Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 765

 

     А.Ө-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            шүүгдэгч А.Ө-ы өмгөөлөгч Л.Жавзмаа, 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын өмгөөлөгч Д.Бурмаа,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ө-ы өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Ө-д холбогдох 201725010495 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нарванчин овгийн А.Ө, Улаанбаатар хотод 1984 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Очирдагинас” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧЕ............../;

 

А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд “Очирдагинас” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу өгөх, ажилчдын цалин болон унааны мөнгөний хүснэгтэд дүнг нэмэгдүүлэн бичиж, касснаас илүү мөнгө авах зэргээр нийт 328.804.786 төгрөгийг завшиж, “Очирдагинас” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Ө-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилж, А.Ө-ыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Ө-аас 30.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Очирдагинас” ХХК-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын нэхэмжилсэн 121.894.335 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Ө-ы өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, “Очирдагинас” ХХК-ийн удирдлагаас уучлал гуйж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ шүүхийн өмнө илэрхийлэн гэм буруугаа хүлээн гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байна.

Түүний эцэг Г.Алтанхуяг нь өндөр  насны  тэтгэвэртэй,  сарын 1.229.793 төгрөгийн тэтгэвэр авдаг. Эх Н.Төгсбуян нь 2016 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд тахир дутуугийн групптэй, эмчийн хяналтад эмчлэгдэж байгаад тэтгэвэр тогтоолгосон, сарын 280.000 төгрөгийн тэтгэвэр авдаг бөгөөд А.Ө-ы 6 настай охин, нөхөр Лхагважав нарын хамт амьдарч байна. А.Ө нь өөрийн амьдарч байсан орон сууцаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд тооцож өгсөн ба эх Н.Төгсбуян нь тархины хүнд хагалгаанд орж, 2016 он хүртэл байнгын эмнэлэг, сувилалаар эмчлүүлж байгаа, охин А.Ө-ы байнгын тусламж, дэмжлэгтэйгээр амьдарч ирсэн.

А.Ө нь 2 хүүхэдтэй айлын том нь, төрсөн дүү нь гадаадад амьдарч байгаа тул эцэг, эхийгээ асарч сувилах, халамжлан хамгаалах бүхий л ажлыг гүйцэтгэж байгаа. Түүнийг хоригдсоноос хойш эцэг, эх нь гэнэтийн сэтгэл санааны цочролд орж, эрүүл мэнд болон амьдрал ахуй байдал хүндэрч, асран хамгаалах хүнгүй цаашид амьдрах итгэлгүй хүнд байдалтай байна.

Анхан шатны шүүх, А.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн ба шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө 298.805.000 төгрөгийг, тогтоол гарснаас хойш үлдэгдэл 30.000.000 төгрөг, нийт 328.805.000 төгрөгийг төлж хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэж үзэж байна.

Иймээс давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд А.Ө-д оногдуулсан хорих ялыг торгуулын ял болгон өөрчилж өгнө үү.

А.Ө--ы үйлдсэн “хөрөнгө завших” гэмт хэргийн нийгмийн аюул, учирсан хохирол, хор уршиг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа гэмшин ухамсарласан байдал, өндөр настай эцэг, эх, бага насны охин үрийнх нь сэтгэл санааны хүнд байдал зэрэг хувийн ахуй амьдралын байдал, мөн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “торгох ялыг үндсэн ялаар хэрэглэнэ”, мөн ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  “... арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” ял шийтгэж болох хуулийн зохицуулалтын дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцсэн, үнэн зөв гарсан гэж үзэж байна. “Очирдагинас” ХХК-ийн зүгээс маш их гомдолтой гэдгээ надаар дамжуулан илэрхийлсэн. Яагаад гэвэл энэ хэргийн улмаас 1 жил 5 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хохирлыг огт төлөөгүй байж, шүүх хурал болох үед хохирол, төлбөрийг төлсөн. “Очирдагинас” ХХК нь өөрөө бизнесийн байгууллага. 300.000.000 гаруй төгрөгөөр хэдий хэмжээний ашиг, орлого олох байсан бэ гэдэг асуудал байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд өмгөөлөгчийн зүгээс харахад шүүгдэгч А.Ө албан тушаалын байдлаа удаа дараа ашиглан, онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан. Түүнд оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүйн гадна шүүхээс тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч А.Ө нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд “Очирдагинас” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу өгөх, ажилчдын цалин болон унааны мөнгөний хүснэгтэд дүнг нэмэгдүүлэн бичиж, касснаас илүү мөнгө авах зэргээр нийт 328.804.786 төгрөгийг завшсан болох нь: 

 

Хохирогч Ж.Доржханд /1-р хх-67-72/, гэрч С.Сүрэнчимэг /1-р хх-78-79/, П.Оюунчимэг /1-р хх-80-81/, П.Төгсжаргал /1-р хх-82-83/, Ж.Айбек /1-р хх-90-93/, Т.Хангинах /1-р хх-97-98/, Л.Дуламсүрэн /1-р хх-99/ нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №92 дугаар дүгнэлт /1-р хх-136-138/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.  

 

            Анхан шатны шүүх, А.Ө-ыг “Бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч А.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогчийн хохирлыг бүрэн төлж, барагдуулсан байх тул түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, торгох ялыг хоёр жилийн дотор төлүүлэхээр хугацаа тогтоож, энэ талаар өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар А.Ө-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “А.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ө-д оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтууд оруулж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Ө-ы цагдан хоригдсон 59 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 885.000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 11.115.000 төгрөгөөр тогтоосугай.

4. А.Ө нь 30.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН