Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00594

 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 526 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Х-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч СА ШҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,  нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Сэлэнгэ аймгийн Шуудангийн Үйлчилгээний Газрын дарга ажилтай З.Давааням нь цэвэр өөрийн дотоод үзэмж болон намын ялгаварлаар намайг удаа дараа ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсуулж буй тул би маш их гомдолтой байгаа болно.

... Миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар №6/192 тоот “Монгол Шуудан” ХК-ны захирлын орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар СА ШҮГ-ын Логистик менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа болно. “Монгол Шуудан” ХК-нд Тээвэр зууч, Логистикийн газар болон 3 улсын хил болох Хятад, ОХУ-ын хил залгаа аймаг болох Замын-Үүд боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр Логистик /Ачаа тээврийн/ хэсэг ажиллаж байна.

СА ШҮГ-ын жил бүрийн төсөв, төлөвлөгөөг тухайн жилийн 2-3 сард багтаан аймаг болон дүүргүүдийн шуудангийн салбарын дарга нартай уулзаж баталдаг.

Гэтэл З.Давааням нь 2018 оны 05 дугаар сард хотод ажиллаж байх хугацаандаа орон тооны төлөвлөгөөг дахин өөрчлөн батлуулсан болохыг ажлаас халах тушаал гарсан өдөр мэдсэн. Миний албан тушаал дээр 2-оос 3 хүнийг ээлжлүүлэн албан тушаалын нэршлийг дур мэдэн удаа дараа албан тушаалаа ашиглан өөрчлөн ажиллуулж байсан болно. 2018 он гарахад дахин миний хөдөлмөрийн гэрээг сунган 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

... 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас цомхотголоор халах болсон гэсэн мэдэгдэл дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдсэн. Тэр даруй би “Монгол шуудан” Компанийн Стратеги Төлөвлөлтийн Газрын захирал Д.Баттулгаас та нар яагаад намайг цомхотголд оруулж байгаа гэхэд танай дарга орон тооныхоо төлөвлөгөөг гаргаж өгч батлуулсан тул бид сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн.

... 2018 оны 06 дугаар сарын 21 нээс ээлжийн амралтаа эдлэн 07 дугаар сарын 24-нд ажилдаа эргэн орсон.

... 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай ажилтан нярав Лхамаатай утсаар ярин өрөөнөөс миний халагдсан тушаалыг авчруулж өгсөн.  

Иймд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох, миний ажиллаж байсан Логистикийн менежерийн ажлыг Гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгуулж зэрэг шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Монгол Шуудан” хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2018 онд баталсан орон тоо бүтцийн дагуу Д.Х-г ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Ингээд Д.Х-г хуулийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлж 2 сарын тэтгэмж олгосон.

Миний гаргасан тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Тоодог овогт Долгормаагийн Хандсүрэнг Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоож, -Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.031.004 /хоёр сая гучин нэгэн мянга дөрөв/ төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, -Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж,баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, -Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 47.446 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №526 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч З.Давааням эс зөвшөөрч гомдол гаргаснаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 57 дугаартай магадлалаар Д.Х-гийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүх өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж буруу ташаа, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Магадлалын үндэслэх хэсэгт: ... хэргийн хариуцагчийн төлөөлөгч З.Давааням нь шүүх хуралдаанд гаргасан манай байгууллага Монгол шуудан хувьцаат комланий орон нутгийн салбар гэсэн тайлбар зэргээс үзвэл хэдийгээр нэхэмжлэгч СА ШҮГ-ыг хариуцагчаар гэж нэрлэн заасан боловч ажил олгогчийнхоо хувьд тус хэргийн хариуцагч мөн эсэх нь тодорхойгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон хууль бус болжээ.

... Тус газрын албан баланкны толгой нь Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын тушаал гэсэн нэршилтэй бөгөөд нэхэмжлэгчийг ажилд авсан болон чөлөөлсөн тушаалаас тодорхой харагдана.

... хэрэгт хариуцагчийг хуулийн этгээд бие даасан үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэрчилгээ авагдаагүй байна гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Бие даасан үйл ажиллагаа явуулж байгаа байдал ажил олгогчийн зүгээс ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөхөөс гадна байгууллагын дотоод журмын дагуу тэтгэвэр тэтгэмж олгох, Төсвийн хуулийн дагуу байгууллагын хөрөнгө зарцуулах эрхийн бичигт 1-р гарын үсэг зурж байгаагаар бие даасан үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь нотлогдож байгаа тул тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ заавал хэрэгт хавсаргах хуулийн зохицуулалт байхгүй.

Хамгийн гол нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, ажлаас чөлөөлсөн Д.Х-гийн тушаал хуулийн дагуу гарсан эсэхт шүүх дүгнэлт хийх ёстой.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэж дугаарлагдсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх хуралдаан нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 20 минутад хуралдсан. Гэтэл магадлалын огноог буруу ташаа бичсэн нь магадлал хүчингүй болох нэг үндэслэл болно. Энэхүү дугаартай магадлал нь зохигчдод гардуулагдсан билээ.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 57 дугаартай магадлалыг хүчингүй болгон, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 526 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Х- нь түүнийг ажлаас халсан ажил олгогчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “логистикийн менежерийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох”, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь шаардлагыг эс зөвшөөрч, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 онд баталсан орон тоо бүтцийн дагуу Д.Х-г ажлаас нь чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж, 2 сарын тэтгэмж олгож, ажлаас нь чөлөөлсөн, хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзэж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ логистикийн менежерийн, эсхүл гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардаж буй нь тодорхой бус байхад анхан шатны шүүх түүнийг логистикийн инженерийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэж, логистикийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон нь ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагчаар СА ШҮГ-ыг татсан бөгөөд зохигч нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны ажил олгогч, ажилтан мөн болох нь тодорхой байна. Энэ утгаараа хөдөлмөрийн эрх зүйн тухайн маргаанд хариуцагчаар СА ШҮГ- оролцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 29 дүгээр зүйлийн 29.2., 29.6.-д зааснаар хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэх бөгөөд хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, иргэний эрх зүйн харилцааны оролцогч  байгууллага байна.

Харин зохигчийн маргааны зүйл нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо, бүтцийн өөрчлөлт оруулсантай холбогдуулан цуцалсан явдал тул хариуцагч СА ШҮГ-ын бүтэц орон тоог өөрчлөх нь тухайн байгууллага болон түүний даргын бүрэн эрхэд хамааралтай эсэх, “Монгол шуудан” ХК-ийн салбар нэгж, түүний удирдлага компанийн үндсэн чиг үүргийн ямар хэсгийг хэрэгжүүлдэг, салбар нэгжийн бүтэц, орон тооны талаар хуулийн этгээд өөрөө ямар бүрэн эрхтэй болохыг тодорхой болгох шаардлагатай юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг дээрх утгаар зөвтгөн, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 47 446 төгрөгийг төлсөнийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН