Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 761

 

Б.С-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Г.Ганхөлөг,

            шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Б.Батбаяр,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ст холбогдох 1805018820428 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бордух мэйрэн овгийн Б.С, Улаанбаатар хотод 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, 19 дүгээр сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БХН, 2 дугаар гудамжны 27 дугаар байны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УЮ........../;

 

Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр сургуулийн гадаа И.Хишигзаяаг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын  нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

             

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Б.С хэдийгээр хоёр хүнд бүлэглэн зодуулж, өөрийн биеийг хамгаалах үйлдэл хийн И.Хишигзаяагийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа. Тэрээр хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрээгүй байсан.

Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн 18 насанд хүрээгүй байхдаа, анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, хохирогч нь гомдолгүй, хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг нь харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн хянан хүмүүжлэхээр шийдвэрлэх хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж шүүхэд хүсэлт гаргасан боловч 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

Миний үйчлүүлэгчийн хувьд хуульд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалт. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг шүүхээс хэрэглээгүй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий 8 дугаар бүлгээр өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсан байдаг. Тус бүлгийн 8.1 дүгээр зүйл буюу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл гэсний 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байхад шүүхээс энэхүү бүлэгт зааснаар ял оногдуулсангүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан байна.

Дээрхээс дүгнэхэд Б.С-т ял оногдуулахгүйгээр тэнсэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хуульд заасан нөхцөл боломж бүрдсэн гэж үзэж байна.

Хэдийгээр 240 цагийн албадан хөдөлмөр эрхлэх нь хүнд ял биш ч гэсэн энэ нь Эрүүгийн хуульд заасан ялын төрөлд багтдаг тул дөнгөж дунд сургуулиа төгсөж, элсэлтийн шалгалтаа өгсөн, ажил амьдралын гараан дээр байгаа өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн болон 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай заасан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршиг, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд “өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар, нийт 120-160 цагаар тогтооно” гэж заасан байна. 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 3 сараар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.С-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Б.С нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр сургуулийн гадаа И.Хишигзаяаг зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамрын  нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Л.Хишигзаяа /хх-13-14/, гэрч Э.Ариунтулга /хх-16-17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4353 тоот дүгнэлт /хх-20/, Б.С-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүхээс Б.С-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлгийн зохицуулалтад харшлаагүй байна.

 

Шүүгдэгч Б.С нь 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, /хх-52/ гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 17 нас 11 сар 1 хоногтой байсан ба хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед 18 насанд хүрчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өсвөр насны хүнийг “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй ...” гэж тодорхойлсон байх ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлгийн зохицуулалт нь арван дөрвөөс арван долоон настай хүмүүст үйлчлэх бөгөөд харин шүүхээр гэм бурууг хэлэлцэх үед арван найман насанд хүрсэн хүнд хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах учраас заавал хэрэгжүүлэх үүрэггүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг зөвхөн хорих ял оногдуулахаар хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэхээр зохицуулсан байх тул “шүүгдэгч Б.С-т ял оногдуулахгүйгээр тэнсэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 524 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН