Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00602

 

“...синема” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02167 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...синема” ХХК

          Хариуцагч: “З...” ХХК-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 72,478,909 төгрөг гаргуулах, эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох  

          Сөрөг нэхэмжлэл: эд хөрөнгө болон 60,051,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри /Т.Нандинцэцэг/, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Талууд 2008-08-15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ 15 жилийн хугацаатай байсан ч гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгч шүүхэд хандан түрээсийн төлбөрийг нэхэмжилж, 2018-02 дугаар сард эцэслэж дууссан. Түрээсийн талбай, 2, 3 дугаар давхарын талбайг 2018-02-28, 2018-03-01-ний өдрүүдэд хариуцагчаас хүлээн авсан. 2018-02-26-нд компанийн захирал Энх-Амгалан “З...” ХХК-ийн захиралтай уулзаад 2018-02-28-ны өдөр талбайг чөлөөлж авахаар тохиролцсон боловч ирээгүй. Тухайн өдөр “З...” ХХК-ийн нягтлан бодогч н.Сийлэгмааг байлцуулж хүлээж авсан. Хариуцагч нь 1-р давхрын өөр түрээслэгчийн цахилгааны төлбөр давхар тооцогдсон гэх энэ нь байгаа боловч тоолуураар ялгаатай, төлбөр нь тусдаа төлбөрөө төлөгддөг. 92 төрлийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагатай холбоотой түрээсийн гэрээний 2.9,2.7-д заасан нөхөн төлбөрийг түрээслэгчид төлөхөөр болсон тохиолдолд тоног төхөөрөмж тавилга, бусад эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг дундажлан, жилийн 5% байхаар тооцно гэсэн заалттай. Хөрөнгө оруулалт, засан сайжруулалт гэсэн байдлаар “З...” ХХК-ийн анх талбайг түрээсэлж засварын зардлуудыг өмнөх ХША-ны явцад 500 сая төгрөгөөс тооцож 217 сая төгрөгийг “З...” ХХК-д олгохоор шийдсэн. Уг мөнгөнд засвар, тавилга эд хөрөнгө орсон. Шаардаж байгаа эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч буюу өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу засвар, хөрөнгө оруулалтын зардал учраас өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Түрээсийн төлбөрийг төлөхгүй 10 сар өнгөрсөн. Гэрээ цуцлагдсан бол талбайг буцааж өгөх үүрэгтэй. 2018-02-28-ны өдөр хүлээлцсэн шиг акт үйлдэж хүлээлгэн өгөх ёстой байсан. Үүргээ биелүүлээгүй учир түрээсийн төлбөрийг төлөх ёстой. Гэрээгээр “З...” ХХК нь анх Г блокын 1-3 дугаар давхрын 660 м.кв талбайг түрээсэлж байгаад 2015 онд 1-р давхрын 220 м.кв талбайг хүлээлгэж өгсөн. Талбайн хэмжээ нь 2015 оноос хойш 440 м.кв болсон, түрээсийн төлбөр 1 м.кв нь 6 ам.доллар буюу сарын 2,640 ам.доллар. Нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцоод 2017-04-01-ний өдрөөс 2018-02 сар хүртэл 65,165,821 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн дулаан, цахилгааны төлбөрийг дээрх хугацаагаар тооцон 2,848,780 төгрөгийг цахилгааны төлбөрт, 4,927,703 төгрөгийг дулааны төлбөрт гаргуулж өгнө үү. Усны мөнгө 118,230 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Түүнчлэн, 1-р давхарт байгаа нийт 60,051,900 төгрөгийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Өмнө нь 15 нэр төрлийн эд хөрөнгөөр шүүхийн шийдвэр гарсан. Одоо маргаантай байгаа 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчийг шүүх тогтоосны дараа яригдах тусдаа асуудал юм. Мөн 26 нэр төрлийн эд хөрөнгийг гаргуулах, үлдсэн эд хөрөнгийн мөнгийг нь авна гэсэн. Гэтэл давхардсан байдлаар бичигджээ. Одоо эдгээр хөрөнгө нь 3-р давхарт байгаа. Шинжээч дүгнэлт гаргаагүй хөрөнгө байна. Байгаа эд хөрөнгөд ямар зааг ялгаа гаргасан нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгөөр нь авна гэж байгаа мөнгөн дүн нь 1,456,000 төгрөг, мөнгөөр нь авна гээд байгаа эд хөрөнгийн үнэлгээ нь 4,469,000 төгрөг болно. Шинжээчийн дүгнэлтээр 2015 оны байдлаар, биет байдлаар гаргуулах 26 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 2,583,000 төгрөг болно. Мөнгийг нь авах гэсэн 67 нэр төрлийн эд хөрөнгө нь 5,234,500 төгрөг байна гэсэн. Нийт 7,817,500 төгрөгийн эд хөрөнгө 1 давхарт байгаа нь үнэн. Шүүхээс томилсон шинжээч үнэлгээг тогтоосон. Тэгэхээр өөрсдийн үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Түрээсийн төлбөрийг 2017-04-01-ний өдрөөс 2018-02-05-ны өдөр хүртэл тооцсоныг зөвшөөрөхгүй. Өмнө нь шүүх шийдвэрлэсэн. 2008 оны түрээсийн гэрээ 2017-06-16-ны өдрөөр цуцлагдаад талбайг “З...” ХХК ашиглаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусаж холбогдох зардал, хөрөнгө оруулалтыг буцааж өгөхөөр шийдвэрлэсэн. 2017-06 сараас хойш дээр дурдсан шүүхийн ХХША-ны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарч, талбайд байсан эд хөрөнгийг битүүмжилж, ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Мөн нэхэмжлэгч нь халуун хүйтэн усыг байнга тасалдаг, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, өвлийн улиралд халууныг бууруулах, паар халаалтын системийг доголдуулж байсан талаар гэрч мэдүүлсэн. Нэхэмжлэгчээс шалтгаалаад талбайг ашиглах боломжгүй байсан. Хариуцагч нь түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаагүй, өмнөх шүүхийн шийдвэрээр гэрээний харилцаа дуусгавар болсон, одоо гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах боломжгүй. Нэхэмжлэгч нь 2017-11 сараас хойш дулааныг тасалсан тул шаардах үндэслэлгүй. 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой. 2015-11-30-ны өдөр 1-р давхрыг хүлээлгэн өгөхдөө талууд эд хөрөнгийн тооллого гэх жагсаалт, акт үйлдээд 107 төрлийн нийт 68,231,900 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Өмнөх ЧД-ийн ИХАШШ-ийн 2017-07-17-ны өдрийн 1510-р шийдвэрээр 15 нэр төрлийн 8,180,000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан гаргуулахаар заасан. Шүүхийн шийдвэрээр нэгэнт хариуцагч компанийн өмч болохыг нь тогтоосон. Тухайн үед нэхэмжлээгүй үлдсэн, одоо сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа эд хөрөнгүүдийг хариуцагчаас шаардсан байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсан 68,231,900 төгрөгийн 107 нэр төрлийн эд хөрөнгөөс үлдсэн зүйлсийг тухайн үеийн эд хөрөнгийн тооллогод дурдсан үнээр тооцон нэхэмжилсэн. Эдгээр хөрөнгөөс зарим нь буцааж авах боломжгүй, зарим нь алга болсон зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр дурдагдсан. Тиймээс бид 26 нэр төрлийн 16,370,500 төгрөгийн эд хөрөнгийг биет байдлаар, бусад эд хөрөнгийн үнийг буюу 33,681,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 182/ШШ2018/02167 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 111 дүгээр зүйлийн 111.2.2., 288 дугаар зүйлийн 288.2.4.-д заасныг баримтлан хариуцагчаас 18,211,336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 54,267,573 төгрөгийн шаардлага болон 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, мөн нэхэмжлэгч нь 118,230 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 26 нэр төрлийн эд хөрөнгө ... бүгд 2,564,000 төгрөгийн эд зүйлсийг болон 5,253,500 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч “З...” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 52,234,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч “...синема” ХХК-иас 286,000 төгрөг, хариуцагч “З...” ХХК-иас 1,914,000 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,073,940 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 458,210 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 249,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 140,030 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 111 дүгээр зүйлийн 111.2.2, 288 дугаар зүйлийн 288.2.4 гэснийг 295 дугаар зүйлийн 295.4, 292 дугаар зүйлийн 292.3 гэж, 18,211,336 гэснийг 65,361,464 гэж, 54,267,573 гэснийг 7,117,445 гэж 4 дэх заалтын 249,007 гэснийг 484,757 гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,500 төгрөгийг буцааж олгожээ.

  Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХ-ийн 295.4 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Магадлалын 7-р талд “2018-2-26-нд түрээсийн талбайг хариуцагч тал чөлөөлж өгсөн, хүлээлцсэн өдөр түлхүүрийг өгсөн үйл баримт тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдоогүй. Эсрэгээрээ 2018-2-26-нд биш 28-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч “Түрээсийн гэрээ”-ний 13.1 дэх заалтыг үндэслэн “Түрээсийн талбай, эд хөрөнгө хүлээлцэх акт” гэдгийг дангаараа үйлдсэн боловч түрээсийн талбайд байгаа эд хөрөнгүүдийг өөр газарт шилжүүлээгүй, зөвхөн байгаа эд хөрөнгүүдийг тоолж бүртгэсэн. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн талбайд байгаа бүх эд хөрөнгүүд талуудын хоорондын өмнөх маргааныг Дээд шүүхээс 2017-02-23-ны өдөр эцэслэн шийдвэрлэснээр хөрөнгө оруулалтын зардлыг нөхөн төлсөн нэхэмжлэгч талын өмч хөрөнгө болсон тул хариуцагч талд хүлээлгэн өгөхгүй гэсэн тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд хийсэн. Энэ тайлбарын нэг нотолгоо нь сөрөг нэхэмжлэлийн хариуд нэхэмжлэгч талаас 2018-10-02-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түрээсийн талбайн 1-р давхрын шинэ түрээслэгчид хүлээлгэн өгсөн хоолны газрын бүх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоолгох шаардлага гаргасан явдал бөгөөд нөгөө нотолгоо нь нэхэмжлэгч талаас түрээсийн талбайн 2-р давхарт байгаа хариуцагчийн солонгос хоолны газрын бүх эд хөрөнгүүдийг шинэ түрээслэгчид хүлээлгэн өгч ашиглуулж байгаа явдал юм. Шинэ түрээслэгч нь хоолны газрын бүх сандал, буйдангийн гадна талыг шинэчлэн засварлаж өөрчилсөн байсан. 2017-02-23-ны өдрөөс хойш түрээсийн талбайд байгаа хариуцагчийн бүх эд хөрөнгүүдийг өөрийн өмч болсон гэж маргаж байгаа этгээд тэдгээр хөрөнгүүд байгаа түрээсийн талбайг чөлөөлж, дотор нь байгаа эд хөрөнгүүдийг авч явахыг хариуцагчаас шаардахгүй нь тодорхой бөгөөд тэгж шаардсан баримт байхгүй юм. 2018-2-28-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч нар “Түрээсийн талбай, эд хөрөнгө хүлээлцэх акт” дангаараа үйлдэхэд хариуцагч талаас төлөөлөгч байгаагүй, харин энэ хэрэгт гэрчээр оролцсон, өмнө нь хариуцагч компанид ажиллаж байгаад ажлаасаа гарсан хүмүүсээр актад гарын үсэг зуруулах гэж оролдоход татгалзсан талаар бичигдсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх түрээсийн талбайг хариуцагч чөлөөлж өгсөн мэтээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй болсон. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-7 дугаар талд байгаа 4-р дүгнэлтэд хариуцагчийн зүгээс түрээсийн зүйлийг буцаан өгөх хугацааг хойшлуулсан гэж үзэх боломжгүй талаар хангалттай дүгнэсэн байсан. Магадлалын 7-р талд “Мөн хариуцагч нь өөрийн хөрөнгийг тэр байрнаас авах боломжгүй болсон. ШШГГ-т явуулсан албан бичгийн хариугаар нотлогдоно гэх боловч уг албан бичиг сүүлд нөхөж авсан бичиг байна” гэж дүгнэсэн. НШШГГ-ын 2018-04-19-ний өдрийн 04/123 тоот албан бичгийг нотлох баримтаар үнэлэхдээ уг албан бичгийн огноог биш харин агуулгыг нь үнэлэх ёстой байсан. НШШГГ БЗ, СБ, ЧД-ийн ИХАШШ-ийн шүүгчийн 2016-03-30-ны өдрийн 101/Ш32016/13028 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж, мөн ЧД-ийн ИХАШШ-ийн шүүгчийн 2018-03-13-ны өдрийн 182/Ш32018/02367 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг биелүүлж, “З...” ХХК-ийн бүх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн бөгөөд “З...” ХХК-д өөрийн эд хөрөнгүүдээ түрээсийн талбайгаас зөөж гаргах эрх байгаа эсэх талаарх лавлагааны хариуд НШШГГ зөөж гаргахыг зөвшөөрөхгүй гэсэн хариу өгсөн нь “З...” ХХК-ийн хувьд 2016-03-30-ны өдрөөс хойш өөрийн эд хөрөнгөө түрээсийн талбайгаас зөөх эрхгүй байсныг нотлож байгаа юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         “...синема” ХХК 2018-02-15-ны өдөр шүүхэд хандаж, “З...” ХХК-с 2017-04 дүгээр сараас 2018-02-05-ны өдрийн хүртэлх түрээсийн төлбөр 65,165,821 төгрөг, дурдсан хугацааны цахилгааны 4,354,077 төгрөг, усны хэрэглээний 110,230 төгрөг, дулааны 2,848,780 төгрөг гаргуулах, 92 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 118,230 төгрөгийн шаардлагаас татгалзсан байна.  

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө сөрөг нэхэмжлэл гаргаж, “...ашиглах боломжтой 26 нэр төрлийн / 105 ширхэг/ 16,730,500 төгрөгийн эд хөрөнгийг биетээр нь, 74 төрлийн /444ширхэг/ эд хөрөнгийн үнэ 43,681,400 төгрөгийг шаардсан. 

      Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 18,211,336 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, 118,230 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталсан байна. Сөрөг нэхэмжлэлээс 26 нэр төрлийн эд хөрөнгийг  5,253,500 төгрөгийн хамт гаргуулж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн зардалд хариуцагчаас 1,914,000 төгрөг, нэхэмжлэгчээс 286,000 төгрөг гаргуулахаар шийджээ. 

     Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 65,361,464 төгрөгийн шаардлагыг хангахдаа шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

     Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     1. 2008-08-01-ний өдөр, 2008-08-15-ны өдөр “...синема” ХХК нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны, Жуулчны гудамж-17, Тэнгис кинотеатрын 660 м.кв талбайг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх, “З...” ХХК   сар бүр 4,455,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд шүүх зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.

     2014-05-12-ны өдрийн 01 тоот нэмэлт гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөрийг 4,620 ам.доллар болгон өөрчлөн, хариуцагч 2015-11-30-ны өдөр түрээсэлсэн талбайн нэгдүгээр  давхарт байрлах 220 м.кв талбайг суллаж, хүлээлгэн өгсөн үйл баримт нь 2008-08-15-ны өдрийн гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-07-17-ны өдрийн 1510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-25-ны өдрийн 2116 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018-02-02-ны өдрийн 197 дугаар тогтоол, өмчлөх эрхийн Ү-2202015059 дугаар улсын бүртгэл, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд энэ талаар маргаангүй байна.

    2017-04 сараас 2018-02-26-ны өдөр хүртэл хугацааны төлбөрт нийт 65,165,821 төгрөг,  ашиглалтын зардалд 7,313,088 төгрөг бүгд 72,478,909 төгрөг шаардсан боловч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2017-06-16-ны өдөр дуусгавар болсон нь хэрэгт буй баримтаар нотлогдсон байх бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3-г зөв тайлбарлажээ.

    Хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гэрээг дуусгавар болгоно. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 2.2-т “...түрээслэгч ...хугацаа дуусахаас 3-6 сарын өмнө гэрээний хугацааг ...дуусгавар болгох саналаа түрээслүүлэгчид бичгээр гаргаж болно...”., 2.6-д “...аль нэг тал түрээсийн гэрээг дуусгахаар шийдсэн бол 3-6 сарын өмнө дуусах өдөр хугацааг нөгөө талд бичгээр урьдчилан мэдэгдэнэ...” гэж зааж, “З...” ХХК гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “...синема” ХХК-д өгсөн байна. 

     Гэрээ 2017-06-16-ны өдөр дуусгавар болсон тул энэ хүртэл хугацааны төлбөр, ашиглалтын зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцнэ. 

    “З...” ХХК 2017 оны 04 дүгээр сараас 2017-06-16-ны өдрийг дуустал хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж байсан тул түрээсийн төлбөрт /6,394,291+ 6,384,022+ 3,321,852/ нийт 16,100,312 төгрөг., ашиглалтын зардалд 18,211,336 төгрөг /576,065+ 585,703+ 949,256/ төлөх үүрэгтэй байна.

     2017-06-16-ны өдрөөс хойш хариуцагч түрээсийн зүйлийг ашиглаагүй нь гэрч А.Батмэнд, Э.Сийлэгмаа нарын мэдүүлэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-03-30-ны өдрийн 13028 дугаар  “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-04-19-ний өдрийн 4/123 дугаар албан бичгээр  тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь 2017-06-16-ны өдрөөс 2018-02-28-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагчаас түрээсийн зүйлийг шаардаж байсныг нотлох баримт хэрэгт байхгүйг дурдах нь зүйтэй. Иймд 2017-06-16-ны өдрөөс хойшхи төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

       2. 2015-12-07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кинотеатрын байрны Г блок, нэгдүгээр давхарт байрлах 107 нэр төрлийн 68,231,900 төгрөгийн, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үед Эд хөрөнгийн тооллого гэх баримт үйлдэгдсэн бөгөөд уг баримтын 3, 4, 6, 8, 9, 11, 14-19, 21, 22, 107-т бүртгэгдсэн 15 нэр төрлийн, 8,180,000 төгрөгийн эд зүйлээс бусдыг нь нэхэмжлэгч буцаан өгөөгүй талаар зохигчид тайлбартаа дурджээ.

     60,051,900 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.   

    3. Хариуцагч нь 92 төрлийн 60,051,900 төгрөгийн эд хөрөнгөөс 26 нэр төрлийн 16,370,500 төгрөгийн хөрөнгийг биет байдлаар буцаан авах, мөн бусад эд хөрөнгийн үнэ 43,861,400 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд заасан эд зүйл нь  нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар зохигчид мэдүүлсэн байна. 

     Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн өмчлөлийн дээрх эд хөрөнгийн 2015 оны зах зээлийн үнэ нь 7,817,500 төгрөг, үүнээс зөвхөн тавилга, эд хогшлын үнэ нь 3,387,500 төгрөг болох нь тогтоогджээ. 

   Иймд шүүх нийт 2,564,000 төгрөгийн үнэ бүхий хос тосон шарагч, ажлын ширээ, тохируулагч плитка, хөргүүртэй ширээ, грилл шарагч, ширмэн тогоо, хөлдөөгч, галын хор, гурилын хуванцар сав, жижиг поднос, хайруулын таваг, түмпэн, угаалтуур, хөгжмийн төхөөрөмж, цагаан утас, хогийн төмөр сав, дугуй цагаан яригч, хундага тогтоогч, ханын шүүгээ, хувцасны шүүгээ, модон ширээ, буйдан, жижиг сандал, зурагтыг биетээр., бусад эд хөрөнгийг мөнгөөр тооцон 5,253,500 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 289 дүгээр 289.2.5., 289.2.6.г зөрчөөгүй гэж үзлээ.

     4. Давж заалдах шатны шүүх 2017-06-16-ны өдрөөс 2018-02-05-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр шаардсаныг “...түрээсийн зүйлийг хариуцагч хүлээлгэж өгөхгүй удаашруулсантай холбоотой...” тайлбарлажээ. 

    Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргааны зүйл болсон эд хөрөнгө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжлэгдсэн байсан нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг түрээсийн гэрээ дуусгавар болсон хугацаагаар хязгаарласныг буруутгах баримтгүй байна.

    Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хөлслүүлэгчид учирсан гэх хохирлыг “...хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр...” тооцсон эрх зүйн үндэслэлээ дурдаагүйгээс гадна энэ тухай баримт хэрэгт байхгүй байна.    

    Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 393,701 төгрөгийг “З...” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ