Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 181/2017/03714/И |
Дугаар | 001/ХТ2019/00632 |
Огноо | 2019-05-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2019/00632
“ХГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02164 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2435 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “ХГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Р, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор “ХГ” ХХК-иас 760 800 276 төгрөгийг гаргуулж, КБинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшийг 880 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 24, 25 тоот авто зогсоолуудыг тус бүрийг нь 25 000 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг манай компанид биш дээрх үл хөлдөх эд хөрөнгийн байгаа газрын хаягаар шууданд хийснийг манай компани 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шуудангаас утсаар мэдэгдсэний дагуу хүлээн авсан.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, энэ талаараа манай компанийн албан ёсны хаягаар ирүүлээгүй, үнэлгээг танилцуулаагүй бөгөөд дээрх үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Төмөрболд байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага хураах битүүмжлэх ажиллагааг явуулахдаа түүнд мэдэгдээгүй, оролцуулаагүй харин хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгийг оролцуулж ажиллагааг явуулж, шинжээчийн дүгнэлтийг түүнд танилцуулсан байна. Компанийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг нь Сүхбаатар дүүрэг хэвээр байгаа атал компанийн хаягаар нэг ч удаа мэдэгдэх хуудас хүргүүлээгүй. Хууль сануулахгүйгээр шинжээч дүгнэлт гаргасан тул үнэлгээг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. ...Гэтэл 2016 оны 9 дүгээр сард хөрөнгийг хураасан атлаа 2017 оны 5 дугаар сард шинжээч томилсон байна. Мөн шинжээчийн дүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан байхад Г.Алтанцэцэгт 2017 оны 9 дүгээр сард мэдэгдэл явуулсан тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла Зайсангийн тойруу 62/6 байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн ч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 880 000 000 төгрөгөөр, авто зогсоолын тус бүрийн үнэ 25 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгт 2017 оны 09 дүгээр сарны 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан. Тус компани Сүхбаатар дүүрэг дэх хаягт байрладаггүй. Хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэг нь Ц.Төмөрболдтой гэр бүлийн хүмүүс, компанийн үүсгэн байгуулагч нар тул нэг хаягаар хүргүүлсэн. Түүнчлэн шүүхийн шийдвэрт Г.Алтанцэцэгийг захирал гэж тэмдэглэсэн байсан бөгөөд энэ хаягаар явуулаарай гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:
Анх зээл авахад “ХГ” ХХК нь Г.Алтанцэцэг, нөхөр Ц.Төмөрболд, тэдний хүү гэсэн 3 үүсгэн байгуулагчтай гэр бүлийн компани байсан. “ХГ” ХХК Сүхбаатар дүүргийн хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02164 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ХГ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2435 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1462 дугаар магадлалд дурдсан зөрчлийг арилгалгүй, дахин шийдвэрлэсэн гэж үзэж байна.
...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгө болох Г.Алтанцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012012, ГД-00085983 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 мкв талбай бүхий орон сууц, өөрийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 153/55 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 153/56 дугаар тогтоолоор хураасан. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2.т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр заасан.
Гэтэл хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг тохиролцуулах ажиллагаа огт хийгээгүй, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлээ огт танилцуулаагүй, хүргүүлээгүй.
... 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилсон. Үнэлгээг гаргуулахдаа үнэлгээчинг томилоогүй. Хөрөнгийн үнэлгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийг үнэлгээчнээр томилсон байна. ...мэргэшсэн үнэлгээчин үнэлгээ хийхдээ тухайн компанид харьяалагддаг байх, тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь үнэлгээний тайлангаас харагдахгүй байна. ... Уг үнэлгээний тайланг нь "Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайлан байна гэдэгт эргэлзээ төрж байгаа юм.
... Анхнаасаа тухайн байгууллагын дотоод журмаараа Ж.Уртнасан гэх хүнийг томилоод явахыг үгүйсгэхгүй. Компани нь ажилтандаа үүрэг өгсөн талаар баримт байхгүй байна. ... Мэргэшсэн үнэлгээчин Ж.Уртнасан гэх хүнийг шинжээчээр томилсон байсан бол үүн дээр маргаан гарахгүй байсан. Нийт 930 000 000 төгрөг үнэлсэн ба зах зээлийн бодит ханшаар хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна.
... Шинжээчийн дүгнэлтэнд онцлог шинжээрээ энэ байшин урагшаа болон хойш харсан нэвт цонхтой, А байршилтай зэргийг үнэлгээндээ тусгаж өгөөгүй.
... Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь ...компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж тус тус заасан ба “Хөрөнгийн үнэлгээний” ХХК-ийн захирал Р.Зоригт нь хөрөнгийн үнэлгээний тайланд гарын үсэг зураагүй, компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулаагүй байна.
“Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээчийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй байна.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад бодит эрх зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шуудангийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны дардсыг 2017 он болгож гараар засварлаж, нотариатаар 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлуулж хэрэгт хавсаргасан байгаа. ... үүнийг “Монгол шуудан” ХК-иас утсаар лавлаж асуухад бичиг захидал буцаагдсаныг шийдвэр гүйцэтгэгч Р.Отгончимэг буцаан хүлээн авсан байна гэдэг хариу өгсөн.
... Хуурамч нотлох баримтуудад тулгуурлаж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас шинжээчийг оролцуулж маргааныг нэг тийш болгох хүсэлтийг хуралдаанд гаргасан боловч хүлээж аваагүй.
... Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэгт 2017 оны 12 сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эдлэх бусад бүх эрх, үүргийг олгосон нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаснаас хойш, хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш эрх үүргүүдийг олгож байгаа юм. Харин 03 дугаар сарын 27-ны өдөр 1/83 дугаар итгэмжлэлийг Н.Цэрэнсодномд нэхэмжлэл гардах авах эрхийг олгож, өмнөх итгэмжлэлийг залруулсан боловч шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаагүй.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “ХГ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор “ХГ” ХХК-иас 760 800 276 төгрөг гаргуулж, “КБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла Зайсангийн тойруу 62/6 байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг битүүмжилж, хураасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй, харин өмчлөгч нь шинжээч томилуулахыг хүссэн тул шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгожээ.
Шинжээч орон сууцны үнийг 880 000 000 төгрөгөөр, авто зогсоолын тус бүрийн үнийг 25 000 000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг төлбөр төлөгч “ХГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэг нарт албан бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа нотолж ирүүлсэн баримтыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгэж чадаагүй, өөрийн шаардлагыг нотлоогүй байна.
Хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 62 дугаар зүйлийн холбогдох зохицуулалт, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02164 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2435 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН