Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/01813

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/01813                            

Улаанбаатар  хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Р ХХК /,

Хариуцагч:  Х ХХК- иудад  холбогдох

354.596.190 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Р ХХК-ийн төлөөлөгч Ц.М, түүний  өмгөөлөгч Г.А, хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Л нь хариуцагч Ц.М-тай олон жилийн өмнөөс танил, бие биенийгээ сайн мэддэг байсан. Би Н ХХК-ийн захирлаар ажилладаг.

Гэтэл  Р ХХК-ийн захирал Ц.М нь 2015 оны 04 дүгээр сард надтай биечлэн уулзаж Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран хийж гүйцэтгэх саналыг тавьсан.

Би хариуд нь “хэрвээ хамтран ажиллах бол уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг адил тэнцүү хувааж гаргах" гэсэн хариу саналыг тавихад “Р ” ХХК -ийн захирал Ц.М нь өөрийн компанид “техник, ажиллах хүч, санхүүгийн боломж байхгүй” тул чамтай хамтран хийх саналтай байна, надад өөрт болон бусдаас түрээслэх техник олдохгүй байна, бүгд урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаад байна, танай компани техник, хэрэгслээ ажлын талбай руу явуулж тус болооч, мөнгө төгрөг шаардлагатай болвол гаргаж байгаарай, дараа нь хоёулаа тооцоо хийнэ гэсэн.

Тэгэхээд би машин механизм, техник хэрэгсэлүүдээ 2 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохиролцож, түрээслүүлэн зарим нэгэн теник хэрэгслийг бусдаас түрээслэн өөрийн ажилчидаа машин механизм, техник хэрэгсэлийн хамт 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн. Миний бие Ц.М тай хийж гүйцэтгэж байгаа ажил , өөрийн машин, техник хэрэгсэл, хүн хүчний талаар тооцоо нийлэх шаардлагатай байна гэж удаа дараа хэлж байхад хочулаа учраа олно, тооцоо хий гэж хариулдаг, би ч итгээд ажилаа хийж байсан. Бүр сүүлдээ утсаа ч  авахаа больсон.

Н ХХК болон миний бие Р ХХК-ийн захирал Ц.М т  төлөх ямар нэгэн өр төлбөргүй болно.  Н ХХК нь энэ хугацаанд өөр ажилд техник хэрэгслээ ажиллуулж болох байсан хэдий ч Р ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу манай компани нь бүх техник хэрэгслээ түрээслүүлж, улмаар  бусад иргэн, хуулийн этгээдээс техник хэрэгслийг нь түрээслэн авч давхар түрээслүүлсэн болно. Р ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаагаас Н ХХК нь санхуүгийн нэлээд хүндрэлтэй байдал ороод байна. Мөн бусдаас түрээслэн ажиллуулж байсан зарим газрууд нь эхнээсээ манайхыг шүүхэд өгч шийвэр нь гараад байна.

 Тиймээс манай компани Р ХХК-иас мөнгөө авч бусдын техник хэрэгсэл түрээслэн ажиллуулж байсан төлбөрөө төлмөөр байна.

   Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар тус гэрээг байгуулагдах хэлбэрийг хуульд тусгайлан заасан гэрээ биш бөгөөд мөн зүйлд зааснаар амаар байгуулсан гэрээ юм.

Дээрх гэрээгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогч манай талын хувьд техник тоног төхөөрөмжөө түрээслүүлэх үүрэг, төлбөрөө нэхэмжлэх эрх үүссэн бол Р ХХК-ийн хувьд түрээсийн хөрөнгөө шилжүүлэхийг шаардах эрх, төлбөрөө төлөх үүрэг үүсэх замаар гэрээний гол нөхцлүүд дээр талууд харилцан тохиролцсон.

 Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,43.1.1-т заасан “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Дээрх гэрээний дагуу Түрээслүүлэгч тал нь техник, хэрэгслийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан зарчмаар, 207 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх газарт, 208 дугаар зүйлд заасан хугацаанд бэлэн байлгаж гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх” гэж заасны дагуу Н ХХК нь техник хэрэгслүүдээ Р ХХК-д шилжүүлсэн.

Гэтэл Р ХХК нь мөн зүйлд “түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх ...” гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно” гэж заасны дагуу Н ХХК нь иргэн Г.Ж, Ж.Э, З.А, Н.М нар болон М ХХК, Т ХХК зэрэг хуулийн этгээдээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр техник хэрэгслүүдийг нь Р ХХК-д түрээслүүлсэн болно.

 Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, тодорхой үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасныг дагуу Н ХХК нь Р ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.

Н ХХК нь бусдын техник, тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөрт 181.241.905 төгрөг, туслах ажилчдын цалин 4.466.129 төгрөг, бэлнээр гарсан мөнгө 79.554.823 төгрөг /геодезийн урьдчилгаа, Энхбат 10 самосвал машин авч явахад өгсөн урьдчилгаа, 3 инженер 1 механикийн 7-9-р сарын цалин, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татвар, 35 тн цементийн үнэ, Гансүхийн бригадын цалин, индүү эксковартрыг зөөж авч ирсэн тээврийн зардал, иргэн З.А ын түрээс, хүү, машин техникийн хотруу буцах түлшний үнэ, хоолны мөнгө /, өөрийн тоног төхөөрөмжийг түрээсэлсэн 104.333.334 төгрөг, нийт 354.596.190 төгрөгийг Р ХХК-иас  гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х ХХК нь Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 11,380 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг Р ХХК-тай хамтран хийхээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс  2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байсан боловч хугацаандаа хийж гүйцэтгэж дуусаагүй, сүүлдээ хаяад явсан байсан.

 Х ХХК, Р ХХК- нь 7 км орчим ажлыг хийсэн, Р ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 515.048.574 төгрөгийн ажлыг хийсэн бөгөөд Х ХХК-иас түлш материал, бэлэн мөнгө хэлбэрээр 456.765.795,72 төгрөг болж байгаа, одоо 59.618.925,75 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй  байгаа болно.

Х ХХК нь Н ХХК тай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Тухайн үед Д.Л г Р ХХК-ийн захирал Ц.М тай хамт нэг команид ажилладаг ерөнхий инженер нь гэж бодож байсан.

Н ХХК, Р ХХК-ийн хооронд ямар гэрээ, хэлцэл аман тохиргоо хийснийг манай комдани мэдэхгүй бөгөөд мэдэх шаардлага байхгүй. Учир нь Х Р ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжүүдийг Р ХХК хариуцахаар гаргаж өгч байсан.

Ц.М нь Р ХХК-ийн захирал, Д.Л нь ерөнхий инженер гээд Х ХХК-тай гэрээ хийсэн мөртлөө одоо нэг нэгнээсээ мөнгө нэхэмжилж  байгаа юм байна.

Х ХХК нь нэхэмжлэгч Д.Л д ямар нэгэн мөнгө төгрөг өгөх үүрэг хүлээгээгүй, Р ХХК-тай хамтан ажиллах гэрээ хийсэн гэрээний дагуу бид хийж гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн авч түүнд нь тохирсон хөлсийг нь өгсөн.

Энэ хоёр хүн хоорондоо яаж тооцоо хийхийг би мэдэхгүй тул энэ нэхэмжлэл Хурны зам ХХК-д ямар ч хамааралгүй гэж үзэж байна гэв.      

Хариуцагч Р ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р ХХК-ийн захирал миний бие 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Н ХХК-ий захирал Д.Л тэй уулзаад: Надад ажил олох боломж байна, хүн, хүч, техник хэрэгсэл байхгүй, би ажлыг нь олъё, чи хүн хүч техник хэрэгсэлээ ол гэхэд Д.Л зөвшөөрсөн. Д.Л надыг бодвол техник хэрэгсэл машин техник ихтэй хүн байгаа юм.

Тэгээд би Х ХХК-тай уулзаад Архангай аймгийн Цахир сум - Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэлийн 41.3 км авто замын эхний 11 км замын дутуу хийгдсэн замын далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үеийн болон бусад газар шорооны 879.00.000 төгрөгийн /НӨАТ-гүй/, ус зайлуулах хиймэл байгууламжийн 58.000.000 /НӨАТ-гүй/ төгрөгийн төсөвтэй ажлыг туслан гүйцэтгэгч авч хийлгэнэ гэнэ.

Ажил нь 5 дугаар сард эхэлж, гүйцэтгэх хугацаа нь 60 хоног байх юм байна. Энэ ажлыг манай компанитай хамтарч хийх үү? Танай компанийг хамтарч ажиллахыг зөвшөөрвөл би энэ ажлыг найдвартай авч чадна. Олон компани тэднийд санал тавьж байгаа юм байна. Манайх техник, хүн хүч, санхүүгийн бололцоо дутагдалтай тул танай компанийн техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнуудын хүчээр энэ ажлыг хамтарч хиймээр байна,чи зөвшөөрөх юм бол энэ ажлыг авъя гэхэд Д.Л зөвшөөрсөн тул би түүнтэй хамтран ажиллахаар амаар тохироод Х ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг хийсэн.

Ажил гүйцэтгэх гэрээг Р ХХК-ийн нэр дээр хийж байгааг Д.Л мэдэж байсан, гэрээн дээр би түүний өмнөөс гарын үсэг зурсан.

Д.Л манай компани Харуул Алтай хотхонд нь барилгын суурь ухах ажил хийнэ. Энэ ажил 4 дүгээр сарын сүүлээр дуусах ба 9 дүгээр cap хүртэл түр ажилгүй байх тул хугацаа нь сайхан таарч байна. Замын ажлын тоо хэмжээ, нэгж үнэ, ажлын зурагтай танилцмаар байна гэсэн тул маргааш нь би түүнд Х ХХК-иас дээрх баримтыг авчирч хамтдаа хэд хоног судалж тооцоо хийсний үндсэн дээр Н ХХК-ийн захирал Д.Л нь манай компанитай хамтран дээр дурдсан ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн.

 Д.Л бид хоёр удаан хугацаанд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр  Р ХХК нь дээрх ажлыг Х ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100% бүрэн гүйцэд авах,

Н ХХК нь дээрхи ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, Хоёр тал ажлыг эхлүүлэхэд болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээхээр тохирсон.

Ингээд бид “Х ” ХХК-тай байгуулах гэрээний төсөл, бараа материалын орцын тооцоо, үнийн судалгаа, гаднаас түрээслэх техникийн түрээсийн үнийн судалгаа, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө болон шаардлагатай бүх л тооцоог гэрээг байгуулагдах өдөр хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Н ХХК-ийн байранд захирал Д. Л болон тэдний инженерүүдийн хамт хийсэн.

Энэ хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 16, 5 дугаар сарын 23-ны өдөр Д. Лгийн санаачилгаар хамтдаа хоёр удаа Завхан аймгийн Их Уул суманд очиж замын ажлын ерөнхий байдал, ашиглагдаж байсан шороо олборлох нөөц газрын /карьер/ байрлал, түүний нөөц, түр зам болон бусад нөлөөлөх хүчин зүйлүүдийг үзэж танилцсан.

Манай компани хэлэлцсэн ёсоор Хурдын зам ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан, ажлыг авч, тус компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг дансаар аваад, энэ урьдчилгаа мөнгөний 27.100.000 төгрөгөөр нь замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажилчдын орон гэр, хоол хүнс, гал тогоо, барилгын материал, аж ахуйн бараа, ажлын багаж хэрэгсэл, сэлбэг, хөдөлмөр хамгаалал, тос тосолгооны материал, түлшний 25 тн, усны 10 тн багтаамжтай ёмкость зэргийг худалдан авч, үлдсэн 2.900.000 төгрөгийг нь тухайн орон нутагт зарцуулахаар Их Уул сумын ХААН банкинд байршуулсан. Дээр дурдсан худалдан авах ажлыг Р ХХК-иас инженер Сүхбаатар, даамал Ч.Э, Н ХХК-иас хөдөлмөр хамгаалалын инженер Баярбаясгалан нар томилогдон гүйцэтгэсэн.

Үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн тухайд гэвэл “Н ” ХХК-ийн захирал Д. Лхагвасүрэн зам барилгын өдөр тутмын ажлыг бүрэн удирдахаар тохирч, удирдлагыг хэрэгжүүлж байгаад энэ үүргээ 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой Завхан аймгийн Их Уул суманд ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудын хурал дээр өөрийн компанийн инженер Мөнхчингист шилжүүлэн. “удирдлагыг хэрэгжүүлж байгаа Мөнхчингисийн гаргасан шийдвэр, үүрэг даалгварыг хэн ч өөрчилж болохгүй" гэдгийг хатуу анхааруулсан.

 Би маргааш өглөө нь Д.Л гээс яагаад ийм шийдвэр гаргах болсоныг асуухад: Та М-ийн ажилд битгий оролцоорой. Хоол хүнс, захиалагч талтай харилцах асуудлаа та хариуц гэж хэлсэн. Р ХХК нь ажилчдын хоол, хүнс, захиалагч талтай харилцах ажлыг гүйцэтгэж байсан. Энэ үүргээ биелүүлэхдээ манай талаас санаачлагатай, идэвх зүтгэлтэй ажилласан.

 “Х ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгө нь барилгын ажлын хугацаанд хүрэлцэхгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр хувь хүнээс 6.850.000 төгрөг зээлэн зам барилгын ажлын хугацаанд гарсан техникийн засвар, үйлчилгээ, сэлбэг, тос, тосолгооны материал, бензин, түр ажилчдын буцах унааны зардал, нүүлгэн шилжүүлэлтийн тээврийн хөлс гэх мэт зардалд зарцуулсан.

Мөн хотоос авч гарсан хоол хүнс дуусахад Завхан аймгийн Их Уул сумын дэлгүүрээс болон хувь хүнээс 4.946.880 төгрөгийн хүнсний зүйл,1.300.000 төгрөгөөр үхэр зэргийг зээлээр худалдан авч ажилчдыг хоол хүнсээр хангаж байсан. Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажилд “Р ” ХХК-иас захирал Ц.М , инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, түр ажилчин 9, нийт 12 хүн ажилласан. “Н ” ХХК-иас Захирал Д.Л , Замын инженер М, Э.Ш, ХАБ инженер Б, механик Ба нар болон түр ажилчин 11, жолооч, механизмчин 8 хүн ажилласан. Үүнээс гадна энэ ажилд гэрээгээр геодезийн инженер -3, Лабораторын инженер - 2 ажилласан. Зам барилгын ажлын явцад нийтдээ 63 хүн техник тоног төхөөрөмжийн жолооч нарыг оролцуулан/ янз бүрийн хугацаанд ажилласан.

Н ХХК-аас ажилласан техникүүд: эксковатор- 1ш, автогрейдер - 2ш, өөрөө буулгагч-1ш, түлш цэнэглэгч-1 ш, дээрээ крантай ачааны тэрэг -1 ш, доргиурт индүү-1ш, дизель мотор-1ш, түрээсийн гэрээгээр ажилласан техник: эксковатор САТ336-1ш, эксковатор -1ш, дугуйт ачигч-1ш, өөрөө буулгагч -14ш, байсан бөгөөд  эдгээр түрээсийн техникүүдийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл янз бүрийн хугацаагаар ажиллуулсан нь үнэн.

Гэрээт ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухайд “Х ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажлыг манай хоёр компани 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн дуусгах байсан боловч бид 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд 7,5 км замын газар шорооны ажлыг хийж, үлдсэн ажлыг хийж чадаагүй, Н ХХК-ийн захирал Д.Л зам барилгын ажлын өдөр тутмын удирдлагыг өөрөө биечлэн хэрэгжүүлэхээр тохирсон боловч үүнийгээ зөрчиж, барилгын ажлыг хугацаанд хийж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Шалтгаан нь Д.Л ихэнхдээ Улаанбаатар хотод байсан бөгөөд өөрийнхөө ажлыг инженер Мөнхчингистээ хариуцуулсан.

Гэтэл  Мөнхчингис нь өдөр тутмын ажлыг удирдан, зохион байгуулахдаа хариуцлагагүй хандсан. Мөн инженер Э. Шинэзориг нь дөнгөж сургууль төгссөн, туршлагагүйн дээр           “Н ” ХХК-ийн техникүүд хуучирсан, хүчин чадал багатай, эвдрэл саатал байнга гардаг, сэлбэгээр дутмаг, зарим нэг механизмчин нь ажлаа хаяж олон хоногоор явсан нь гэрээт ажлыг дутуу гүйцэтгэхэд нөлөөлсөн.

 Ажил удирдаж байсан инженер Мөнхчингисийг надтай зөвшилцөлгүй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  Улаанбаатар хотруу ажил гүйцэтгэж байсан техникийн /дээрээ крантай тэрэг/ хамт буцаасан ба захирал Д.Л нь энэ үеэс өөрийн компаний ажилтан болон техникүүдийг надтай зөвшилцөлгүйгээр нэг нэгээр нь буцаан татаж эхэлсэн зэрэгтэй холбоотойгоор бид гэрээт ажлыг бүрэн гүйцэд хийж чадаагүй.

Х ХХК-тай гэрээ байгуулсан Завхан аймгийн Их Уул-Тосонцэнгэл чиглэлийн 43.1км замын манай хоёр компаний хамтран хийсэн 11км авто замын төсөвт өртөг нь 1.029.624.333 төгрөг /НӨАТ тооцоод/. Гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдсэн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоног буюу 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал. Нийт 10 нэр төрлийн газар шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийсэн. Үүнээс 11км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7.5 км замын газар шорооны ажил буюу 515.048.574 төгрөгийн ажил гүйцэтгэсэн.

 Нийт хийсэн ажлын өртөгөөс “Х ” ХХК-иас авсан урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөг, барилгын материал болон түлшний зардал нийт 271.000.000 төгрөгийг хасахаар үлдэгдэл нь 214.048.574 төгрөг болж байгаа юм. Манай хоёр компаний техник түрээслэх болон бусад гэрээний үүргийн дагуу төлөх төлбөр нь үүнээс их тул бид алдагдалтай ямар ч  ашиггүй ажилласан.

Манай компани нь Н ХХК-иас техник, тоног төхөөрөмж түрээслээгүй, надыг бодвол Д.Л машин техник, хүн хүч ихтэй тул бид хамтран ажиллахаар болсон. Тухайн үед Д.Л зөвшөөрсөн тул би Х ХХК-тай гэрээ хийсэн. Зөвшөөрөөгүй бол би гэрээ хийхгүй байсан.

Х ХХК- нь бидний хийсэн ажлыг хүлээн авсан боловч үлдэгдэл 59.618.925 төгрөгийг өгөөгүй байгаа

Бид нэг ч төгрөгийн ашиггүй ажилласан тул Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Р ХХК болон Х ХХК-д холбогдуулан 354.596.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг гаргажээ.

Хариуцагч Х ХХК нь Н ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Р ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээгээр Х ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ашиггүй ажилласан тул нэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус  маргажээ.

1.Хариуцагч /гүйцэтгэгч/ Р  ХХК нь захиалагч Х ХХК-тай “Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай” гэрээг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулж талууд гарын үсэг зурж, баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 /3-р хх-ийн13-17–р хуудас/

 

Уг гэрээгээр гүйцэтгэгч Р ХХК нь Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсэг, Их Уул сумын төв хүртэлх 0,38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч Х ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Х ХХК болон Р ХХК-ийн хооронд  байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1.029.624.333 төсөвт өртөгтэй, 11км авто замд 10 нэр төрлийн газар шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийж, 11км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7 км замын газар шорооны ажлыг хийж, нийт 516.384.721,47 төгрөгийн ажлыг хийж, захиалагч Х ХХК –иас 456.765.795,72 төгрөг зарцуулсан болох нь зохигчийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ болон харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна./3-р хх-ийн 29-36-р хуудас/

Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу захиалагч Х ХХК нь гүйцэтгэгч Р ХХК-иас ажлын үр дүнг хүлээн авч Р ХХК-тай тооцоо нийлэн барьцаанд 25.752.428,72 төгрөг, үлдэгдэл 59.618.925,75 төгрөг байгаа болохыг баталгаажуулж Х ХХК-ийн нягтлан Г.Б, Р ХХК-ийн захирал Ц.М нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

2.Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал болох Р ХХК нь дээрхи ажлыг гүйцэтгэх зорилгоор нэхэмжлэгч Н ХХК-тай Завхан аймгийн Йх Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран гүйцэтгэх саналыг тавьж, аман хэлбэрээр тохиолцсон байх тул Р ХХК болон Н ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ." гэж,

476.2.-т “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж тус тус  заажээ.

            Р ХХК нь гүйцэтгэх ажлыг Х ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100 хувь бүрэн гүйцэд авах,

Н ХХК нь дээрхи ажлыг өөрийн техник тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, хоёр тал ажлыг хийж эхлүүлэхэд болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдиийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээх гэж тус тус тохирсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна

Нэхэмжлэгч нь Н ХХК нь  хамтран ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж өөрийн зүгээс бодитой зардал гарган, өөрийн машин механизм болон ажиллах хүчийг ажиллуулсан, мөн бусдаас машин, механизм түрээслэн авч  ажиллуулсан болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 10-30,32-40,42-93,95-100–р хуудас,3-р хх-ийн 39-41-р хуудас/

Хариуцагч Р ХХК-ийн захирал Ц.М нь дээрхи үйл баримтад маргаагүй болно.

Р ХХК нь Х ХХК-иас 30.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд, 271.000.000 төгрөгийн түлш, шатахуун барилгын материал, 189.326.000 төгрөгийн дизель түлш, 4.053.650 төгрөгийн арматур, 2.410.500 төгрөгийн дайрга, 885.800 төгрөгийн цемент, 22.330.000 төгрөгийн төмөр бэлэн хоолой зэрэг материалыг авч уг ажилд ашигласан талаар талууд маргаагүй болно.

            Нэхэмжлэгч Н ХХК–нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд  бэлнээр 79.554.823 төгрөгийг гаргаж ,бусдын техник, тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөр болон туслах ажилчдын цалинд 185.708.034 төгрөг,  өөрийн тоног төхөөрөмжийг түрээслэсэн 104.333.334 төгрөг, нийт 354.596.190 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс:

            а.Н ХХК-иас бэлнээр гарсан 79.554.823 төгрөгийн тухайд:

            Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж геодезийн урьдчилгаа, Энхбат 10 самосвал машин авч явахад өгсөн урьдчилгаа, 3 инженер 1 механикийн 7-9-р сарын цалин, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татвар, 35 тн цементийн үнэ, Гансүхийн бригадын цалин, индүү эксковаторыг зөөж авч ирсэн тээврийн зардал, иргэн З.А ын түрээс, хүү, машин техникийн хотруу буцах түлшний үнэ, хоолны мөнгө зэрэгт 70.824.791 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоож байна. /1-р хх-ийн 10-40 –р хуудас, 2-р хх-ийн166-186-р хуудас/

Харин үлдэх 8.730.032 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            б. бусдын техник, тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөр болон туслах ажилчдын цалинд 185.708.034 төгрөг зарцуулсан тухайд:

            Н ХХК нь 138.824.791 төгрөгөөр бусдын / М ХХК, Т ХХК, иргэн Г.Ж, Ж.Э, З. Н.М, А.Г нарын/ техник, машин механизм түрээслэсэн болох нь тэдний хооронд хийсэн түрээсийн гэрээ, гэрээнүүдийг дүгнэсэн акт, гэрч Н.М, Г.Ж, А.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 56-93-р хуудас/

            Харин З.А , М ХХК, А.Г нарт төлсөн мөнгийг бэлэн мөнгөний зардалд давхардуулан шаардсан байх тул 46.883.243 төгрөгийн нэхэжмлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

в.өөрийн тоног төхөөрөмжийг түрээслэж 104.333.334 төгрөгийн зардал гарсан тухайд:

 Н ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд өөрийн машин механизм , тоног төхөөрөмжийг ажиллуулсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 104.333.333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэстэй.

/1-р хх-ийн 94-100-р хуудас/

Н ХХК-иас гарсан бэлэн мөнгө 70. 824.791 төгрөг, бусдаас түрээсэлсэн техник хэрэгслийн зардалд 138.824.791 төгрөг, өөрийн тоног төхөөрөмжийг ажиллуулсан зардалд 104.333.334 , нийт 313.245.365 төгрөгийг хамтран ажиллах гэрээний зардалд зарцуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8.-д “ Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.” гэж,

478.11-т “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж ,

478.12-т” Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Н ХХК, хариуцагч Р ХХК нарын хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд тэнцүү хэмжээгээр хамтран хариуцах тул 313.245.365 төгрөгийн тал хувь болох 156.622.682 төгрөгийг хариуцагч Р ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 197.973.508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч Р ХХК болон  Х ХХК-ний хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх тухай гэрээг уг гэрээний талууд дүгнэж тооцоо нийлсэн байх тул Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118-д заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч Р ХХК-иас 156.622.682 /нэг зуун тавин зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга зургаан зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  197.973.508 /нэг зуун ерөн долоон сая есөн зуун далан гурван мянга таван зуун найм/  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэпгийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.235.752 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК-иас 941061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО