Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00623

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02232 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...банк” ХХК

          Хариуцагч: Г.С-

          Хариуцагч: О.А- нарт холбогдох

          13.607,84 ам.доллар буюу 33,850,590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас., нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.С- 2008-07-27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20,000 ам.долларын зээлийг жилийн 14.3%-ийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Уг зээлийн эргэн төлөлт 2015-12-25-ны өдрөөс хойш зөрчигдсөн тул ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх мөн  зээлийн хуримтлагдсан төлөлтөө хувааж төлөх боломж олгох талаар тохиролцох гэсэн боловч тохиролцохгүй зээлийн зөрчил гаргасан. Уг зээлээр худалдан авсан БЗД-ийн 14-р хороо, ...-р хороолол, .. байр .. тоот 1 өрөөг барьцаалсан. Гэрээнд О.А- нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний гол нөхцөл 1б дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016-3-р сард 200 ам.доллар төлж, түүнээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Иймээс зээлийн гэрээний 3.3.1, 3.3.9-д зааснаар банкны санаачилгаар 2016-12-15-ны өдөр гэрээг цуцалсан. 2016-12-15-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 11,888.84 ам.доллар, хүүний төлбөр 1,719 ам.доллар, нийт 13,607.84 ам.доллар байна. Иймд зээлдэгч нараас 13,607.84 ам.долларыг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн гэрээний 2.2.11-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр нь барагдуулах талаар шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас тайлбартаа: 23 сая төгрөгийн зээл авахаар банкинд хандахад зөвхөн ам.долларын зээлийг олгоно гэсэн тул 2008-7-27-ны өдөр 20,000 ам.долларыг жилийн 14.3%-ийн хүүтэй, 120 сар буюу 10 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр 415,202 төгрөг төлөхөөр тохиролцсон. Анх 415,202 төгрөгийг төлөөд байх юм бол зээлийн гэрээний үүрэг 10 жил болохоос өмнө дуусна гэж ойлгуулсан учраас зөвшөөрсөн. Банкны зүгээс хүүг хувьсах хүүтэй буюу анх тогтоосон 11%-ийн хүүг өөрсдийн дураар хүүг өөрчлөх эрхтэй байхаар тусгаж, мөн ам.долларын ханшийг тухайн гэрээ байгуулагдах үеийн Монголбанкны ханшаар бус тухайн ажлын өдрийн ...банкны ам.доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр зааж хэт нэг талыг барьсан гэрээ байгуулсан гэж үзэж байна. Анх зээл авсны дараа зээлийн төлөлт хийхэд 415,202 төгрөгөөр эргэн төлөлт хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 160 ам.доллар ...агдаж байсан. Хамгийн сүүлд 2016-02-р сарын төлбөрийг хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 12 ам.доллар ...агдсан тул лавлаж асуухад ам.долларын ханштай холбоотой, энэ гэрээг ам.долларын хэлбэрээр төлөх юм бол дуусахгүй тул зээлийг төгрөгт шилжүүлж гэрээгээ шинэчлэх шаардлагыг тавьсан. Талуудыг гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1,155.95 төгрөг байсан ба тухайн үеийн ханшаар тооцвол 23,120,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл байсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 37 сая орчим төгрөг төлсөн. Сүүлийн төлбөр төлсөн 2016-03-р сард төлбөрийн үлдэгдэл нь тухайн өдрийн ханшаар 24 сая төгрөг байсан. Анх 23 сая төгрөгийн зээлийг авсан, 37 сая төгрөгийг төлсөн байхад дахин 24 сая төгрөгийн үлдэгдэлтэй байх нөхцөл байдлыг зээлдэгч нар үзээд банкны шаардлагыг хүлээж авалгүй зээлийн төлбөрийг төлөхийг зогсоосон. Энэхүү маргаантай холбоотой зээлдэгч нар нь дансны хуулгыг үзэхэд 2010-04 сар хүртэл 20 сарын хугацаанд зээлийн хүүг бодож байгаад түүнээс хойш зээлийн хүүг дур мэдэн өөрчилж 13.78%-иар тооцож 2011-8-р сар хүртэл үүнээс хойш 14.28 тооцож зээлийн хүүг нэмэгдүүлсэн боловч энэ талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд өмнө нь төлсөн төлбөртэй нийлээд 70 сая төгрөг болно. Анх 23 сая төгрөгийн зээл авсан байж 70 сая төгрөг болгож буцааж төлөх нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.8, 1.13 гэсэн тодорхой заалтууд нь ИХ-ийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул ИХ-ийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна. Мөн гэрээний 1.4-д заасан банк хүүгээ хэдийд ч өөрчлөх эрхтэй, өөрчилсөн талаараа нөгөө талд заавал мэдэгдэх шаардлагагүй гэсэн заалт нь ИХ-ийн 202.2.4-д гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан байвал стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэх заалтад хамаарч байгаа юм. Хариуцагч нар төлбөр төлөхгүй гэж маргаагүй. Харин 2016-3-р сараас гэрээний хугацаа дуусах буюу 2018-6-р сар хүртэл сар бүрийн төлөх төлбөр 415,202 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд нийт үлдэх хугацаанд 11,625,656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэжээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 183/ШШ2018/02232 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн зээлийн гэрээний үүрэгт 15,738,827 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 18,111,763 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 327,203 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 236,644 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 183/ШШ2018/02232 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх 13,607.84 ам.долларыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн боловч төгрөгт хөрвүүлэхдээ ИХ-ийн 218.1-д заасныг баримтлан үүрэг үүсэх үеийн ханшийг зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар буюу 1.156,60 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 18,111,763 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ИХ-ийн 218.1 дэх заалтад заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан байх гэдэг нөхцөл нь Монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийн худалдан авах чадварын өсөлт бууралттай холбоотой зохицуулалт тул анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээний зүйл нь гадаадын мөнгөн тэмдэгт буюу ам.доллар тул зээлдэгч нь зээлсэн мөнгийг буюу ам.долларыг буцаан төлөх үүрэгтэй. ИХ-ийн 451.1-д Үүргийг гадаад валютаар гүйцэтгэх тул ИХ-ийн 218.1 дэх заалт нь маргааны үйл баримтад хамаарахгүй гэж үзэж байна. Талууд 2008-6-27-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2008-6-30-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000 ам.долларыг зээлдэгчид олгосон. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2008-6-27-ны өдөр гэрээний үнэн зөвийг баталсан нотариатын бүртгэл, 2008-6-27 ны өдөр улсын бүртгэл хийгдсэн тэмдэглэгээ, болон зээлийг олгосон дансны хуулгаар нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх 2008-7-25-ны өдөр буюу зээлийг олгосноос хойш 29 хоногийн дараах буюу зээлдэгчийн зээл, хүү төлсөн өдрийн ханш 1,1156.6 төгрөг гэсэн ханшийг үүрэг үүсэх үеийн ханш хэмээн тогтоож өгсөн нь үндэслэлгүй юм. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтанд зээл олгох өдрийн буюу 2008-6-30-ны өдрийн албан ханш нь 1,156.6 төгрөг байсан гэсэн баримт байхгүй болно. Анхан шатны шүүх нь нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээний 1.8 дахь заалтад талууд ам.долларыг ...банкны худалдах ханшаар хөрвүүлж зээл, хүүгийн төлбөрийг хийхээр тохирсон. Талууд нэгэнт гэрээгээр төлбөр хийх ханшаа тохирсон байхад шүүхээс үүрэг үүсэх үеийн ханшийг шууд тогтоож өгч байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Монголбанкны албан ханшаар арилжааны банк нь валютыг арилжахгүй бөгөөд Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.4-д заасны дагуу арилжааны банк нь өөрийн ханшийг тогтооно. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ам.доллараар гүйцэтгэх төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг төгрөгөөр тооцон шаардахдаа нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2,487.58 төгрөгөөр тооцсон нь ИХШХШТХ-ийн 63.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, 18,111,763 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч хяналтын гомдолдоо: Шүүх 13,607.84 ам.долларыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн боловч төгрөгт хөрвүүлэхдээ ИХ-ийн 218.1-д заасныг баримтлан үүрэг үүсэх үеийн ханшийг зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар буюу 1.156,60 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 18,111,763 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ИХ-ийн 218.1 дэх заалтад заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан байх гэдэг нөхцөл нь Монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийн худалдан авах чадварын өсөлт бууралттай холбоотой зохицуулалт тул анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээний зүйл нь гадаадын мөнгөн тэмдэгт буюу ам.доллар тул зээлдэгч нь зээлсэн мөнгийг буюу ам.долларыг буцаан төлөх үүрэгтэй. ИХ-ийн 451.1-д Үүргийг гадаад валютаар гүйцэтгэх тул ИХ-ийн 218.1 дэх заалт нь маргааны үйл баримтад хамаарахгүй гэж үзэж байна. Талууд 2008-6-27-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2008-6-30-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000 ам.долларыг зээлдэгчид олгосон. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2008-6-27-ны өдөр гэрээний үнэн зөвийг баталсан нотариатын бүртгэл, 2008-6-27 ны өдөр улсын бүртгэл хийгдсэн тэмдэглэгээ, болон зээлийг олгосон дансны хуулгаар нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх 2008-7-25-ны өдөр буюу зээлийг олгосноос хойш 29 хоногийн дараах буюу зээлдэгчийн зээл, хүү төлсөн өдрийн ханш 1,1156.6 төгрөг гэсэн ханшийг үүрэг үүсэх үеийн ханш хэмээн тогтоож өгсөн нь үндэслэлгүй юм. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтанд зээл олгох өдрийн буюу 2008-6-30-ны өдрийн албан ханш нь 1,156.6 төгрөг байсан гэсэн баримт байхгүй болно. Анхан шатны шүүх нь нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээний 1.8 дахь заалтад талууд ам.долларыг ...банкны худалдах ханшаар хөрвүүлж зээл, хүүгийн төлбөрийг хийхээр тохирсон. Талууд нэгэнт гэрээгээр төлбөр хийх ханшаа тохирсон байхад шүүхээс үүрэг үүсэх үеийн ханшийг шууд тогтоож өгч байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Монголбанкны албан ханшаар арилжааны банк нь валютыг арилжахгүй бөгөөд Валютын зохицуулалтын тухай хуулийн 5.4-д заасны дагуу арилжааны банк нь өөрийн ханшийг тогтооно. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ам.доллараар гүйцэтгэх төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг төгрөгөөр тооцон шаардахдаа нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2,487.58 төгрөгөөр тооцсон нь ИХШХШТХ-ийн 63.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, 18,111,763 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “...банк” ХХК 2016-12-15-ны өдөр Г.С- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 13,607.84 ам.доллар шаардаж “... 2008-07-27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан төлбөр төлөгдөөгүй тул үндсэн зээл 11,888.84 ам.доллар, хүү 1,719 ам.доллар ...” гэжээ. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө зээлийг ам.доллараар олгосон нь хуульд нийцээгүй талаар дурдсан байна. 

         Анхан шатны шүүх хариуцагчаас 15,738,827 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хуулийн 218 дугаар зүйл нь “төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш” нэртэй бөгөөд 218.1.-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэснээс үзвэл уг хэсэгт төгрөгийн ямар нэг улсын мөнгөн тэмдэгт буюу гадаад валюттай харьцах ханшны талаар заагаагүй, энэ тухай гомдол үндэслэлтэй ч энэ нь шийдвэр, магадлалыг өөрчлөх нөхцөл болохгүй гэж үзлээ.   

        Г.С-, О.А- нар “...банк” ХХК-с 2008-07-27-ны өдөр 20,000 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 14.3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, ..-р хороолол, ..-р байр, .. тоот нэг өрөө байрыг барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3., 24 дүгээр зүйлийн 24.3. дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.     

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн төлбөр, хүү эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралт 1а, 1б-д заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр төлөхийг гэрээний 1.7-д заажээ.  Гэрээний 1б,1.7,1.8,1.13-д зээлдэгчийн сар бүр төлөх зээлийн нийт төлбөрийн хэмжээг 415,202 төгрөг байхаар тодорхойлсон зээлийг зөвхөн төгрөгөөр эргэн төлөх, төгрөгөөр авсан зээлийн эргэн төлөлтийг ам.доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлэх, ам.долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг банкны тухайн өдрийн ам.доллар худалдан авах ханшаар, ам.доллараар олгосон зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийх бөгөөд ханшийг тухайн өдөр банкны ам.доллар худалдаж буй ханшаар тооцохоор тусгажээ. 

       Талууд зээлийг эргэн төлөхдөө сар бүр тогтмол хэмжээ 415,202 төгрөг төлөхөөр тохиролцсон, валютын төрлөөс үл хамаарч зээлийг зөвхөн төгрөгөөр төлнө гэж заасан байна. Хариуцагч нар ам.доллар зээлсэн ч зохигч тухайн үеийн ханшийг тогтоож, эргэн төлөлтийг төгрөгөөр тогтоон тохиролцож болох ба энэ нөхцөлд зээлдүүлэгчийн зүгээс гэрээний 1.8, 1.13-р зээлийн үүргийг ам.доллараар тооцон шаардах эрхгүй талаар өмнө хяналтын шатны шүүх дүгнэжээ.  

        Талууд анх гэрээ байгуулахдаа жилийн суурь хүүг 11 хувь, хувьсах хүү 3.3 хувь, хүүгийн хэмжээ жилийн 14.3 хувь байхаар тохиролцсон, энэхүү хэмжээ өөрчлөгдөж болохыг, өөрчлөгдсөн бол зээлдэгчид мэдэгдэхийг тус тус заасан байгааг дурдах нь зүйтэй. 

      Гэрээний талууд ямар үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсон байна тэр үүргийг л гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д нийцэх юм. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Зээлийн гэрээний зээлдэгч ам.долларын зээл авсан боловч үүргээ монгол төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байна. Иймд шүүх хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг тодорхойлохдоо ам.долларын монгол төгрөгтэй харьцах харьцааг гэрээ байгуулах үеийн  Монголбанкнаас зарласан ханшаар тооцсоныг, хариуцагч зээлийг монгол төгрөгөөр төлөхөөр тохиролцсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтыг үндэслэн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 248,509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ