Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0023/э |
Дугаар | 66 |
Огноо | 2016-07-22 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
иргэдийн төлөөлөгч Д.Дагдан,
хохирогч Ц.Эрхэс, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.Наранбат, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
шүүгдэгч Ц.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр,
шүүгдэгч Б.Дашбал, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, Боржигон овогт Бүжингийн Дашбал, Боржигон овогт Бямбын Наранбат нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010912 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, 1976 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтан-Өлгийн задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /НШ76011875/,
Урьд 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 786 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Сухбаатар дүүргийн шүүхийн 413 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 2 дугаар зүйлд зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,
2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 400 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1, 124 дүгээр зуйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүпж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэж сулласан,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Бүжингийн Дашбал, 1982 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 3 ээж дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /ХК82090917/,
2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 619 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр "2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 391 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,
2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж 2013 ны 3 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,
2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 900 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржгин овогт Бямбагийн Наранбат, 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Б-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /МЮ80062311/,
Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж иргэн Ц.Эрхэсийн I phone-5 маркийн гар утас, бэлнээр 80.000 төгрөгийг дээрэдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 03 дугаар сарын 12 ны шөнө 22 цагийн орчим УБИС дэргэд таньдаг Наранбат, Дашбал нартай машинтай явж байхад нь таараад машинд нь суусан. Тэгээд бид нар хоорондоо юм ярилцаж байгаад 5 буудалд байдаг Түвшээ гэдэг найзындаа очихоор хамт явцгаасан. Замдаа 5 буудлын ойролцоо дэлгүүрээс 1 шил архи, 2 литрийн пиво аваад найзынд нь ороход Түвшээ гэртээ байхгүй ажилтай, гэрт нь эхнэр хүүхэд, хүргэн нь байсан. Тэгээд гэрт нь ярилцаж суухдаа нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгээд тэндээс гарч явах замдаа 17-д байдаг дүүгийнхээ гэрт очиж 2 тор хонь, ямааны өвчүүний яс аваад буцах замдаа ХАА яамны урд байдаг хүнсний дэлгүүрийн урд машинаа зогсоогоод Дашбал дэлгүүр орох замдаа зогсож байсан залуучууд дундаас нэг залуутай ярилцаад дэлгүүр рүү яваад архи авч гарч ирсэн. Жолооч нь машинд архи уулгахгүй гэхээр нь бид нар хажууд байдаг цагаан байрны орцонд уухаар орсон. Тэгээд орцонд ороход биднээс гадна 6 залуу архи ууцгааж байсан. Тэр залуу дотор урьд таньдаг байсан. Наранбаатар, Тоодон Сээгий нар байсан. Архи ууж байхдаа манайд цуг очъё хамтран амьдарч байсан Энхтуяаг муулж тэр ирэхгүй байгаа, ирэх юм бол сална гээд элдвээр хэлээд байсан. Би уурлаад бид хоёрын амьдрал та нарт хамаагүй гэж хэрэлдэж байхад хохирогч гэх залуу үг нэмэхээр нь би гар хүрсэн. Тэгээд би нөгөө хоёртой маргалдсан. Дашбалаас унааны мөнгө гуйхад нь надад 20.000 төгрөг өгөөд 1 шил архи авчирч өгөөд үлдсэнийг нь ав гэсэн, гараад явахад гадаа байсан такси энэ махаа ав гээд машин хөлсөлсөн 40.000 төгрөг нэхэж авна гээд орц руу орсон. Би махаа аваад дэлгүүр ороогүй автобусны буудлаас такси бариад 00 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Өглөө хоолоо хийж байтал 10 цагийн орчим гаднаас Наранбаатар орж ирээд Ариунаа гэдэг таньдаг дүү чинь Баянзүрх дүүрэг дээр ирээд уулзаадах гэж хэлж байна гэхэд нь хамт явж Баянзүрх дүүргийн цагдаа дээр дэслэгч Пүрэвжавтай уулзсан. Тэгээд Наранбаатарыг явуулаад намайг чи яагаад хүн зоддог юм бэ, чи ямар хэрэг хийснээ мэдэж байна уу 3 дугаар сарын 12 өдөр ямар хэрэг хийснээ мэдэж байна уу гээд хорьсон. Надад хохирогч гэх залууг дээрэмдсэн, урьдчилан үгсэн тохирсон зүйл байхгүй. Хохирогч гэх залууг танихгүй. Хохирогчид гар хүрсэндээ гэмшиж байна. Би одоог хүртэл ганц бие эхнэр хүүхэдгүй. Би хүнтэй сууна гэж бодож төлөвлөж явсан. Ажил хөдөлмөр хийж сайхан амьдрах зорилготой байсан. надад үйлдээгүй дээрмийн хэрэг тулгаж байгаа мөрдөн байцаагч, прокурорт гомдолтой байна. Эрхэм шүүгч та болсон асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Дашбал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогчийг огт танихгүй. Наранбаатар дагуулж ирсэн. Би тэгээд хохирогчтой цуг хүнсний дэлгүүр орсон. Хохирогч дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэгээд дэлгүүрээс хохирогчтой цуг гараад би тамхи авах гэж салаад явсан. Би ТҮЦ-с тамхи аваад орцонд очтол хохирогч зодолдсон байдалтай байсан. Тэгтэл таксиний жолооч надаас мөнгө нэхээд байсан. Би жолоочид таксины мөнгө өгөх гээд гартал Отгонбаяр, хохирогчтой цуг миний араас гарч ирсэн. Би хохирогчид огт гар хүрээгүй. Өөр надад ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Наранбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Хөдөө аж ахуйн яамны буудал дээр байж байхад хохирогчтой таарсан. Тэгээд хохирогчтой байрны орцонд архи уусан. Отгонбаяр хохирогчтой маргалдаж зодолдсон. Би Наранбаатартай маргаж зодолдсон асуудал байгаа. Би хохирогч гэх залууд гар хүрээгүй. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Ц.Эрхэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухай өдөр Энхжаргал найзтайгаа 10 хороололд очиж уулзсан. Тэгээд би 22 цагийн үед салаад Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр зогсож байхад нэг залуу ирээд тамхи асуусан. Би татаж байсан тамхиа тэр залуутай хувааж татсан. Тэр тамхи хувааж татсан залууг Мөөгий гэж байсан. Тэгтэл Наранбат ирээд хамт явъя гэж хэлсэн. Би хамт явж машин дээр нь очиход дотор нь 6 залуу байсан. Наранбат намайг архи ав гэж хэлэхээр нь Дашбалтай цуг хүнсний дэлгүүр орсон. Тэгээд хүнсний дэлгүүрээс 1 шил архи, ус авсан. Тэгээд архиа уухаар байрны орц руу орсон. Орцонд ороод архи ууж байтал Отгонбаяр агсраад миний гуя руу өшиглөж, нүүр рүү мөргөсөн. Наранбат тэгтэл боль гэж хэлтэл Дашбал, Отгонбаяр хоёр миний гараас барьж авч миний өмдний халаасыг тэмтрээд байсан. Халаасанд байсан мөнгө, гар утсыг авсан. Тэгээд яваад өгсөн. Би тухайн үед маш их айж байсан. Би гараад 62 дугаар байрны хавьд явж байтал Наранбаатартай таарч барьж аван цагдаад өгсөн. Тэгээд би болсон асуудлын талаар цагдаад хэлсэн. Надад байсан гар утас Ай поне, эхнэрийн байрны мөнгө төлөөрэй гэсэн 80.000 төгрөгийг дээрэмдэж авсан. Гомдолтой байна” гэв.
Хохирогч Ц.Эрхэс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Эрдэнэжаргалын гэрээс гараад такси барьж харих гэж явж байгаад тамхи авахаар хөдөө аж ахуйн хуучин автобусны буудал дээр зогссон. Дэлгүүр хайгаад явж байсан чинь гэнэт 2 залуу гарч ирээд дэлгүүр зааж өгий гээд цагаан өнгийн машинд суулгасан. Надаас гадна жолоочтойгоо нийлээд 5 хүн байсан. Баянзүрх зах руу эргээд нэг дэлгүүрийн өмнө зогсоод бид бүгд буусан. Дэлгүүр рүү ороод би 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи, ундаа авсан. Бид дэлгүүрээс гараад тэнд байдаг байрны хамгийн зүүн талын орц руу орж 3 давхарт авсан архи хувааж уусан. Би уг архинаас 1 л удаа татсан. Уг орцонд надаас гадна 6 хүн байсан. Тэгсэн гэнэт тэд нар хоорондоо маргалдаад унасан бөгөөд шар царайтай мурий хамартай залуу нь миний зүүн талын шанаа руу мөргөсөн. Тэгсэн эхэлж дэлгүүр зааж өгье гээд автомашинд суулгасан залуу боль боль гэсэн. Тэр 6 хүнээс 3 хүн нь түрүүлээд гараад явчихсан. Үлдсэн гуравын хоёр нь надтай зууралдаад унахаар нь би салаад дээшээ 4 давхар руу гараад айлын хаалга цохьсон. Нөгөө 3 залуу миний ардаас гарч ирээд надтай зууралдаад унахаар нь би зугтаад 5 давхар руу гарсан. Тэгээд энд хүн дээрэмдүүлээд байна туслаарай гэж хашгирсан. Улмаар 4 болон 5 давхрын голын шатан дээр уг 3 залуу нь миний гар утас болон бэлэн 80,000 төгрөгийг дээрэмдэж аваад зугтсан. Намайг дээрэмдсэн 3 залуугийн нэг нь савхин куртиктай нөгөө нь мурий хамартай шар царайтай насаар арай ахимаг байсан. Нөгөө залуу нь хар цагаан өнгө хосолсон куртиктай байсан. Би уг 3 залууг харвал танина. Уг 3 залуугаас мурий хамартай шар царайтай залуу нь голлож миний халаасыг ухсан. Уг залууг Отгоо гэдэг болохыг цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдсэн. Дээр нь нэмээд савхин куртиктай залуу нь бас миний халаасыг ухаад байсан. Харин нөгөө хар цагаан өнгийн куртиктай залуу нь болохоор миний гарыг бариад байсан. Ноцолдож байхдаа миний толгой руу гараараа цохиод байсан. Гэхдээ би хэн цохьсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх30-32/,
Гэрч Э.Наранбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...62 дугаар байрны нэг орцонд ороод долуулаа нөгөө залуугийн авсан архийг хувааж уусан. Тэр архи авсан залуу аягалж өгч байсан. Би Дарь-Эхэд 2 найзтайгаа нийлээд 2 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи уучихсан тэгээд тэд нартай уугаад бүр тасарчихсан байсан юм. Юу болсоныг сан санахгүй байна. Миний санаж байгаагаар Наранбаттай муудалцаж байсан, мөн үлдсэн хүмүүс дээд талын давхарт бужигналдаж байгаад бүгд гараад гүйснийг санаж байна...” гэсэн мэдүүлэг. /хх38-39/,
Гэрч А.Лхагвагарав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 3 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 55 тоотод байх гэртээ гэр бүлийнхний хамт амарч байсан. Шөнийн 1 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг эрэгтэй цохиод туслаарай цагдаа дуудаад өгөөч намайг дээрэмдээд байна гээд аймар хүчтэй балбаад байсан. Би өөрийнхөө гэрийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэр эрэгтэй манай гэрийг хаалгыг хэд хүчтэй балбаж туслаарай цагдаа дуудаад өгөөч гэж хэлчихээд алга болчихсон...” гэсэн мэдүүлэг. /хх46-47/,
Гэрч О.Наранцацрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Эрхэс 2016 оны 3 сарын 12-ны өдөр гадуур ажил хөөцөлдөхөөр гарч 2016 оны 3 сарын 13-ны үүрээр танихгүй хүмүүст гар утас мөнгөө дээрэмдүүлчихлээ гээд орж ирсэн. Хүзүүний 2 талаар хумсны майжсан сорив, баруун талынх нь хөлний гуяны гадна хэсэгт нилээн том хөхөрсөн байдалтай. Хамар нь үл ялих хавдсан байсан. Нөхөр гэрээсээ гарахдаа хөх өнгийн куртик цэнхэр өнгийн жинсэн өмд, хөндлөн судалтай цамцтай гарсан. 80,000 төгрөг гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Мөн нэг залууг нь барих гэж байгаад гартаа зүүж явсан цагаа хаячихсан гэж хэлсэн. Манай нөхрийн өмсөж явсан куртикны цахилгаан, өмдний халаасны хэсэг урагдсан байдалтай, өмднийх нь халаасанд байсан банкны карт нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх48-49/,
Гэрч Б.Сэргэлэнбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...архи хувааж уухаар бид 62 дугаар байрны орцонд орсон аль орцонд орсоноо санахгүй байна. Барагцаагаар 7-8 хүн бол байсан. Миний мэдэж байгаагаар мурий отгоо, даашка, дүлий нараа байсан. Орцонд архи ууж байхдаа мурий отгоо хүн болгон руу дайраад агсараад байсан. Тэгэхээр нь би түрүүлээд гараад явчихсан. Дүлий нараа, мурий отгоо, даашка л гэж дууддаг хочыг нь мэднэ. Намайг хүмүүс тоодон сээгий гэж дууддаг юм...” гэсэн мэдүүлэг. /хх53-54/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн №435 тоот дүгнэлт:
1. Б.Наранбат нь архины хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна Уг эмгэг нь олдмол эмгэг юм.
2. Б.Наранбатын дэрх сэтгэцийн эмгэг нь 20-22 насны орчим үүссэн байх боломжтой байна.
3. Б.Наранбат нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Б.Наранбат нь хэрэг хариуцах чадвартай байна.
5. Б.Наранбат нь гэмт хэрэг үйлдэх үедэ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Б.Наранбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт. /хх60-64/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх8-26/, гэрч Д.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх57-58/, мөрдөн байцаагчийн тогтоол /хх-110/, гэрч Д.Болор-Эрдэний мэдүүлэг /хх60-62/, хохирогч Ц.Эрхэсийн мэдүүлэг /хх32-33/, сэжигтэн Б.Дашбалын мэдүүлэг /хх123-130/, хохирогч Ц.Эрхэсийн өргөдөл /хх-5/, хохирогч Ц.Эрхэсийн мэдүүлэг /хх-36/, гэрч А.Батмөнхийн мэдүүлэг /хх-51/, гэрч Б.Сэргэлэнбатын мэдүүлэг /хх-54/, гэрч Б.Уянгасайханы мэдүүлэг /хх-59/, шүүгдэгч Б.Дашбалын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх186-190/, гэрч Э.Наранбаатарын мэдүүлэг /хх38-39/, гэрч Д.Бямбаагийн мэдүүлэг /хх42-43/, гэрч О.Наранцацралын мэдүүлэг /хх48-49/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх66-70/, ял шалгах хуудас /хх-205/, Б.Наранбатын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх207-222/, гэрч А.Лхагвагаравын мэдүүлэг /хх46-47/, эд зүйлийн үнэлгээ /хх-140/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-13/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж иргэн Ц.Эрхэсийн I phone-5 маркийн гар утас, бэлнээр 80.000 төгрөгийг дээрэдсэн болох нь
Хохирогч Ц.Эрхэсийн: “тэр 6 хүнээс 3 нь түрүүлээд гараад явчихсан. Харин үлдсэн 3-ын 2 нь надтай зууралдаад унахаар нь би салаад дээшээ 4 давхар руу гараад алын хаалга цохьсон. Нөгөө гурван залуу миний араас гарч ирээд дахиад надтай зууралдаад унасан. Тэр үед би дахиад унаад зугтаагаад дээшээ 5 давхар руу гарсан. “...Ноцолдож байхад нэг залуу нь манай найз агсам тавиад байна, зүгээр зүгээр гэж хэлсэн. “...уг 3 залуу миний гар утас болон бэлэн 80.000 төгрөгийг дээрэмдэж аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг. /хх33-36/
Гэрч Э.Наранбаатарын: “...бид хоёрын дээд давхарт мурий Отгоо, Дашбалбар хоёр нэг залуутай ярилцаад байгаа юм уу бүү мэд нэг юм болоод байсан..” гэсэн мэдүүлэг. /хх-59/,
Гэрч А.Лхагвагарав: “Тэр эрэгтэй манай гэрийн хаалгыг хэд хэд хүчтэй балбаж, туслаарай, цагдаа дуудаад өгөөч гэж хэлчихээд алга болчихсон...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хүндрүүлэх нөхцөл байдал ба шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх бүрэлдэхүүн хохирогч Ц.Эрхэст учирсан хохирол 380.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал нар нь урьд удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хуульд заасан ялтай байх хугацаа өршөөгдсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг ялгамжтай оногдуулсан бөгөөд шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр, Боржигон овогт Бүжингийн Дашбал, Боржигон овогт Бямбын Наранбат нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Б.Дашбалаас эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Ц.Наранбатаас эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт оногдуулсан хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарын урьд цагдан хоригдсон 131 /нэг зуун гучин нэг/ хоногийг тус бүр хорих эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нараас нийт 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Эрхэст олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Д.МӨНХТУЯА