Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0101/З |
Дугаар | 589 |
Огноо | 2019-09-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 589
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Б а” ХХК,
Хариуцагч: С д Т х Т у б М.Г, Б.Н
Гомдлын шаардлага: “С д Т х т у б 133,510,344,63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778,70 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527,70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Т.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч М.Г, Б.Н, иргэдийн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2009 онд байгуулагдсан бөгөөд барилгын салхивч, дотоод заслын ажил хийдэг.
2012 оноос 2016 оныг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Г Б.Н нар шалгаж, 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 252201767 тоот шийтгэлийн хуудсаар 13.232.253,60 төгрөгийн нөхөн татвар, 3.993.432,30 төгрөгийн торгууль, 6.556.736,40 төгрөгийн алданги, 356,40 төгрөгийн хүү нийт 23.782.778,70 төгрөгийн төлбөрийн шийтгэл оногдуулсан.
Дээрхи зөрчил нь 2012, 2013 онд “И ү э” ХХК, “Г н э” ХХК-иудаас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падаанаас үүдэлтэй юм.
Бид 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу дээрхи худалдан авалтыг хуулийн хүрээнд шинэчлэн мэдүүлж татварын тайландаа залруулга хийн, Татварын албанд хүргүүлж баталгаажуулсан.
“И ү э” ХХК, “Г н э” ХХК-иудаас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падаануудыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байх, энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх гэж заасны дагуу мэдүүлэн залруулсан.
“Б а” ХХК-ийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийтдээ нуун дарагдуулсан 706.986.348 төгрөгийн орлого, үйл ажиллагаагаа ил тод болгон тайлагнасан болно.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын байцаагч нарын өгсөн тайлбараас харахад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар зөвхөн орлого болон хөрөнгийг ил гаргах ёстой байсан зардал болон худалдан авалтыг тайлагнахгүй гэжээ. Мөн буруу мөрөнд мэдүүлсэн учраас зөрчил гэж үзэн, акт тавьсан гэдэг тайлбар өгсөн. Ингэхдээ хуулийн заалтуудыг дурдсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дээрх хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын 348 дугаар тогтоолд “...орлого, хөрөнгө болон үйл ажиллагаагаа ил болгож тайлагнана...” гэж заасан. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Чиглэл олгох” тухай албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн. Үүнд “...Татварын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болох аливаа үйлдэл үүний дотор падааны хуурамч бичилт, хуурамч зардлын мэдээлэл болон суутгах татвар зэрэг аливаа хэлбэрээр нуун дарагдуулсан хөрөнгө, орлого үйл ажиллагааг ил болгон мэдүүлэх замаар татвар төлөгчийн бүртгэлийг бий болгох нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго болно...” гэсэн байна.
Зардал болон худалдан авалтыг ил болгон мэдүүлэх боловч энэ нь улс болон орон нутгийн төсвөөс татварын аливаа буцаан авалт илүү төлөлтийг олгохгүйгээр хуульчилсан. Бид хуулийн хүрээнд худалдан авалт болон баримтгүй зардлуудаа орлогоор тодорхойлж өгсөн. Уг нэмэгдүүлсэн тайланг гаргаснаар улсын төсвөөс татварын илүү төлөлт, буцаан авалтыг авахгүй. Энэ нь шинээр мэдүүлсэн тайланд тусгагдсан.
706 сая төгрөгийн тайлан нь бидний буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч сайн дураараа хуулийн хугацаанд гаргаж өгсөн тайлан юм. Улсын байцаагч нарын хэлж байгаа нь ташаа ойлголт гэж үзэж байна. Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрүүдийг судалж үзэхэд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Х а ж” ХХК татварын хуурамч бичилттэй падаантай холбоотой зөрчил илэрснийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлангаа гаргасан учраас тухайн маргааныг татвар төлөгчийн талд шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон байсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Э э” ХХК-ийн нэг зөрчил нь худалдан авалтаа 48 дугаар мөрөнд бичээгүй байсанд улсын байцаагч акт тавьсныг татвар төлөгч гомдол гаргасны хүрээнд Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлан гаргасан учраас актаар тавигдсан зөрчлийн хэмжээг бууруулсан шийдвэрүүд гарч байсан удаатай.
Эдгээрээс харахад татварын улсын байцаагч нарын баримталж байгаа зардал болон худалдан авалт нь хуульд хамаарахгүй гэдэг нь ташаа зүйл гэж харж байна. Татварын байгууллагын чиглэл болгосон шийдвэрийн эсрэг шийдвэр гаргах боломжгүй. Бид хуурамч падаан авч ашиглаж татварт ногдох орлогоо бууруулсан зөрчлөө ухамсарлаж, дахин уг зөрчлийг гаргаагүй. Энэ нь татварын байцаагч нарын дүгнэлтэд байна. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын бичилттэй 5 падаанд ногдох татвар болон торгууль, алдангийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Шийтгэлийн хуудаст байгаа 1.1 сая төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч М.Г, Б.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан нь зөвхөн орлого, хөрөнгөтэй холбоотой нуусан зүйлээ ил тодоор тайлагнахыг зөвшөөрсөн гэж ойлгогдохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6,3 дах хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заасан нь татвар ногдох орлогыг бууруулдаг зардал, худалдан авалтыг тайлагнахгүй гэж ойлгогдохоор байна.
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/1247 тоот чиглэлд “Улсын төсвийн орлого хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын албадад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно” гэж заасан. Иймд хуулийн үйлчлэлд хамрагдаж татвараас чөлөөлөгдсөн гүйлгээтэй холбогдуулж илүү төлөлт тайлагнах, буцаан авах хууль зүйн үндэслэлгүй болно” гэж,Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газраас ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07/1058 тоот чиглэлд заасны дагуу татварын улсын байцаагч М.Г, Б.Н бид хуулийг ойлгож үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн шийтгэл ногдуулсан болно.
Хий бичилттэй падааныг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хэрхэн хамруулах тухай заавар, журам нь гарсан. Татварын ерөнхий газрын гаргасан аргачлалд энэ талаар заасан бөгөөд орлогыг орлого гэсэн мөрөнд, зардлыг зөвхөн зардал гэсэн мөрөнд, хий бичилттэй падааныг мөн хий бичилт гэсэн мөрөнд бичихээр нэгдсэн ойлголт татвар төлөгч болон улсын байцаагч нарт байдаг. “Б а” ХХК-ийн хувьд хий бичилтийг орлоготойгоо хамт тайлагнасан. Энэ нь хуульд нийцэхгүй байх тул акт тавигдсан.
Татварын ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны А/186 дугаар “Тайлангийн маягт батлах” тухай тушаалд худалдан авалт нь аж ахуйн нэгжийн орлогод зардал болж нөлөөлдөг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гаргахаас өмнө 2012 оноос нэмэгдсэн өртийн албан татварын хий бичилттэй падаан улс даяар гараад хэрхэн зохицуулах талаар тухайн үед шинэ аргачлалууд гарч байсан. “Б а” ХХК нь хий бичилттэй падаан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тайлагнахдаа орлого зарлагаа нийлүүлээд орлого талдаа тавьсан байна. Хэрэв 48 дугаар мөрөнд худалдан авалтын буцаалт гэж тайлагнасан бол акт тавихгүй байсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Г, Б.Н нар гомдол гаргагч “ Б а” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 252201767 дугаар шийтгэлийн хуудсаар [1] “ ... борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгаж, татвар ногдуулан төлөөгүй, ... орлогыг НӨАТ –ын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгаж, татвар ногдуулан төлөөгүй, ... НӨАТ-ын падааныг хуурамчаар бичүүлэн авч, ... албан татвар ногдуулах орлогыг бууруулсан “ гэх зөрчил тогтоон, 13,232,253,60 төгрөгийн нөхөн татвар, 3,993,432,30 төгрөгийн торгууль, 6,556,736,40 төгрөгийн алданги, 356,40 төгрөгийн хүү, нийт 23,782,778,70 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Б а” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байсан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “ Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 133,510,344,63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778,70 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527,70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргаж байх ба гомдлынхоо үндэслэлээ ” Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу НӨАТ-ын хуурамч бичилттэй падаанаас үүдэлтэй ... худалдан авалтыг хуулийн хүрээнд шинэчлэн мэдүүлж, татварын тайландаа залруулга хийн Татварын албанд хүргүүлж баталгаажуулсан. ... Гэтэл улсын байцаагч нар зөвхөн орлого тайлагнах ёстой гэж, түүнчлэн ил тодын тайлангаар тайлагнасан тоог буруу мөрөнд бичсэн тул хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үндсэн зарчмыг зөрчиж байна” гэж, эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нар нь “ ... “Б а” ХХК-ийн хувьд хий бичилтийг орлоготойгоо хамт тайлагнасан, 706 сая төгрөг нь орлого юм. Орлого, зардал 2-ыг нэг гэж үзэж болохгүй. ... Зардал болох зүйлийг орлого болгож, тайлагнасан учраас утга, агуулгын хувьд зөрчил болно. Шийтгэлийн хуудас үндэслэлтэй ” гэж маргажээ.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтаар тус компани нь 2015 онд Татварын ерөнхий газарт хийсэн засварын ажлын 445,263,00 төгрөгийн, 2016 онд “ Т Ө” Ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн агааржуулалтын үнэ 742,545,45 төгрөгийн , нийт 1,187,808, 45 төгрөгийн боруулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын татварын ногдуулалт, төлөлтийн тайланд болон НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тусгаж, татвар ногдуулан төлөөгүй, мөн 2012 оны “И ү э” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0013043004 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 80,000,000,00 төгрөгийн, 2013 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 0013350661 дугаартай падаанаар 7,927,272,73 төгрөгийн, 2013 оны 2 дугаар сарын 26-ний өдрийн 0013350708 дугаартай падаанаар 14,454,090,00 төгрөгийн, “Ган номин эрдэнэ” ХХК-иас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 0012385581 дугаартай падаанаар 18,740,910,00 төгрөгийн, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0013408305 дугаартай падаанаар 9,921,455 төгрөгийн, нийт 131,134,727,73 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “ дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний үнэ” хэсэгт тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.14, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус зөрчсөн, энэхүү зөрчил нь хөндлөнгийн мэдээлэл, санхүү татварын тайлан, анхан шатны баримтаар тогтоогдсон гэж үзэж, дээрх шийтгэлийг оногдуулжээ.
Нэхэмжлэгч “Б а” ХХК нь дээрх зөрчлүүдээс зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг хуурамчаар бичүүлэн авч, ... албан татвар ногдох орлогыг бууруулсан “ зөрчилд ногдуулсан 23,604,251 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар маргаж байх ба харин хэргийн оролцогч нар гаргасан зөрчил болон татварын хэмжээний талаар маргахгүй байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан ... хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор “ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.1.1-д “ нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүй улмаас холбогдох албан татвар ... ыг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг хэлнэ”, 2.1.3-т “ маягт” гэж хувь хүн, хуулийн этгээдийн сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, тайлагнасан, мэдүүлсэн хөрөнгө, орлого, үйл ажиллагааг бүртгэхээр ... төрийн захиргааны байгууллагын баталсан маягтыг ойлгоно” , 4.2.2-ын б/-д “ Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа мэдүүлэх бол шинээр мэдүүлсэн тайлан ( маягтын дагуу хөтөлсөн байх ) “ гэж тус тус заажээ. Дээрх хууль тогтоомжийн агуулгаас үзэхэд хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, олсон орлогоо ил тод болгон үнэн зөв, шударгаар татварын тайланд тусгаж, шинээр тайлагнахаар, ийнхүү тайлагнасан тохиолдолд хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөгдөхөөр байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайланд[2] нэмж тайлагнасан бараа, ажил үйлчилгээний борлуулалтын нийт орлогыг 706,986,348 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээний нийт борлуулалтын орлогыг 706,986,348 төгрөгөөр, дотоодыг зах зээлд борлуулсан борлуулалтын орлогыг 706,986,348 төгрөгөөр, нийт борлуулалтаас НӨАТ ногдох бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг 706,986,348 төгрөгөөр, ногдуулсан НӨАТ-ын нийт дүнг 70,698,634,80 төгрөгөөр, худалдан авсан бараа, бүтээгдэхүүний буцаалт, хөнгөлөлтийг / 48 дугаар мөр/ 0,0 төгрөгөөр, хасагдах НӨАТ-ын дүнг / 54 дүгээр мөрөнд / 0,0 төгрөгөөр тус тус тайлагнасан үйл баримт тогтоогдсон, хэргийн оролцогч нар энэ талаар маргахгүй байна.
Дээрх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд ““орлогыг нуун дарагдуулаагүй”, харин “төсөвт төлөх ёстой байсан татварыг хууль бусаар бууруулсан” байх ба нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайландаа 706,986,348 төгрөгийг нийт борлуулалтын орлогоор тайлагнан, өмнө нь тайлагнасан зардал болон худалдан авалтаа залруулахгүйгээр нэмж мэдүүлсэн, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн залруулгыг дүнг шинээр гаргасан тайланд тусгаагүй болох нь тогтоогдож байх ба түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг нэгэнт хориглосон тул нэмж мэдүүлсэн тайланд тусгагдсан орлогод ногдох зардлыг татвар ногдох орлогоос, худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасах үндэслэлгүй гэж үзнэ.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харъяалах татварын албанд хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар уг тайлан нь татвар төлөгчийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болох учраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдууланТатварын ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан тайлангийн маягт, зааврын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс шинээр тусгасан албан татвар, ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж, бүрэн гүйцэд мэдүүлээгүй, тодруулбал батлагдсан маягтын дагуу мэдүүлээгүй байх тул шинээр мэдүүлсэн тайланг маягтын дагуу хөтөлсөн байх хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Үүний зэрэгцээ шинээр гаргасан тайланг батлагдсан маягт, зааврын дагуу гаргаагүйгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хий бичилттэй падааны дүнгээр буюу 131,134,727,73 төгрөгийг ил тодоор тайлагнасан гэж үзэхээргүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд хамрагдахгүй гэж үзэж, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг хуурамчаар бичүүлэн авч, НӨАТ ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсныг шүүх буруутгах үндэслэлгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай / 2006 оны / хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “ худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан тул ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр худалдан авалт хийсэн болохоо нотлох нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний баримт гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдоогүй гэж үзэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийснийг зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь холбогдох хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 45 дугаар зүйлийн 45.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай / 2006 оны / хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б а ” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 133,510,344,63 төгрөгийн зөрчилд оногдуулсан 23,782,778,70 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийн төлбөрөөс 1,187,808 төгрөгийн зөрчилд ногдох 178,527,70 төгрөгийн төлбөрийг бууруулж, 23,604,251 төгрөгийн төлбөр төлүүлсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Хавтаст хэргийн 4, 72 дугаар хуудсанд
[2] Хавтаст хэргийн 149-152 дугаар хуудсанд