Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00862

 

М  ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02507 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 273 дугаар магадлалтай,

М  ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л т холбогдох

64,054,333.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.     

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Л  нь манай компанийн Хангамж үйлчилгээний хэлтсийн жижүүрээр 2010 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2011 оны 11 сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл компанийн Улаанбаатар хот дахь салбарын нярваар томилогдон ажилласан. Компанийн дотоод хяналт мониторингийн газрын 2016 оны 07 сарын 06-ны өдрийн санхүүгийн газарт хийсэн шалгалтаар нярав Л ийн хариуцаж байсан эд хөрөнгөөс 26,483,276.11 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө дутсан. 2017 оны 02 сарын 01-ний өдөр нярвын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил хүлээлцэх актаар дахин 17,945,993.37 төгрөгийн бараа материал дутсан. Мөн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн тооллогоор 19,625,064.27 төгрөгийн бараа материал дутсан. Иймд Л өөс 64,054,333.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би М  ТӨХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарт 2011 оны 12 сараас 2017 оны 2 сар хүртэлх хугацаанд нярваар ажилласан. Анх ажил хүлээж авахад бараа материалыг хуучин ажиллаж байсан н.Чулуунбаатар гэдэг хүнээс надад дутуу хүлээлгэн өгсөн. Энэ нь Төрийн өмчийн хороогоор актлагдсан гэгдэх 7.5 км 12 кор, 24 корын шилэн кабель огт биетээр байгаагүй, бараа материалын тайланд байсан. КШТ-34 тасгаас Яармагийн станц хүртэлх татсан газрын 24 корын 7.9 км шилэн кабелийг тухайн үед ажиллаж байсан инженер ажлаас гарсан тул баримт бүрдүүлж өгөөгүй. Мөн Сэлэнгэ аймгийн газраас хилийн тусгаарлах зурвас хүртэлх газар татсан шилэн кабель 1.5 км 12 корын шилэн кабель нэмэлтээр авсан. Эдгээр бараа материалыг тооцооноос хасуулах гэсэн боловч хугацаандаа өгөөгүй гээд шалгалтаар тогтоосон үнийн дүнгээс хасалт хийгээгүй. Компанийн санхүүгийн газраас нягтлан бодох бүртгэлийн Юникус программд шилжин бараа материалын үнийг дундаж өртгийн аргаар адил үнэтэй болгох зорилгоор бараа материалын тоо ширхэг, метрийн зөрүү гарснаас болж бараа материалд зөрүү гарсан. Компанийн Баянхошууны аж ахуйн хашааны харуул хамгаалалт муу, кабель болон бараа материал нь байнга гадаа байдаг байсан. Удирдлагуудад камержуулах хүсэлт хэд хэдэн удаа тавьж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02507 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар Л т холбогдох, 64,054,333.75 төгрөг гаргуулах тухай М  ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 273 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/02507 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 273 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. М  ХХК нь Л т холбогдуулан няраваар ажиллаж байх хугацаандаа хариуцан ажиллаж байсан агуулахаас бараа материал болон бэлэн мөнгө дутаасан, уг үйлдэл нь Дотоод хяналт мониторингийн газрын шалгалтаар илэрсэн тул 64,054,333.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Л тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр, давж заалдах шатны шүүх маргаж буй хэргийн холбогдох нотлох баримт бүрдүүлэх эсэх талаар ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбоотой нотлох баримт болох Дотоод хяналт мониторингийн газрын 2016 оны 07 сарын 06-ны өдрийн шалгалтын акт, 2017 оны 02 сарын 01-ний өдрийн ажил хүлээлцэх акт, 2017 оны 11 сарын 21-ний өдрийн тооллогын баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Эдгээр баримтуудаар Л ийн хариуцан ажиллаж байсан агуулах болон бараа материалаас бэлэн мөнгө, эд хөрөнгө дутсан болох нь тодорхой нотлогддог. Иймд Л өөс Дотоод хяналт мониторингийн газрын 2016 оны 07 сарын 06-ны өдрийн шалгалтаар илрүүлсэн 26,483,276.11 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө, 2017 оны 02 сарын 01-ний өдөр няравын ажлаас чөлөөлөгдөж ажил хүлээлцэх актаар 17,945,993.37 төгрөгийн бараа материал, 2017 оны 11 сарын 21-ний өдрийн тооллогоор 19,625,064.27 төгрөг нийт 64,054,333.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М  ТӨХХК нь хариуцагч Л т холбогдуулан бараа материал болон бэлэн мөнгөний дутагдал 64,054,333.75 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... ажил хүлээж авахад дутуу хүлээлгэн өгсөн, ....нягтлан бодох бүртгэлийн Юникус программд шилжин бараа материалын үнийг дундаж өртгийн аргаар адил үнэтэй болгоход зөрүү гарсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч Л  нь 2011 оны 11 сарын 25-ны өдөр М  ХХК-ийн Хотын сүлжээний газрын нярваар томилогдож, 2017 оны 02 сарын 01-ний өдөр нярвын ажлаасаа чөлөөлөгдсөн тухай баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор тус байгууллагын Улаанбаатар хот дахь салбарын 2016.01.01-нээс 2016.06.20 хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналтаар илэрсэн зөрчил, төлбөрийн актаар 23,644,276.17 төгрөгийн зөрчил, Л ийн хариуцсан хөрөнгийг Л.Ганболдод хүлээлгэж өгөхөд 17,945,993.37 төгрөгийн, Улаанбаатар хот дахь салбарын нярав Д.Ганболдын хариуцсан агуулахад хийсэн тооллогоор 19,625,064.27 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нийт үнийн дүн нь 61,215,333.81 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 64,054,333.75 төгрөгийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад нярваар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн ба түүний ажлын байрны тодорхойлолтод ...хотын сүлжээний газрын бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, бараа материалыг хүлээн авах, олгох, хадгалах, хамгаалах, анхан шатны бүртгэл хөтлөх гэсэн чиг үүрэг заагджээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд М  ТӨХХК-ийн зүгээс ажилтан Л тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хуульд заасны дагуу шууд хохирол, жинхэнэ алдагдлаар бус харин санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, 136 дугаар зүйлийн 136.1-д нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

Ажил олгогч нь байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлын нийт үнийн дүнг зөвхөн Л өөс шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3-т нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Л  нь 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл компанийн Улаанбаатар хот дахь салбарын нярваар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 02 сарын 01-ний өдөр нярвын ажлаас чөлөөлөгдсөн байхад ажил олгогч нь 2016 оны 07 сарын 06-ны өдрийн санхүүгийн хяналтаар илэрсэн 23,644,276.17 төгрөг, 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 17,945,993.37 төгрөг, 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 19,625,064.27 төгрөгийн хохирлыг барагдуулах тухай 2018 оны 10 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1-т нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М  ТӨХХК хариуцагч Л т холбогдуулан 64,054,333.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг ...хэргийн оролцогчдод нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйг танилцуулах, мөн маргаж буй үндэслэлтэй холбоотой шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эсэх талаар тодруулах ажиллагааг явуулаагүй гэж буруутгасан нь хуульд нийцээгүй байна.

Хэргийн 20 дахь талд зохигчдод эрх, үүрэг танилцуулсан баримт авагдсан, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам болон талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, эрх үүрэг тайлбарлаагүйгээс эрх нь зөрчигдсөн гэсэн гомдол, тайлбар гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 273 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч М  ТӨХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,222.00 /дөрвөн зуун далан найман мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН