Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2018/01956/И |
Дугаар | 001/ХТ2019/00656 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00656
Ц.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ц.М-
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би ХУД-ийн ...-р сургуулийн захирлаар 8 дахь жилдээ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Гэтэл НЗД-ын 2018-06-08-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас үндэслэлгүй чөлөөллөө. Миний хувьд төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг давхар байгуулж, хууль зөрчдөг. Хөдөлмөрийн тухай хуулиар давхар үр дүнгийн гэрээ байгуулах заалт байхгүй болно. Хууль зөрчиж байгуулсан үр дүнгийн гэрээг албаар худал дүгнэж ажлаас чөлөөлсөн. ХУД-ийн ...-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Ц.М-ийн ХУД-ийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д ажилтан ноцтой зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор заасан ба Ц.М- нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т зааснаар дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж Ц.М-ийг ...-р сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай Б/112 тоот захирамж 2018-6-08-ны өдөр гарсан. Үр дүнгийн гэрээгээр ажилтантай тухайн ажил үүргийн онцлог, албан тушаалын байдалтай холбогдуулж, үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн бол үүнийг ноцтой зөрчил хэмээн харилцан тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 182/ШШ2018/02110 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.М-ийг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, олговор 4,146,232 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж Ц.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан уг олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлалаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 182/ШШ2018/02110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Үр дүнгийн гэрээний эорилгыг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134-р тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.2.”Энэхүү гэрээний зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.” гэж тодорхойлсон. Төсвийн тухай хуулийн 40.4-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авч, 40.4.2 хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох.” гэж заасан. Улсын дээд шүүхийн 2006 оны 33-р тогтоолын 15.4.2., Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-д Дүүргийн Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэгдвэл ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Гэтэл шүүх “...талууд хоорондын хөдөлмөрийн гэрээнд үр дүнгийн гэрээний үнэлгээг сахилгын зөрчилд хамааруулан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд тооцсон нь үндэслэл муутай бөгөөд энэ талаарх үндэслэлийг ажил олгогч нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэсэн нь нотлох баримтуудыг баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Үр дүнгийн гэрээгээр үйл ажиллагаагаа төлөвлөж, хөдөлмөрлөх явцдаа өөрт ногдуулсан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй учраас сахилгын зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгч нь ХУД-ийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулж, Үр дүнгийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134-р тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн Хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно”, 8.1-т зааснаар гомдол гаргах эрхтэй байсан боловч дээд шатны байгууллага болон нийслэлийн Засаг даргад гомдол санал гаргаагүй зэргийг хянан үзээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.М- 2018-07-19-ний өдөр Нийслэлийн засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, ... дугаар сургуулийн захирлын ажилд тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2018-06-27-ны өдрөөс хойш тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нийслэлийн Засаг дарга 2018-06-08-ны өдөр Б/112 дугаартай захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1-г үндэслэж “...2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн...” гэж Ц.М-ийг Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захирлын ажлаас 2018-06-15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаалын агуулгаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг “..ноцтой зөрчил гаргасан..” гэж цуцалсан байна.
Хөдөлмөрийн гэрээнд талууд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тухайлан тохиролцсон, уг зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлаж болно.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.3.4-т үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн тохиолдлыг ноцтой зөрчилд хамааруулсан байна.
Ажил олгогч нь үр дүнгийн гэрээний хэрэгжилт биелэлтийг ажилтны мэргэжил, ур чадварт бус, харин сахилгын зөрчилд хамааруулсан үндэслэлээ тайлбарлаж чадаагүйгээс гадна “хангалтгүй” үнэлгээ авсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байна. Иймд шүүх ажил олгогчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, үр дүнгийн гэрээний биелэлтийг 2018-04-13-ны өдөр дүгнэсэн байх бөгөөд энэ нь 2018-04-13-ны өдрийн 04/194, 2018-04-20-ны өдрийн 04/209 дугаар албан бичиг., 2018-04-26-ны өдрийн хүсэлтээр тогтоогджээ. /хх 53,129,133/
2018 оны 04 сард 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн атлаа 2018-06-08-ны өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т нийцээгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/02110 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ