Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00697

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02410 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2463 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Г-

          Хариуцагч: “МИАТ” ТӨХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох,олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “МИАТ” ТӨХК-ийн захирлын 2017-05-17-ны Б/380 дугаар тушаалаар ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежерийн албан тушаалд ажиллах болж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-06-13-ны Б/460 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2018-06-15-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг 2018-06-21-ний өдөр шуудан хүлээн авч мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг ажил олгогч гэрээнд заасан хугацаанд мэдэгдээгүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. “МИАТ” ТӨХК нь 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан үндэслэл шалтгаан нь ойлгомжгүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй, тус байгууллагад тасралтгүй ажилласан хөдөлмөрийн харилцааг дордуулсан нөхцөл үүсгэлээ. Өмнөх ажлаас чөлөөлөгдөн Берлин хот дахь төлөөлөгчийн газарт томилогдон очоод 8-10 дугаар сарын хугацаанд ХБНГУ-д зорчих, амьдрах оршин суух визний баримт бүрдүүлж шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан сул зогсолтын олговор олгоогүй байгаа. Иймд ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежер албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг сул зогсолтын олговор 34,446,570 төгрөгийн хамт гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Европын холбооны улсад ажиллаж, амьдрах, байнгын виз мэдүүлэхэд буюу Герман Улсын байнга оршин суух өөрөөр хэлбэл тус тусгай зохицуулалтыг Гадаадын иргэн түр оршин суух хуулиар зохицуулагддаг учир цаг хугацаа шаарддаг. Үүний улмаас 11 cap хүртэл ажлаа хийгээгүй буюу тушаал гарснаас хойш байнга оршин сууж, ажиллаж, амьдрах визний асуудлаас үүдэлтэй ажилгүй байсан нь үнэн. Гадаад улсад “МИАТ” ТӨХК-г төлөөлж ажиллаж байгаагийн хувьд тухайн албан тушаал дээр ажиллах асуудлыг хугацаатай байгуулж, тухайн ажлыг дүгнэх шаардлагатай байдаг учраас харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулдаг. Д.Г-тай байгуулсан гэрээ нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулагдсан. 2017-05-07-ны өдөр хугацаатай гэрээ сунгагдахгүй, ажлыг дүгнэх талаар бүх төлөөлөгчийн газарт мэдэгдлийг хүргүүлж 2017-05-10-ны өдөр захирлын зөвлөл хуралдсан. Ажил олгогчид ажилтан нь ажилласан хугацааны тайланг ирүүлэх ёстой атал уг хурлын шийдвэрт Д.Г- нь нэг ч тайлбар ирүүлээгүй. Холбогдох газар хэлтсийн дарга нар захирлын зөвлөлд хамаарна гэж хөдөлмөрийн дотоод журамд зохицуулагдсан байдаг учир зөвлөл нь эрх хэмжээний дагуу асуудлуудыг шийдсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш тайлангаа ирүүлээгүй хүмүүсийн бүх гэрээг цуцлах захирлын зөвлөлийн тушаал. Олон жил ажилласан ажилчид ажил олгогчтойгоо ирж уулзаад, ямар ажлын байр, боломж бололцоо байгаа талаар ярилцсан боловч Д.Г- нь тушаал очсоноос хойш ажил олгогчтой нэг ч удаа уулзалгүйгээр АТГ болон шүүхэд хандсан. Сул зогсолтын нөхөн төлбөрийн хувьд манай байгууллага таван чиглэлд нисэхийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн газруудад байнга ажиллаж байгаа ажилчдын орон байрны асуудал ихээр яригддаг бөгөөд орон сууцны зардалд 70% нь зарцуулагддаг учир төлөөлөгчийн газраас цалинг 3000 евро буюу өндрөөр олгодогтой холбогдуулан 2013-04-05-ны өдрийн Б/272 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар гадаад орон төлөөлөгчийн газарт ажил мэдүүлгийн суурь жишгийг шинэчлэн баталсан. Хавсралтаар суурь жишгийг тогтоохдоо нийт цалингийн хөлсийг орон сууцны зардалд 70%, хөдөлмөрийн хөлсийг 30%-н нийлбэр болгож тооцож тогтоосон. Хэрэгт авагдсан баримт болон нийгмийн даатгалын дэвтрээс харахад тушаал гарснаас хойш 2017-06-17-ны өдөр буюу cap хагасын цалин болох 6 сая гаруй төгрөг олгогдсон. Үндсэн цалинг тооцоход 1,9 төгрөг байдаг бөгөөд дор хаяж 3 cap визний мэдүүлэг хүлээгддэг учир энэ хугацааны сул зогсолтын олговрыг олгосон. Д.Г-ын хувьд хөдөлмөрийн гэрээг сунгах нөхцөлийг хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 183/ШШ2018/02410 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан МИАТ ТӨХК-д холбогдох Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2463 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02410 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “...115 дугаар зүйлийн 115.2.3...” гэснийг “...115 дугаар зүйлийн 115.2.2...” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул сул зогсолтын олговорт нийт 34 446 570 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Г-ыг МИАТ ТӨХК-ийн ХБНГУ-н Берлин хот дахь төлөөлөгчийн газарт Борлуулалтын менежерын албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38,776,500 төгрөгийг хариуцагч МИАТ ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, МИАТ ТӨХК-аас 351,832 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар зааж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Должинсүрэн хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд 2017-07-р сарын 8,342,370 , 08-р сарын 8,658,240 ,09-р сарын 8,773,740 , 10-р сарын 8,672,220 төгрөг нийт 34,446,570 төгрөгийн сул зогсолтын олговрыг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны уг хэсгийг хэвээр үлдээсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон. Д.Г-ыг 2017-05-17-ны өдөр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/380 дугаартай тушаалаар БНХАУ-ын Хонг Конг хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерийн ажлаас чөлөөлөн 2017-05-18-с 2018-05-18-н хүртэл 1 жилийн хугацаатай Берлин хот дахь төлөөлөгчийн газарт борлуулалтын менежерээр шилжүүлэн томилж, 2017-05-17-ны өдөр 04/03/07 дугаартай хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан. Хонг Конг хот дахь ажлаас чөлөөлөгдсөн даруй ажлаа хүлээлгэн өгч Монголд ирж ХБНГУ-н визний баримт материал бүрэн бүрдүүлэн өгч 2017-10-27-ны өдөр ХБНГУ-н элчин сайдын яамнаас БНХАУ-д зорчих, амьдрах зөвшөөрөл олгогдож, 2017-11-02-ны өдөр ХБНГУ-н Берлин хот дахь төлөөлөгчийн газарт ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2017-05-17-ны өдөр ХБНГУ-н Берлин хот дахь төлөөлөгчийн газарт борлуулалтын менежерээр шилжүүлэн томилсон, 2017-05-17-ны өдөр 04/3/07 дугаартай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч 2017-05-17-с 2017-11-02-н хүртэл ажлаа хийж чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56.1-д зааснаар хариуцагч олгох ёстой. Мөн хариуцагчийн зүгээс дээрх хугацаанд Д.Г- нь ажил хөдөлмөр эрхлээгүй, түүнд цалин хөлс олгоогүй бөгөөд энэ хугацааг сул зогсолт байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, 34,446,570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ дараах байдлаар хууль хэрэглээний алдаа гаргасан. ...2018-05-07-ны өдрийн №2018/05/07/-1 тоот мэдэгдэх хуудсаар “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа тул таны хөдөлмөрийн гэрээг тус өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож, цаашид сунгахгүй” болохыг мэдэгдсэн. Мөн энэхүү мэдэгдлийг хариуцагчид №006 тоот CO-MAIL-ээр 2018-05-10-ны өдөр хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 сарын дараа буюу 06-13-ны өдрийн Б/460 тоот гүйцэтгэх захирлын тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2, 37.1.3 дахь заалтуудыг үндэслэн Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгосон байхад давж заалдах шатны шүүх ажил олгогч нь хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуустал түүнийг цуцлах санал тавиагүй, нэхэмжлэгч ажлаа 2018-06-15-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчид цалин хөлс олгосон санхүүгийн баримтаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3 дахь заалтыг хэрэглэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно хэмээн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т “Талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах эсэхийг мэдэгдэж гэрээг 2 тал дүгнэхээр” тохиролцсон нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үгүйсгэж, үнэлэхээс татгалзахдаа ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5 дахь хэсэгт “...ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх...” гэсэн зохицуулалтыг нэхэмжлэгч Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээнд хамааруулан үзэх боломжгүй хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тодорхойлохдоо хэрэгт авагдсан цалин хөлсний талаарх баримтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалттай хэрхэн нийцүүлж тооцсон болох нь тодорхойгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Д.Г- 2018-07-03-ны өдөр “МИАТ” ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежер албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг сул зогсолтын олговор 34,446,570 төгрөгийн хамт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаардсан байна. Нэхэмжлэгч үндэслэлээ “...захирлын 2017-05-17-ны өдрийн б/380 дугаар тушаалаар уг ажилд томилогдон ажиллаж эхэлсэн...2018-06-13-ны өдрийн б/460 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн болохыг 2018-06-21-ний өдөр шуудан хүлээн авч мэдсэн...гэрээнд зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгөх ёстой...  хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан... байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах ёстой...2017-05-17-ны өдрөөс 2017-11-02-ны өдөр хүртэл ажлаа хийж чадаагүй сул зогссон...” гэж тайлбарлажээ. /хх1,65,114-120/

     Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...2018-05-18-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай томилсон... мэдэгдлийг 2018-05-07-ны өдөр 2018-05-10-ны өдөр хүргүүлсэн ... түүнээс хойш нэг сарын дараа буюу 2018-06-13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...нэхэмжлэгч сул зогсолтын мөнгийг хуулийн дагуу 60% тооцож олгохыг хүсэж байсан бөгөөд олгох боломжгүй гэсэн хариуг захирал амаар өгч байсан...мөн 6,584,168 төгрөгийг олгосон...” гэсэн байна. /хх 24,85-87/  

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

     Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, сул зогсолтын олговор 34,446,570 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангасан бөгөөд үндэслэлээ “...Д.Г- 2018-06-15-ны өдөр хүртэл ажлаа гүйцэтгэж байсан тул гэрээний хугацааг сунгагдсанд тооцно... мөн хуулийн 40.5 дахь зохицуулалт хугацаатай байгуулсан гэрээнд хамаарахгүй...ажлаас чөлөөлсөн үндэслэлээ нотлохыг ажил олгогчид мөн хуулийн 7.3-р үүрэг болгосон байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

    Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...2017-05-17-ны өдрөөс 2017-11-02-ны өдөр хүртэл  ажил хийгээгүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй... цалин хөлс олгоогүй бөгөөд энэ сул зогсолт байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан...иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж өгнө үү...” гэсэн байна.  

    Хариуцагч тал хяналтын гомдолдоо “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгааг  2018-05-10-ны өдөр мэдэгдэж түүнээс хойш нэг сарын дараа буюу 2018-06-13-ны өдөр  гэрээг дуусгавар болгосон...гэтэл давж заалдах шатны шүүх гэрээний хугацаа дуустал  цуцлах санал тавиагүй, нэхэмжлэгч 2018-06-15-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн  тул хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно...гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна... иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ. 

    “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2018-06-13-ны өдөр Б/460 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, дотоод журмын 11.5, 11.6, 2018-05-07-ны өдрийн 2018/05-07/-1 тоот мэдэгдлийг үндэслэн Д.Г-ыг 2018-06-15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх9/

     “МИАТ” ТӨХК нь Д.Г-тай 2017-05-17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хугацаа нь нэг жил буюу 2018-05-18-ны өдөр хүртэл байна.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Г- 2017 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018-06-15-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байжээ. 

    Зохигчийн хооронд 2017-05-17-ны өдөр байгуулагдсан 04-3/07 тоот хөдөлмөрийн гэрээний 3.1-т “...гэрээг 2017-05-18-ны өдрөөс 2018-05-18-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулав...” гэж, 3.2-т “...талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах эсэхийг мэдэгдэж гэрээг 2 тал дүгнэнэ...” гэж, 3.3-т “аль нэг тал гэрээний хугацааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгөөгүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно...” гэж заасан байна. /хх4/ 

       Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Иймд давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2017-05-17-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019-05-17-ны өдөр хүртэл сунгагдсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт нийцжээ.  

       Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

       “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2018-06-13-ны өдрийн Б/460 дугаар тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-г баримталсан, хариуцагч нэхэмжлэлтэй холбоотой тайлбар гаргахдаа энэ талаар мөн дурдсан байх тул ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “...хугацаа дууссан...” гэж дуусгавар болгосон нь тогтоогдсон гэж үзнэ. 

       Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн., ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж гэрээг цуцлах тохиолдолд энэ тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заажээ.   

       Хариуцагч нь Д.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1,40.1.2-т заасан үндэслэлээр цуцлаагүй тул мөн зүйлийн 40.5 дахь хэсгийн зохицуулалт “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан...” тохиолдолд хамаарахгүй болно.

       Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд мэдэгдсэн эсэх нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй хэдий ч 2018-05-07-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан болохыг хариуцагч нотлож чадаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн, ажил олгогч нь        “МИАТ” ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлаар Европын чиглэлийн нислэг алдагдалтай байгаад дүгнэлт хийж орон тооны зардлыг хэмнэх, үргүй зардлыг багасгах зорилгоор ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын борлуулалтын менежерийн   хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгох санал дэмжигдсэн гэх боловч уг хуралдаан болсон 2018-05-10-ны өдрөөс өмнө Д.Г-ад гэрээг дуусгавар болгох мэдэгдэл явуулсан гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд хугацаатай гэрээг цаашид сунгаагүй нь захирлын зөвлөлийн шийдвэртэй холбоотой гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.   

       Анхан шатны шүүх сул зогсолтын олговор 34,446,570 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.  

       Д.Г- 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны сул зогсолтын олговорт 34,446,570 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

       Хэрэгт авагдсан баримтаар Д.Г-ыг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-05-17-ны өдрийн тушаалаар ХБНГУ-ын МИАТ-ын төлөөлөгчийн газар борлуулалтын менежерийн албан тушаалд томилсон, уг тушаалтай холбогдуулан ХБНГУ-д зорчих, амьдрах виз мэдүүлэх ажиллагаа хийгдэж 2017-10-27-ны өдөр тухайн улс руу зорчих виз гарсан, 2017 оны 6 сард ажил олгогчоос нэхэмжлэгчид 6,584,168 төгрөг олгосон нь тогтоогджээ.

      Иймд шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ. 

      “МИАТ” ТӨХК-ийн ХБНГУ-ын МИАТ-ын төлөөлөгчийн газрын борлуулалтын менежер нь байнгын ажлын байр болох нь тогтоогдоогүйгээс гадна талууд хугацаагүй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд 2017-05-18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019-05-18-ны өдрөөс хойш үргэлжлүүлэх, дуусгавар болгох эсэхийг ажил олгогч болон ажилтан шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүй болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2463 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигч нарын гомдлыг  хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 351,833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ