Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 430

 

“Талст маргад” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0641 дүгээр магадлалтай, “Талст маргад” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамирын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх  хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638, ашиглалтын MV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж,

2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг баримтлан “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-003999, MV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс үргэлжлүүлэн тооцохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж,

3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан ““Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012633, XV-012634, XV-012635, XV-012636, XV-012637, XV-012638 тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0641 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Талст маргад” ХХК-ийн “ашигт малтмалын хайгуулын ХV-012633, ХV-012634, ХV-012635, ХV-012636, ХV-012637, ХV-012638 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг болон ашигт малтмалын ашиглалтын МV-003999, МV-011428 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг нөхөн тооцох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... 1. “Талст маргад” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХV-012633, ХV-012634, ХV-012635, ХV-012636, ХV-012637, ХV-012638, ашигт малтмалын ашиглалтын МV-0039998. МV-011428 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг “Хөвсгөл далайн эзэд” ТББ болон нэр бүхий иргэдээс 2012 онд анх Захиргааны хэргийн шүүхэд хандсан байсан.

Улмаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоол гарч, дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгохоор даалгасан.

Уг шийдвэрүүдийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр “Талст маргад” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХV-012633, ХV-012634, ХV-012635, ХV-012636, ХV-012637, ХV-012638. ашигт малтмалын ашиглалтын МV-003999, МV-011428 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Кадастрын хэлтсийн даргын энэхүү 338 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр юм.

2. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт зааснаар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасан байсан.

Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн 2014 оны 69 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрийн үндэслэл болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоолыг хүчингүй болгосон боловч, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэл” хэсэгт дурдсан “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 69 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсноор манай байгууллагын тусгай зөвшөөрлийн эрх сэргээгдсэн гэсэн тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй” гэж заасан байдаг.

Үүний нэгэн адилаар Улсын Дээд шүүхийн 2013 оны 117 дугаар тогтоол хүчингүй болсон хэдий ч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 338 дугаар шийдвэр хүчингүй болох үндэслэлгүй болно.

З. Давж заалдах шатны шүүх “гомдол гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан байх тул хариуцагчийн гомдлыг буцааж шийдвэрлэсэн”-ийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрыг өөрчлөн байгуулж Ашигт малтмал, газрын тосны газар болгосон.

Шинээр байгуулагдсан Ашигт малтмал, газрын тосны газар “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын дагуу албан бичгийн бланк, байгууллагын тамга, тэмдгийг шинээр хийлгэсэн. Хэдийгээр давж заалдах гомдол гаргах үед буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирыг томилсон байсан боловч албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу тухайн албан тушаалтны гарын үсгийг баталгаажуулж, албан бланк дээр хэрэглэгддэг байгууллагын тэмдэг хийгдэж ирээгүй байсан болно.

Энэ талаар давж заалдах шатны шүүхэд холбогдох баримт, тайлбарыг өгсөн бөгөөд хариуцагч байгууллага /Ашигт малтал, газрын тосны газар/-ыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд /дарга/ гарын үсэг зурсан нь гомдлыг буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 531 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0641 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр “Талст маргад” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 3999А, 11428А, хайгуулын 12633Х, 12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон, нэхэмжлэгч “Талст маргад” ХХК-иас “... /манай компани/ эдгээр тусгай зөвшөөрлүүдийг ... хуулийн дагуу авсан болохыг шүүх эцэслэн тогтоосон /байхад/ ... тусгай зөвшөөрлүүдийг сэргээхгүй байгаа ... нь хууль бус” гэж, хариуцагч “... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл,  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 117 дугаар тогтоолоор “Талст маргад” ХХК-нд дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын холбогдох шийдвэрүүд “хууль бус” болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр “...шүүхийн шийдвэр биелүүлж” маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгосон, үүний дараа 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай “Талст маргад” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэж, мөн өдрийн 69 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан  байна. 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар (тухайн үеийн нэрээр) шүүхийн 2014 оны 568 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч Д.Мягмарчулуун ... нарын /4 иргэний/ “...ашигт малтмалын хайгуулын 12636Х, 12638Х тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2001 оны ... 760 дугаар шийдвэрийн “Талст маргад” ХХК-нд 3999А тоот, 2006 оны ... 155 дугаар шийдвэрийн “Талст маргад” ХХК-нд 11428А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг олгосон хэсгийг илт хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Талст маргад” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 12633Х, 12634Х, 12635Х, 12637Х тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, уг шийдвэрийг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 78 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 118 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

Иймд, “Талст маргад” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 3999А, 11428А, хайгуулын 12633Х, 12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээх үндэслэлтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл, шүүхүүд хариуцагч  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 338 дугаар шийдвэрээр “Талст маргад” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн эрхийг хүчингүй болгосныг буруу гэж дүгнээгүй, гагцхүү захиргааны актын үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болсон, түүнчлэн, “тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг даалгах”, тэдгээрийг олгосон захиргааны байгууллагын шийдвэр нь “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй болохыг шат шатны шүүхүүд тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч “Талст маргад” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтүүдийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ.    

Иймд, хариуцагчийн “...Улсын Дээд шүүхийн 2013 оны 117 дугаар тогтоол хүчингүй болсон хэдий ч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 338 дугаар шийдвэр хүчингүй болох үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Түүнчлэн, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3131 дүгээр захирамжаар “Талст маргад” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “... төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь ... /ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох/ асуудлыг эрхлэх”-ээр тусгайлан заасны зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны газар (шинэ нэрээр)-ын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн б/03 дугаар тушаалаар “...Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр Д.Мөнхтамирыг томилсон байхад 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт хяналтын журмаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс “...хариуцагчийг төлөөлж гомдол гаргах эрхгүй” гэж үзсэнийг буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсэгт хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргаагүй тул уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй, эдгээр үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0641 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА