Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00944

 

О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03402 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар магадлалтай,

О ийн нэхэмжлэлтэй,

“Л ” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,193,251,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Цэндсүрэн, М.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч Т.Чимэддулам, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.                                              Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайханы гаргасан  тайлбарт: О  нь “Л ” ХХК-тай 2015 оны 06 сарын 10-ны  өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000,000 төгрөгийг, сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай, орон сууцны зориулалттай 8470 м.кв талбай бүхий баригдаж дуусаагүй барилгыг барьцаалж, 2015 оны 06 сарын 10-ны өдөр 2015/06/10А барьцааны гэрээг байгуулсан. “Ласти интернешнл” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнгийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 06 сарын 11-ний өдөр 1,500,000,000 төгрөгийг  Хаан банк дахь А.Лхагвасүрэнгийн 5076250424 дансанд 80,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк дахь 474004877 дансанд 477,500 ам.доллар /ханш 1ам.доллар-1863,61 төгрөг/, 464004609 дансанд 250,000,000 төгрөг, 464004609 дансанд 150,000,000 төгрөг, 2015 оны 06 сарын 12 өдөр Хаан банкны 5076250424 дансанд 130,895,000 төгрөгөөр тус тус шилжүүлж өгсөн. 2015 оны 11 сарын 03-ны өдөр “Л ” ХХК нь нэмж 510,000,000 төгрөгийг зээлсэн тул 2015 оны 06 сарын 10 өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 510,000,000 төгрөгийг А.Лхагвасүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 464004609 дансанд шилжүүлж өгсөн. “Л ” ХХК нь зээлийн хүүнд 2015 оны 07 сарын 10-ны өдөр 50,200,000 төгрөг, 2015 оны 11 сарын 04-ний өдөр 274,450,000 төгрөг, зээлдэгчээс санал болгосны дагуу 2017 оны 03 сарын 17-ны өдөр 1 м.кв-ыг 800,000 төгрөгөөр, 515 м.кв талбай бүхий, 9 орон сууцыг 412,624,000 төгрөгт тооцож, 2017 оны 08 сарын 11 өдөр 10А байрны 8 тоот байрыг “Л ” ХХК-ийн хүсэлтээр барьцаанаас чөлөөлж, байрны үнэнд н.Дашдулам, н.Нарансүрэн нарын төлсөн 43,500,000 төгрөгийг авч, зээлийн хүүд тооцсон буюу нийт 780,774,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Одоо үндсэн зээл 2,010,000,000 төгрөг, хүү 1,183,251,000 төгрөг, нийт 3,193,251,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй байгаа тул уг мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Барьцаалсан 8470 м.кв талбай бүхий байрнаас зээлийн хүүд тооцож авсан 9 орон сууц, мөн н.Нарансүрэнгийн 8 тоот байр хасагдах бөгөөд барьцаанаас чөлөөлөөд өгөөч, мөнгийг нь танайд өгөх төлбөртөө өгнө гэж “Л ” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн хэлсэн тул өөр 9 айлын байрыг барьцаанаас манайх чөлөөлөхөөр зөвшөөрсөн боловч байр худалдаж авсан мөнгийг “Л ” ХХК манайд өгөөгүй, биднийг хуурсан. Одоо “Л ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх нь байгаа 7310 м.кв бүхий байраар зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч /захирал/ Т.Чимэддуламын гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Л ” ХХК зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан. Зээлийн гэрээний үүрэгт 1160 м.кв талбай бүхий 20 байр өгч, 780,000,000 төгрөгийг төлсөн. Энэ нь зээлдүүлэгч О  барьцаанаас уг байруудыг чөлөөлсөн үйл баримтаар нотлогдоно. Барьцаалсан хөрөнгүүдээс нийт 21 байр чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч өөрийн нэр дээр 9 байр, иргэдийн нэр дээр 9 байр, н.Нарансүрэн, н.Дашдулам гэж хүний нэр дээр 1 байр шилжсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 10А байрны 42 тоот орон сууц н.Энхжаргал, н.Отгонсүрэн гэсэн хүний нэр дээр шилжсэн байсныг О  шүүхийн журмаар өөрийн болгосон. Эдгээр байруудыг О  2017 оны 08 сарын 02-ны өдөр төлбөрөө бүрэн авч дуусаад, үлдэгдэл 7310 м.кв талбай бүхий байрыг “Л ” ХХК-д гэрчилгээ авах эрхийг нээж өгсөн. О , А.Лхагвасүрэн хоёр найз бөгөөд барилга барихын тулд хамтран ажилласан. Барилга барихад О ээс гадна н.Болормаа, Ц.Батаа, н.Дөлгөөн нараас мөнгө авсан байдаг. Ц.Батаа мөнгөө олж авч чадаагүй тул “Л ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн эрхийг өөртөө шилжүүлж авч, ганц гишүүн нь болсон. Шилжүүлж өгөх үед А.Лхагвасүрэн өртэй гэдгээ хэлээгүй, өрөө дарсан гэж хэлсэн. Одоо А.Лхагвасүрэн олдохгүй байгаа. “Л ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх Т.Чимэддуламд шилжсэн байгаа. Зээлдүүлсэн гэх 510,000,000 төгрөгийг олгохдоо зээлдүүлэгч нь н.Ундармаа гэдэг хүний данснаас мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд тэр өдөртөө А.Лхагвасүрэнгийн данснаас н.Ундармаагийн данс руу буцааж мөнгө шилжүүлсэн байдаг тул А.Лхагвасүрэнгийн дансны хуулгыг банкнаас гаргуулмаар байна гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03402 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Л ” ХХК-иас 3,193,251,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О т олгож, хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, 13-р хороололд байрлалтай, 10А, 10Б дугаартай орон сууцны зориулалттай барилгаас “Л ” ХХК-ийн өмчлөлд байгаа 7310 м.кв талбайтай бүхий орон сууцны хэсгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 16,194,405 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 16,194,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Л ” ХХК-иас 2,904,606,021 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 288,644,979 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...16,194,405” гэснийг “...14,680,980” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Чимэддуламын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/03402 тоот шийдвэр мөн 2019 оны Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 188 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нь “Л ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан А.Лхагвасүрэнгийн банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулж авахыг хүссэн боловч шүүх энэ хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь энэ хэргийг шийдвэрлэхэд маш их сөргөөр нөлөөлсөн. Хариуцагч болон нэхэмжлэгч талууд нь шүүхэд гаргасан тайлбартаа О.Лхагвасүрэнгийн дансанд мөнгийг шилжүүлснээ удаа дараа мэдэгдэж байсан боловч шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг үл хангаснаар маргаж буй үнийн дүн нэхэмжлэгчид ашигтайгаар эргэсэн юм. Уг нотлох баримтыг хангуулахгүйгээр шийдсэнээр О.Лхагвасүрэнгийн данснаас О т эргэн төлөлт хийсэн баримтыг тооцох ямар ч боломжгүй болсноор одоогийн эрх хүлээн авсан уг компанийн удирдлага шүүхэд мянга хандаад нэмэргүй байдалд хүрээд байна. Нэхэмжлэгч тал ч энэ байдлаа ойлгон давж заалдах шатны шүүхэд 300 гаран сая төгрөгийн шаардлагаасаа татгалзсан нь маш их хардалтыг төрүүлж байгаа юм. Иргэн О.Лхагвасүрэнгийн дансны хуулгыг авч энэ хэрэгт нотлох баримтаар оруулснаар энэ хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой болох юм. “Л ” ХХК-ийн захирал асан А.Лхагвасүрэнг энэ хэрэгт гэрчээр оролцуулъя гэж хүсэлт тавьсаар байтал анхан шатны шүүх энэ хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үнэхээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн мэт харагдаж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа мөнгө шилжүүлсэн өдөр өөр өөр байхад тухай бүр хүү тооцсон эсэх талаар дүгнэлт гаргаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээ нь хөрөнгө оруулалтын гэрээг халхавчилсан гэрээ болсон талаар хууль зүйн ямар ч дүгнэлт гаргаагүй байна. “Л ” ХХК-ийг шилжүүлэхэд ийм өр төлбөртэй байсан эсэх талаар хариуцагч мэдээгүй байсаар байтал шууд хариуцлагыг одоогийн удирдлагад оногдуулсан талаар ямар ч хууль зүйн дүгнэлт гаргаагүй. Шүүх энэ зээлийн гэрээ барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхдээ зах зээлийн ханшнаас өндөр хувиар хүү бодсон талаар ямар нэг хууль зүйн үндэслэл гаргаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч О  нь хариуцагч “Л ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,193,251,000.00 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч “Л ” ХХК-иас 2,904,606,021.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 288,644,979.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,500,000,000.00 төгрөгийг сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлэхээр тохирч, үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 8470 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 1500 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байна. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч нь 510,000,000.00 төгрөг нэмж зээлэх хүсэлт гаргаж, талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн хийжээ. Зээлийг “Л ” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Лхагвасүрэнгийн дансанд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу түүний Хаан банкны 5076250424 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 80,000,000.00 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 130,895,000.00 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 474004877 тоот дансанд 477,500.00 ам.доллар /1 ам.долларыг 1863,61 төгрөгөөр тооцон/, 464004609 тот дансанд 250,000,000.00 төгрөг, 150,000,000.00 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлжээ. Нэхэмжлэгч ... үндсэн зээлийн төлбөр 2,010,000,000.00 төгрөг, зээлийн хүү 1,964,670,000.00 төгрөг, нийт 3,974,670,000.00 төгрөг төлөхөөс хариуцагч байгууллагын төлсөн 780,774,000.00 төгрөгийг хасч, үлдэх 3,193,251,000.00 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон байна. Хариуцагч “Л ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 20 орон сууц өгч, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үүрэг дуусгавар болсон гэсэн тайлбар өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...зээлийг  компанийн дансанд шилжүүлээгүй учир зээлийг компани аваагүй, нэхэмжлэгч болон хариуцагч “Л ” ХХК-ийн захирал байсан А.Лхагвасүрэн нар найзууд байсан, “Экокапитал ББСБ”-д зээлийн мөнгө буцаж орсон” гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед “Л ” ХХК нь А.Лхагвасүрэн гэсэн нэг гишүүнтэй хуулийн этгээд байсан, тэрээр компанийн захирал байсан бөгөөд 2017 оны 08 сарын 24-ний өдөр иргэн Ц.Батаа захирлаар бүртгэгджээ. Харин энэ маргаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон Т.Чимэддулам 2017 оны 12 сарын 07-ны өдөр тус компанийн захирлаар томилогдсон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, мөнгийг өөрийн дансаар авсан А.Лхагвасүрэнг гэрчээр оролцуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, түүний оршин суугаа хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч А.Лхагвасүрэн хаягтаа байхгүйгээс хүсэлт хангагдаагүй, түүнчлэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст иргэдээс гаргасан гомдлын улмаас эрүүгийн хэрэгт шалгагдахаар эрэн сурвалжлагдаж, олдохгүй байгаа тухай тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч гаргажээ.

Нэхэмжлэгч О  нь 2015 оны 6, 11 сард байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч компаниас шаардаж 2018 оны 06 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “Л ” ХХК-ийн одоогийн захирал Т.Чимэддулам нь дээрх гэрээг компанийг төлөөлж байгуулаагүй буюу уг компанид хамааралгүй байсан, гэрээний зүйл болох 2,010,000,000.00 төгрөг хариуцагч компанийн дансанд шилжээгүй, харин гэрээ байгуулах үед захирал байсан А.Лхагвасүрэнгийн банкны хувийн харилцах дансанд шилжсэн тухай баримт хэрэгт авагдсан байна. Хариуцагч нь “... 477,500.00 ам.доллар, 250,000,000.00 төгрөгийг бэлнээр тушаасан тухай банкны баримтыг эргэлзээтэй, хуурамч” гэж үзэн шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд 2018 оны 10 сарын 21-ний өдөр гаргасан, 2018 оны 10 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр “...банкны баримтуудад шинжээч томилуулах хүсэлтээ дэмжиж, энэ гүйлгээний талаар “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас тодорхойлолт гаргуулах” хүсэлт гаргасан байна. /I-хх-171,174/

Түүнчлэн “...их хэмжээний мөнгө учраас Лхагвасүрэнгийн шилжүүлсэн дансыг үзэх шаардлагатай ...” гэж хариуцагч хүсэлтийн үндэслэлээ тодруулсан байна. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. /I-хх-175/ Дээрх 2018 оны 10 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн 14455 дугаар захирамж гарсан боловч хариуцагчийн дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ....улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулах хүсэлтийг хангасан байна./I-хх-178/ Гэвч 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 15256 дугаар захирамжаар хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийг анхан шатны шүүх гаргажээ. /II-хх-23/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хэдий ч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Хариуцагч талын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг байгуулах үед хуулийн этгээдийг төлөөлж байгаагүй, зээлийн мөнгийг компанийн дансанд шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад хариуцагчийн  “...Худалдаа хөгжлийн банкнаас тодорхойлолт гаргуулах, нэхэмжлэгчээс гаргасан банкны шилжүүлгийн баримтад шинжээч томилуулах, дансны гүйлгээний талаарх мэдээллийг гаргуулах хүсэлт”-ийг шүүх хангахаас татгалзахдаа “...шилжүүлгийн баримтын эх хувийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн” гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1-5.1.5–д зааснаар харилцагч эргэлзсэн тохиолдолд иргэнээс хуулийн этгээдэд их хэмжээний зээл олгосон буюу 2,010,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй маргааны хувьд хариуцагчийн дээрх хүсэлтийг шүүх хангахаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцсэн гэж үзэхгүй. Хэрэгт авагдсан “Бэлэн мөнгө хүлээлцэх акт 2015.11.04-ний өдрийн 510,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн О , хүлээн авсан А.Лхагвасүрэн гэсэн баримтын хуулбар, түүнчлэн  Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 11 сарын 04-ний өдрийн орлогын ордерын хуулбарт “Ж.Ундармаагаас А.Лхагвасүрэнд 510,000,000.00 төгрөг”-ийг шилжүүлсэн тухай баримтаас үзэхэд нэмэлт гэрээний 510,000,000.00 төгрөгт аль нь хамаарах нь тодорхойгүй, түүнчлэн Ж.Ундармаагийн шилжүүлсэн мөнгийг О  нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /I-хх-17/ Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч тал 311,386,000.00 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцохыг зөвшөөрсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт уг үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж дүгнэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна. Дээр дурдснаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:     

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03402 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Л ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 14,680,990.00  /арван дөрвөн сая зургаан зуун наян мянга есөн зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                           ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН