Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтээр У.Сд холбогдох эрүүгийн 1741000030001, 201701000074 дугаартай хэргүүдийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Гүер овгийн Ууганбаярын С, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, тоотод оршин суух, /регистрийн дугаар: /;

 

У.С нь худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел бааранд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,6 гр мөс гэх нэршилтэй сэтгэц нөлөөт мансууруулах бодис олж авч улмаар уг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: У.Сгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Сгийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Гүер овогт Ууганбаярын Сг мансууруулах бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар У.Сг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 гэж дугаарласан 0,6 гр зип лок түгжээтэй гялгар ууттай мөс гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис, 22 гэж дугаарласан шилэн гаанс 1 ширхэг, Эссэ гэх бичлэгтэй асаагуур 1 ширхэг, тест 2 ширхэгийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Сгийн баривчлагдсан, цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол У.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батжаргал бичсэн прокурорын дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...У.С нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эрүүгийн 1741000030001 дугаартай хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 28 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 2 тусдаа ууттай нийт 0.9 рамм, 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Д.Ганзоригт 350.000 төгрөгөөр худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгасан байна. У.С нь шүүхийн шийтгэх гарахын өмнө гэмт хэрэг үйлдсэн байх ба У.Сд холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нэг яллах дүгнэлтийн хэмжээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруу болон ялын асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд У.Сд холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:          

 

Ялтан У.С нь худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел бааранд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,6 гр мөс гэх нэршилтэй сэтгэц нөлөөт мансууруулах бодис олж авч улмаар уг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

 

Гэтэл У.С нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 28 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 2 тусдаа ууттай нийт 0.9 рамм, 0.3 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Д.Ганзоригт 350.000 төгрөгөөр худалдаалсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь эрүүгийн 1741000030001 дугаартай хавтаст хэргээр тогтоогдож байна.

 

Дээрх үйлдлүүдийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялыг нэмж нэгтгэх боломжгүй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Дээрх зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу ялтан У.Сд ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

Иймд прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: