Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00151

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  Н.Бадарчийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.Ганзоригт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Н.Бадарчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Ганзоригтод холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Ганзоригт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бадарч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Бадарч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ц.Ганзоригт 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай /гэрээг бичгээр хийсэн болно/ зээлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно. Гэрт нь очихоор хаалгаа тайлж өгөхгүй, утсаар ярихаар утсаа авахгүй зугтаад байгаа учраас Ц.Ганзоригтоос 2.000.000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Уг 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлдүүлсэн ба энэ нь миний дэвтэр дээр зурсан Ц.Ганзоригтын гарын үсгээр нотлогдно. Мөнгөө нэхэхээр өгөхгүй байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэг сарын хугацаатай, хүү тооцохоор гэрээ байгуулж, дүү нь гарын үсэг зурсан. Иймд анх өгсөн баримтаа үндэслэн 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Ганзоригт шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Ганзоригт миний бие нь Н.Бадарчаас 2.000.000 төгрөгийг зээлж аваагүй болно. Н.Бадарчийн эхнэр Ж.Тунгалаг нь Жи тайм сүлжээнд орохыг сэнхрүүлэн удаа дараа ятгаж чи итгэхгүй бол миний Жи тайм сүлжээнээс авсан 20.000.000 төгрөг энэ байна гэж бармтыг үзүүлж, найр хүртэл хийж уг сүлжээнд шинээр элсүүлэн оруулахаар хүмүүсийг найрандаа урьсан байсан. 2.000.000 төгрөгийг надаас зээлж аваад ор, үүн шиг ашигтай сүлжээ байхгүй, ийм сайхан боломжийг алдаж болохгүй, манайхан дандаа сайн юмнаас зугтаж явдаг гэж ятгаж байсан. Ингээд 2.000.000 төгрөгийг миний өмнөөс төлөөд намайг уг сүлжээндээ оруулсан. 2017 оны 01 дүгээр сарын эхээр Жи тайм сүлжээндээ оруулсанаас хойш сүлжээндээ ороод 7 хоногийн хугацаанд Жи тайм сүлжээнээс мөнгөө авчихаад буцааж өгөхөд болно гэж ярилцан тохиролцсон ХХБанк 407261671 данснаас 2.000.000 төгрөгийг Жи таймын дансанд хийсэн. Энэ бүхэн миний оролцоогүй хийгдсэн учир энэ компаний үйл ажиллагааг сайн мэдэхгүй ээ. Ц.Ганзоригт би Ж.Тунгалагаас авсан гэх мөнгийг өөрийн эзэмшил ашиглалтанд авч захиран зарцуулаагүй болно. Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Иргэний хуулийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ц.Ганзоригт миний бие Н.Бадарч, Ж.Тунгалаг нараас зээлж авсан юм байхгүй ээ. Учир нь Ж.Тунгалаг нь гэнэт нэг өдөр нөхөр Н.Бадарч гэх хүн мөнгөний хүү нэхэж ээлжийн ажилтай хойгуур манай гэрийн үүд хаалга өшигчөн нялх хүүхдийг эхнэрийн хамт айлган сүрдүүлж, хүний мөнгө авчихаад өгдөггүй луйварчин мэтээр орцонд орилж, хашигчин миний нэр төрд халдсан. Миний төрсөн дүү Намбаржилмааг элдвээр доромжлон дарамталж хэрүүл маргаан хийгээд байхаар нь манай дүү шуналтай юмнууд та нартай нэг баг болж ажиллахгүй хүү авах гээд байгаа юм бол та нарын хүсээд байгаа бичүүлж авах гээд байгаа наад цаасан дээр чинь зурчихъя гэж уурлан дүү гарын үсгээ зурсан байсан. Ингээд миний бие зээлүүлсэн гэх 2.000.000 төгрөгний хүү болох 160.000 төгрөгийг нэг удаа өгсөн. Ж.Тунгалаг 2.000.000 төгрөгний 4 сарын хүү гэх нийт 2.640.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо Улаанбаатар хот болон Орхон аймгийн Цагдаагийн газарт Жи тайм сүлжээний хэрэг шалгагдаж байгаа болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ганзоригтоос 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бадарчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57.190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганзоригтоос 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бадарчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ганзоригт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Ц.Ганзоригтын хувьд нэхэмжлэгч Н.Бадарчаас 2.000.000 төгрөг зээлэх шаардлага, хүсэл зориг анхнаасаа байгаагүй юм. ИХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “ ... хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй. бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэсний дагуу Н.Бадарчаас 2.000.000 төгрөг зээлж авах хүсэл зориг Ц.Ганзоригтод байсан эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй Учир нь: хариуцагч тайлбартаа: “ ... Н.Бадарчийн эхнэр Ж.Тунгалаг нь Жи тайм сүлжээнд орохыг сэнхрүүлж удаа дараа ятгаж найр хүртэл хийж 2.000.000 төгрөгийг надаас зээлж аваад ор, үүн шиг ашигтай сүлжээ байхгүй гээд 2.000.000 төгрөгийг миний өмнөөс төлөөд намайг уг сүлжээндээ оруулсан. 2017 оны 01 дүгээр сарын эхээр Жи тайм сүлжээндээ оруулснааас хойш сүлжээндээ ороод 7 хоногийн хугацаанд Жи тайм сүлжээнээс мөнгөө аваачихаад буцааж өгөхөд болно гэж ярилцан тохиролцсон. ХХБанк 407261671 данснаас 2.000.000 төгрөгийг Жи таймын дансанд хийсэн. Энэ бүхэн миний оролцоогүй хийгдсэн...” гэжээ. Нэхэмжлэгч Н.Бадарч 2.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Ганзоригтод өгсөн болох нь гэрч Ж.Тунгалагийн ...надаар 2.000.000 төгрөг тоолуулаад өгсөн гэх мэдүүлэг, нотлох баримтаар судалсан бор өнгийн гар дэвтрийн 51 дугаар  хуудсанд байгаа 2016 оны 12 дугаар сарын 30 нд Ганзоригтод 2 000.000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээллэв. Хүлээж авсан, хүлээлгэн өгсөн гээд гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна...” гэж шүүх үнэлсэн дэвтрийн ХХ-ийн 52 дугаар хуудаст Энхтүвшин саван 1 хайрцаг ... Хишигжаргал саван 1 хайрцаг Цэцгээ саван 1 хайрцаг өгөв. Ганзоригтод 55.000 төгрөг мөнгө өгөв. 2017-01-09 нд логин вип гэсэн чиглэлүүдээс үзэхэд гэрч Ж.Тунгалагийн Жи таймын сүлжээнд ашиглаж байгаа ажлын дэвтэр байх ба энэ дэвтэрт хүлээлгэн өгсөн авсан гэж Ц.Ганзоригт. Н.Бадарч нар гарын үсэг зураад, энэ баримтыг шүүх зээлийн гэрээ хийжээ гэж дүгнээд байгаа нь хэтэрхий нэг талын барьсан дүгнэлт боллоо.Ц.Ганзоригтын гарын үсэг бүхий хэсэгт мөнгө зээлдүүлсэн мэтээр Бадарч нөхөн бичилт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс мөнгөө хугацаанд нь өгөхгүй болохоор 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 0.8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэв, хүү нь 160.000 төгрөг гэсэн зэлийн гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 13 ны өдөр байгуулсан гэх гэрээг шүүхэд анх өгсөн бөгөөд энэ гэрээн дээр хариуцагч Ц.Ганзоригт гарын үсэг зураагүй түүний дүү Намбаржилмаагаар хүчээр гарын үсэг зуруулсан байдаг.Энэ гэрээг шүүх үнэлээгүй. Ж.Тунгалагийн хэлэлцэн тохиролцсон ёсоор Жи таймын сүлжээ нь хоногийн дотор л эхний мөнгөө оруулаад гаргаад ирсэн бол энэ маргаан үүсэхгүй байсан. Сүлжээнд хийсэн мөнгө нь түгжигдээд ирэхээр Ц.Ганзоригт, түүний  дүү Намбаржилмаа нар луу дайрч гэр орноор байнга ирж эхлээд 260.000 төгрөг дараа нь 2017 оны 01 сард 160.000 төгрөгийг авсан. Эдгээр авсан мөнгөө хасахгүй байгаад гомдолтой байна. Шүүх тэдний ажлын дэвтэр дээрээ мөнгө зээлсэн мэтээр бичсэн хэсгийг 2.000.000 төгрөг авчээ гэж үзэж байгаа юм бол биднийг дарамталж, нэг биш удаа мөнгө авсан, охины минь сүлд модон дээр байгаа мөнгийг хүртэл хамаад авсан нийт 420.000 төгрөгийг хасах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Энэ маргаан нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй бөгөөд улмаар Жи таймын сүлжээнд хийсэн мөнгө байхад зөвхөн Ц.Ганзоригт зээлжээ ... гэсэн байдлаар шүүх дүгнэлт хийсэн нь үндэсгүй байна. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Бадарч нь хариуцагч Ц.Ганзоригтод холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ганзоригтоос 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бадарчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Бадарч хариуцагч Ц.Ганзоригтод 2016 оны 12 дугаар сарын 30-ны 2.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн болох нь гэрч  Ж.Тунгалаг, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Ц.Ганзоригт шүүхэд гаргасан хариу тайлбартаа  “...миний бие зээлүүлсэн гэх 2 сая төгрөгний хүү болох 160.000 төгрөгийн нэг удаа өгсөн...” гэж тайлбарласан байх тул хариуцагчийн төлсөн хүү гэх 160.000 төгрөгийг хасах үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.Ганзоригт нь 2.000.000 сая төгрөгийг төлөхгүй гэдэг боловч энэ талаар нотолж чадаагүй энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ 38 дугаар зүйлийн 38.7.-д зааснаар анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө биелүүлээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох 2.000.000  төгрөгнөөс 160.000 төгрөгийг хасч, хариуцагчаас 1.840.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бадарчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндсэлэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ц.Ганзоригтын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг  буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00782 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ганзоригтоос 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бадарчид олгосугай...”, гэснийг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ганзоригтоос 1.840.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бадарчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг “ ...хариуцагч Ц.Ганзоригтоос 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бадарчид олгосугай...” гэснийг “ ...хариуцагч Ц.Ганзоригтоос 44.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бадарчид олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.Ганзоригтын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                                  Б.БАТТӨР