Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00382

 

М.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2018/00224 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2161 дүгээр магадлалтай

М.Нын нэхэмжлэлтэй,

“Б” ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 580 330 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ОНӨААТҮГ-т операторчоор ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр намайг ажилд авсан. Би шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 124 хоног ажилгүй байсан. Миний нэг өдрийн цалингийн хэмжээ 45 002.66 төгрөг, үүнийг 124 хоногоор тооцвол 5 580 330 төгрөг болж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 580 330 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авахаар тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түүний гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлсэн боловч манай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээж аваагүй учраас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи олговрыг олгохгүй. Мэдэгдлийг хуульд зааснаар ар гэрийнх нь хүнд өгөх гэсэн боловч нөхөр нь бас хүлээж аваагүй байсан. М.Н нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэг хоногийн цалин 45 002.66 төгрөг, 87 хоногийн 3 915 174 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2018/00224 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Б” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 5 580 330 төгрөгийг гаргуулж М.Нд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.Нын ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган авч, дэвтрүүдэд бичилт хийхийг” Б” ОНӨААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “Б” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 104 235 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2161 дүгээр магадлалаар:  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2018/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 77 592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.31-ний өдрийн дугаар 130/ШШ2018/00224 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.22-ны өдрийн дугаар 2161 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭЛ-д хариуцагч нь 2018.02.20-ны өдөр ажилд орох тухай мэдэгдэл хүргүүлсэн нь нэхэмжлэгчийг ажилд авсан гэж үзэх, ажилд томилох тухай байгууллагын даргын тушаалтай адилтган үзэх боломжгүй гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь 1-т Хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, 2-т хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг гэж, мөн хуулийн 3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг гэж, мөн хуулийн 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог гэж тус тус хуульчилсан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д талуудын хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг хуульчилсан байдаг.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар үүсч, хөдөлмөрийн гэрээ цуцалж, дуусгавар болгосноор дуусах юм.

Угтаа бол анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл болж буй ажилтан М.Ныг ажилд эгүүлэн авах тушаал гаргаагүй нь ажилд авсан гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлт нь хууль зүйн хувьд дараах үндэслэлээр үгүйсгэгдэнэ.

М.Н нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн байгууллагад 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд түүнийг байгууллага 2017.08.23-ны өдөр ажлаас нь чөлөөлж, улмаар 2018.02.20-ны өдөр ажил олгогчийн зүгээс ажилд эгүүлэн авах шийдвэр гаргахдаа М.Ныг ажилд эгүүлэн тогтоосон, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.16-ны өдрийн 460 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.12-ны өдрийн 166 тоот магадлалыг тус тус үндэслэж, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр ажилд эгүүлэн авах шийдвэр гаргасан юм.

Тухайлбал ажилтан М.Н урьд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч “Б” ОНӨААТҮГ-т ажиллаж байсан бөгөөд М.Нын урьдын хөдөлмөрийн гэрээг цуцалсан харилцааг шүүх үндэслэлгүй гэж сэргээсэн тул талуудын урьдын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хэвийн үргэлжлүүлэх бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч, ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах, шинээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх шаардлага байхгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын зүгээс 2018.02.20-ны өдөр М.Ныг ажилд эгүүлэн авах мэдэгдэл хүргүүлснээр талуудын урьдын хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа дахин үргэлжлэх бөгөөд энэ тохиолдолд заавал ажилд авах тушаал гаргасны үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүснэ гэх хуулийн зохицуулалт байхгүй юм.

Нөгөө талаараа М.Н нь 2018.02.21-ний өдрөөс ажилд орох ёстой байтал ороогүй ч хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн хариуцлага тооцоогүй, харин ч өөрийг нь ажилд орно гээд ирсэн өдөр ажилд нь томилсон юм. Энэ тохиолдолд хариуцагч байгууллага М.Нын ажил хийгээгүй үеийн цалин хөлсийг олгох үндэс байхгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзнэ.

2. Хэрэгт хариуцагч байгууллагаас М.Нд 2018.02.21-ний өдрөөс эхлэн ажилд эргэж орно уу, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйн улмаас ажилд эргэн ороогүй тохиолдолд ажил тасалсанд тооцох болно гэх албан тоотыг 2018.02.20-ны өдөр баталгаат шуудангаар албан ёсны хаяг руу нь хүргүүлсэн байгаа юм.

Гэтэл М.Н нь манай байгууллагаас ирүүлсэн албан тоотыг санаатай хүлээж аваагүй, хүлээн авахаас татгалзсан, нөхөр н.Бат-Эрдэнэд гардуулах гэсэн боловч нэр зааж ирсэн илгээмжийг авахгүй гэж татгалзсан үйл баримт Багануур дүүргийн шуудангийн үйлчилгээний газрын 2018.08.28-ны өдрийн Бн/47 тоот албан тоот, Улсын Дээд шүүхийн 2018.04.06-ны өдрийн дугаар 001/ШЗ2018/00174 тоот захирамж нотлох юм.

Энэ тохиолдолд ажилтан М.Н нь ажил олгогчоос тогтоосон хугацаанд ажилд ороогүй гэж үзэх бөгөөд ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогч хариуцах үндэс байхгүйгээс гадна ажилтан М.Н 2018.02.21-ний өдөр тогтоосон хугацаанд ажилд ороогүйд байгууллагаас шалтгаалсан зүйлгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ.

Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.31-ний өдрийн дугаар 103/ШШ2018/00224 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.22-ны өдрийн дугаар 2161 тоот магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

М.Н нь “Б” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 580 330 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч 3 915 174 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 103/ШШ2017/00460 дугаар шийдвэрээр М.Ныг “Б” ОНӨААТҮГ-ын ус шахах хэсгийн операторчийн ажилд эгүүлэн тогтоосон, тус шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч “Б” ОНӨААТҮГ-ын Захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/65 тушаалаар ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон үйл баримт тогтоогджээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг эгүүлэн авах үүрэгтэй гэж, 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж зохицуулсан.

М.Н нь түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил олгогчоос ажилд томилсон 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн нь  хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Хариуцагч “Б” ОНӨААТҮГ нэхэмжлэлийн зарим шаардлагыг татгалзсан үндэслэлээ:  “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд нь эгүүлэн авахаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн боловч М.Н нь хүрэлцэн ирээгүй, энэ өдрөөс ажилтныг ажилд нь авсан гэж үзэж байгаа тул 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хариуцагч “Б” ОНӨААТҮГ нь “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 65 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар М.Нд хүргүүлсэн, нэхэмжлэгч нь түүнийг хүлээж авахаас татгалзсан, ажил олгогчоос санал болгосон хугацаанд ажилдаа ирээгүйд байгууллага буруугүй байхад шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан байна.

Хариуцагч дээрх тайлбараа “Монгол шуудан” ХК-ийн Багануур дүүргийн шуудангийн үйлчилгээний газрын тодорхойлолтоор нотлогдоно гэх боловч хэргийн 37-р талд авагдсан “...М.Нд хаягласан илгээмжийг удаа дараа гардуулах оролдлого хийсэн..., хүлээн авахаас татгалзсан...” гэх агуулга бүхий тодорхойлолт холбогдох бусад баримтаар нотлогдоогүй тул тус баталгаат шууданг нэхэмжлэгчид хүргэсэн, түүнийг хүлээн авагч хүлээн авахаас татгалзсныг нотолсон гэж үзэхгүй.

Иймд шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2018/00224 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2161 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 592 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД