Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00523

 

 “УБТЗ”-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00380 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202/МА2018/00038 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “УБТЗ”-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.М, Б.Э нарт холбогдох,

Журам зөрчиж сургалтын төлбөрт олгосон 11 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.Мын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, хариуцагч Ж.М, Б.Эрдэнэтуяа, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ж.М, Б.Э нар нь УБТЗ-ын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам-ыг зөрчиж 2013-2017 онуудад Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын төлбөрт 11 300 000 төгрөг төлсөн нь 2017 оны 11 дүгээр сард хийгдсэн Дотоод аудит хяналтын албаны шалгалтаар илэрч, дотоод аудит хяналтын албаны аудиторын СТ-01/03/113 тоот акт тавигдсан байна. Дээр дурдсан журамд төмөр замын ажилтны төрсөн нэг хүүхдэд нь их дээд сургууль, коллежид суралцах хугацаанд нэг удаа төгсөх ангид нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ. Гэтэл эдгээр хүүхдүүдэд суралцах бүх хугацаанд нь төлбөрийг нь төлсөн бөгөөд эцэг эх нь УБТЗ-д ажилладаггүй байна. Шалгалтын дараа удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганболдын удирдан хийлгэсэн шуурхай хурлаас эрх мэдлээ хэтрүүлэн журам зөрчиж, мөнгө зарцуулсан тухайн үеийн ажил хариуцсан хүмүүсээр төлүүлэх шийдвэр гарсан ба Ж.М тухайн үед Замын 4 дүгээр ангийн даргаар, Б.Э хүний нөөцийн менежерээр ажиллаж байхдаа Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын төлбөрийг төлөх шийдвэр гаргаж бичиг баримтыг бүрдүүлж байжээ.

Иймд, журам зөрчин байгууллагад 11 300 000 төгрөгийн хохирол учруулсан Ж.М, Б.Э нараас энэ мөнгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн даргаар ажилласан. Говийн бүсэд тогтвор суурьшилтай ажиллах инженер, техникч нар цөөн байдгаас тус байгууллагад мэргэжилтэй боловсон хүчин хомсдолтой байдаг. Бид мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх үүднээс шат дараатай арга хэмжээнүүд авч байсан. Тухайлбал Тээврийн дээд сургуульд эчнээ хөтөлбөр хичээллүүлж өөрийн ажилтнуудаас сурган, дунд боловсролтой замын техникч нар бэлдэх саналыг анх гаргаж байсан нь үр дүнтэй хэрэгжиж одоогоор 10 замын техникч нар төгссөн, суралцаж байгаа 10 ажилтан байна. ... Миний бие тухайн үеийн хүний нөөцийн албаны дарга Огторгуй, хүний нөөцийн асуудал хариуцсан замын орлогч дарга Мижиддорж нартай зөвлөлдөж, сурлага сайтай, төмөр замын чиглэлээр ажиллах чин эрмэлзэлтэй орон нутгийн хүүхдүүдийг Тээврийн дээд сургуульд байгууллагын зардлаар сургаж, төгссөний дараа байгууллагадаа тогтвортой ажиллуулах шийдэлд хүрсэн.

... Ингээд Б.Баярсайханыг сонгосон. Тэрээр аймаг, орон нутгийн олон удаагийн олимпиадад оролцож байр эзэлсэн, сурлага сайтай хүүхэд байсан. 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 58/112 тоот албан бичгээр хүний нөөцийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга Мижиддоржид хүсэлт явуулсан. Хүний нөөцийн алба 2 хүүхэд сургах зөвшөөрлийг өгсөн. Үүний үндсэн дээр Э.Хатанбатыг нэмж сонгон 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 58/286 дахин албан бичгийг хүргүүлсэн. Ингээд Тээврийн дээд сургуультай уулзахад математик, физикээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 500 ба түүнээс дээш оноо авсан хүүхдийг сургах боломжтой гэсэн. Энэ болзлыг Б.Баярсайхан, Э.Хатанбат нар хангаж байсан тул гурван талт гэрээ байгуулж суралцуулсан. Энэ хүүхдүүд 5 жил сахилга баттай суралцаж төгсөөд одоо гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Замын 4 дүгээр ангийн 5, 11 дүгээр хэсэгт бригадын даргаар ажиллаж байгаа.

... 2-рт энэ хүүхдүүдийг сургах үүргийг тухайн үеийн удирдлагууд надад өгсөн. Би тэдний үүрэг даалгаврыг биелүүлснийхээ төлөө ийнхүү өрөнд унаж байгаагаа хүлээн зөвшөөрөх боломжгүй билээ.

... УБТЗ ХНН-ийн дотоод аудитаас жил бүр санхүүгийн бүх бичиг баримтад үзлэг шалгалт хийдэг уламжлалтай. 2013, 2014, 2015, 2016 онуудад Замын 4 дүгээр ангид хийгдсэн аудитын шалгалтуудаар оюутан сургаж байгаа асуудал хянагдаад явж байсан. Гэтэл 2017 онд буюу анх гэрээ байгуулагдсанаас хойш бүтэн 4 жилийн дараах аудитын үзлэг үүнийг зөрчил гэж үзэж байгаа нь хөндлөнгийн үзлэг тэс өөр зүйлд чиглэсэн байна гэж үзэх хардлага төрүүлж байна. УБТЗ-ын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам нь төмөр замын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан ажилтны хүүхэд их, дээд сургууль, коллеж төгсөн жилд Тээврийн дээд сургуулийн төлбөрийн 50 хувиар тооцож нэг удаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог. Б.Баярсайхан, Э.Хатанбат нартай байгуулсан гэрээнд энэ журмыг хэрэглэж, зөрчил гэж үзэж байгаа нь үүссэн эрх зүйн харилцаа түүнд холбогдуулж хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг буруу сонгож хэт муйхарласан явдал гэж үзэж байна. Учир нь маргаж буй харилцаа нь Замын 4 дүгээр анги буюу захиалагч, Тээврийн дээд сургууль буюу гүйцэтгэгч, суралцагч нар болох Э.Хатанбат, Б.Баярсайхан нарын хооронд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хэрэгцээн дээр үндэслэж бий болсон гэрээний харилцаа байдаг.

...Тус гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж, суралцаж төгссөн ажилтнууд нь тус байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байгаа.

Эцэс сүүлд нь тухайн үедээ зөв санал санаачилга гэж нэрлэгдэж байсан энэ сургалтын гэрээг холбогдолгүй дүрэм журамд хамаатуулан мушгиж, алдаа болгон энэхүү нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Тээврийн дээд сургууль, Замын 4 дүгээр анги, суралцагч нарын хооронд 3 талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус байгууллагад ажиллаж байгаа билээ. Одоо эдгээр ажилтнууд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 5 жилийн хугацаанд Замын 4 дүгээр ангийн хэрэгцээт газарт томилогдон ажиллах үүргээ биелүүлж байгаа болно. Гэтэл гэрээ анх байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа Б.Баярсайхан, Э.Хатанбат нарыг суралцуулсан нь хууль бус гэж аудитын шалгалтаар дүгнэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хийгддэг дотоод аудитаар энэ гэрээ 4 жил шалгагдсан. Гэтэл 5 дахь жилийн шалгалт буюу 2017 оны дотоод аудитын үзлэгээр зөрчил болж илэрсэн нь аудитын үзлэг өөр зорилготой байж гэх хардлагыг төрүүлж байна. Миний бие ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.8-д заасан үүргээ биелүүлж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлсний төлөө мөнгөн төлбөрт унаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэл нь намайг ажлаас халах гэсэн оролдлогын үргэлжлэл гэж үзэж байна. Эцсийн дүндээ Э.Хатанбат, Б.Баярсайхан нартай байгуулсан гэрээний үр дүн замын 4 дүгээр анги тогтвортой ажиллах боловсон хүчин бэлтгэгдэж үр өгөөжөө өгч байгаа байтал сургалтын төлбөрийг хохирол гэж үзэх боломжгүй юм. Миний УБТЗ ХНН-д хохирол учруулсан зүйлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00380 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжилсэн сургалтын төлбөрт шилжүүлсэн 11 300 000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Ж.Маас 5 650 000 төгрөгийг, Б.Эрдэнэтуяагаас 5 650 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202/МА2018/00038 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... УБТЗ-ын Дотоод аудит хяналтын албаны аудиторын 2017 оны СТ-01/03/113 тоот нэхэмжлэлийн үндэслэл болсон аудитын актыг Ж.М надад танилцуулаагүй ба захиргааны акт нь холбогдох этгээдэд мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор Захиргааны ерөнхий хуульд заасныг зөрчсөн ба хуулийн хүчин төгөлдөр болоогүй хууль бус актыг үндэслэн сургалтын төлбөр нэхэмжилж байгааг шүүх анхааран үзэх нь зүйтэй.

... Иргэний хуулийн 497 дугаар зүйл бол Зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулахаар заасан. Гэтэл энэ 2 хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал бол гэрээний үүргийн харилцаа бөгөөд УБТЗ-ын Замын 4 дүгээр анги болон УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн хоёрын хооронд байгуулсан гэрээний дагуу үүссэн харилцаа юм.

... Энэ хэргийг анхан шатны шүүх хоёр удаа шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хоёр удаа хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан нь хэргийг удаашруулж, сунжруулж цаг хугацаа алдаж байгаад миний хувьд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцэхдээ тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч буюу шүүх хуралдаан даргалагч хэргийг хянан шийдвэрлээгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хэргийн тухайд В.Амартүвшин шүүгчийн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Д.Наранцэцэг шүүгчид хуваарилсан ба анх хүлээж авсан Д.Наранцэцэг шүүгч хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байхад томилогдсон шүүгч биш гэсэн ганцхан үндэслэлээр бүхэлд нь хэргийн шийдлийг хүчингүй болгосныг иргэний миний зүгээс давж заалдах шатны шүүхийг үндэслэлгүй, цаг хугацаа алдсан, хэргийг сунжруулсан, шүүхийн хүнд суртал гарч байна гэж үзэхэд хүргэлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202/МА2018/00038 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Хариуцагч Ж.М, Б.Э нараас гэм хорын 11 300 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий УБТЗ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгохдоо шүүх хуралдаан даргалагчийг томилж, албажуулсан эрхийн акт байхгүй, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн гэх хоёр үндэслэлийг заажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байх боловч энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн   168.1.4.-т заанаар анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. Хууль бус бүрэлдэхүүн гэдэгт тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шүүгч, эсхүл дангаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй байх тохиолдол хамаарна.

Шүүгчид хэргийг хуваарилсан, мөн түүнийг шүүх хуралдаан даргалагчаар томилсон ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх ёстой боловч энэ талаарх баримт буюу шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байдлыг буюу тухайн эрх зүйн маргаанд хамааралгүй шүүхийн дотоод зохион байгуулалтын асуудлыг “хууль бус бүрэлдэхүүн” гэх ойлголтод шууд хамааруулах нь учир дутагдалтай болно.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан буюу гэм хор учруулах үүргийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1.-д зааснаар шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх ёстой тул шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн явдлыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

Гагцхүү давж заалдах шатны шүүх зохигчийн эрх зүйн маргааны шийдвэрлэлтийн талаар анхан шатны шүүхээс өөрөөр дүгнээгүй, тухайн хэргийн талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг урьд өмнө хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж байсан, хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан, эдгээр баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжтой нөхцөлд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. Давж заалдах шатны шүүх хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэдэг тул гэм хор учруулсан үүргийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны талаарх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах боломжтой болно.

Хариуцагч Ж.М нь УБТЗ нийгэмлэгт Замын 4 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан ба хариуцагч Б.Э нь хүний нөөцийн менежерээр ажилладаг байна.

Нэхэмжлэгч УБТЗ нийгэмлэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нарыг УБТЗ-ын даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-78 дугаар тушаалаар батлагдсан “Их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг зөрчиж, Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтын төлбөрт 11 300 000 төгрөг байгууллагаас төлсөн гэж буруутган, тэдгээр нь хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргасан хэдий ч хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхэд төлбөрийн үнийн дүн илүү гарч байх тул Иргэний хуульд заасан гэм хорын хариуцлага ногдуулахаар нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхойлон тайлбарлажээ.

Хариуцагч Ж.М нь УБТЗ-ын боловсон хүчин, нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга, Хүний нөөцийн албаны дарга нартай зөвшилцөн Тээврийн дээд сургуультай сургалтын гэрээ байгуулж, Б.Баярсайхан, Э.Хатанбат нар нь 2013-2016 онуудад уг сургуульд суралцан төгсөж, Б.Баярсайхан нь Дорноговь аймгийн Өргөн суманд УБТЗ-ын 4 дүгээр ангийн 5 дугаар хэсэгт бригадын даргаар, Э.Хатанбат нь Замын 4 дүгээр ангийн 9 дүгээр хэсэгт бригадын даргаар ажиллаж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

УБТЗ-ын дотоод аудит хяналтын албаны аудиторын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн СТ-01/03/113 дугаар актад Б.Баярсайхан, Э.Хатанбат нарын сургалтад гэрээний дагуу шилжүүлсэн 11 300 000 төгрөгийг хариуцагч Ж.М, Б.Э нараар төлүүлэхээр заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч УБТЗ нийгэмлэгт гэм хор учраагүй, хариуцагч нар төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202/МА2018/00038 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2018/00380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 8.1.5.-дахь хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ж.Мын хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 195 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                    Ц.АМАРСАЙХАН