Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00335

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01561 дүгээр шийдвэр                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2045 дугаар магадлалтай

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 522 000 ам.доллар буюу 933 121 980 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, Я.Уугансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбат, В.Мандах, хариуцагчийн өмгөөлөгч Т.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ю” ХХК нь “Т” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Н.Беларус улсын Бельшина /Belishina/ үйлдвэрийн Бел-160D маркийн, 46/90-57 размерийн, 12 ширхэг хүнд даацын, уул уурхайн зориулалттай автомашины дугуйг нэг бүрийн үнэ нь 43 500 ам.доллар байхаар гэрээлж нийт гэрээний үнийн дүн 522 000 ам.доллараар НӨАТ багтаагүй /нэг дугуйн үнэ 43 500 ам.доллар НӨАТ-гүй/ нийт 12 ширхэг дугуйг 522 000 ам.доллар НӨАТ-гүй худалдах худалдан авахаар тохиролцсон. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс байхаар талууд тохирч гэрээний 1 дэх хэсэгт тусгасан. “Ю” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, олон улсын стандартыг хангасан 46/90-57 размерийн, уул уурхайн 220-240 тонн даацтай автомашинд зориулагдсан дугуйг нийлүүлж, “Т” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч өөрийн Terex MT4400 LC маркийн автомашины талаар интернетээс мэдээлэл авахад уг машин 218 метрик тонн даацтай гэсэн тул хариуцагчид Бел 160Д маркийн 220 тоннын даацтай дугуйг санал болгосон. Хариуцагчид нэхэмжлэгч компани бүх дугуйныхаа коталогийг үзүүлсэн, өөрийн техниктэй таарах дугуйг нэхэмжлэгч өөрөө сонгосны үндсэн дээр Бел 160Д 220 тонн даацтай дугуйг сонгосон. Граж дугаар №18, №19, №20 дугаартай техникүүдийн хойд тэнхлэгт тус бүр 4 ширхэгийг суурилуулсан юм. “Худалдах-худалдан авах гэрээ”-нд заасан нөхцөлийн дагуу мөн дугуйн доод талд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах мөн дугуйн халалт, даралтын аюулгүй ажиллагааг зохицуулах зориулалт бүхий Шрэйдэр брендийн дугуйн хийн даралт, температур мэдрэгч системээр тоноглож өгсөн юм. Ийнхүү 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр худалдан авагч талд гэрээнд заасан нөхцөл, стандарт бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн хүлээлгэн өгсөн болно. “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 4 дэх хэсэгт барааг хүргүүлж, тохируулсны дараа жар /60/ хоногийн хугацаа дотор худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, түвшинг үзэж доголдолтой бол худалдагч талд албан ёсоор мэдэгдэх ёстой байхаар заасан бөгөөд мэдэгдлийн үндэслэлийг нарийвчлан тодорхойлсон байхыг шаардсан байна. Уг нөхцөл шаардлагыг худалдан авагч нь дагаж биелүүлээгүй бол бараа бүтээгдэхүүнийг эргэж буцалтгүй авсанд тооцохоор тусгасан. Нэхэмжлэлд дурдсанчилан 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр барааг хүлээлгэн өгч суурилуулан тохируулснаас хойш 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Худалдан авагч талаас манай компанид худалдан борлуулсан бүтээгдэхүүний талаар ямар нэгэн санал гомдол болон бусад доголдолтой байгаа талаар албан ёсны мэдэгдэл ирээгүй учир 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 5 дугаар зүйлд заасны дагуу бараа бүтээгдэхүүний үнэ болох 522 000 ам.долларыг нэхэмжилсэн болно. Гэтэл худалдан авагч тал гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн төлбөрийг төлөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 522 000 ам доллар буюу 933 121 980 төгрөг /2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ханш 1 752,59 төгрөгөөр тооцов/, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК нь “Ю” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу “Ю” ХХК –ийн дугуй нь манай компанийн шаардлагад нийцэх Бел-160Д гэсэн 12 ширхэг хүнд даацын уул уурхайн дугуйнууд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын шаардлага хангасан болон Макмахон группын ашиглалт, хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Дугуйнууд амжилттай хүргэгдэж, дугуйг сууриулуулсан өдөр нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр гэж талууд харилцан тохиролцсон. Түүнчлэн гэрээний дагуу сүүлийн суурилуулалт өдөр нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байсан тул туршилтын хугацаа 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан. “Т” ХХК нь дугуй тус бүрийн даацын дээд хэмжээ нь 56 500кг, МТ4400АС ачааны машины хойд талын тэнхлэгийн даац нь 65 685 кг байх шаардлагаа тодорхой заасан. Гэтэл “Ю” ХХК нь худалдан авагчид Бел-160D гэх бүтээгдэхүүн гэж түүний шаардлагад нийцсэн гэж нийлүүлж худалдан авагчийг худалдан авахыг хүссэн буюу шаардлагад нийцэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтээ хайхрамжгүй хандсан. Харамсалтай нь нийлүүлсэн дугуйны хэрэглээний хүчин чадал 16 хувиар буурсан үзүүлэлтэй байсан. Гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу худалдан авагч буюу “Т” ХХК нь барааг нийлүүлж, суурилуулсан өдрөөс жар /60/ хоногийн дотор нийлүүлсэн бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, стандарт зэргийг шалгаж аливаа илэрсэн доголдлыг бичгээр мэдэгдэх ба тэрхүү бичгэн мэдэгдэлд илэрсэн нөхцөл байдлыг нарийвчлан заах үүрэгтэй. “Т” ХХК нь энэхүү үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч “Ю” ХХК-д доор дурьдсан буюу доод тал нь 4 тохиолдолд мэдэгдсэн. Үүнд:

1. Сайт дээр 2013 оны 12 дугаар сарын 24-ний уулзалтын үеэр “Ю” ХХК-д дугуйнууд халсан тохиолдлууд болон үүнд их санаа зовниж байгаа талаар мэдэгдсэн.

2. “Т” ХХК-ийн оффис дээр 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болсон уулзалтанд “Т” ХХК-ийн бэлтгэсэн дэлгэрэнгүй тайланг “Ю” ХХК-д гаргаж өгсөн. Тус тайланд нийлүүлсэн дугуйнууд ихээр халж байсан тул аюулгүй байдлыг хангах үүднээс сайт дах инженерүүдийн тээврийн хэрэгслүүдийн дугуйг ашиглаж болох хүртэлх хугацаанд зогсоож байсан нь Макмахон компанийн шаардлагад нийцээгүй талаар тайлбарласан. Энэ нь уурхайн тээвэрлэлтээс үүдэлтэй үйлдвэрийн алдагдалд хүргэсэн.

3. Макмахон компанийн оффис дээр буюу 02 дугаар сарын 05-ны өдөр болсон уулзалтын үеэр туршилтын хугацаанд илэрсэн доголдлууд болон нэгдүгээр сард гаргасан тайланд тодорхой заасан шалтгааны улмаас нь Макмахон компани дугуйг хүлээн авахаас татгалзаж байгаагаа тайлбарласан болно.

4. Түүгээр ч барахгүй “Т” ХХК болон “Ю” ХХК нар 2014 оны 02 дугаар сарын 13-нд дахин уузаж “Т” ХХК дугуйны туршилт амжилтгүй болсон буюу дугуйг хүлээн авахгүй гэдгээ дахин мэдэгдсэн. Үүний дараагаар буюу 2014 оны 02 дугаар сарын 14-нд дугуйн туршилт амжилтгүй болсон талаар “Ю” ХХК-д албан бичиг илгээсэн. Худалдан авагч “Т” ХХК нь “Ю” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Бид байгуулсан гэрээний дагуу холбогдох шаардлагыг удаа дараа тавьж, бүтээгдэхүүний чанарын доголдлыг удаа дараа мэдэгдэж мэдээлж байсан. Туршилтын хугацаанд “Ю” ХХК нь өөрсдийн амласан болон гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01561 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 933 121 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 883 559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 4 823 560 төгрөгийг нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч Ж.Мягмаржав, И.Базаррагчаа, Д.Бадрах нарын ажлын хөлс 933 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан шинжээч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн зардалд гарсан зардал 933 000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2045 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/015161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 828 224 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 сарын 18 өдөр 01561 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 9 сарын 21-ний өдрийн 2045 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд үүнийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй.

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “Хариуцагч “Т” ХХК гэрээнд заасан дугуйг нийлүүлэгдсэнээс хойш эдгээр дугуйны талаар гомдлын шаардлага эсхүл дугуйг буцаан өгөх талаар шаардлага гаргаж байснаа баримтаар нотолж чадаагүй” гэжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт “... Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Ю” ХХК нь Белшина үйлдвэрийн хүнд даацын дугуйг хариуцагч “Т” ХХК-д санал болгож, худалдан борлуулагдаж байгаа дугуйны танилцуулгыг нэг сарын өмнө хариуцагчид өгсөн, хариуцагч дугуйны танилцуулгатай танилцан өөрийн “Тегех МТ4400 LС” маркийн автомашинд худалдан авахаар дугуйны захиалгаа Бел 160Д маркийн 46/90-57хэмжээтэй дугуй сонгосон, худалдагч хариуцагчийн сонгосон дугуйг 2013 оны 11 сарын 8 өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Таван толгойн уурхайд хүргэж нийлүүлэх, дугуй нэг бүрийн үнэ 43 500 ам.доллар, хариуцагч 60 хоногийн дотор төлбөр тооцоог барагдуулах, туршилтын 60 хоногийн хугацааг дуусгавар болсноор аль аль нь үүргээ биелүүлж дуусгахаар тохиролцсон... . Зохигчдын хооронд 2013 оны 11 сарын 6-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд дугуйны марк, үзүүлэлтийг Бел 160Д маркийн 220-240 тонн даацтай байхаар гэрээний талууд тохирсон, хариуцагч компани нь дугуйны танилцуулгатай танилцаж, өөрийн автомашинд тохирох дугуйг сонгосон ба Бел 160Д дугуйны танилцуулгад нь 220 тонны даацтай болохыг заасан байх тул нэхэмжлэгчийн нийлүүлсэн дугуй үйлдвэрлэгчийн танилцуулгад заасан Бел 160Д маркийн дугуйны үзүүлэлтийг хангаагүй гэж тайлбарлаж буй нь хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ.

Эс зөвшөөрч буй үндэслэл:

“Т” ХХК нь дэлхийд алдартай Мишелин, Катерпиллар болон Гүүдеэр гэх мэт брэндийн хүнд даацын дугуйнуудыг одоо хүртэл үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд “Ю” ХХК-д хандаж дугуй худалдан авах хүсэлт нэг ч удаа гаргаж байгаагүй. Харин “Ю” ХХК-д “Т” ХХК-д өөрийн дугуйны танилцуулга ирүүлж, хамгийн өндөр даацын дугуйгаа туршилтаар ашиглуулахыг санал болгосон.

Үүний дагуу “Ю” ХХК ба “Т” ХХК нарын хооронд 2013 оны 11 сарын 6 өдөр 46/90-57 размерын 220-240 тонны даацтай, халалт хэмжигчтэй хүнд даацын өөрөө буулгагчийн 12 ширхэг дугуйг нэг бүрийн үнэ нь 43 000 ам.доллар, нийт 522 000 ам.долларын гэрээний үнэтэй, туршилтын 60 хоногт амжилттай туршсан тохиолдолд гэрээний төлбөрийг төлөх нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Уг гэрээний 5 дах заалтад “Т” ХХК нь дугуйнуудыг тухайн техникт суурилуулснаас хойш туршилтын 60 хоногийн хугацаанд туршиж, хэрэв шаардлагад нийцэж туршилт амжилттай болсон тохиолдолд гэрээгээр тохирсон 522 000 ам.долларын төлбөрийг шилжүүлэхээр, харин туршилт амжилтгүй болсон тохиолдолд худалдан авагч нь ямар нэг төлбөр төлөх үүрэггүй бөгөөд гэрээнд туршилтын хугацаанд гарч бүхий л эрсдлийн зардлыг нэхэмжлэгч өөрөө дангаар хариуцахаар заасныг талууд харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-гээр худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авах, гэрээгээр тохирсон төлбөрийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээдэг.

Талуудын хооронд байгуулагдсан болзолт нөхцөлтөй худалдах-худалдан авах гэрээ нь туршилт амжилттай болсон тохиолдолд хүчин төгөлдөр болж худалдан авагчид төлбөр төлөх үүрэг үүснэ, харин туршилт амжилтгүй болсон бол худалдагч бүх эрсдэл зардлаа дангаар хариуцах нөхцөлтэй ба үүн дээр “Ю” ХХК маргадаггүй, маргаагүй, зөвшөөрсөн байгаа.

“Ю” ХХК нь болзолт худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсоноос өөр даацын дугуй буюу 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн гэдгийг туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Гэрээнд зааснаас өөр техникийн нөхцөлтэй дугуй нийлүүлсэн үндэслэл нь “Ю” ХХК нь худалдан авагчийн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг интернетээс авч гэрээнд заасан байгаа 220-240 тонны даацыг өөрийн дураар метрик тонн руу шилжүүлж 200-220 тонны даацын дугуй таарна гэж тооцоо гаргасан гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан.

Худалдагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний нийлүүлсэн 200-220 тонны даацын дугуй нь 220-240 тонны даацтай ачаа даах чадвартай тул гэрээний үнийг нэхэмжилсэн бөгөөд нийлүүлсэн 200-220 тонны даацын дугуй нь 220-240 тонны даацтай ачаа даах чадвартай талаар ИХШХШХТХуулийн 44 зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй “Белшина” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагаас ирүүлсэн албан бичгээс өөр ямар нэгэн баримт ирүүлээгүй, нотлоогүй нь нэхэмжлэгчээс ИХШХШТХуулийн 25 зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан дугуйн даац болох 220-240 тонныг 218 метрик тонн руу хөрвүүлж өөрсдийн нийлүүлсэн дугуйны даац болох 200-220 тонны даацад тохирно буюу техникийн шаардлагад нийцэж байна гэж тайлбарладаг ба ийнхүү тайлбарлаж шүүхийг төөрөгдөлд оруулж байгаа атлаа, харин өөрийн нийлүүлсэн 200-220 тонны даацтай дугуйг метрик тонн руу хөрвүүлэхгүй байгаа бөгөөд хэрвээ ийнхүү хөрвүүлсэн тохиолдолд худалдагчийн нийлүүлсэн дугуйн бодит даац нь 218 тонноос бага буюу 199,5 тонн гарах юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 25 зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 243 зүйлийн 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, ... үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй”, гэж тус тус зааснаар үүнийг нотлох үүрэгтэй.

Гэтэл бодит байдал дээр “Ю” ХХК нь 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн байгаа нь өөрөө дугуй худалдах-худалдан авах гэрээнд заасан талуудын тохирсон гэрээний зүйл биш байсан бөгөөд гэрээ нь нэхэмжлэгчийн бэлдсэн загвараар түүний өөрийн албан бланк дээр хэвлэж байгуулсан байгааг шүүх анхаарах нь зүйтэй.

Учир нь Иргэний хуулийн 251 зүйлийн 251.1-т “Гэрээгээр тогтоосон ... хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэжээ.

Харин хэрэгт авагдсан 2014 оны 10 сарын сарын 27 өдрийн шинжээчийн 9/12 дугаартай дүгнэлтээр “Ю” ХХК 200-220 тонны дугуйны даацын дээд хэмжээ нь гэрээгээр нийлүүлэхээр заасан 220-240 тонны даацтай дугуйны даацын хэмжээний доод хязгаарт нь хүрч байгаа нь гэрээнд заасан дугуйны даацын хэмжээнд хүрэхгүй байгаа гэдэг нь тогтоогдсон. /2-р XX-117-р нүүр/

“Ю” ХХК нь гэрээгээр 220-240 тонны даацын дугуй нийлүүлэх байснаас 200-220 тонны даацын дугуй нийлүүлсэн нь Иргэний хуулийн 251 зүйлийн 251.1-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа буюу худалдан авагчийн хувьд дугуйг зориулалтын дагуу ашиглах боломжгүй тул тус үндэслэлээр нийлүүлсэн барааг биет байдлын доголдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч нь доголдолтой бараа худалдан авах үүрэг хүлээгээгүй, мөн туршилт амжилтгүй болсон тул гэрээнд заасны дагуу гэрээний төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй болно.

“Ю” ХХК нь доголдолтой бараа нийлүүлсэн гэдгийг мэдэж байсан атлаа худалдан авагч туршилтын хугацаанд албан ёсны мэдэгдэл ирүүлж худалдан авахаас татгалзаж байгаагаа мэдэгдээгүй тул доголдолтой бараагаа худалдан авах үүрэгтэй гэж анх нэхэмжлэлдээ дурдсан. Энэ нь Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т заасан худалдагчийн үүрэгтэй харшилж худалдан авагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. /1-р XX 2-р тал/.

Үүнээс гадна хавтаст хэрэгт 2014 оны 2 сарын 2 өдрийн 1402-16 тоот дугаартай “Ю” ХХК-иас “Т” ХХК-д ирүүлсэн албан бичиг нотлох баримтаар авагдсан байгаа. Уг албан бичигт хариуцагчийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн Белшина дугуй нь “Т” ХХК-ийн хэрэгцээнд тохирохгүй байгаа дүгнэлтийг “Ю” ХХК-ийн мэргэжилтэн Леонид Клодины дүгнэлттэй харьцуулсан байгаагаас үзэхэд “Ю” ХХК нь 2014 оны 2 сарын 2 өдрөөс өмнө нийлүүлсэн дугуй нь хариуцагчийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа, туршилт амжилтгүй болсон талаар мэдсэнийг нотолж байна. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй, хэргийг нэг талыг баримталж шийдсэн. /2-р ХХ-132-р нүүр/

Иргэний хуулийн 257 зүйлийн 257.1-т “Ямар нэгэн доголдолтой эд хорөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна” гэжээ.

Талуудын хооронд байгуулсан дугуй худалдах-худалдан авах гэрээ нь өөрөө туршилтын хугацаатай нөхцөл бүхий бараа болзол тавьсан гэрээ юм. Дугуйны туршилт амжилттай болсон тохиолдолд гэрээний төлбөрийг төлөхөөр, амжилтгүй болсон бол гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөхөөр талууд тохирсон. Гэтэл туршилтын хугацааг анх дугуй суурилагдсан огнооноос бус нийлүүлсэн огнооноос эхэлж тоолж 60 хоногийн дараа нэхэмжлэл ирүүлсэн. Туршилт амжилтгүй болсон, “Ю” ХХК доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн атлаа туршилтын 60 хоногийн дотор мэдэгдээгүй гэх үндэслэлээр доголдолтой, ашиглах боломжгүй барааны төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Туршилтын хугацаанд “Ю” ХХК-ийн нийлүүлсэн дугуй нь худалдан авагчийн шаардлагыг хангахгүй байгаа, түүнийг ашиглах нь эдийн засгийн хувьд алдагдалтай тул Иргэний хуулийн 254 зүйлийн 254.1-т “Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэсний дагуу худалдан авахаас татгалзсан.

Тиймээс “Ю” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан болзолт худалдах-худалдан авах гэрээнд заасан 220-240 тонны даацтай дугуй нийлүүлээгүй, 200-220 тонны даацтай дугуй нь гэрээний зүйл болох 220-240 тонны даацын дугуй мөн, чанарын шаардлага хангасан, нийлүүлсэн дугуй нь доголдолгүй гэж ямар нэгэн нотлох баримтгүйгээр шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн туршилт амжилтгүй болсон байхад гэрээний заалт болох “туршилт амжилттай болсон тохиолдолд төлбөр төлөх” гэснийг үнэлээгүй ба “Т” ХХК-ийг өөрийнх нь шаардлагад нийцэхгүй дугуйг худалдан авахаар шахаж төлбөрийг төлөхийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа бөгөөд хууль зөрчиж байна.

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт “ Хариуцагч нь ... доголдолтой холбоотой мэдэгдлийг албан бичгээр мэдэгдэх боломжтой..., ... Иргэний хуулийн 255 зүйлийн 255.1.2-д “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” бол шаардлага гаргах эрхээ алдахаар хуульд заасан байна. “Т” ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьд гэрээний зүйл болох дугуйг шилжүүлэн авах үедээ дугуйны даацын талаар шалган ... боломжтой байсан”,

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “Иргэний хуулийн 255 зүйлийн 255.1.2-т зааснаар худалдан авагч нь өөрийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдахаар хуульд заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох дугуйг шилжүүлэн авах үедээ хариуцагч нь дугуйны хэмжээ, дугуйны даацын талаар шалган, дугуйны доголдлын талаар 60 хоногийн дотор мэдэгдэхээр гэрээгээр тохиролцсон байх тул энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэх боломжтой байжээ. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан 60 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид худалдан авсан дугуйны чанар болон доголдлын талаар бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр 60 хоногийн хугацаанд доголдлын талаар мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно. Доголдлын талаар гэрээнд заасан хугацаанд хамтарсан уулзалт, ярилцлагын үеэр мэдэгдсэн гэж хурлын тэмдэглэл болон албан бичгийг ирүүлсэн боловч, нэхэмжлэгч талаас оролцсон хүний гарын үсэггүй, гардуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, доголдлын талаар мэдэгдэх үүргээ худалдан авагч буюу хариуцагч тал биелүүлснээ нотолж чадаагүй” гэжээ.

Эс зөвшөөрч буй үндэслэл:

Болзолт худалдах-худалдан авах гэрээ нь “Ю” ХХК-ийн өөрийн боловсруулсан стандарт гэрээ бөгөөд худалдагч нь мэдэгдэх харилцааг нарийн зохицуулж өгөөгүй буюу мэдэгдлийг утас, мессеж, имэйл, амаар, бичгээр буюу мэдэгдэл хүргэх хэлбэрийг гэрээнд зааж өгөөгүй, талууд мэдэгдэл хүргэх хэлбэрийг тохироогүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нийлүүлсэн дугуйнуудын биет байдлын доголдлын талаар мэдээгүй, худалдан авагч бидэнд мэдэгдээгүй гэдэг.

Гэтэл талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу “Ю” ХХК-ийн инженер Леонид Клодин томилолтоор худалдан авагчийн уурхайн талбай дээр очиж туршилтын хугацааны туршид тэмдэглэл хөтөлж байсан талаар нэхэмжлэгч өөрөө нотолдог. Мөн худалдан авагчаас нэг бүр нь 3-4 тонн жин бүхий дугуйн даацыг 220-240 тонн даацтай, даах чадалтай эсэхийг барааг хүлээн авах үед шалгаж мэдэх боломжгүй юм.

Мөн худалдан авагчийн ажилтан Роберт Сиберрасаас 2013 оны 12 сарын 24-ний өдөр уурхайн талбай дээр нэхэмжлэгчийн дэд захирал Леонид Слободскийтэй уулзалт хийсэн бөгөөд энэ талаар дээд удирдлагад цахим захиа явуулсан. /1-р XX 204-р нүүр/

Уулзалтын үед Леонид Слободский нь “дугуйнууд 220 тонн ачаа ачих чадалтай бөгөөд өндөр температур нь дугуйн ачаалал хэтэрснээс үүсэлтэй, багасгасан даацаар ачаа ачуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвлөсөн” талаар тусгасан.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн нийлүүлсэн дугуй нь талуудын гэрээнд тохирсон даацын хэмжээнд хүрэхгүй байгаа буюу доголдолтой бараа нийлүүлсэн талаар мэдэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дээрх нөхцөл байдлыг нотлуулахаар Леонид Слободскийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй.

“Ю” ХХК нь хариуцагчийг доголдолтой барааны талаар албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй тул гэрээгээр төлөх төлбөрийг төлөх ёстой гэдэг байр суурьтай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэдий доголдолтой бараа нийлүүлсэн талаар мэдэж байсан ч худалдан авагчийн зүгээс туршилтын хугацаанд албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй тул төлбөр шаардах эрхтэй гэж үзэж байгаа.

Дугуйны доголдлын талаар нэхэмжлэгчийн томилолтоор ажиллаж байсан инженерийн тэмдэглэл, талуудын хийсэн уулзалтад оролцож байсан Леонид Слободский нь мэдэж байсан нь бөгөөд мэдээгүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар нотлоогүй.

ИХШХШТХуулийн 25 зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” нэхэмжлэгчийн үүргийг хуульчилж өгсөн.

Хариуцагч нь туршилтын бүх хугацааны туршид “Ю” ХХК-иас инженерийн хөтөлсөн тэмдэглэлийг шүүхийн журмаар гаргуулах гэсэн боловч нэхэмжлэгч нь уг тэмдэглэлийг нуун дарагдуулж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, шүүхэд худал мэдүүлэг өгсөн ба доголдлын талаар мэдээгүй гэдгийг нотлох баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч 2018 оны 4 сарын 12 өдөр шүүхийн журмаар нэхэмжлэгчээс туршилтын бүх хугацааны туршид “Ю” ХХК-иас инженерийн хөтөлсөн тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2018 оны 4 сарын 24 өдрийн 183/Ш32018/05165 тоот шүүхийн захирамжаар хүсэлтийг хангасан. /4-р ХХ 24-р нүүр, 49-р нүүр/

Гэтэл нэхэмжлэгч нь шүүхийн захирамжийн дагуу нотлох баримт гаргаж өгөөгүй буюу шүүхийн захирамж биелэгдээгүй байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь нийлүүлсэн дугуй нь талуудын гэрээнд тохирсон даацын хэмжээнд хүрэхгүй байгаа буюу доголдолтой бараа нийлүүлсэн, “Т” ХХК-ийн хэрэгцээ шаардлагад үл нийцэж байгаа талаар мэдэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан 2014 оны 2 сарын 2 өдрийн “Юнайтэд белаз машинери” ХХК-ийн хариуцагчид ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. /2-р ХХ 132-р нүүр/

Мэдэгдэл хүргэх нь өөрөө үйлдлийн илрэл, процессын ажиллагаа бөгөөд худалдагч нь доголдлын талаар анхнаасаа мэдэж байсныг үгүйсгэхгүй, худалдагч нь мэдээгүй гэдгийг нотлохгүй бөгөөд худалдагч нь доголдлын талаар мэдсэн атлаа мэдэж байсан зүйлийн талаар мэдэгдэл ирүүлээгүй нь гэрээнд зааснаас өөр дугуй нийлүүлсэн төлбөрийг шүүхийн журмаар гаргуулдаг нь худалдан авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Мөн давж заалдах шатны шүүх нь гэрээнд заагаагүй, талууд тохиролцоогүй мэдэгдэх үйлдлийн хэлбэрийг бичгээр мэдэгдэх ёстой гэж тогтоодог нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох дугуйг шилжүүлэн авах үедээ хариуцагч нь дугуйны хэмжээ, дугуйны даацын талаар шалган, дугуйны доголдлын талаар 60 хоногийн дотор мэдэгдэхээр гэрээгээр тохиролцсон байх тул энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэх боломжтой байжээ” гэж дүгнэсэн нь гэрээнд заасан туршилтын 60 хоногийн хугацааг баталгаа гаргаж өгсөн 60 хоногийн хугацаа гэж андуурч дүгнэсэн гэж ойлгогдохоор байна. Гэрээнд баталгаат хугацаа гэж заагаагүй бөгөөд 60 хоногийн туршид дугуйг туршиж, хэрэв туршилт амжилттай болсон бол гэрээний дагуу төлбөр төлөх, туршилт амжилтгүй болсон бол худалдан авагч нь төлбөр төлөхгүй байхаар заасан.

Тиймээс давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан болзолт худалдах-худалдан авах гэрээг оролцогчдын хүсэл зоригийг гуйвуулж дур зоргоороо тайлбарлаж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн дугуйны даацыг гэрээнд заасны дагуу үйл ажиллагаандаа туршиж байж шалгасан бөгөөд дугуйг хүлээн авах үед даацыг нүдээр хараад мэдэх боломжгүй юм.

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “Тодруулбал, дугуйг эхэлж угсарснаас хойш 22 хоногийн дараа сүүлийн дугуйг угсарсан үйл баримтаас үзвэл тухайн цаг хугацаанд доголдолгүй байсан гэж үзнэ” гэжээ.

Эс зөвшөөрч буй үндэслэл:

“Т” ХХК нь “Ю” ХХК-ийн нийлүүлсэн дугуйг өөрийн эзэмшлийн 3 ширхэг Теггех 4400 маркийн өөрөө буулгагч дээр суурилуулсан.

“Ю” ХХК-ийн нийлүүлсэн 12 дугуйны 4 ширхэгийг №18 дугаартай Теггех 4400 дээр 2013 оны 11 сарын 23 өдөр суурилуулж, 2014 оны 1 сарын 3 өдөр задалж өөр дугуйгаар сольсон, 4 ширхэгийг №19 дугаартай Теггех 4400 2013 оны 11 сарын 16 өдөр суурьлуулж 2014 оны 1 сарын 30 өдөр задалж өөр дугуйгаар сольсон, 4 ширхэгийн 2 дугуйг №20 дугаартай Теггех 4400 2013 оны 12 сарын 13 өдөр, 2 дугуйг 2013 оны 12 сарын 15 өдөр суурьлуулж, 2014 оны 1 сарын 26 өдөр задалж өөр дугуйгаар сольсон.

Талууд дээрх үйл явдалтай маргадаггүй, маргаагүй, зөвшөөрсөн байгаа.

“Ю” ХХК-ийн болзолт худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дугуйнуудыг угсарч суурилуулсан болон задалж өөр дугуйгаар сольсон нотлох баримт хэрэгт авагдсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дугуйнуудыг суурьлагдсан үеэс эхлэн туршилтын хугацааг тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа “... дугуйг эхэлж угсарснаас хойш 22 хоногийн дараа сүүлийн дугуйг угсарсан үйл баримтаас үзвэл тухайн цаг хугацаанд доголдолгүй байсан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байна.

Учир нь сүүлийн дугуй суурилагдснаас хойш тухайн дугуйнуудын туршилтын хугацаа нь эхэлж тоологдож туршилт хийгдэж байхад туршилтын үр дүн нь гараагүй байхад шүүх “...тухайн цаг хугацаанд доголдолгүй байсан гэж үзнэ” гэж дүгнэж байгаа нь хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байгаа бөгөөд туршилтын үр дүн гараагүй байхад шүүх нотлох баримтгүйгээр доголдолгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т” нь гэрээний зүйл болох 12 дугуйг худалдан авахгүй, хариуцагч худалдах-худалдан авах гэрээнээс бүхэлд нь татгалзаж буй тайлбар үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ИХШХШТХуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж шүүх зөв дүгнэжээ” гэжээ.

Эс зөвшөөрч буй үндэслэл:

“Ю” ХХК-д “Т” ХХК-д өөрийн дугуйны танилцуулга ирүүлж хамгийн өндөр даацын дугуйгаа туршилтаар ашиглахыг санал болгосон.

Үүний дагуу “Ю” ХХК ба “Т” ХХК нарын хооронд 2013 оны 11 сарын 6 өдөр 46/90-57 размерын 220-240 тонны даацтай, халалт хэмжигчтэй, хүнд даацын өөрөө буулгагчийн 12 ширхэг дугуйг нэг бүрийн үнэ нь 43 000 ам.доллар, нийт 522 000 ам.доллараар туршилтын 60 хоногийн хугацаатай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-гээр худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авах, гэрээгээр тохирсон төлбөрийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээдэг.

“Ю” ХХК нь худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсоноос өөр даацын дугуй буюу 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн гэдгийг туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Үндэслэл нь “Ю” ХХК нь худалдан авагчийн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг интернетээс авч гэрээнд заасан байгаа 220-240 тонны даацыг өөрийн дураар метрик тонн руу шилжүүлж 200-220 тонны даацын дугуй таарна гэж тооцоо гаргасан гэдгийг тайлбартаа дурдсан. /1-р ХХ 92-р нүүр/

Худалдагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний нийлүүлсэн 200-220 тонны даацын дугуй нь 220-240 тонны даацтай ачаа даах чадвартай тул гэрээний үнийг нэхэмжилсэн бөгөөд нийлүүлсэн 200-220 тонны даацын дугуй нь 220-240 тонны даацтай ачаа даах чадвартай талаар ИХШХШХТХуулийн 44 зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй “Белшина” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагаас ирүүлсэн албан бичгээс өөр ямар нэгэн баримт ирүүлээгүй, нотлоогүй нь ИХШХШТХуулийн 25 зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй юм.

Харин хэрэгт авагдсан 2014 оны 10 сарын 27 өдрийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн нийлүүлсэн дугуйны даац хүрэхгүй байгаа гэдэг нь тогтоогдсон. /2-р ХХ 117-119-р нүүр/

Худалдагч нь гэрээнд зааснаас өөр даацын дугуй нийлүүлснийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний зүйл биш бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 зүйлийн 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, ... үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй”.

“Ю” ХХК нь 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн байгаа нь дугуй худалдах-худалдан авах гэрээнд заасан талуудын тохирсон гэрээний зүйл биш байна. Гэрээ нь нэхэмжлэгчийн бэлдсэн загвараар түүний өөрийн албан бланк дээр хэвлэж байгуулсан байгааг анхаарах нь зүйтэй.

Иргэний хуулийн 251 зүйлийн 251.1-т “Гэрээгээр тогтоосон ... хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтээр “Ю” ХХК-ийн нийлүүлсэн дугуй нь 200-220 тонны даацтай байгаа нь хариуцагчийн худалдан авах хүсэлтэй байсан гэрээнд заасан 220-240 тонны даацын дугуйны шаардлага хангахгүй гэж тогтоосон. /2-р ХХ 117-119-р нүүр/

“Ю” ХХК нь гэрээгээр 220-240 тонны даацын дугуй нийлүүлэх байснаас 200-220 тонны даацын дугуй нийлүүлсэн нь Иргэний хуулийн 251 зүйлийн 251.1-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул тус үндэслэлээр нийлүүлсэн бараа нь биет байдлын доголдолтой гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч доголдолтой бараа худалдан авах үүрэг хүлээгээгүй.

Талууд 220-240 тонны даацтай дугуй худалдан авахаар гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээний зүйлээс өөр буюу 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчаас гэрээний зүйл биш бараа яагаад танай шаардлагыг хангахгүй байгаагаа нотлох ёстой гэж шаардлага тавьж байгаа, шаардлага хангахгүй байгаа дугуйг худалдан авахаар шахаж төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчээр Леонид Клодин, Леонид Слободский нарыг асуулгах хүсэлтийг гэрчийн мэдүүлэг авахуулах этгээдүүдийн хаягийг тодорхой тусгаагүй, шүүхэд дуудах боломж нөхцөлгүй гэх үндэслэлээр хангаагүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэрчийг шүүх дуудан асуух ажиллагааг хийх боломжтой” гэжээ.

Эс зөвшөөрч буй үндаслэл:

Хариуцагч нь шүүхэд гэрчээр Леонид Клодиныг гэрчээр оролцуулах хүсэлт 1 удаа, Леонид Слободскийг гэрчээр оролцуулах хүсэлт 2 удаа гаргасан. 2018 оны 4 сарын 12 өдөр нэхэмжлэгчийн инженер, гэрээнд заасан туршилтын хугацаанд хариуцагчийн ажлын талбайд туршиж байсан дугуйнд ажиглалт хийж тэмдэглэл хийсэн Леонид Клодин, хариуцагчтай ажил үүргийн хуваарийн дагуу уулзалтанд оролцож явж байсан Леонид Слободскииг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Леонид Клодиныг Монгол улсаас гарч явсан гэсэн тайлбар өгсөн бөгөөд уг хүсэл хангагдах боломжгүй болсон. Харин Леонид Слободскийг дипломат дархан эрхтэй гэж шүүхэд худал мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байгаа. Эхний хүсэлтийг хаяг байхгүй гэх үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан. /4-р ХХ 17-р нүүр/

2018 оны 4 сарын 27 өдөр хариуцагчаас Леонид Яковлевич Слободскийг Леонид Слободскийг иргэний хувьд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг дахин гаргасан бөгөөд хаягийг хүсэлтдээ дурдсан. /4-р Х.Х 52-53-р нүүр/

ИХШХШТХуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийн ажилтан Роберт Сиберрасаас компанийн удирдлагад 2013 оны 12 сарын 24 өдөр нэхэмжлэгчийн дэд захирал Леонид Слободскийтэй хариуцагчийн уурхайн талбай дээр хийсэн уулзалтын тэмдэглэл авагдсан.

Уг тэмдэглэлд Леонид Слободский нь “дугуйнууд 220 тонн ачаа ачих чадалтай бөгөөд өндөр температур нь дугуйн ачаалал хэтэрснээс үүсэлтэй, багасгасан даацаар ачаа ачуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвлөсөн” талаар тусгасан. /1-рХХ 204-р нүүр/

Өөрөөр хэлбэл, иргэн Леонид Слободский нь туршилтын хугацаанд “Ю” ХХК-ийн нийлүүлсэн дугуйнууд нь гэрээнд заасан даацандаа хүрэхгүй гэдгийг мэдэж байсан буюу анхнаасаа гэрээнд зааснаас өөр даацын дугуй нийлүүлсэн гэдгийг мэдэж байсан, хариуцагчийн удирдлагатай дугуйны туршилтын хугацаанд тогтмол уулзаж дугуйтай холбоотой асуудлаар ярилцаж байсан гэсэн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл явдал, нөхцөл байдлыг гэрчийн мэдүүлгээр нотлуулах байсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байсан бөгөөд давж заалдах шатны шүүх “гэрчийг шүүх дуудан асуух ажиллагааг хийх боломжтой” гэж дүгнэсэн нь зүйтэй гэсэн атлаа хэрэгт байсан 2018 оны 4 сарын 27 өдрийн хариуцагчаас гаргасан хүсэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ИХШХШТХууль зөрчсөн.

Хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн тухайд:

Хариуцагч 2018 оны 4 сарын 12 өдөр шүүхийн журмаар нэхэмжлэгчээс туршилтын бүх хугацааны туршид “Ю” ХХК-иас инженерийн хөтөлсөн тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2018 оны 4 сарын 24 өдрийн 183/Ш32018/05165 тоот шүүхийн захирамжаар хүсэлтийг хангасан. /4-р ХХ 49-р нүүр/

Нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 6 сарын 18 өдрийн 1806-31 тоот албан бичгээр нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар албан бичиг, инженер Клодин Л.В-г хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2015 оны 4 сарын 25 өдрийн 01/054-2 дугаартай ерөнхий захирлын тушаалын хуулбар, Колодин Л.В-н ажлаас чөлөөлөхийг хүссэн орос хэл дээрх өргөдөлийн хуулбарыг шүүхэд өгсөн. /4-р ХХ 66-р нүүр/

ИХШХШТХуулийн 44 зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн инженер Колодин Л.В-г хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2015 оны 4 сарын 25 өдрийн 01/054-2 дугаартай ерөнхий захирлын тушаалын хуулбар, Колодин Л.В-н ажлаас чөлөөлөхийг хүссэн орос хэл дээрх өргөдлийн хуулбар нь ИХШХШТХуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа бөгөөд шүүх 2018 оны 4 сарын 24 өдрийн 183/Ш32018/05165 тоот шүүхийн захирамжийн дагуу ирүүлсэн хуулбар баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь ИХШХШТХуулийг зөрчиж процессын алдаа гаргасан байна. Хэрэв ИХШХШТХуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлээгүй бол үнэлээгүй талаар, хассан бол энэ тухай шийдвэртээ тусгах ёстой. Гэтэл энэ талаар шийдвэрт дурдаагүй байгаа нь шүүхийн захирамжийн дагуу ирүүлсэн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь ИХШХШТХуулийг ноцтой зөрчиж байна. /4-р XX 49-р нүүр/

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлын хувьд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Г.Төгөлдөр итгэмжлэлээр оролцсон. ИХШХШТХуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, 7.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, ... шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй”, 7.4-т “гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт 2018 оны 6 сарын 18 өдрийн Белорус улсын иргэн Слободский Леонидын 25 тоот албан бичгээр иргэн Г.Төгөлдөрт олгосон монгол хэл дээрх итгэмжлэл авагдсан боловч Белорус улсын иргэн Слободский Леонид нь монгол хэл мэддэг гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Слободский Леонид нь Г.Төгөлдөрт олгосон итгэмжлэлд бичигдсэн байгаа текстийг уншиж агуулга, үр дагаврыг нь бүрэн ойлгосон, дараа нь маргаан үүсэхгүй эсэх нь эргэлзээ төрүүлж байна. /4-р ХХ 69-р нүүр/

Иймд 2018 оны 6 сарын 18 өдрийн Белорус улсын иргэн Слободский Леонидын 25 тоот албан бичгээр иргэн Г.Төгөлдөрт олгосон монгол хэл дээрх итгэмжлэл нь ИХШХШТХуулийн 7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангахгүй байгаа тул анхан шатны шүүх хуралдаанд иргэн Г.Төгөлдөр нь оролцсон нь хууль бус, ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн байна.

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1-т заасан худалдагчийн биет байдлын доголдолгүй нийлүүлэх үүрэгтэй байхад уг үүргээ зөрчиж биет байдлын доголдолтой буюу гэрээнд зааснаас өөр техникийн үзүүлэлттэй дүгуй нийлүүлсэн байхад шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгч нь доголдлын талаар мэдэж байсныг нотлох хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээр ИХШХШТХууль зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нэхэмжлэгчийг зөвтгөж хариуцагчийг ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангаагүй дугуйг худалдан авах, түүний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулж байна.

Мөн гэрээний туршилтын хугацаа 60 хоног, туршилт амжилттай болсон тохиолдолд хариуцагч нь төлбөр төлөхөөр гэрээнд заасан байхад буюу зөвхөн амжилттай туршилтын үр дүнд төлбөр төлөх үүрэг хүлээсэн.

Гэтэл туршилт нь амжилтгүй болсон, хариуцагчийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй дугуйны төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хуульд үл нийцнэ.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

“Ю” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 522 000 ам.доллар буюу 933 121 980 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Белшина маркийн дугуй худалдах гэрээ байгуулагдаж, “Ю” ХХК нь Бүгд Найрамдах Беларусь улсын Белшина дугуйны үйлдвэрт үйлдвэрлэж, импортоор оруулж ирсэн Белшина маркийн Бел-160Д загварын 220-240 тонн ачаалах хүчин чадалтай, уурхайн авто самосвалын Арктик 46/90-57 дугуй, дугуй бүр Шрэйдер дугуйны даралтын хяналтын системтэй, нэг бүр нь 43 500 ам.долларын үнэ бүхий 12 ширхэг нийт 522 000 ам.долларын үнэтэй дугуйг худалдах, “Т” ХХК гэрээгээр тохирсон нөхцлөөр худалдан авахаар болсон байна.

Гэрээний нөхцөлд тус гэрээний хэрэгжилт 60 өдрийн туршилтын хугацааг амжилттай дуусгавар болсноор төгсвөр болно, дугуйнуудыг Макмахон Засвар үйлчилгээний менежерийн удирдлага дор уурхайн талбар дахь авто самосвалд нийлүүлж, хяналтын системийг сольж тавьснаар туршилтын хугацаа эхэлнэ, барааг хүргүүлж, тохируулсны дараа жар /60/ хоногийн хугацаанд худалдан авагч бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, түвшинг үзэж хохирлын талаар худалдагч талд мэдэгдэнэ, эдгээр шаардлагыг биелүүлээгүй бол бүтээгдэхүүнийг худалдан авсанд тооцно, дугуйг сольж тавьснаас хойш яг 60 өдрийн дотор бүхий л төлбөр тооцоог барагдуулж, туршилтын хугацааг дуусгавар болгоно гэж харилцан тохиролцжээ.

2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр худалдагч гэрээнд заасан бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүлээлгэн өгч, дугуйг суурилуулж, тохируулж өгсөн, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл худалдан авагч талаас борлуулсан бүтээгдэхүүний талаар ямар нэг албан ёсны мэдэгдэл ирээгүй үндэслэлээр барааны үнийг нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон бүтээгдэхүүн хариуцагчид шилжүүлсэн үндэслэлээр үнийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч “Т” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ: “...худалдагчаас нийлүүлсэн дугуй худалдан авагчийн шаардлагад нийцээгүй, дугуйны хүчин чадал, даацын хэмжээ захиалсан шаардлагаас 16 хувиар буурсан үзүүлэлттэй байсан, туршилтын хугацаанд нийлүүлсэн дугуйнууд ихэд халж, улмаар аюулгүй ажиллагааг хангах үүднээс тэдгээрийг туршилтын хугацаа дуусгалгүй сольж тавьсан бөгөөд сүүлийн дугуйг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр суурилуулсан тул туршилтын хугацаа 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусна. Энэ хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сарын 24-ний уулзалтын үеэр дугуйнууд халж байгаа талаар мэдэгдэж, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн уулзалтын үеэр туршилтын хугацаанд илэрсэн доголдлыг зааж дугуйг хүлээн авахаас татгалзаж байсан, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дугуйг авахгүй гэдгээ мэдэгдэж, 14-ний өдөр албан бичиг илгээсэн...” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, улмаар хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. , 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулатыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2.-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана.

Хариуцагч “Т” ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн байгууллагын хувьд худалдагчаас нийлүүлсэн дугуйг хүлээн авахдаа хэмжээ, даацыг шалгаж авах үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, туршилтын хугацаанд доголдлын талаар гомдол гаргаагүй, гаргасан болохоо баримтаар нотлоогүй тул тэрээр дугуйны доголдолтой холбогдуулан шаардлага гаргах эрхгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч нь хүлээн авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн хариуцагч нь худалдан авсан дугуйг өөрөө буулгагч автомашинд суурилуулсны дараа туршилтын хугацаа дуусахаас өмнө буцаан сольсон байх ба сольсон дугуйг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөлгүй нөөцөд авч үлдсэн талаар дугуй сольсон баримтад тусгагдсан, тэдгээр дугуйг доголдлын улмаас сольсон гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул “...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ... хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01561 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2045 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 823 559,9 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД