Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 00816

 
     

 

 

 

 

 

 

 

 2017 оны 07 сарын 28 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00816                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, эмэгтэй, 58 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-26-28 тоотод оршин суух, Чонос овгийн Очирын Байгалын /регистрийн дугаар ХЛ59021000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга,

Хариуцагч: “Цагаан-Алтан хүнс” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Байгал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч “Цагаан-Алтан хүнс” ХХК-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч О.Байгал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80мкв, 85мкв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015-10-10-ны өдрийн А/497 тоот захирамжаар буулгасан.Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан.Захиргааны хэргийн шүүхийн 2016-3-02-ны өдрийн 147 тоот магадлал, УДШ-ийн 2016-5-16-ны өдрийн 175 тоот тогтоолоор миний эрх ашигийг хангаж хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож газрын эзэмшил хэвээр байгааг тогтоосон.Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээр байсан хөрөнгийг Засаг дарга үнэлж буулгасан бөгөөд өнөөдрийг хүртэл намайг хохироосон хохиролоо барагдуулаагүй.Миний хөрөнгийг Засаг даргын захиалгаар “Найдвар-Од Аудит” ХХК 211,118,100 төгрөгөөр үнэлсэн.Дээрхи үнэлгээ бүхий худалдааны төвийг юу ч үгүй буулгаж намайг хохироосон.Иймд дараахь хохиролыг нэхэмжилж байна.

1.Миний эзэмшиж, өмчилж байсан үл хөдлөх хөрөнгө болох худалдааны зориулалттай барилгын үнэ 211 118 100 төгрөг гаргуулах,

2.Түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан орлого болох 2015-10-01-нээс өнөөдрийг хүртэл олох байсан орлого 60 000 000 төгрөг,

3.Өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, замын зардал 200 000 төгрөг, нийт 271 818 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулахдаа: “О.Байгаль миний биө Орхон аймгийн Баян өндөр сумын Кувейтийн гудамжинд худалдааны зориулалттай 80м[1] 85 м2газрыг 2017, 2021 он хүртэл хууль ёсоор эзэмшихээр гэрээ байгуулж, уг газартаа худалдааны төв барьж үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015.10.10 ны өдрийн А/497 тоот Засаг даргын захирамжаар хүчингүй болгосныг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд эрх ашгийг маань зөрчсөн гэх үндэслэлээр хандсан. Уг асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.03.02 ны өдрийн 147 р тоот магадлал , Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016.05.16 ны өдрийн 175 тоот тогтоолоор миний эрх ашгийг хангаж, хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгасныг тогтоож , Орхон аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газартаа барьсан байсан худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Орхон аймгийн Засаг дарга буулгахаас өмнө үнэлж, буулгасан.Захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэсэн атал өнөөдрийг хүртэл хохиролгүй болгох асуудлыг шийдвэрлээгүй. Иймд өөрийн хууль ёсны дагуу эзэишиж байсан 80м2, 85м2 газарт байсан худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Орхон аймгийн засаг дарга хууль бусаар буулгасан болох нь тогтоогдож байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 1. Миний эзэмшиж , өмчилж байсан худалдааны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ 195 908 700 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах

2. Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэргийг шийдвэрлэхэд гарсан зардал болох замын зардал 200 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3. Худалдааны зориулалттай 2 үл хөдлөх хөрөнгөө тус бүр 2 500 000 төгрөгөөр түрээслүүлэн ашиг орлого олж байсан ба хууль бусаар үл хөдлөх хөрөнгийг буулгаснаас хойших хугацааны түрээсийн үйл ажиллагаанаас олох байсан орлого болох 2015.10.07-2016.10.7 хүртэлх 60.000.000 төгрөгийн түрээсийн орлогыг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулах нийт 256 608 700 төгрөгийг нэхэмжилж байна.

4. 2016.10.05 өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэл болох хууль бусаар барьж буй барилгыг буулгаж газрыг чөлөөлнө үү гэсэн шаардлагаа тодруулж, миний эзэмшилд хууль ёсоор одоо байгаа 80м 2,85 м2 газар дээр баригдсан барилга болох ЦАХ маркет хүнсний зах худалдааны төвийг буулгаж , газрыг чөлөөлж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар Орхон аймгийн засаг дарга, Цагаан алтан Хүнс ХХК татаж байна.

5.Найдвар Од ХХК-ийн үнэлгээчнээс үнэлсэн миний газрын үнэ болох 15 209 400 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах 80мкв,85мкв газрыг тус тус иргэн О.Байгалд  худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг ба 80мкв  газрыг эзэмших хугацаа 2017 онд,Ж.Янжмаа гэдэг хүнээс шилжүүлж авсан 85 мкв газрыг эзэмших хугацаа 2021 онд тус тус дуусна.Тухайн газар нь нийтийн эзэмшлийн талбайд байрладаг тул аймгийн ГХБХБГ-ын иргэнтэй байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний  дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт тусгайлсан зохицуулалт оруулж,газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн.

Аймгийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”ын 3.3.6-д “Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан,хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжтэй хамтра зохион байгуулна” гэж заасны дагуу уг гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж санал солилцсон байдаг бөгөөд тухайн хэсэг тайлбайд орчин үеийн шаардлага хангасан 5 хүртэл давхаржилттай нэгдсэн нэг худалдааны төвтэй байхаар санал нэгдэж шинээр баригдах худалдааны төвийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарсан байдаг.

Ийнхүү нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж “Цагаан алтан хүнс ХХК шалгарсан байдаг бөгөөд тус компани худалдааны төв барих ажлаа эхлүүлэхээс өмнө тус газар үйл ажиллагаа явуулж байсан иргэд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж,шинээр баригдах худалдааны төвийн хамгийн ашигтай байрлалд тухайн иргэний эзэмшиж байсан газрын хэмжээгээр ямар ч нэмүү өртөггүйгээр талбай худалдан авах зэрэг харилцан ашигтай тохиролцоог хийсэн байдаг.Энэ тухай саналаа иргэн О.Байгалд удаа дараа албан бичгээр хүргүүлснээс гадна аман байдлаар олон удаа санал тавьсан байдаг ба одоо барилгын ажил хийгдэж 4 хүртэл давхар баригдаад байна.Гэвч иргэн О.Байгал ямар нэг шалтгаангүйгээр энэ асуудалд хувийн эрх ашгийг дээгүүр тавьж хандаж байсан бөгөөд Аймгийн ГХБХБГ-аас Газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015-3-02-ны өдрийн 155 тоот,2015-8-27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг.Улмаар павилоноо өөрийн зардлаар буулгах боломжгүй гэдгээ Засаг даргад мэдэгдсэн тул тухайн павилоныг төрийн зардлаар буулгасан ба үнэлгээг мөн төрийн зардлаар хийж гүйцэтгэсэн байдаг.

Үнэлгээг Найдвар-Од аудит ХХК хийсэн бөгөөд Засаг дарга болон ГХБХБГ тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан байдаг.Иймд иргэн О.Байгалын нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэхгүй, нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй, үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан шаардлагадаа: “Энэ шаардлагыг гаргаж байгаа бид “Хүлэг” захын орчил тодорхой хэмжээний газар эзэмшин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөн худалдаа үйлчилгээ эрхлэн явуулж байсан хүмүүс юм. Аймгийн хурлаас худалдааны гудамжийг иж бүрэн тохижуулах, зах орчмыг орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч Засаг дарга, түүний тамгын газар хэрэгжүүлэх болсныг бидэнд мэдэгдсэн. Бид эхлээд учрыг мэдэхгүй үймэлдэж, зөв буруу гэсэн олно янзын санаа үзэл бодол гарч байсан боловч аажимдаа учраа олж, ер нь жоохон хэмжээний газраа чөлөөлж тэр хэмжээнээсээ буурахгүй талбайг худалдаа үйлчилгээний дотор өмчилж авч үйл ажиллагаагаа явуулах нь бидний ажиллах орчин, эрүүл мэндийн хувьд ч худалдаа үйлчилгээний соёл, худалдан авагчийн талд ч зөв юм гэж шийдээд өөрсдийн эрх ашгийг хамгаалах “Кувэйтийн гудамжны газрын эздийн холбоо” ТББ-ыг байгуулж, улмаар уг газар дээр худалдаа, үйлчилгээний төв барихаар шалгарсан “Цагаан алтан хүнс” ХХК-тай “хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” хийсэн. “Цагаан алтан хүнс” ХХК газрын эрх авч худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нэгэнт барьсан, одоо зарим хэсгийг ашиглаж байна. гэрээ байгуулсан хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгийг оруулсан. Гэрээ байгуулсан хүмүүс дутуу мөнгөө гэрээний дагуу “Цагаан алтан хүнс” ХХК-нд төлнө. Одоо барилга баригдсан ч газрын маргаантай гэдгээр улсын комисс ажиллахгүй байгаагаас бид өмчлөх ёстой хэсгээ өмчилж авч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Гэтэл энэ газарт хамаарах иргэн О.Байгалын нэхэмжлэлээр худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлбөл 4 давхар барилгыг нураахаас өөр аргагүй юм байна. Ингэвэл бид оруулсан хөрөнгөөрөө хохирох төдийгүй, газрын эрхээ сэргээлгэх, өмнө чөлөөлсөн худалдаа үйлчилгээний павилонуудаа үнэлүүлж үнийг болон буулгах дахин барих зардлыг гаргуулах, энэ хугацаанд алдсан орлогоо буруутай этгээдүүдээс нэхэмжлэх шаардлага гарч байна. Энэ нь мэргэжлийн байгууллагын оролцоотой хийгдэх нарийн ажил учир бид одоогоор нарийвчилсан тооцоог гаргаж чадахгүй байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар зөвхөн өөр өөрсдийн эрх ашгийг хичээж учраа олж асуудлаа эв зохицлоор шийдэж чадахгүй байгаа нь бусад олно хүний эрх ашгийг шууд хохироож байгаа туд бид байгаа баримтаа өгч шинжээч томилуулах замаар дээр дурьдсан бүх хохирлоо тогтоолгон энэ хэрэгт нэгтгэн буруутай этгээдүүдээр төлүүлэх болно. Энэхүү шаардлагыг хариуцагч, нэхэмжлэгч нарт танилцуулан зохих тайлбар авна уу, хэргийн явцад хохирлын хэмжээ тодорхой болмогц бие даасан шаардлагаа хүн бүрээр эцэслэн тодорхой болгоно” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах шаардлагыг гаргаж байгаатай адил өөрсдийн эрх ашиг хохирч болзошгүй гэх асуудлыг хөндөн тавьсан байна. Өнөөдөр Цагаан Алтан Хүнс ХХК нь дээрх нэр бүхий хүмүүстэй зохицон учраа олсон гэж дээрх этгээдүүд тайлбарлаж байгаа ч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг нь олгоогүй байна. Улсын комисс дээрх барилгыг хүлээн аваагүй гэж тайлбарлан нь гуравдагч этгээд нар хохирох магадлалтай л байна. О.Байгалийг буруутгаж байгаа атлаа түүний эзэмшилд уг газар байсныг мэдсээр байж газрыг Цагаан Алтан Хүнс ХХК эзэмшиж авсан. Гуравдагч этгээд нарын өөрсдийнх нь газрын хугацаа дууссан, шүүхэд хандах эрхгүй болсон хэцүү байдалд орсон учраас аргагүй Цагаан Алтан Хүнс ХХК нөхцлийг хүлээн авч хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байна. Хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа боловч эдгээр байдлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй билээ. Гуравдагч этгээд нар хохирсон байдлаа сэргээх боломжгүй газрын эрхээ сэргээлгэх, павилоноо үнэлүүлэх энэ талаар шүүхэд хандах бүх эрхээ алдсан .Энэ талаарх шийдвэр хүртэл өөрсөнд нь байгаа. Дээрх барилгыг Улсын комисс хүлээн авсан гэж би сонссон. Гэсэн атлаа одоо болтол эдгээр хүмүүсийн санаа бодлыг төөрөгдүүлсэн хэвээр байгаа нь харамсмаар байна. О.Байгальд дээрх шаардлагыг тавьж байсан хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандсан учраас шүүхийн процесс ажиллагааг удааж, янз бүрийн аргаар шүүх хуралдааныг хийлгэхгүй байх бүх аргыг хэрэглэж байна.Гуравдагч этгээд болон Цагаан Алтан Хүнс ХХК бид нарын хооронд нь маргаан үүсгэж хэргийг шийдвэрлэхгүй удааж байхын оронд Орхон аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг хохироосноо хүлээн зөвшөөрч хохирсон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгийн аль эрт зөвшилцөж шийдвэрлэх бүрэн боломж түүнд байсан. Иргэнээ хохироосон бол хариуцлагыг хүлээх л ёстой. Үнэхээр бүтээн байгуулалт шаардлагатай байгаад газрыг авах шаардлагатай байсан юм бол эрх ашгийг нь хохироохгүйгээр шийдвэрлэх боломжтой хууль зүйн үндэслэл байсан. Хариуцагчийн хууль бус үйлдлийг шүүхээс тогтоосоор байхад үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, яаж хариуцлагаас мултрах вэ гэж хэдэн хүнийг хооронд маргаан үүсгэж, асуудлыг шийдвэрлэхгүй байх арга зам хайсаар байх тул нэхэмжлэгч өөрийн хохирсон эрх ашгийг хамгуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэж өнөөдрийг хүрч байна. Гуравдагч этгээд нар уг газарт маргаан үүсч шүүхэд хандсныг мэдсээр атлаа хөрөнгө оруулалт хийсэн .ОБайгалийг захиргааны хэргийн шүүхэд хандахад уг газарт барилга баригдаагүй байсан ба Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш газрыг ухаж эхэлсэн. Өөрөө хэлбэл шүүхээс О.Байгалийг хууль ёсны дагуу газраа эзэмших эрхтэй байгааг шийдвэрлэснийг мэдсээр байж барилгын ажлыг эхлүүлсэн. О.Байгаль барилга барьж эхэлмэгц шүүхэд эрх ашгаа хамгаалуулахаар дахин хандсан.Энэ бүгдийг мэдсээр байж баригдсан барилга” гэжээ.

Хариуцагч “Цагаан Алтан” хүнс ХХК шүүхэд Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагад гаргасан тайлбартаа: “2014 онд Орхон аймгийн ИТХ-аас Кувайтын гудамжны орчмын эмх замбараа муутай, гадаа худалдаа эрхэлдэг, худалдааны павильонууд нь олон янзын хэв загвар, хийц байдалтай хотын өнгө үзэмж, хот төлөвлөлтөд тохиромжгүй байдлыг харгалзан худалдаа үйлчилгээний хэсгийг дахин төлөвлөж, тэнд шинээр барих барилга байгууламж, шинээр барих худалдааны гудамжийг төлөвлөсөн зураг төсөл, газар зохион байгуулалтыг баталсан. Ингээд манай компани уг төлөвлөгдсөн газарт худалдааны төв барих төсөл бэлтгэн шинээр барилга барих төсөл сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Үүнийг үндэслээд Засаг даргын 2014 оны 09 сарын 22-ны А/502 тоот захирамжаар манай компанид 1400 кв.м газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Энэ байдалтай уялдан шаардлага гаргасан эдгээр хүмүүс нэгдэн "Кувейтын гудамжны газрын эздийн холбоо” ТББ байгуулдан ажиллаж манай компанитай хэлэлцээ хийсний үр дүнд тохиролцоонд хүрч орчин үеийн худалдааны төв барихад хөрөнгө оруулах, оруулсан хөрөнгө болон эзэмшиж байсан газар, худалдаа үйлчилгээний павильоны хэмжээтэйгээ дүйцүүлэн шинэ баригдах худалдаа үйлчилгээний төвөөс өөрт оногдох хэсгийг нь өмчлөн авч үйл ажиллагаагаа явуулахаар тохиролцсон. Энэхүү тохиролцооны үр дүнд тэнд үйл ажиллагаа явуулж байсан О.Байгалаас бусад хүмүүс газраа чөлөөлсөн ба иргэн О.Байгал газраа чөлөөлөөгүй тул Засаг дарга захирамж гарган газрыг албадан чөлөөлснөөр манай компани уг газарт 2015-2016 онд сууриараа 900 кв.м подвальтай 3 давхар худалдаа үйлчилгээний барилга барьсан ба О.Байгалийн маргааны улмаас улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй байна. Дээрх иргэдийн оруулсан мөнгийг барилгад ашиглаж дуусаад одоо хөрөнгө болсон ба манай Санхүүгийн тайланд энэ барилга “Эргэлтийн бус хөрөнгө” гэсэн ангилалаар 1 тэрбум 361 сая төгрөгөөр тусгадсан байгаа. Барилгыг улсын комисс хүлээж авмагц манай өөрийн компанид үлдэх хэсгийг Үндсэн хөрөнгөндөө бүртгэж, хөрөнгө оруулагч нарт өмчлөх хэсгийг балансаас тэдгээр хүмүүс рүү шилжүүлж санхүүгийн бүртгэл хийгдэнэ.Энэ байдлыг харуулсан 2017 оны нэгдүгээр улирлын тайланг шүүхэд өгсөн. Хэрвээ барилгыг буулгаж, газрыг албадан чөлөөлөхөөр шүүхийн шийдвэр гарч хЗрэгжвэл О.Байгалийн газрыг албадан чөлөөлсөн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны А/497 тоот захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.03.02-ны 147 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2016.05.16-ны 175 тоот тогтоолоор хүчингүй болсон байх тул барилгад хөрөнгө оруулсан эдгээр хүмүүсийн оруулсан хөрөнгө 634,0 сая төгрөг үнэгүйдэх ба эдгээр хүмүүст газрын эрхээ сэргээлгэх, хуучин эзэмшиж байсан хөрөнгөө гаргуулах, олох байсан орлогоо тооцон гаргуулах гээд олон асуудал тавигдах юм байна. Барилгыг буулгавал манай компанид ч гэсэн ихээхэн хэмжээний хохирол үүсэх бөгөөд үүнийг нэг бүрчлэн гаргаж нэхэмжлэх шаардлага үүснэ.Одоо нэгэнт баригдсан худалдааны төвийн барилгыг үнэлүүлэх асуудал ч гарна. Хүлэг хүнсний захын орчимд 1400 кв.м газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших эрх авсан, уг газарт барилга барьсан зэрэгт “Цагаан алтан хүнс” ХХК ямар ч буруугүй тул эдгээр хүмүүсийн өмнө эд хөрөнгийн болон нөхөх хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Байгал Орхон аймгийн Засаг даргаас үл хөдлөх хөрөнгийн үнэ болон бусад хохирол 256 608 700 төгрөг гаргуулах, ”Цагаан-Алтан хүнс” ХХК-аас 165мкв газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, хариуцагч “Цагаан-Алтан хүнс” ХХК нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүд шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч газар эзэмших гэрээнээс учирсан хохирол шаардсан учир шүүх хэргийг дангаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “Миний бие Орхон аймгийн Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд 80мкв, 85мкв газрыг худалдааны зориулалтаар эзэмшиж үл хөдлөх хөрөнгө барьж худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсныг Орхон аймгийн Засаг даргын 2015-10-10-ны өдрийн А/497 тоот захирамжаар буулгасан.Би тухайн газрыг 2021 он хүртэл эзэмших гэрээтэй байсан...” гэжээ.

Нэхэмжлэгч О.Байгал Орхон аймгийн Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Хүлэг хүнсний захын ард байрлах 80мкв газрыг худалдааны зориулалтаар, 5 жилийн хугацаагаар эзэмших, мөн Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар захирамжаар Хүлэг хүнсний захын ард байрлах 85мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Янжмаагаас О.Байгалд шилжүүлснээр О.Байгал тус газрыг худалдааны зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Засаг даргын захирамжаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч нар маргаагүй.

Нэхэмжлэгч О.Байгалын эзэмшлийн дээрхи 165мкв талбай бүхий газар дээр худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан павилоныг Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 дугаартай захирамжаар албадан буулгаж газрыг чөлөөлсөн ба Засаг даргын А/497 дугаартай захирамжийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай магадлалаар хүчингүй болгожээ.

Уг магадлал болон УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай тогтоолоор Засаг дарга иргэн О.Байгалын газар эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргасаныг тогтоохын хамт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа үндэслэсэн “газар эзэмшигч нь аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж баригдах үед тухайн газрыг саадгүй чөлөөлөх тухай тодорхой зааж өгсөн... Аймгийн ИТХ-ын 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын харилцааны талаар 2014 онд баримтлах бодлого”ын 3.3.6-д “Кувейтын гудамжны барилгажилтын төслийг иргэд тохилог орчинд үйлчлүүлэх нөхцөлийг хангасан, хот төлөвлөлтийн оновчтой шийдэлтэйгээр боловсруулж батлуулан хэрэгжилтийг газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу” гэх үндэслэгээг “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан газрын харилцааны талаар баримтлах бодлогыг “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”гэж үзэхгүй болохыг Хот байгуулалтын тухай хуулийн заалтыг тайлбарлах замаар тогтоосон байна. Гэтэл, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга О.Байгалыг Газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т заасан шаардлагыг биелүүлж эзэмшиж буй павилоны газраа чөлөөлөхийг 2015-3-02-ны өдрийн 155 тоот, 2015-8-27-ны өдрийн 808 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж байсан ч гэрээний үүргээ биелүүлж тухайн газрыг чөлөөлөөгүй байдаг”гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т “Хугацаа дуусах буюу ХЕТ-ны дагуу барилга байгууламж баригдах үед газрыг саадгүй чөлөөлнө” гэж заасан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Газрын тухай хуульд газрыг гэрээний хугацаа дуусахаас өмнө эргүүлэн авах,чөлөөлөх Аймгийн Засаг даргын бүрэн эрхийг заахдаа 20.1.4-д “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”,57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”,57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.Гэтэл Орхон аймгийн Засаг дарга хууль болон О.Байгалтай байгуулсан “Газар эзэмшүүлэх гэрээ”гээ зөрчин түүний эрх ашгийг хохироосон үйлдэл хийсэн байх тул уг гэрээний  4.5-д “холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад үүрэг хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцлага хүлээх үндэстэй юм.

Орхон аймгийн Засаг дарга О.Байгалын эзэмшлийн павилоныг буулгахын өмнө 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/1252 дугаартай албан бичгээр Найдвар-Од аудит ХХК-д хандаж хөрөнгийн үнэлгээ хийж өгнө үү гэсэн хүсэлт явуулсаныг /хх 81,83-р хуудаст/ үндэслэн “Найдвар-Од аудит” ХХК 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр О.Байгалын эзэмшлийн 146.74 мкв талбай бүхий павилоныг газрын хамт нийт 211,118.1 мянган төгрөгөөр үнэлж тайлан гаргасан байна.Засаг дарга 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2278 дугаартай албан бичгээр /хх80 дугаарт/ Найдвар-Од аудит ХХК-д хандаж үнэлгээний талаар тодруулга авахыг хүссэн байх авч 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр павилоныг албадан буулгасан байх тул үнэлгээг зөвшөөрсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг үнэлгээнээс газрын үнэлгээ болох 15 209 400 төгрөгийг хасаж 195 908 700 төгрөгийг Засаг даргаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч буулгасан павилоныг бусдад худалдааны зориулалтаар түрээслэж түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан гэх ба 2015-10-01-нээс хойшхи 1 жилийн хугацааны олох байсан орлого 60 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, замын зардал 200 000 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан.

Нэхэмжлэгч “...2009 оноос хойш А.Төвшинцэнгэл, Б.Бямбажаргал нарт урт хугацаагаар түрээслүүлэх гэрээ байгуулж сар тутам 5 000 000 төгрөгний түрээсийн төлбөр авч байсан. Тиймээс 2015 оны 10 дугаар сарын 01-нээс хойшхи 1 жилийн хугацааны олох байсан орлого 60 000 000 төгрөг нэхэмжилнэ” гэж тайлбарлаж дээрхи тайлбараа үндэслэл болгож А.Төвшинцэнгэл, Б.Бямбажаргал нартай байгуулсан түрээсийн гэрээг ирүүлсэн./хх140, 141х/

Гэвч нэхэмжлэгч сар бүрийн түрээсийн орлого 5 000 000 төгрөг олдог, энэ орлогоосоо хүн амын орлогын албан татвар төлдөг болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.Нэхэмжлэгчийн А.Төвшинцэнгэл, Б.Бямбажаргал нартай байгуулсан түрээсийн гэрээ, дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримтууд нь түүнийг сар бүр 5 000 000 төгрөгийн түрээсийн орлого олдог болохыг нотолсон баримт биш гэж үзлээ. Мөн өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, замын зардал 200 000 төгрөг гаргуулахаар тус тус шаардсаныг хангах үндэслэлгүй байна.Замын зардал 200 000 төгрөгний баримт авагдаагүйгээс гадна шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байна.Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр төлсөн өмгөөлөгчийн хөлс бодит хохиролд тооцогдохгүй.Иймд дээрхи 60 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч “миний эзэмшлийн газарт хууль бусаар баригдсан барилга болох “Цах маркет” хүнсний зах, худалдааны төвийг буулгаж газрыг чөлөөлж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрхи шаардлагад хариуцагч “Цагаан алтан хүнс” ХХК хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтыг үнэлэх замаар шийдсэн.

Нэхэмжлэгч О.Байгалын эзэмшлийн газарт” Цагаан алтан хүнс” ХХК нь худалдаа үйлчилгээний зориулалттай барилга барьсан болох нь фото зураг, үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд барилга барих үндэслэл болсон Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 дугаартай захирамж шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байна.Засаг даргын хууль бус шийдвэрийн үндсэн дээр “Цагаан алтан хүнс” ХХК бусдын эзэмшлийн газарт барилга барьсан байх бөгөөд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д” Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших,ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй “гэж заасан тул нэхэмжлэгч газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...”Цах” худалдааны төвийг буулгаж нэхэмжлэгч О.Байгалийн эзэмшлийн газрыг чөлөөлвөл асар их хэмжээний зардал гарна, маш олон түрээслэгч нарын эрх ашиг хөндөгдөнө. О.Байгал өөр байршилд адил хэмжээний газар авахаас татгалзсан, албадан чөлөөлсөн тухайн газрыг буцаан олгох боломжгүй учраас шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан эзэмшил газрын суурь үнэлгээгээр тооцож хохиролыг засаг даргаас гаргуулах боломжтой” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан буюу О.Байгалийн эзэмшлийн газар дээр ”Цах” худалдааны төвийг барьсан, ”Цах” худалдааны төвийг буулгах нь харьцангуй их зардал гарах, 3 дагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа боловч Орхон аймгийн засаг дарга, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үүргээ биелүүлэхгүй удаан хугацаанд асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас нэхэмжлэгчид өөрөөр шаардах эрхээ хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчин хууль бусаар түүний эзэмшлийн газарт барилга барьсан байх тул “Цагаан алтан хүнс” ХХК-ны хууль бус эзэмшлээс О.Байгалын эзэмшлийн 165мкв газрыг чөлөөлүүлэх үндэслэлтэй.

4.Бие даасан шаардлага гаргаагүй 3 дагч этгээд болох А.Бадамдорж, И.Чинбат, Г.Будхүү, Б.Энхтуяа, Л.Норовсамба, М.Солонго, Н.Алтаншагай, С.Бямбаабаатар, Б.Бүрэнтогтох, Я.Бэгзжав, Р.Амартүвшин, Б.Эрдэнэбаяр, О.Лхагвасүрэн, Б.Баттогтох, Б.Нарантуяа нар хариуцагч “Цагаан алтан хүнс” ХХК-тай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ хийж өөрсдийн эзэмшлийн газраа чөлөөлж ”Цах” худалдааны төвд талбай өмчилдөг болох нь тэдний тайлбар, хамтран ажиллах гэрээгээр тогтоогдож байгаа.

Нэхэмжлэгч О.Байгалын эзэмшлийн дээрхи 165 мкв талбай бүхий газар дээр худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан павилоныг Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/497 дугаартай захирамжаар албадан буулгаж газрыг чөлөөлсөн ба Засаг даргын А/497 дугаартай захирамжийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай магадлалаар хүчингүй болгосон, нэхэмжлэгч О.Байгалийн хууль ёсны эрх ашгийг зөрчин хууль бусаар түүний эзэмшлийн газарт барилга барьсан байх тул “Цагаан алтан хүнс” ХХК-ны хууль бус эзэмшлээс О.Байгалын эзэмшлийн 165 мкв газрыг чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэсэн тул дээрхи үйл ажиллагааны улмаас бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдэд хохирол учирвал өөрт учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс шаардах эрхтэй болно.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас 195 908 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Байгалд олгосугай.

2.Иргэнийй хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн Кувейтийн гудамжинд байрлах О.Байгалийн эзэмшлийн 165 мкв/ 80мкв, 85мкв /талбай бүхий газрыг “Цагаан алтан хүнс” ХХК-ны эзэмшлээс чөлөөлсүгэй.

3.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 60 700 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 1 641 240 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 327 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймгийн Засаг даргаас 1 137 493 төгрөг, “Цагаан алтан” хүнс ХХК-аас 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Байгалд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА