Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Т.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00737 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Нансалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Дамдинсүрэнд холбогдох,

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Р.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Нансалмаа нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Раднаасэдийн Дамдинсүрэнд 8 000 000 төгрөгийг гуйгаад байхаар нь зээлж өөрийнх нь Хаан банкны 5076054145 тоот дансанд шилжүүлж өгсөн. Зээлсэн 8 000 000 төгрөгөө түүнээс 4-5 удаа нэхсэн боловч элдэв худал, үнэн шалтгаан хэлсээр өдий хүртэл өгөхгүй, намайг хохироож байна. Би энэ талаар цагдаад хандахад шүүхэд ханд гээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй. Орхон аймгийн шүүхэд хандсан боловч шүүх хуралдаанд ирээгүй гэж хэрэгсэхгүй болгож намайг хохироосон. Одоо дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Р.Дамдинсүрэнд өгсөн 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Р.Дамдинсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Дамдинсүрэн би 2013 оны 04 сараас 2013 оны 05 дугаар сарын 19-нийг хүртэл цэрэгт хамт байсан багын найз Т.Мөнхтунгалагаас сар бүр мөнгө зээлж 7-14 хоногийн дотор буцааж өгөхдөө байнга 10 хувийн хүүтэйгээр мөнгийг гар гар дээрээ авч өгөлцөж байсан ба сүүлийн хэдэн сард Хаан банкны дансаар бие биедээ шилжүүлж өгч авдаг болсон юм. Сар бүр 10 хувийн хүү авдаг байсан болохоор миний санал болгосон мөнгийг дуртайяа өгдөг байсан. Т.Нансалмаа бол Т.Мөнхтунгалагийн төрсөн дүү юм. 2014 оны 05 дугаар сарын 19-нд Т.Нансалмаагаас авсан 8 000 000 төгрөг бол Т.Мөнхтунгалагаас Хаан банкны дансаар Т.Нансалмаад шилжүүлсэн баримттай мөнгө болно. Би Т.Нансалмааг танихгүй, Т.Мөнхтунгалагтай л харьцдаг байсан. Иймд нэхэмжлэгч нь Т.Мөнхтунгалаг юм. Би сүүлдээ өр ширэнд орж хашаа байшингаа зарж, ийм байдалтай амьдарч байна. Т.Мөнхтунгалаг Хаан банкны дансаа гаргаж өгөхгүй зэрэг шалтгаанаас шүүх хурал хотод 1 удаа хойшилсон. Удаа дараа мөнгө авсаар байгаад өрөнд орсондоо туйлын ихээр гэмшиж байна. Бага дээрээ зогсоосон бол ийм байдалд хүрэхгүй байсан байна. Миний бие жил гаруй хугацаанд өгсөн мөнгөнийхөө хүүгээр 5 790 000 төгрөг төлөгдсөн байна гэж үзэж байна.

2013 оны 08 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг аваад 8 дугаар сарын 28-нд 3 800 000 төгрөг,2013 оны 07 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөг аваад 8 дугаар сарын 07-нд 1 120 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-нд 3 800 000 төгрөг авч, 10 дугаар сарын 01-нд 4 000 000 төгрөг өгсөн, 2013 оны 12 дугаар сарын 23-нд 2 100 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 09-нд 2 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 08-нд 3 500 000 төгрөг авч 2014 оны 01 дүгээр сарын 18-нд 3 850 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 22-нд 1 200 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 1 300 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөг авч, 2014 оны 03 дугаар сарын 05-нд 4 400 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 21-нд 6 500 000 төгрөг авч, 4 дүгээр сарын 07-нд 7 150 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 22-нд 8 000 000 төгрөг авч, 5 дугаар сарын 07-нд 8 000 000 төгрөг өгсөн, 5  сарын 08-нд 800 000 төгрөг бэлнээр өгсөн. 5 дугаар сарын 19-нд 8 000 000 төгрөг аваад өгч чадаагүй.

Бэлнээр авсан мөнгө                                                           баримттай мөнгө:

2013 оны 04 дүгээр сарын 23-нд 2 500 000 төгрөг,             3 500 000 төгрөг

5 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг                                 1 000 000 төгрөг

6 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг,                                3 800 000 төгрөг

7 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг-1 000 000                2 100 000 төгрөг

10 дугаар сарын 23-нд 4 500 000 төгрөг,                             3 500 000 төгрөг      

11 дүгээр сарын 23-нд 4 800 000 төгрөг,                              1 200 000 төгрөг      

12 дугаар сарын 22-нд 3 000 000+2 100 000төгрөг              4 000 000 төгрөг

Нийт 24 300 000 төгрөг, хүү 2 430 000 төгрөг,                      6 500 000 төгрөг

                                                                                                   8 000 000 төгрөг      

                                                                                                   Нийт 33 600 000 төгрөг,

Хүү 3 360 000 төгрөг

Хүүнд 2 430 000+3 360 000 нийт 5 790 000 төгрөг төлсөн байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, энэ хэргийн нэхэмжлэгч нь Т.Нансалмаа биш гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00737 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нансалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Нансалмаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Р.Дамдинсүрэн миний бие цэргийн албанд хамт ажиллаж байсан найз Т.Мөнхтунгалагаас ямар нэгэн бичгэн хэлэлцээр байгуулахгүйгээр 2013 оны 4-р сарын 23-ний өдрөөс эхлэн сар бүр нийт 13 удаа мөнгө зээлэн авч байсан бөгөөд зээлэн авсан мөнгөө буцаан төлөхдөө найзынхаа эрх ашиг, цаашдын хамтын үйл ажиллагаагаа эрхэмлэн зохих хэмжээний хүүг бэлнээр өгч байсан. Харин 2014 оны 5-р сарын 19-нд Т.Нансалмаагийн данснаас шилжүүлэн авсан 8 сая төгрөгийг Т.Мөнхтунгалагт өгч чадаагүй бөгөөд энэ нь миний бизнесийн үйл ажиллагааны доголдол, бусдад итгэсэн итгэлээс үүдэлтэй юм. Энэ бүхнийг Мөнхтунгалагт танилцуулж харилцан ойлголцоод байсан билээ. Харин түүний дүү Т.Нансалмаа шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна.

Би Т.Нансалмаагаас мөнгө зээлж аваагүй болохоо дээр дурдсан. Шүүх хуульд зааснаар маргаант үйл баримтуудыг үнэлэхдээ бүх талаас нь бодитой хандсангүй. Т.Мөнхтунгалаг нэхэмжлэл гаргаагүй эсхүл өөрийнхөө өмнөөс нэхэмжлэл гаргаж ажиллахыг дүү Т.Нансалмаад зөвшөөрсөн итгэмжлэл байхгүй байхад Ц.Дамдинсүрэнд Т.Нансалмаа 8 сая төгрөг шилжүүлсэн нь анхны гүйлгээний баримтаар нотлогдсон, хариуцагч 8 сая төгрөгийг Нансалмаагийн шилжүүлснээр хүлээн авснаа зөвшөөрсөн тул Дамдинсүрэнгээс 8 сая төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийсэн юм. Мөнхтунгалаг бид хоёрын 2013 оны 4-р сараас хойш мөнгө зээлдэн авсан, хүү төлсөн гэх мэт харилцан тооцоо хийх, ойлголцон зөвшилцөх, эвлэрэх асуудал байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй субъект болох Т.Нансалмаа шүүхэд хандсанаар мөнгө зээлсэн, зээлдүүлсэн түншлэгч бидний мэтгэлцэх, эвлэрэх бүх үйл ажиллагааг таслан зогсоов. Шүүх үүнийг үндэслэлгүйгээр дэмжиж байна.

Анхан шатны шүүхээр маргааныг хянан хэлэлцэх үед хариуцагчаар татагдсан Р.Дамдинсүрэн миний эсрэг талд Т.Нансалмаа өөрөө оролцоогүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ням хэмээх иргэн оролцсон бөгөөд миний хувьд өмгөөлөл, эрх зүйн туслалцаа авах боломж олдоогүй юм.

Шүүх хуралдааны явцад үнэлэлт, дүгнэлт хийхэд мөнгө зээлдүүлсэн Мөнхтунгалаг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх эрхгүй Т.Нансалмаа нэхэмжлэл гаргасан, Нансалмаа шүүх хуралдаанд өөрөө оролцоогүй, мөнгө зээлийн харилцааны субъект болох Т.Мөнхтунгалаг Ням хэмээгчид итгэмжлэл олгоогүй гэх мэт сонин үйл ажиллагаа явагдсан болно. Миний хувьд хууль мэддэггүйн зэрэгцээ Т.Мөнхтунгалагаас зээлэн авсан бага бус хэмжээний мөнгөний тооцоог хийгээгүй тул сэтгэл зүйн хэлмэгдэлд орж тухайн үеийн маргааны учрыг олоогүй болно.

Өмнө дурдсан үндэслэлээр хэргийг хянан хуульзүйн үндэслэлгүйгарсан шүүхийн 142/шш 2017/00737 тоот шийдвэрийг хүчингүй болгон Т.Нансалмаагийн нэхэмжлэлииг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Нансалмаа нь зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөгийг хариуцагч Р.Дамдинсүрэнгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Р.Дамдинсүрэн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Т.Нансалмаа нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Р.Дамдинсүрэнгийн хаан банкны 5076054145 тоот дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч нь 2014.05.19-ний өдөр Т.Нансалмаагийн данснаас миний дансанд 8.000.000 төгрөг орж ирсэн нь үнэн боловч энэ мөнгө Т.Нансалмаагийн мөнгө биш харин түүний ах Б.Мөнхтунгалагаас зээлж авсан мөнгө. Би ах Б.Мөнхтунгалагтай нь цэргийн алба хамт хаасан найз 2013 оноос Б.Мөнхтунгалагаас мөнгө зээлж хүүгийн хамт төлдөг байсан. Энэ 8.000.000 төгрөгийг Б.Мөнхтунгалагаас зээлэхээр ярихад дүү Т.Нансалмаагаас авчих гэсэн тэгээд Т.Нансалмаа шилжүүлсэн. Т.Нансалмаагийн мөнгө биш учир нэхэмжлэгч нь Т.Нансалмаа биш гэсэн тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч Т.Нансалмаа нь 2014.05.19-ний өдөр хариуцагч Р.Дамдинсүрэнд 8.000.000 төгрөг зээлдүүлсэн ба мөнгийг түүний Хаан банкны 5076054145 тоот дансанд шилжүүлсэн болох нь 2014.05.19-ний өдрйин Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон, мөн нэхэмжлэгч Т.Нансалмаагийн Хаан банкны 5006539507 тоот дансанд 2014.05.19-ний өдөр Б.Мөнхтунгалагаас 8.000.000 төгрөг шилжиж орсон нь Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож буй боловч энэ нь Б.Мөнхтунгалаг Р.Дамдинсүрэн нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотолж буй баримт биш гэсэн үндэслэлүүдээр хариуцагч Р.Дамдинсүрэнгээс 8.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нансалмаад олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Р.Дамдинсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Р.Дамдинсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ