.1.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1 дүгээр заалтад заасан нөхцөл байдал үүсэх үндэслэлтэй юм.

Иймд манай компани болон туслан гүйцэтгэгч 3 компани, цаашлаад уг системийг хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, илтэд хохирол учрах үр дагавартайг харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү.

Мөн “Х.А.А.Б” ТӨХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зарласан ХААБ/201901001 дугаартай “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх цахим тендерийн тухайд, уг тендер нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нээх байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Шалтгааныг Захиалагчаас тодруулахад одоогийн нэхэмжлэгч талууд болох “А” ХХК, Е ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан тул хойшилсон гэсэн хариу өгсөн. Ямар шалтгаанаар гомдол гаргасан нь тодорхойгүй байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тодруулгаар tender.gov.mn цахим хуудсанд нийтэлсэн байсан. Үүнд “Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 20.1-т Өмнө нь блокчэйн технологи ашиглаж нэвтрүүлсэн арилжааны системийн оюуны өмчийн гэрчилгээ гэж дурдсаныг өмнө нь блокчэйн технологи ашиглаж нэвтрүүлсэн арилжааны системтэй байх гэж ойлгох” хэмээн зарлаж, тендерийг 03 дугаарын 12-ны өдрөөс хойш 21 хоногоор, анх нээх байсан өдөр буюу 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 34 хоногоор сунгаж, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Дээрх шалтгааныг тендерт оролцогчийн зүгээс харахад тендерийн шалгуур үзүүлэлтийг өөрсдийн системд тааруулан багасгаж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл өмнө нэвтрүүлсэн арилжааны систем нь оюуны өмчийн гэрчилгээгүй байсан тул энэ шаардлагыг багасгуулсан нь илт харагдаж байна.

Харин бидний хувьд өмнө нь 3-4 ч систем нэвтрүүлсэн төдийгүй бүгд оюуны өмчийн гэрчилгээтэй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өмнөх өгсөн тайлбар болон энэ тайлбарыг нэгтгэн харвал нэхэмжлэгчид нь тендер зарлагдсанаас хойш тендерийн хугацааг хойшлуулан, шалгууруудыг бууруулсан. Мөн С.Яанд гомдол гарган тендерийг дахин зарлуулсан зэргээр өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлсэн гэж харж байна.

Одоо системийн нэвтрүулэлтийн ажил бараг дуусч байхад ийнхүү ажлыг удаашруулж, маргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 97.1.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1 дүгээр заалтад заасан нөхцөл байдал үүсэх үндэслэлтэйг дахин дурдаж байна.

Иймд манай компани болон туслан гүйцэтгэгч 3 компани, цаашлаад уг системийг хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, илтэд хохирол учрах үр дагавартайг харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Е” ХХК, “А” ХХК нараас С.Я, “Х.А.А.Б” ХХК-д холбогдуулан  “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар  “ “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан “... түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна ... тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах,  “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа,төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалт, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичиг,  “Х.А.А.Б” ХХК, “А” ХХК-ийн  хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгох” гэж тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 ”Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот “Мэдэгдлийг хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Уг албан бичгээр “...тухайн тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч, хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д заасны дагуу санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй тул тендерт шалгараагүй гэж Үнэлгээний хороо дүгнэснийг үүгээр мэдэгдэж байна, ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй болно” гэж ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх” тендерт оролцсон “Е “ХХК болон “А” ХХК-ийн түншлэлд мэдэгджээ.  

Энэхүү мэдэгдэл нь “Е” ХХК ба “А” ХХК-ийн түншлэлийг тендерт шалгараагүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг уламжилсан мэдэгдэл хэлбэртэй байх боловч тендерт оролцогчдод Үнэлгээний хорооны шийдвэрийг анх  хүргүүлж, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд хуульд заасан хугацаанд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж байгаагаараа эрх зүйн үр дагаврыг бий болгож байна. Тодруулбал, хэдийгээр тус мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд утгаар нь хөндөөгүй,  өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын ирүүлсэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүргүүлсэн боловч тендер захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг С.Яанд ямар хугацаанд гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн хэзээнээс тооцох зэрэг агуулгаараа нэхэмжлэгч нарт чиглэсэн эрх зүйн үр дагавар бий болгож байгаагаараа  захиргааны актын шинжийг агуулжээ гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нараас шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх” тендерийн Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй бөгөөд дээрх 81 тоот мэдэгдлийг хүлээн авч С.Яанд гаргасан гомдлын хариу болох С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн “... “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан “... түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна ... тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч “Е” ХХК-иас С.Яанд гаргасан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1925 тоот[1] “Гомдол гаргах тухай” албан бичигт “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргаж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн тендерийн үнэлгээг зохион байгуулсан эсэхийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.

С.Я 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот албан бичгээр[2] тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулахыг “Х.А.А.Б” ХХК-д мэдэгдэж, хувийг гомдол гаргагч “Е” ХХК-д хүргүүлсэн байна.  

С.Яны тендер захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл нь “Е” ХХК нь “А” ХХК-тай хамтран түншлэл болж тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд “Е” ХХК нь захиалагчаас шаардсан ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 20.1 (б)-д заасан 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй, мөн түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь ТОӨЗ-ны 20.3-т заасан “түншлэлийн төлөөлөх эрх гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шалгуурыг тус тус хангаагүй, захиалагч “А” ХХК-ийн цахим тендерийн файлын зарим хэсэг нь нягтрал бага, гаргац муутай байсан гэх үндэслэлээр Үнэлгээний хороо тодруулга авахад тендерт оролцогчоос ирүүлсэн файлд яг ямар зүйл батгаж байсан нь тодорхойгүй, бүхэлд нь файлыг дахин авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтыг зөрчсөн, мөн захиалагчийн мэдэгдэлд санхүүгийн саналын үнэлгээгээр хангалттай оноо аваагүй гэж татгалзсан нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...”Е” ХХК нь 2018 онд байгуулагдсан тул 2017 оны санхүүгийн тайлан өгөх боломжгүй, 2 компани бие биенийхээ дутууг гүйцээх зорилгоор тендерт түншлэл хэлбэрээр орж байгаа, Тендерийн өгөгдлийн хүснэгт нь тухайн тендерийн дагуу худалдан авах системийн талаарх тусгайлсан өгөгдлүүд нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны холбогдох зүйл, заалтуудыг тодотгох, нөхөн гүйцээх болон нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ) болон ТОӨЗ-ны заалтууд хоорондоо зөрчилдвөл ТШӨХ-ийн заалтуудыг баримтална гэж заасан. ТОӨЗ 20.3-т “Тендерт оролцогч түншлэл нь 20.2(а) ба (г)-д болон 20.2(6) ба (в)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмэхэд гишүүдийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байх шаардлагыг хангасан байхад С.Я нь ТОӨЗ-ны 20.3-д заасныг баримтлан нэхэмжпэгчээс ТШӨХ-д заасан шаардлагад нийцүүлэн бэлтгэж ирүүлсэн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй...”  гэж маргасан.

 Нэхэмжлэгч нарын байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем” төслийн ажилд оролцох, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ”[3]-ний 1.4-т зааснаар “Е” ХХК, “А” ХХК нь тендерт хамтран оролцохдоо талуудын үйл ажиллагаа, эрх мэдлийн эзлэх хувийг тус тус 50 хувь байхаар зөвшилцөн тогтоожээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.”тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно: 5.1.6.б. хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд гэж заасан. Үүнээс дүгнэхэд  “Е” ХХК нь “А” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн тендерт оролцогч байна. Тухайн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4-т эрх бүхий тендерт оролцогчийг тодорхойлж, 4.2-т “Дараахь тохиолдолд тендерт оролцогч /түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна/-ийг эрх бүхий бус гэж үзнэ” гэж зааснаас дүгнэхэд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа болон тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгт нь тендерт оролцогч түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарахаар байна. Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ТОӨЗ 20.1(б). Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /2017, 2018/. Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”, ТОӨЗ 20.1(г).Ижил төстөй гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2 /2017, 2018/. Гэрээ дүгнэсэн акт.  ТОӨЗ 20.2(б). Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жил /2017, 2018/, ТОӨЗ 20.2(д).Ашигтай ажилласан жилийн тоо: 2 жил /2017, 2018/ гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн ”Е” ХХК нь 2018 онд байгуулагдсан тул 2017 оны санхүүгийн тайлан өгөх боломжгүй тул бие биенийхээ дутууг гүйцээх зорилгоор тендерт түншлэл хэлбэрээр орсон гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй бөгөөд энэ нь тендерт туслан гүйцэтгэгчтэй оролцох харилцааны ойлголт юм.  

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ) болон ТОӨЗ-ны заалтууд хоорондоо зөрчилдвөл ТШӨХ-ийн заалтуудыг баримтална  гэж заасан тул ТОӨЗ 20.3-т “Тендерт оролцогч түншлэл нь 20.2(а) ба (г)-д болон 20.2(б) ба (в)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмэхэд гишүүдийн нийлбэр үзүүлэлт нь 20.2 (а), (г) -д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан ...” гэх тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд тендерт оролцогчийн чадварыг үнэлэх харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Хуулийн 12.1.”... тендерт оролцохыг сонирхсон ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана” 12.2. “... чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” 12.3. “... захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “... шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.3. “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”  гэж заажээ. Мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 33-т хэрхэн тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоохыг зааж, 33.1.Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө дараахь шаардлагыг хангаж буйг хянан үзнэ: г/ тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэнийг, д/ тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварыг хангасныг тус тус тогтооно. 33.2. ТОӨЗ-ны 33.1 дэх хэсгийн   (а), (б), (в), (г) болон (д) дэд заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. 33.4. Захиалагч шаардлагад үл нийцсэн гэж тогтоогдсон тендерээс татгалзана, 36.1. Захиалагч зөвхөн 33 дүгээр зүйлийн дагуу шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон тендерийг үнэлж, харьцуулна гэж тус тус заасан байна. Мөн хариуцагч “Х.А.А.Б” ХХК-ийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч  чадварын доод шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан байлаа ч гэсэн тендерийн үнийн саналаар шалгарах боломжгүй байсан“ гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд “Е-А түншлэл” 1,920,050,000 төгрөгөөр, гуравдагч  этгээд “А” ХК  НӨАТ орсон үнийн дүнгээр 1,848,134,738.37 төгрөгөөр тендерийн баримт бичигт заасан бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу нийлүүлэхээр санал болгосныг дурьдах нь зүйтэй байна.

Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээс[4] дүгнэхэд “Е” ХХК-ийн түншлэлийн файлуудыг нэг бүрчлэн үзэж танилцав, ..., харин “А” ХХК-ийн ирүүлсэн файл нь нягтаршил муутай байгаа учраас холбогдох газруудаас тодруулга авч болох эсэх талаар санал хураагаад олонхийн саналаар С.Яанд бичиг явуулахаар тохиролцжээ.

 “Х.А.А.Б” ХХК-ийн Захиргаа, дотоод аудитын хэлтсийн захирал, Үнэлгээнй хорооны даргаас С.Яны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст 2019 оны 04  дүгээр сарын 17-ны өдрийн 002/20 тоот албан бичгээр[5] цахим тендерт оролцогч компанийн ирүүлсэн файлын зарим хэсэг нь гаргац муутай, нягтаршил муу байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан тендерийн агуулга үнийг өөрчлөхөөс бусад тохилдолд тендерт оролцогчоос тайлбар, тодруулга ирүүлэхийг захиалагч  шаардаж болно гэсний дагуу нягтрал сайтай эх файлыг нь тендерт оролцогчоос авч болох эсэх талаар чиглэл өгөхийг хүссэн байна. Үүний хариуд С.Яны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/2549 тоот албан бичгээр[6] “... хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тендерийн агуулга үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно гэж заасан тул  захиалагч дээрх заалтын дагуу тендерт оролцогчдоос тодруулга авах боломжтой...”  гэжээ.

Улмаар Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0002/21 тоот[7] “Тодруулга ирүүлэх тухай” албан бичгээр “... танай ирүүлсэн цахим тендерийн файлын зарим хэсэг нь нягтрал бага, гаргац муутай байгаа тул ... хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу нягтрал сайтай файлыг манай Үнэлгээний хороонд ирүүлнэ үү. Ирүүлэх файлд ямар нэгэн өөрчлөлт оруулсан тохиолдолд бид танай тендерийн бичиг баримтыг үнэлэхээс татгалзах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна. 

Тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тэмдэглэлээс[8] дүгнэхэд Тендерийн үнэлгээний хорооны ирц 85,7 хувьтайгаар хуралдаж, С.Яны тодруулга авч болно гэсэн чиглэлийн дагуу авсан тодруулга дотор агуулга, үнэ өөрчлөгдсөн эсэхийг шалгаад үнэлэх боломжтой эсэхээ олонхийн саналаар шийдвэрлэж үнэлгээ хийхээр болжээ. 

Үнэлгээний хороо тендерт оролцогчдоос үнийн хувьд хамгийн бага санал ирүүлсэн тендерт оролцогчийг хамгийн сайн үнэлгээтэй тендер гэж үзнэ гэснийг баримталж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь заалтыг үндэслэн олонхийн саналаар “А” ХХК-ийг шалгаруулж хуулийн дагуу гэрээ байгуулахаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтын агуулгаас дүгнэхэд тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болохоор байна. Гэтэл хэдийгээр С.Я дээрх хуулийн хүрээнд тендерт оролцогчоос тодруулга авч болохыг албан бичгээр мэдэгдсэн ч Үнэлгээний хороо тайлбар, тодруулгыг авахдаа цахим тендерийн баримт бичгийг бүхэлд нь файлаар авсан нь хуульд зааснаас хальсан байх тул С.Я Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг тендер захиалагч “Х.А.А.Б” ХХК-нд мэдэгдсэнийг  буруутгах боломжгүй юм. 

Иймд дээр дурдсан үндэслэл болон хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар С.Я Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар өөрт олгогдсон “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэснийг зөрчөөгүй байх бөгөөд С.Яны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд “... нэхэмжлэгч “Е” ХХК-иас С.Яанд гаргасан гомдолдоо тендерийн үнэлгээг бүхэлд нь хянаж өгнө үү гэх хүсэлтийн дагуу С.Я гомдлын  хүрээнд тендерийн үнэлгээг бүхэлд нь хянаж  хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

Улмаар  С.Я гомдлыг хянасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн урилгаар ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх” тендерийг дахин зарлаж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цагт нээхээр болжээ.  

Нэхэмжлэгч нараас нэгэнт эхний тендер сонгон шалгаруулалттай шүүхээр маргаж байгаа тохиолдолд дахин зарласан тендерт оролцох шаардлагагүй бөгөөд шүүхэд хэрэг хянагдаж байхад дахин тендер зарласныг мэдсэн гэж тайлбарладаг боловч С.Яны 6-1/2927 тоот албан бичгийн хувийг нэхэмжлэгч “Е” ХХК-нд хүргүүлсэн байдаг бөгөөд тус захиргааны актаар захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс эхний тендер сонгон шалгаруулалттай шүүхээр маргахдаа С.Яны 6-1/2927 тоот албан бичгийн холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж 2019 оны 7 дугаар сарын 8-ний өдрийн 128/ШЗ2019/4678 дугаар захирамжаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Шүүх 2019 оны 6 дугаар сарын 19-ний 128/ШЗ2019/4185 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, ЗХШХШТХ-ийн 70 дугаар зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журамд заасны дагуу хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш хуулийн хугацаанд актын биелэлтийг түдгэлзүүлэх урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аливаа хүсэлтийг шийдвэрлэх нь хууль ёсны зарчим бөгөөд нэхэмжлэгч нараас 2019 оны 7 дугаар сарын 8-ний өдөр ““Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа,төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл захиалагчаас дахин зарласан дээрх тендерийг 2019 оны 7 дугаар сарын 8-ний буюу нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрийн 12:00 цагт нээсэн байсан. Хэдийгээр С.Яны 6-1/2927 тоот албан бичгийн холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх хангасан боловч нэхэмжлэгч нар захиалагчаас 2019 оны 6 дугаар сарын 6-ний өдөр дахин зарлаж, 2019 оны 7 дугаар сарын 8-ний өдөр нээсэн тендертэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тухайн цаг мөчид гаргаагүй байсан гэх үндэслэлээр  дахин зарласан тендертэй холбоотой актын биелэлтийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй байсныг дурьдах нь зүйтэй.     

Дээр дурдсан үндэслэлээр С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот албан бичгээр тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж гарсан захиалагч “Х.А.А.Б” ХХК-ийн шийдвэрийг С.Я хүчингүй болгож дахин тендер зарлахыг захиалагчид мэдэгдсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэгэнт хүчингүй болж, эрх зүйн үр дагаваргүй болсон тендер захиалагчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81, 82  тоот албан бичгүүд, мөн тендерийн Үнэлгээний хорооны  2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар тэмдэглэл хэлбэрээр гарсан шийдвэрийг шүүх дахин хүчингүй болгох шаардлагагүй бөгөөд боломжгүй юм.

 Мөн шүүх С.Яны 6-1/2927 тоот албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тул “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр сууурилсан арилжаа,төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалт, “Х.А.А.Б” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан үнэлгээг дахин хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хангагдах хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч Үнэлгээний хороонд холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичиг, тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар маргасан нь С.Яанд урьдчилсан шийдвэрлэх журмаар хандаагүй бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж хариуцагч нарын зүгээс маргасан тухайд.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримтыг шаардаж, хариуцагч  “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 117 тоот албан бичгийн хавсралтаар нийт 1002 хуудас нотлох баримтыг ирүүлсний дотор дээр дурдсан 82 тоот албан бичиг, тендерийн Үнэлгээний хорооны 5 дугаар тэмдэглэл байсан бөгөөд нэхэмжлэгч нараас  хэргийн материалтай танилцаад хуулийн хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 17-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгч нарт тухайн албан бичиг, тэмдэглэлийг хариуцагчийн зүгээс албан ёсоор мэдэгдээгүй тул мэдэх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй. Түүнчлэн нэгэнт нэхэмжлэгчээс тухайн тендертэй холбогдуулан шүүхэд хандаад захиргааны хэрэг үүсээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч ЗХШХШТ-ийн 20.1.1-д зааснаар  “...шаардлагын хэмжээг ихэсгэх...” эрхтэй бөгөөд харин шүүх нэхэмжлэгчийн  нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.  

Ийнхүү нэхэмжлэгч нараас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь “Х.А.А.Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/01 тоот тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэж гарсан 82 тоот албан бичигтэй маргаж байна гэж ойлгогдохоор байх бөгөөд тендерийг дахин зарлахдаа “Х.А.А.Б” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар  сарын 3-ний өдрийн А/21 тоот тушаалаар Үнэлгээний хороог дахин байгуулжээ. Тендерийн үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байхаар хуульд заасан бөгөөд дахин тендер зарласан тул тендерийн Үнэлгээний хороог дахин байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.  

Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж Х.А.А.Б” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ” байгуулагдсан ба нэгэнт тендерийг дахин зарлаж, үнэлгээний хорооны шалгаруулсан оролцогчтой захиалагч гэрээ байгуулсныг буруутгах боломжгүй юм. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна. 46.1.3. үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэж заасантай нийцэж байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна. 47.2.2. тендерийн хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж тус тус заасныг дурьдах нь зүйтэй байна.         

Гуравдагч этгээд болон хариуцагч нараас дээрх гэрээг иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах харилцаа тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж маргасан тухайд.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоолоор “Х.А.А.Б” төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 611 дүгээр тогтоолын хавсралтаар “Х.А.А.Б” ХХК-ийн дүрмийг баталжээ. Үүнээс дүгнэхэд дээрх гэрээний нэг тал болох  “Х.А.А.Б” ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар  захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр нь захиргааны гэрээ байх бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т захиргааны гэрээг хэрэглэж болох харилцааг зохицуулсан. ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-ний 2-т “... /цаашид “бараа” гэх/ 1,753,237,871,91 /цаашид “гэрээний үнэ“ гэх/ нийлүүлж, суурилуулж, ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр зөвшөөрөв....” мөн гэрээний 3-т “Захиалагч нь барааны нийлүүлэлтийг 1,753,237,871,91 төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ” гэжээ.

Төрийн өмчит хуулийн этгээд “Х.А.А.Б” ХХК, “А” ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ” нь хууль тогтоомжийн дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон захиалагч нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулахаар байх тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэх боломжгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна.” гэж заасан.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдээс тендер сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулж, тендерт шалгарсан компанитай захиалагчийн байгуулсан тус гэрээг зөвхөн иргэний эрх зүйгээр зохицуулагдана гэх хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдал, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчмыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2,  55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Е” ХХК, “А” ХХК-ийн  “ “Х.А.А.Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 тоот мэдэгдлийг хүчингүй болгох, С.Яны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-1/2927 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үзэхэд 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 20.1 (б), 2018 оны санхүүгийн тайлангаас үзэхэд 80 сая төгрөгийн борлуулалттай байгаа нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.3 дахь заалтад заасан “... түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн нь 20.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 40 хувийг хангасан байна” гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна ... тендер шалгаруулалтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож байгаа тул тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч нарт тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах,  “Х.А.А.Б” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин зарласан /урилгын дугаар ХААБ/201901001/02/01, тендер шалгаруулалтын дугаар ХААБ/201901001/ Блокчэйн технологи дээр суурилсан арилжаа,төлбөр тооцооны систем үйлчилгээ үзүүлэх тухай тендер сонгон шалгаруулалт, ХААБ/201901001 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 82 тоот албан бичиг,  “Х.А.А.Б” ХХК, “А” ХХК-ийн  хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан  ХААБ/201901001 дугаартай “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгох”  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН


[1] 1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал

[3] Тендерийн баримтын 173-174 хуудас

[4] 2 дахь хавтаст хэргийн  38-43 хуудас

[5] 2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал 

[6] 2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал

[7] 2 дахь хавтаст хэргийн 50 дахь тал

[8] 2 дахь хавтаст хэргийн 51-55 хуудас