Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00671

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02139 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МУИС-д холбогдох,

Тушаалыг хүчингүй болгуулах, Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессорын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Л.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2009 оны 2 дугаар сараас эхлэн МУИС-ийн ХЗС-ийн дэргэдэх Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн төсөлд япон хэлний багшаар, 2012 оны 1 дүгээр сард МУИС-ийн захирлын тушаалаар Японы эрх зүйн боловсрол судалгааны төв нь МУИС-ийн ХЗС-ийн бүрэлдэхүүн хэсэг болсны дараа, ... 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу Д.О- намайг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд, давхар гүйцэтгэх ажлаар Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төвийн дэд профессорын албан тушаалыг хавсран ажиллуулахаар тус хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Гэтэл 2017 оны 01 дүгээр 05-ны өдрийн №17/01 тоот мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу Япон хэлний багшийн орон тоог цөөрүүлж байгаа гэх үндэслэлээр Д.О- надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь орон тоог цөөрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн дэөэрх мэдэгдлийг үндэслэн япон хэлний багшийн орон тоог цөөрүүлэхдээ ямар шалтгаанаар, ямар сонгон шалгаруулалтаар Д.О- намайг сонгож, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай тодорхойгүй байна. Дээрх мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус мэдэгдэлд Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулаагүй бөгөөд миний бие тус өдрөөс хойш өөрийн үүрэгт ажлаа хийгээгүй.

Иймд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессорын ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нөхөн олгосон олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Японы эрх зүйн боловсрол судалгааны төв нь Япон улсын Нагояагийн их сургууль, МУИС-ийн хууль зүйн сургууль хоорондын 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн меморандумын байгуулагдсан бөгөөд уг меморандумын 2 дугаар заалтаар ...МУИС-ийн ХЗС Япон хэлний багш нэгийг ажилд авна. Тухайн багшийн хөлсийг МУИС-ийн Хууль зүйн сургууль өөрийн тогтоосон стандартын дагуу олгоно... хэмээн тусгасан байдаг. МУИС-ийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр батлагдсан МУИС-д профессор багш ажиллуулах журамд МУИС-ийн багшийн жилд гүйцэтгэх сургалт, эрдэм шинжилгээний бусад ажлын багц цагийг тогтоосон бөгөөд хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн ангид япон хэлний зөвхөн 1 багшийн багц цагийн ногдол байх бөгөөд 2 багшийн багц цагийн ногдол байхгүй болно. Иймээс Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны зүгээс Хууль зүйн сургуульд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/2778 дугаар тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу МУИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийн дагуу №17/01 дугаар бүхий мэдэгдэх хуудсыг Д.О-д хүргүүлсэн. Орон тооны цомхтголд Д.О- багшийг оруулах талаар мэдэгдлийг хүргүүлээд 09-ний өдөр Д.О- өөрөө хүлээж авсан. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө ямар журмыг баримталж орон тооны цомхтгол оруулсан тодорхойгүй гэсэн өргөдөл бичсэн. Д.О-ийн өргөдөл ирсэн учраас энэ асуудлаа тодруул гэсэн. МУИС өөрөө орон тоог цөөрүүлэхэд тусгайлсан журам байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн ерөнхий заалтаар явдаг. Өргөдлийг судлаад 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халах тушаалыг албажуулсан байдаг. Орон тоог цөөрүүлэхэд тусгайлсан журам байхгүй учраас хэнийг цомхотгох нь ажил олгогчийн өөрийн эрх мэдлийн асуудал учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02139 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч МУИС-ийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/91 дугаар Д.О-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-ийг хариуцагч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессорын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч МУИС-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 33 758 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгон,  хариуцагч МУИС-д ажилгүй байсан  хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02139 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад 33 758 120... гэснийг 28 284 256... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Шүүхүүд Монгол Улсын Хуулиудыг илтэд буруу тайлбарлан Д.О-ийн талд хууль, тогтоосон журмаас ангид байдлаар хандсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.2..., 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. ... Хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд Д.О- нь ажлаас халах мэдэгдлийг хүлээн авснаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 50 хоногийн дараа МУИС-ийн захирлын Б/91 тоот тушаал гарснаас хойш 5 сар 20 хоногийн дараа шүүхэд хандаж байна. ... Энэ хэргийг удаа дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлуулсан 2. Д.О-ийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлын байранд оруулаагүй, түлхүүрийг хураан авч, цалингийн картыг хаасан хэмээн шийдвэрт дурдсан нь зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар ямар нэг баримт авагдаагүй /гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт байхгүй.

... Шүүх МУИС 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халах Б/91 тоот тушаал гарснаас хойш ээлжийн амралт, ажлаас халагдсаны тэтгэмж, 2017 оны 03 дугаар сарын 03 хүртэлх цалингийн тооцоог бүрэн олгосон байхад ямар нэг баримтгүйгээр тооцоог үндэслэлгүйгээр ажилгүй байсан хугацааны цалинг 33 785 120 гаргуулсан нь илтэд хууль бус байсан. Магадлалд буй 28 284 256 төгрөгийг МУИС-иас гаргуулах үндэслэл тодорхойгүй. Ямар нэг бодит тооцоолол алга байгаа нь эргэлзээтэй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд заасан хэргийг бүхэлд нь хянах тухай журмыг зөрчсөн, Давах гомдолд дурдсан үндэслэлүүд нотлогдохгүй эсхүл Д.О- шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн эсэхэд ямар нэг үнэлэлт хийгээгүй, гомдолд дурдсан бусад үндэслэлийг хянаагүй...

Иймээс өмнө дурдсан үндэслэлүүдээр Д.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянаж бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч МУИС-д холбогдуулан Хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессорын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч МУИС нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлахдаа хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Д.О- нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессороор, Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд багшаар ажилласан бөгөөд МУИС-ийн захирал 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б\91 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.О-ийг ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогчийн уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйл, Хууль зүйн сургууль болон Япон Улсын Нагоягийн Их сургуулийн хооронд байгуулагдсан гэрээ, Хууль зүйн сургуулийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигт үндэслэсэн байна.

Ажил олгогч ажилтныг ийнхүү ажлаас чөлөөлөх шалтгааныг МУИС-д мөрдөгддөг дэд профессорын “А” цагийн ачаалалд тохирсон гүйцэтгэл хийгдэх боломжгүй болсон, сургууль хоорондын анх байгуулагдсан гэрээний заалт зөрчигдсөн гэж тушаалдаа заажээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтанд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс цуцлах болсон талаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл гардуулсан байна.

Нэхэмжлэгч Д.О- нь тушаал гардаж аваагүй байхдаа буюу 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч МУИС-ийн захирлын тушаал 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гарсан байх тул “ажлаас халах мэдэгдлийг хүлээн авснаас хойш 50 хоногийн дараа МУИС-ийн захирлын Б/91 тоот тушаал гарснаас хойш 5 сар 20 хоногийн дараа шүүхэд хандсан” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулсан өргөдөл гаргасныг шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл гэж үзэхгүй. Анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181\Ш32017\03631 дүгээр захирамжаар Д.О-ийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Д.О-ийг ажилд авсан үеэс хойш түүний ажлын байр өөрчлөгдсөн, орон тоо нь цөөрсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, Хууль зүйн сургууль болон Япон Улсын Нагоягийн Их сургуулийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Япон Улсын Нагоягийн Их сургуультай 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан меморандум, санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнд япон хэлний нэг багш ажиллуулах талаар заасан нь ажилтныг ажилд авах нөхцөлд хамаарахаас бус халах үндэслэл болохгүй юм.

Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагын хэмжээг өөрөө тодорхойлсон тул шүүх энэ хэмжээнээс илүү үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангах боломжгүй ба энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН