| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2015/04107/И |
| Дугаар | 1849 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 1849
Б.Сувданчимэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01326 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Сувданчимэг,
Зэм тээврийн осолд гэм буруугүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн 76-80 УНВ улсын дугаартай Тоёота Пассо маркийн автомашиныг жолоодон 2015 оны 02 дугаар сарын 09-ний орой 17.30 цагийн орчим Төмөр замын хэрэг эрхлэх газрын арын замд ертөнцийн зүгээр баруун талаасаа чигээрээ зүүн тийш явах гээд түгжрэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлж явахад замын голын үргэлжилсэн тусгаарлах цагаан шугаман дээр чанх хойшоо хараад зогсож байсан эмэгтэй хүүхдийн баруун талын хөлийн чигчий хурууг дайрч гэмтээсэн гэж шинжээч, хэрэг бүртгэгч нар 2 зүйл ангиар буруутгаж хилсээр гүтгэж хуулийн хариуцлагад татаж хохироосон.
Миний бие тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээгүй тул намайг зам тээврийн осолд буруугүй гэдгийг тогтоож өгнө үү. Хамгийн анх эрүүгийн хэрэг үүсгээд Баянгол дүүргийн Замын цагдаагийн шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0409 тоот дүгнэлт гаргасан. Уг 829 тоот дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан. Мөн шинжээчийн дүгнэлтийн хамгийн сүүлийн 4 ба 5 дахь асуултад хариу өгөөгүй. Зам тээврийн ослын үед хүүхдийн хөлийг дайрсан гэх зэргийг нотлохоор ямар нэгэн эд зүйл, баримт байх ёстой. Иймээс энэхүү 2 дүгнэлт болон Замын цагдаагийн гаргасан анхан шатны 0409 тоот дүгнэлт зэргийг нотлох баримтын хэмжээнд үзэж байгаа.
Шүүх хуралдаан болгонд хяналтын прокурорыг оролцуулах тухай хүсэлт гаргаж байсан, тухайн хүүхдийн өмсөж байсан гутал, болон түүн дээр мөргөсөн машины ул мөр байгаа эсэхийг тогтоосон нотлох баримтууд байхгүй байна. Харин хэргийн газрын үзлэг гэж замд зогсож байсан машины зургийг авсан байна. Иймээс эрүүгийн хэргийн нотлох баримт бүрэн хэмжээнд хүрээгүй байхад шийдвэрлэсэн. Хохирогчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй тайлбарлаж хэлсэн байгаа. Сүүлд эвлэрэх тухай санал хэлээд хохирогчид 500 000 төгрөг төлөөд асуудлаа дуусгахаар эвлэрч, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан.
Уг тогтоолыг хохирогч, сэжигтэн яллагдагчид 3 хоногийн дотор танилцуулж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй тухайгаа тайлбарлаж өгсөн бол дээд шатны байгууллагад гомдол гаргах ёстой байсан. Гэтэл ажилдаа хариуцлагагүй хандсанаар өнөөдөр л тогтоолыг авч байгаа. Энэ осолд гэм буруугүй болох нь Замын цагдаагийн газрын 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Механик тээврийн сургуулийн албан тоотоор нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн 201524000213 дугаартай хэрэгт авагдсан хохирогч н.Оюунгэрэл, гэрч н.Баттулга нарын гэрчийн мэдүүлэг, мөн замын цагдаагийн газрын шинжээчийн 0409 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Сувданчимэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тухайн үед яллагдагчаар татагдсан Б.Сувданчимэг нь ямар нэгэн хүсэлт, болон өөрийнхөө гэм буруугүй талаар гомдол гаргаагүй. Иймээс хэргийг шалгаж дуусаад, хохирогчид сайн дураараа 500 000 төгрөгийг төлж, прокуророос 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эвлэрсэн буюу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ тогтоолыг өөрсдөө мэдээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тусгасан байдаг. Хэрвээ үнэхээр гэм буруугүй байсан, уг прокуророос гарсан тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд албан ёсоор дээд шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдлоо гаргаагүй, тухайн үед мэдээгүй гэж хэлэх боловч иргэний шүүхэд хандсанаар 2 жил болж байна. Ийм учраас тухайн хүний гэм хорын асуудлыг иргэний шүүх шийдэхээс биш гэм буруутай эсэхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Тийм учраас нэхмэжлэлийн шаардлаыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сувданчимэгийн “2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн зам тээврийн осолд гэм буруугүй болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.19 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул гомдол гаргаж байна. Хяналтын прокурор Н.Пүрэвтогтох надад “Намайг яах гэж, хэн шүүх хуралд оролцуулсан юм, надаар яагаад яллуулаад байгаа юм, би оролцох ёсгүй байсан гэсэн нь шүүгч дангаараа шийдвэрлэх иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29, 31 дүгээр зүйлд заасныг зөрчин хууль бус гуравдагч этгээд оролцуулж, хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зам тээврийн осолд буруугүй гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг өөрсдийн дураар өөрчилж, гэм хор учруулах гэдэг ял тулгаж, хууль бус шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчин ЗЦГ-ын гаргасан 821 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт болон механик, тээврийн сургуулийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/467 тоот албан бичгээр хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хэрэг бүртгэгчийн санал, прокурорын тогтоолыг үндэслэлтэй, зам тээврийн осолд буруутай, дайрах боломжтой гэдгийг баталж чадахгүй байхад хууль зөрчсөн прокурорын гэм буруутай үйлдэл заавал зөв гэж хамгаалж, зөвшөөрөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчлөн хууль бус шийдвэр гаргасныг хүчингүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор бид 2-ын хэлсэн, ярьсан үгнээс шүүхэд хэрэгтэй, ашигтай үгнүүдийг түүвэрлэн авч хуулийг гуйвуулан найруулж, хуулийн хугацаанд шийдвэр гаргаж, гардуулж өгөөгүй удаасан шалтгаан нь энэ юм. Өнөөдрийг хүртэл прокурор хойшоо хараад зогсож байгаа хүний баруун талын хөлний чигчий хурууг араар нь өнгөрч яваа тээврийн хэрэгслийн жолооч дайрч гэмтээсэн гэх нотлох баримтаа 2 жил гаруйн хугацаанд шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байхад шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасан. Түүчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэснийг шүүх өнөөдрыг хүртэл биелүүлээгүй атлаа прокурорыг өмгөөлж, хамгаалсаар байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл юм.
Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эдгээр заалтуудыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан нь төрийн албан хаагч, прокурорыг илтэд хамгаалж, өмгөөлж нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үл тоож, хүн гэж үзээгүй нь шүүхийн өмнө эрх тэгш байх энэ хуулийн заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.14, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл гэж үзэж гомдол байна.
Анхан шатны шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх хүсэл зорилгогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн тогтоолын заалтыг биелүүлээгүй орхисноор батлагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.4, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Сувданчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандан “2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болсон зам тээврийн осолд буруугүй гэдгийг тогтоож өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулжээ. /хх-196/
Нэхэмжлэгчийн дээрх “зам тээврийн осолд буруутай эсэх”-ийг тогтоолгох хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хэрэг үүсгэх үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4-т заасан.
Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан зам тээврийн осолд буруугүй болохыг тогтоолгох гэсэн хүсэлт нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасан эрхийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэл, 12.1.3-т заасан хуульд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх асуудлын аль алинд нь хамаарахгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн уг хүсэлтээр иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн агуулгын үндэслэлийг тодруулах талаар зохих арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч талаас ямар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар эсхүл эрх зүйн ач холбогдол бүхий боловч холбогдох баримт нь олж авах боломжгүй ямар үйл баримт тогтоолгох гэж байгаа нь тодорхой бус тайлбар өгсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрчлөн гаргасан хүсэлт нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргааны асуудал мөн болох нь тогтоогдоогүй байхад дээр дурдсан хуулийн зохицуулалтыг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн алдааг залруулж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар Б.Сувданчимэгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ