Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02410

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02410

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Баянмонгол 403 байр 21 тоот хаягт оршин суух Х овогт Д Г /РД:ХБ69052778/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо Буянт-Ухаа өөрийн байранд байрлах М -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон сул зогсолтын олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1988 оны 4 сарын 06-ны өдөр М -д анх онгоцны үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд шат дараалан дэвшиж ажилласаар тус байгууллагад нийт 32 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй алдаа дутагдалгүй ажиллаж байсан. Миний бие нь БНХАУ-ын Хонг Конг дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежерийн албан тушаал дээр ажиллаж байгаад М -ийн захирлын 2017 оны 5 сарын 17-ны өдрийн Б/380 дугаартай тушаалаар ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежерийн албан тушаалд шилжин ажиллахаар болж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. М -ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 6 сарын 13-ны өдрийн Б/460 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, намайг 2018 оны 06 сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг 2018 оны 06 сарын 21-ний өдөр ОМ 135 дугаар нислэгээр шуудан хүлээн авч мэдсэн. М  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд миний бие уг тушаалыг нэгдүгээрт Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг ажил олгогч гэрээнд заасан хугацаанд мэдэгдээгүй, хоёрдугаарт байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. М  нь надтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан үндэслэл шалтгаан нь ойлгомжгүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ба тус байгууллагад тасралтгүй 32 жил ажилласан миний хөдөлмөрийн харилцааг дордуулсан нөхцөл байдал үүсгэсэнд гомдолтой байна. Иймд намайг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь М -д 1988 оноос хойш тогтвор суурьшилтайгаар 30 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа онгоцны үйлчлэгчээс эхлээд төлөөлөгчийн газрын борлуулалтын менежер хүртэл албан тушаал дэвшин ажилласан. Гэтэл 2018 оны 06 сарын 13-ны өдөр Д.Гтай 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдлийг 2018 оны 05 сарын 07-ны өдөр хүргүүлж, 2018 оны 06 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон байдаг. Үүнийг эс зөвшөөрч Д.Г нь шүүхэд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан. Мөн 2017 оны 06 сараас 2017 оны 10 сар хүртэл Герман улсад виз мэдүүлэх хугацаанд Д.Гаас шалтгаалсан зүйлгүйгээр цалин хөлс олгоогүй байдаг учир тухайн үеийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сул зогсолт гэж үзэж нөхөн олговрыг 100 хувь нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч Д.Г тай М  нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр Б/380 дугаартай шилжин ажиллуулах тушаалаар Холбооны бүгд найрамдах Герман улсын төлөөлөгчийн газрын борлуулалтын менежерийг албан тушаалд 043/07 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тус гэрээний 3.1-т Энэхүү гэрээг 2017 оны 05 сарын 18-ны өдрөөс 2018 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулав мөн зүйлийн 3.2-т Талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг сунгах эсэхийг мэдэгдэж, гэрээг хоёр тал дүгнэнэ гэсэн зохицуулалт байдаг. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.3-т Аль нэг тал гэрээний хугацаа дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлээгүй бол анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцно мөн уг гэрээний 5.1.1-т Ажилтны сарын үндсэн цалин 3000 евро байна гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний талууд буюу М -ныг төлөөлөн захиргаа хууль зүйн асуудал эрхэлсэн дэд захирал н.Э , нөгөө талаас иргэн Д.Г нар энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Хэрвээ гэрээний хугацаа дуусгавар болсон бол 30 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасан боловч М  нь тус үүргийг зөрчиж, 2017 оны 05 сарын 17-ны өдөр буюу гэрээ дуусгавар болохоос 11 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг. М  нь гэрээний үүргийг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн 2018 оны 04 сарын 18-ны өдөр буюу 30 хоногийн өмнө мэдэгдэхээс гадна талууд М -ний 4.2-т Хөдөлмөрийн гэрээг байгууллага заавал дүгнэх ёстой гэсэн агуулгатай заалт байдаг боловч гэрээг дүгнэлгүй нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг нь уг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн М -ны хөдөлмөрийн дотоод журмын 11.1-т Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг тухайн ажилтны шууд харьяалах бүтцийн нэгжийн саналыг үндэслэн захиргаа, түүний удирдлага гаргана гэсэн байдаг боловч харьяалах дээд шатны удирдлагаас ямар нэгэн саналыг үндэслэлгүй уг заалтыг зөрчиж ажлаас халсан байдаг. М  халах үндэслэлийг дурдахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.-т Энэ хуулийн 23.2.1-т заасан талуудын харилцан тохиролцсоноор хугацаатай мөн хуулийн 37.1.3-т Хөдөлмөрийн гэрээг хугацаа дуусгаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн заалтуудыг үндэслэсэн байдаг боловч эдгээр хоёр заалтын нарийвчилсан зохицуулалт нь зөвхөн Хөдөлмөрийн хуулиар биш миний дурдсан гэрээний холбогдох заалтууд болон хөдөлмөрийн дотоод журмыг баримтлах ёстой байсан нь уг тушаал хууль зөрчсөн болохыг нотолж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр Хонг Конгийн төлөөлөгчийн газраас Берлиний төлөөлөгчийн газар борлуулагчаар ажилласан байдаг. Европын холбооны улсад ажиллаж, амьдрах, байнгын виз мэдүүлэхэд буюу Герман улсын байнга оршин суух өөрөөр хэлбэл тус тусгай зохицуулалтыг Гадаадын иргэн түр оршин суух хуулиар зохицуулагддаг учир цаг хугацаа шаарддаг. Үүний улмаас 11 сар хүртэл ажлаа хийгээгүй буюу тушаал гарснаас хойш байнга оршин сууж, ажиллаж, амьдрах визний асуудлаас үүдэлтэй ажилгүй байсан нь үнэн. Хэрвээ нэхэмжлэгч уг тушаалыг хуурамч гэж үзэж байгаа бол компани дээр ирээд бичиг баримтын архивч дээр үзлэг хийлгэж боломжтой байсан. Шаардлагыг хэрэгжүүлээгүй хирнээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өгсөн баримтыг шүүх үнэлэх шаардлагагүй, М  нь хуурамчаар үйлдсэн байна гэж хэлж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл болохгүй. Гадаад улсад М -г төлөөлж ажиллаж байгаагийн хувьд тухайн албан тушаал дээр ажиллах асуудлыг хугацаатай байгуулж, тухайн ажлыг дүгнэх шаардлагатай байдаг учраас харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд Д.Гтай байгуулсан гэрээ нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээ байдаг. 2017 оны 05 сарын 07-ны өдөр хугацаатай гэрээ сунгагдахгүй, ажлыг дүгнэх талаар бүх төлөөлөгчийн газарт мэдэгдлийг хүргүүлж 05 сарын 10-ны өдөр захирлын зөвлөл хуралдсан бөгөөд ажил олгогчид ажилтан нь ажилласан хугацааны тайланг ирүүлэх ёстой байдаг боловч уг хурлын шийдвэрт Д.Г нь нэг ч тайлбар ирүүлээгүй бөгөөд энэ хугацаанд шинэ гүйцэтгэх захирал томилогдсон байсан тул ямарваа нэгэн тайлан тооцоо ирүүлээгүй учраас үүнтэй холбогдуулан гэрээг цуцалж, мөн ажиллаж байсан н.Цэрэнбатын орон тоог хасахыг захиргаа хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосны дагуу захирлын зөвлөлийн шийдвэр гарсан. Холбогдох газар хэлтсийн бүх дарга нар захирлын зөвлөлд хамаарна гэж хөдөлмөрийн дотоод журамд зохицуулагдсан байдаг учир зөвлөл нь эрх хэмжээний дагуу асуудлуудыг шийдэж байгаа. Мэдэгдэл хүргүүлснээс хойш тайлангаа ирүүлээгүй хүмүүсийн бүх гэрээг цуцалсан захирлын зөвлөлийн тушаал гарсан бөгөөд олон жил ажилласан ажилчид ажил олгогчтойгоо ирж уулзаад, ямар ажлын байр, боломж бололцоо байгаа талаар ярилцсан боловч Д.Г нь тушаал очсоноос хойш ажил олгогчтой нэг ч удаа уулзалгүйгээр Авилгатай тэмцэх газар болон шүүхэд хандсан байдаг. Сул зогсолтын нөхөн төлбөрийн хувьд манай байгууллага таван чиглэлд нисэхийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн газруудад байнга ажиллаж байгаа ажилчдын орон байрны асуудал ихээр яригддаг бөгөөд орон сууцны зардалд 70 хувь нь зарцуулагддаг учир төлөөлөгчийн газраас цалинг 3000 евро буюу өндрөөр олгодогтой холбогдуулан 2013 оны 04 сарын 05-ны Б/272 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар гадаад орон төлөөлөгчийн газарт ажил мэдүүлгийн суурь жишгийг шинэчлэн баталсан. Хавсралтаар суурь жишгийг тогтоохдоо нийт цалингийн хөлсийг орон сууцны зардалд 70 хувь, хөдөлмөрийн хөлсийг 30 хувийн нийлбэр болгож тооцож тогтоосон байдаг. Хэрэгт авагдсан баримт болон нийгмийн даатгалын дэвтрээс харахад тушаал гарснаас хойш 06 сарын 17-ны өдөр буюу сар хагасын цалин болох 6 сая гаруй төгрөг олгогдсон байдаг. Үндсэн цалинг тооцоход 1 900 000 төгрөг байдаг бөгөөд дор хаяж 3 сар визны мэдүүлэг хүлээгддэг учир энэ хугацааны сул зогсолтын олговрыг М  олгосон. Компаниас олон асуудлаар мөнгө авах тохиолдол байдаг бөгөөд боломжоороо шийд гэдэг нь олгоё гэсэн үгтэй дүйцэж байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан байгаа нь хуульч хүний хувьд ингэж нэг утгаар ойлгох нь буруу гэж бодож байна. Д.Гын хувьд хөдөлмөрийн гэрээг сунгах нөхцлийг хангаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2-т зааснаар талууд харилцан тохиролцсоноор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулах зохицуулалтын дагуу хийгдсэн нь тус хуулийн 37.1.3 болон 38 дугаар заалтыг зөрчөөгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч М -д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 38 776 500 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, 2017 оны 7 сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны сул зогсолтын олговорт нийт 34 446 570 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Г нь 1988 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М -д анх онгоцны үйлчлэгчээр ажилд орж, улмаар шат дараалан дэвшиж ажилласаар тус байгууллагад нийт 32 жил ажилласан байна.

Д.Гыг тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/380 дугаар тушаалаар Холбооны бүгд найрамдах Герман улсын төлөөлөгчийн газрын борлуулалтын менежерийн албан тушаалд 04-3/07 дугаар 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад мөн захирлын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/460 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар болон Б/460 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-9, 10-13/

 

Харин М -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/460 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, Компанийн дүрмийн 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6 дахь заалтуудыг баримтлан ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон үндэслэл зааж Д.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч М  нь Д.Гтай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байхаар тохиролцож, энэ тухайгаа 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/380 дугаар тушаалдаа дурдсан байна. /хх-ийн 4-7, 14/

Нэхэмжлэгч Д.Г нь ... М  нь тус үүргийг зөрчиж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр буюу гэрээ дуусгавар болохоос 11 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр буюу 30 хоногийн өмнө мэдэгдэхээс гадна талууд М -ний 4.2-т Хөдөлмөрийн гэрээг байгууллага заавал дүгнэх ёстой гэсэн агуулгатай заалт байдаг боловч гэрээг дүгнэлгүй нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг нь уг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. гэх тайлбарыг гаргажээ.

Хариуцагч тал ...2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хугацаатай гэрээ сунгагдахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тушаал мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 сарын дараа гарсан, мөн ажлыг дүгнэх талаар бүх төлөөлөгчийн газарт мэдэгдлийг хүргүүлж 5 дугаар сарын 10-ны өдөр Захирлын зөвлөл хуралдсан бөгөөд ажил олгогчид ажилтан нь ажилласан хугацааны тайланг ирүүлэх ёстой байдаг боловч уг хурлын шийдвэрт Д.Г нь нэг ч тайлан ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Д.Г гэдэг хүний ажлыг дүгнэх боломжгүй байдал үүсч, улмаар гэрээг цуцлах шийдвэр гарсан, ... тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан байна.

 

Хариуцагч М  нь дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2018/05/07-1 тоот мэдэгдэх хуудсаар ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа тул таны хөдөлмөрийн гэрээг тус өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож, цаашид дахин сунгахгүй болохыг мэдэгдсэн байх ба энэ нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах эсэхийг мэдэгдэж гэрээг 2 тал дүгнэнэ. гэсэнтэй нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагч М -ийн Захирлын зөвлөл 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, тус хуралдаанаар Европын чиглэлийн нислэг алдагдалтай байгаатай холбоотой ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын орон тооны тухай хэлэлцэж, шийдвэрлэсэн байх ба Европын чиглэлийн нислэг алдагдалтай байгаад дүгнэлт хийж, ...үргүй зардлыг багасгах зорилгоор ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежер, Аэропорт менежерийн туслахын хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгох Захиргаа хүний нөөцийн хэлтсийн саналыг дэмжив. ... ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Борлуулалтын менежер, Аэропорт менежерийн туслахын хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгох тушаал боловсруулахыг Захиргаа хүний нөөцийн хэлтэст үүрэг болгов... гэж тэмдэглэсэн тэмдэглэл хавтаст хэргийн 106 дугаар талд авагдсан байна.

 

Эдгээрээс дүгнэхэд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэл тогтоогдсон байх ба ажил олгогч М  нь хөдөлмөрийн гэрээг сунгахгүй талаарх мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тушаал гаргахаас 30 хоногийн өмнө мэдэгдсэн зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Д.Г нь ажлыг дүгнэлгүйгээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хууль зөрсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байх ба хариуцагч М -ийг Д.Гын ажлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дүгнэсэн гэж үзэхээр байна.

 

Сул зогсолтын олговрын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Г нь 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны сул зогсолтын олговорт нийт 34 446 570 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 06 сараас 2017 оны 10 сар хүртэл Герман улсад виз мэдүүлэх хугацаанд Д.Гаас шалтгаалсан зүйлгүйгээр цалин хөлс олгоогүй байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сул зогсолт гэж үзэж нөхөн олговрыг 100 хувь нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримуудаар болон зохигчдын тайлбар зэргээс Д.Гыг М -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Холбооны бүгд найрамдах Герман улсын төлөөлөгчийн газрын борлуулалтын менежерийн албан тушаалд томилж, уг тушаалтай холбогдуулан Д.Г нь ХБНГУ-ын элчин сайдын яаманд тус улсад зорчих, амьдрах виз мэдүүлж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр виз гарсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн тушаал гарсны дараа буюу 2017 оны 6 сард ажил олгогч М  нь нэхэмжлэгч Д.Гад цалинд 6 584 168 төгрөгийг олгосон болох нь талуудын гаргаж ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байх ба эдгээр асуудлаар маргаангүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч М -ийн удирдлагад дээрх хугацааны цалинг цалингийн 60 хувиар тооцож олгох талаар хүсэлтээ 2017 оны 10 сарын 10-ны өдөр бичгээр, мөн 2018 оны 9 сарын 03-ны өдөр уг олгогдоогүй цалинг сул зогсолт гэж үзэж гаргуулах хүсэлтийг гаргасан байх ба М  нь уг хүсэлтүүдэд албан ёсоор хариу өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.Г нь цалинтай холбоотойгоор үүссэн маргаантай асуудлаа шийдвэрлүүлж, эрхээ хамгаалуулахаар тухайн байгууллагын удирдлагадаа хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэнтэй нийцсэн байх ба шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч М -иас 2017 оны 7,8,9,10 саруудад олгогдоогүй цалинг сул зогсолтын олговорт тооцож, нийт 34 446 570 төгрөг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно. гэснээр шаардсан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх виз гарах хугацааны цалин олгоогүй байдалд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд дээрх байдлыг хуульд заасан сул зогсолт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.Гын 2017 оны 7, 8, 9, 10 сарын цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг М  төлсөн байх ба ажил олгогч үүргээ биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хуульд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гын М -д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 38 776 500 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж, 2017 оны 7 сараас 2017 оны 10 сар хүртэлх хугацааны сул зогсолтын олговорт нийт 34 446 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.МӨНХЖАРГАЛ